Чин эзний хөрш хөгшин нэгэн өдөр тэднийд ирлээ. Тэгээд жижигхэн чамин модон хайрцагнаас нандигнан боосон алтан хавчаар гаргаж ирэхэд нь ихэд гайхаж гэнэ. Тэднийх угаас боломжийн айл. Ганц хүү нь зах дээр ногооны хэд хэдэн лангуутай учир идэх хоол өмсөх хувцсаар дутахгүй, хөгшин өөрөө үл хөдлөх хөрөнгөтэй гээд ломбардын хаалга татаад явахаар айл биш.
“Үүнийгээ би гэртээ хадгалж чадашгүй нь. Чи л надад тус бол” гэхэд Чин эзэн банкинд очиж үнэт зүйл хадгалах хайрцаг аваад хадгалвал арай хямд тусна даа гэсэн шүү юм бодсоноо учрыг нь асуухгүй байж чадсангүй.
“Бэр минь их хэцүү, түүний гарт орвол дууслаа л гэсэн үг. Энэ миний хадам ээжийн дурсгал. Түүнд бас эхээс нь өвлөн ирсэн юм гэнэ билээ. Чи үүнийг хэзээ ч миний хүү бэр хоёрт өгч болохгүй шүү!” гээд ихэд нандигнан харснаа, тун арга барсан байдалтай түүнээс дахин дахин гуйлаа. Бэр нь хүний юм хулгай хийхээр хүн биш гэдгийг олон жил айл хөрш явсан хүний хувьд мэдэх учир цааш нь асууж зүрхэлсэнгүй багахан мөнгөөр үнэлээд хөгшнийг гаргажээ.
Хэдэн сар өнгөрлөө, хөгшин өнөө алтан зүүлтээ дурсаж ирсэнгүй. Аюулгүй газар хадгалуулсан болохоор санаа амар яваа биз гэж бодож явтал нэгэн явдал тохиолдлоо.
Хөгшний бие доройтож эмнэлэгт хүргэгдсэн гэж сонсогдоод удаагүй байтал хүү нь Чин эзнийд ирж алтан хавчаарыг буцаан авахаар болсноо дуулган мөнгөө тоолж эхлэв. Хөгшний захисан үг санаанд нь орж “Өгөхгүй” гэлээ. Хүү нь учир байдлыг хэлж, баримтыг сарвайн хэсэг зогсоод, сүүлдээ бүр уурлаж, харааж, загнаж эхэллээ. Эцэст нь “Мөнгөнөөс болж юу ч хийхээс буцахгүй болсон амьтан” гэж хэлчихээд хаалга саваад гараад явчихав.
Маргааш нь дахиад л ирлээ. Энэ удаа бүр эхнэрээ дагуулж иржээ. Загнаж, хашхирч, үгүй ер элдвээр хэлж байгаад аргаа барахдаа цагдаа хүртэл дуудав. Чин эзэн гүрийгээд л байлаа. “Ээж чинь захисан юм. Өгөхгүй ээ” гэхэд цагдаа нар юу ч хийж чадсангүй, бүгд гараад явлаа.
Орой болсон хойно хаахын хэрд хөгшний хүү ганцаараа дахиад л ороод ирэв. Энэ удаад харин ааш нь зөөлөрч, аажуу тайван яриагаа эхлэв. Чин эзэн түүнд цай аягалж өгөөд “Ээж чинь хэлэхдээ “Энэ хавчаарыг өөрийн биеэр ирж авна, хүү бэр хоёрт өгч болохгүй” гэж аминчлан захиад байсан. Юуны учир тэгснээ ч надад ярьсан” гэж учирлахад “Эхнэртэйгээ гэрлэх тухайгаа анх хэлэхэд ээж минь их л дургүй байлаа. Надад тохирохгүй хүн гэж боддогоо бид хоёрын нүүрэн дээр шууд л хэлсэн. Энэ үгнээс нь болж эхнэр маань ээжид дургүй болж, ээж энэ хоёр бие биенээ үзэхгүй болсон юм. Эдний дунд би 20 жил зовж байна” гэж түүнд хамаг амьдралаа ярьлаа.
“Энэ олон жил чи эхэлж муухай үг хэлсэн ээжийгээ л буруутгаж явсан байх. Чамайг төрүүлэхээс өмнө ямархан амьдрал туулж явсныг, чамайг өсгөж өдий зэрэгтэй явах гэж хичнээн удаа халуун чулуу долоосныг төсөөлөх ч үгүй. Чи түүний амьдралын сүүлийн хэдэн жилийг л сайн санаж байгаа бол тэр чиний бүх амьдралыг алган дээрээ тавьсан мэт санаж байгаа. Эхнэр чинь чамайг магадгүй сүүлийн 20 жил л мэдэх байх. Тийм болохоор энэ хоёр тэс өөр зан араншин, тэс өөр ертөнцийг жингийн туухайн дээр зэрэгцүүлэн тавьж болохгүй. Ээжийгээ засаж чадахгүй учраас үлдсэн хэдхэн жилийг нь хэрүүл шуугиангүй өнгөрөөхийн тулд эхнэртэйгээ ярилц. Ээж чинь алтан хавчаараа харамласандаа ч биш тээж төрүүлсэн ганц хүүдээ итгэхгүй байгаа хэрэг. Тиймээс ломбард ажиллуулж амь зуудаг намайг энэ хорвоогийн хамгийн үнэнч хүн гэж бодож байгаа шиг нь өөрийгөө бас эхнэрээ ч гэсэн түүний хувьд хамгийн итгэлт үнэнч хүмүүс гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ээжтэйгээ нэг сайн ярилц” гэж түүнд хэлжээ.
Хэд хоногийн дараа хөгшний хүү дахин ирлээ. Гэхдээ ээжтэйгээ хамт ирсэн юм. Хөгшин “Өнөө алтан хавчаараа авъя аа. Зөндөө удаан хадгаллаа” гэж хэлээд модон хайрцагаа гаргаж ирэв. Мөнгөө төлөөд буцааж авсан хавчаараа хайрцагтаа нандигнан хийчихээд хүүгийнхээ гарт атгуулахыг хараад бүх зүйл сайн тийш эргэсэн болохыг мэджээ.
Popular Posts
-
Хөргөгчний хаалгыг би уран бүтээлийн талбар гэж нэрлэх дуртай. Үе үе тэнд хоёр хүүхдийн зургийн үзэсгэлэн гарах. Хөдөөний нэгэн сумаас н...
-
Өдөр бүр их багаар мөнгөтэй харьцдаг болохоор залилж хуурах гэсэн хүнтэй байнга л таарна. Эхэндээ ч залилуулах үе бишгүй л байлаа. Гэхдээ э...
-
Бээжин хотод очих бүртээ орох дуртай газрын маань нэг энэ дэлгүүр. Хүн ихтэй, хөлс үнэртэй ч гэсэн ороод авсан тохиолдолд юун тэр халуун,...
-
Энэ номыг уншиж дуусахад үнэлгээ өгнө үү гэнэ. 4 од өгчихөөд бусдын үнэлгээг үзэхэд харьцангуй байх юм. 1-ийг өгсөн хүний ...
-
Нэг найз маань гэрт ирээд “Сольж унших ном байна уу?” гэж шүүгээг маань гүйлгэж харснаа “Өө чи чинь дандаа гадаад ном уншдаг юм уу? Монголы...
No comments:
Post a Comment