Өдөр бүр их багаар мөнгөтэй харьцдаг болохоор залилж хуурах
гэсэн хүнтэй байнга л таарна. Эхэндээ ч залилуулах үе бишгүй л байлаа. Гэхдээ
энэ ажлыг удаан хийсэн болохоор тэр үү худлаа ярьж байгаа хүнийг хараад
төвөггүй таньдаг болсон юм.
Тэтгэвэртээ гараад удаагүй тохьтой томоотой нэг найз маань
нэг өдөр аахилсаар орж ирлээ. Тэгснээ амар мэнд асуухын завдалгүй “Найз нь
учиргүй их мөнгө хожчихлоо” гэж шивнэх нь холгүй хэллээ. Их мөнгө хожсон хүн
чинь инээд алдаад л идэж ууяа гэдэг байтал хүн сонсчихвий гэсэн шиг ингэж
явахыг үзээд би ч гайхаж учрыг асуув. “Хонгконгийн нэг хөрөнгө оруулалтын
компани надруу утасдаж, та манайд хувьцаанаас худалдаж авах уу? Энэ удаа
худалдан авалт хийсэн хүмүүсээсээ сугалаагаар азтан шалгаруулна гэдэг юм байна.
Ах нь хөрөнгө оруулах нь битгий хэл мөрийтэй ч тоглож үзээгүй” гэлээ. Тэгсэн
хэд хоногийн дараа өнөө хүн дахиад залгаад “Ахаа эртээд таны өмнөөс манай нэг аз
нь атганд нь багтаж ядсан залуухан ажилтан таны нэр дээр хувьцаа худалдан авсан
чинь 10 сая хонгконг доллар хожчихлоо, баяр хүргэе!” гэдэг юм байна. Би ч
гайхаад хуруугаа ч хөдөлгөөгүй байж тийм их мөнгөтэй болчихно гэдэг үлгэр гэж
санаад “Үгүй, хүү минь одоо тэгээд яах вэ?” гэтэл “Танд ямар ч байсан баяр
хүргэе! Удахгүй мөнгөө аваарай гэдэг юм байна” гэж шивнэлээ.
“За наад хүн ч дээ, залилан л байх шүү” гэхээс өөр зүйл хэлж
чадсангүй гаргалаа.
Дахиад хэд хоног өнгөртөл өнөө найз маань хайрцагтай зүйл
барьсаар орж ирэв. Дотроос нь хуучин цаг гаргаж ирээд данжлах юм гэнэ. “Чи чинь
саятан болчихоод энэ муу цагийг данжлах
хэрэг байна уу?” гэтэл “Өнөө хүн дахиад ярьсан. 10 саяынхаа жаахан хувийг
явуулаачээ, тэгсэн цагт бүх мөнгөө авна гэнэ” гэхэд нь миний инээд хүрч “За
найз минь, нэгдүгээрт тэр компани чамайг яаж мэдэв? Хоёрдугаарт чи нэг ч төгрөг
төлөөгүй байж яаж сугалаанд оролцсон байхав? Гуравдугаарт ямар ч сугалаа хожсон
хүндээ шууд л мөнгийг нь өгдөг, эхлээд хэдэн хувь авна гэж хаанаас байхав. Чи
тэр хүнтэй нэг ч уулзаж байгаагүй шүү дээ” гэхэд өнөөх чинь учиргүй уурлаад
гараад явчихлаа.
Гараад явсан хойно нь нэг их удалгүй хүү нь ороод ирлээ.
“Аав энүүгээр үзэгдэв үү?” гэнэ. Түүний энэ шуналын тэнэглэлийг зогсоож чадах
ганц арга бол гэрийнхэн нь гэж санаад учир явдлыг хэлээд гаргав.
Хэд хоногийн дараа манай байрны гадаа аав хүү хоёр ширүүхэн
юм болж байна. Ярианаас нь сонсвол өвгөн аль хэдийн хэдэн мянган төгрөг
шилжүүлчихснээр барахгүй гэрийнхнээсээ мөнгө нэхсэн юм байх. Аргаа барсан хүү
нь гэрийнхээ утсыг сольж аавтайгаа муудаж байхав. Ай хөөрхий, мөнгө улаан нүд
цагаан хорвоо юм даа.
Бас нэг өдөр манай нэг тохитой сайхан эмэгтэй орж ирээд үнэт
эдлэлээ тавихаар боллоо. Хаанаас ирснийг нь асуувал урд зүгийн нэг хотын нэр
хэлэх нь тэр. Тийм хол газраас энэ хүртэл юу хийж явааг нь асуутал, таксины
жолооч манай данжийн газрыг зааж өгсөн гэх. Ахиулан сайн харвал машин дотор
хоёр эмэгтэй нэг эрэгтэй хүн сууж байна. Юун хүмүүс болохыг асуутал учиргүй
уурлаж хэлэх юм биш.
Би банкнаас мөнгө авах гэж гарахдаа өнөө гурвын хажуугаар
өнгөртөл нугдайж суучихаад царайгаа харуулсангүй. Өдий наслахдаа хогийн
залилагчдыг танихтайгаа болсон болохоор банкны утсаар цагдаа дуудчихлаа. Намайг
банкнаас гарч ирэхтэй зэрэгцээд цагдаагийн машин үзэгдэнгүүт өнөө такси хөдлөөд
явчихлаа. Хүүхдүүдийг явахыг харсан өнөө эмэгтэй учиргүй уурлаж, уйлж гарах нь
тэр.
Эмэгтэйн гэрийнхэн цагдаагийн хэлтэст ээжийгээ авахаар
ирэхэд сая нэг ам нээлээ. “Энэ данжийн эзэн саад болоогүй бол би баяжих байлаа”
гэдэг байгаа. Учрыг сонсвол, “Тэр богино үстэй залуухан охин нь их баян айлын
охин. Тэгээд эгчийндээ амрахаар хөдөөнөөс ирсэн юм гэнэ. Гудамжинд надтай
таараад жаахан хамт зугаалаачээ, тэгвэл мөнгө өгье гэсэн. Би их сайхан
сэтгэлтэй, хүн хуурахааргүй хүн шиг харагдсан л даа яг. Тэгээд надад зузаан
түрийвчтэй мөнгөө хадгалуулж, хамт нэлээд явлаа. Тэгсэн энд тэнд очоод суухад
би түүнээс баян харагдах ёстой гэнэ. Надад ямар юмных нь мөнгө байхав дээ. Өнөө
зузаан түрийвчээс нь авъя гэтэл, тэр мөнгийг орой өгье гэсэн юм. Тэгээд л энэ
хүний (намайг зааж муухай хараад) данжид иртэл надаас хамаг мөнгийг маань салхинд
хийсгэчихлээ” гэж хавийн амьтны инээдийг хүргэлээ.
Уг нь инээгээд байх зүйл ч биш юм л даа. Хууран мэхлэгчид
дандаа хүний сэтгэлээр бас итгэлээр тоглодог юм. Хэдхэн хоноод үйлдэл дээрээ
баригдсан гэж сонссон ч өнөө эмэгтэй намайг буруутгасаар л байсан нь сонин.
Хүний шунал гэдэг эрүүл ухаанаар бодох тэр чадварыг хүртэл үгүй хийнэ шүү.
No comments:
Post a Comment