Борооны улирал эхэлсэн тул үүлэрхэг. “We run together, drunk together” гэж хүмүүсийн цамцны ард бичсэн байсныг гарааны газар ирээд өрөөстэй олон шар айргийг харахдаа л сая ойлголоо. За тэгвэл нэлээн халаалттай хүмүүс ширэнгэн ойгоор явах нь дээ…
Гараанаас гарахдаа хүмүүс бие биеэ “бушуу яв” гэсэн шиг түлхэн, зарим нэг овсгоотой нь өөр зам сонгон бие биенийхээ урд гарцгаана. Заасан замаар явалгүй төөрвөл барын хоол болж мэдэх учир бидний хэдэн нөхөд бие биенээ бараадна. Уулнаас хэсэг уруудаж яваад өтгөн шигүү модон дунд орж ирэв. Газар чийгтэй, зарим хэсэгтээ шавхайтай учир гутал ч авах юмгүй болж эхлэх нь тэр. Уул өөд өгсөж эхлэхэд зарим эгц өндөр хэсэгт нь эвгүйхэн гишгэвэл хальтарч мэдэхээр. Энэ л үед нөгөө муу үүргэвчээ ад үзэж эхэллээ дээ. Гэвч яаж ч бодсон гялгар уутанд хийсэн хуурай хувцас, хоёр савтай ус хэрэгтэйгээс хойш гүрийгээд л байхаас. Уулын мод зарим хэсэгтээ сийрэг зарим хэсэгтээ алхахын аргагүй шигүү. Эргэн тойрноо тухтайхан харсан шигээ явмаар ч хамт яваа нөхдөөсөө холдчих болохоор салхинд туугдсан юм шиг л зөвхөн урагшаа л яарцгаана. Энд тэнд тас няс хийх чимээ гарч, хэн нэгний хальтарч унаж байгаа нь сонсогдов. 9 км замыг энэ янзаараа хичнээн удаан туулахыг (шигүү модтой газар дэндүү удаан алхаад байгаа мэт санагдаад байлаа) мэдэхгүй ч нэлээд ядарсныг бодвол бараг тал замаа туулчихсан ч юм шиг. Манай багийн зургаан хүн бие биенээсээ тасарч эхэллээ.
Бусдын араас чимээгүй даган явж байсан надаас Малайзын Хятад хоёр хүн ингэж асуулаа.“Хаанаас ирсэн? Аль багийнх вэ?” Эхний асуултанд нь хариултал нөгөө хоёр хүн бие бие рүүгээ харснаа “Чи Алтантуяаг мэдэх үү?” гэв. Яг энэ асуултанд би өглөө автобусанд, өдөр хоолны үеэр бас хариулсан учир дахиад давтахыг хүссэнгүй, дээр нь нэлээд амьсгаадаж байлаа. Тэр хоёр намайг Хятад хэл ойлгодоггүй гэж санасан бололтой. Араас хэлсэн хэдэн үг нь яс хавталзуулах шиг болж, бушуухан тэднийг хол орхиж явахын түүс болсон би нөгөө гутал хальтрах энэ тэрийг тоосонгүй урагшаа ухаангүй зүтгэж эхэллээ.
Би хаана ч Монголынхоо тухай ярихдаа ам бардам байдаг. Өвгөд дээдсийн минь үлдээсэн уудам сайхан тал нутаг, хүн зоныхоо ууужуу сайхан сэтгэлийг хаана нь бахдан ярих дуртай. Нэг Монгол хүн алдаа л биз, өчнөөн олон хүн хаа сайгүй алдаж л байдаг шүү дээ гэж бодохын үед болгоомжгүй гишгэсэнээсээ болж уулын уруу шаварлуу хавьтраад орчихлоо. Өмд халтартаж, гар жаахан шалбарсныг эс тооцвол би харин ч олон хүний урд орчих шиг боллоо. Ашгүй шигүү ойгоос гарахад би нөгөө хүмүүсийн барааг ч харахааргүй болжээ.
Нэгэн Монгол ээж хүний нутагт эндэж, нэгэн сайхан гэр бүл охиноо алдсан нь ширгэн ойд алхаж буй хүмүүсийн ярианы сэдэв болсонд би буруутай ч юм шиг. Амийг нь бүрэлгэсэн хоёр эрэгтэйг нотлох баримт байхгүй хэмээн саяхан суллаж, нэгнийнх нь сүйт хүүхэн баярлаж байгаагаа нууж чадалгүй ярилцлага өгч байхыг зурагтаар харсан. Гээд яалтай билээ, өөрийгөө Япон гэх үү? Солонгос гэх үү? Үгүй ээ би Монгол. Монголыг минь хөөрхий нэгэн эмэгтэйн золгүй явдлаар төсөөлөн дүгнэдэг тэдэнд би Монголыг арай өөрөөр харуулах юмсан гэж бодно. Түүхэндээ Олимпийн аваргатай байж үзээгүй Малайз улсын дэргэд бид хүчтэй. Дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны минь тухай мэдэх биз энэ хүмүүс. Гэвч яагаад жирийн нэгэн таксины жолооч хүртэл тэр эмэгтэйн тухай асуудаг юм бэ? Англи хүн гэсэн бол надтай хөл бөмбөгийн алдарт багуудын тухай ярилцах байсан байх. Солонгос хүн гэсэн бол KPOP, савангийн дуурийн тухай асуух байх. Мексик хүн гэсэн бол алдарт хар тамхины наймааны талаар бус сайхан хүүхэн, сайхан хоолыг нь ярих байсан байх. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэж үнэн юм даа. Гэсэн ч хэн нь зөв хэнийх нь бурууг сайн мэдэхгүй ч өөрийн л юм хойно Монголоо л өмөөрнө. Бидэнд "Монгол хүн" гээд харуулах зүйл одоо эдэнд байхгүй гэж үү? Байж л таарна. Хаа байсан тив дамжаад яваад ирсэн ясаа олоод ирдэг хэр нь ганц иргэнийнхээ хойноос бид юу хийж чадлаа. Хөөрхий муу эцэг нь л хөл хүрэх газраа хүртэл яваад барахгүй байдаг. Энэ удаад чадаагүй юм бол дараагийн удаад залуус минь хүний нутагт биеэ бодож, зорьсон үйлээ зоригтой бүтээж эх орныхоо нэрийг гаргах л үлдэж. Төр засаг ч энэ тал дээр анхааран үзэж олон төрлийн соёлын арга хэмжээ, эх орноо сайн талаар сурталчилах арга хэмжээ олныг зохиогоосой.
Ингэж бодсоор явтал багийн маань хоёр эмэгтэй намайг гүйцэж ирлээ. Өгсүүр газар, гол ус таарсан үед бие биенээ түшиж явах нь зайлшгүй хэрэгтэй учир нөгөө хоёроо шамдуулан тэдний (нөгөө хоёр хүний) багийнхны урд гарах нь миний зорилго боллоо. Уулнаас бууж эхлэхэд гишгэхэд ч хэцүү боллоо. Яг л мөсөн дээр явж байгаа мэт шавхайнд хальтарч, хаа тааралдсан модноос зуурахдаа өргөсөнд бас гараа хатгана.
Тэнгэр дуугарч эхэллээ. Уулнаас арайхийн буусан биднийг төмөр зам даган алхаж эхлэхэд халуун орны ширүүн бороо хайр найргүй асгав. Ёстой нөгөө хувингаар цутгана гэдэг л болж байлаа. Ой дотор бол ингэж айхтар норохгүй байсан биз. Гэсэн ч сонголт үгүй учир сүүлийн 30 минутыг бороонд норон туулахаас өөр аргагүй. Нөгөө хувцасны шавар шавхайг ширүүн бороо харин сайхан угаагаад өгчихөв. Гүйхээрээ шахам явсаар барианд орлоо.
Хуурай хувцсаа өмсөөд, хүйтэн шар айраг залгилж зогсоход нөгөө хоёр хүн машины тэвшин дээр суугаад барианы газар ирлээ. Над руу харж эрхий хуруугаа гозойлгоход нь би хариу болгон инээмсэглэснээс өөр зүйл хэлсэнгүй.
2013.09 Куала Лампур хот
No comments:
Post a Comment