Popular Posts

Friday, January 15, 2016

Филиппин орноор - Аян замын тэмдэглэл 1

Нийслэл Манилагийн Олон Улсын Онгоцны буудалд буухад пүнхийсэн чийглэг агаар угтлаа. Өдрийн хоолны дараахан болоод ч тэр үү хар бараан дүрэмт хувцастай үйлчлэгчид нойрмог, нозоорсон байдалтай. Паспорт дээрээ тамга даруулах гэж ээлжээ хүлээн дугаарлан зогсоход “Гадаад” хүмүүсийн хэсэг дотоодынхоос урт дараалалтай байхыг анзаарлаа. Ширүүн харцтай эрэгтэй голдуу байцаагч нар ирсэн хүн болгоныг пасспортыг эргүүлэн тойруулан үзэж, тамгаа дарахдаа хурдан шалмаг хөдөлнө гэж жигтэйхэн. Миний ээлж ирэхэд “Монголиа” гэж инээмсэглэснээс “Филиппинд тавтай морил” гэж ховорхон харуулдаг болов уу гэмээр адууных шиг том шүдээ яралзуулан инээмсэглэх нь тэр.
Намайг тосох хүн бол эртний танил, нутгийн иргэн, жуулчны компанийн жолооч Тотое. Тотое маань ачаа тээш авах хэсэгт зогсож байх нь тэр. “Ингэж хамаагүй дотогшоо орж болдог хэрэг үү”? гэж асуухад “Татваргүй бараанаас тамхи авах гэсэн шалтгаанаар орж ирсэн гэнэ”. Тэгээд гарахдаа үүдэнд байсан харуул залууд нэг юм атгуулчихлаа. Юу болохыг асуухад ”хэдхэн пэсо” гэлээ. Мөнгө байвал юу ч хийж болох нь ээ гэсэн бодол тээсээр Тотоегийн дөрвөн дугуйтад суулаа.
“Diamond” нэртэй гайгүй сайн буудал сонгосон гэж найз минь хэлээд замаараа жимсний захаар дайраад гарна гэлээ. Халуун оронд ирэхээрээ сармагчин адил өөд уруугүй жимс иддэг миний юм үзээгүй занг мэддэг болохоор тэр байх. Эгнэсэн олон саравчны захад очоод хоёул машинаас буулаа. Нэвсийсэн цагаан даашинзны хормой салхинд дэрвүүлж, далбагар малгай тавьж, нарны шилээр гангарсан намайг үзсэн жаалууд бүчин авлаа. Охины минь үе болов уу гэмээр бүлтгэр нүдтэй халтар жаал “money money” гэж хормойноос зуурахад нь цүнхээ ухан онгоцны буудалд солиулсан хэдэн пэсоноосоо илүүчилтэл хормын төдийд хаанаас гараад ирэв гэмээр хэдэн арван хүүхэд намайг бүчин гишгэх газаргүй болголоо. Тотое эгээ л хонь мал тууж байгаа хүн шиг нутгийн хэлээр ямар нэг юм хэлж шавсан олон бүлтгэр нүдтэнгүүдээс намайг суга татан гаргалаа.
Жимсний зах маягийн тэр газар элдэв янзын жимсийг өрж, өлгөж, асгасан харагдана. Наймаачин хүүхнүүд тал талаас дуудан жимсээ зарчих санаатай шаагилдах нь манай хүнсний захуудад зогсдог хүүхнүүд шиг санагдаад явчихлаа. Захыг нэг гүйлгээд харвал энд тэнд тэрэг түрсэн хөвгүүдийг эс тооцвол эрэгтэй хүн алгаа.
Тэндээс гараад машины цонхоор харвал нөгөө бүлтгэр жаалууд хэсэг хэсгээрээ газар суух нь сууж, хэвтэх нь хэвтэж, хөөцөлдөн гүйлдэх нь гүйлдэнэ.
Ганц булан эргээд л буудлын үүдэнд ирэхэд дүрэмт хувцастай эр машины дугуй хавиар гольфийн цохиур шиг саваагаар ямар нэг юм хайх аятай тойрч үзээд гараараа дохилоо. Тэсрэх бөмбөг хайгаад олоогүй тэд биднийг одоо орж болно гэх шиг. Ачаа тээшээ аваад найзтайгаа орой уулзахаар болоод явууллаа.
Буудлын үүдэнд хүн бүрийг нэг бүрчлэн шалгаж, гар цүнхийг нь онгичино. Буудал дотроо ороод сая нэг бүтэн амьсгаа авахтайгаа боллоо.
Буудлын тохь тух болоод үйлчилгээг магтаад барахгүй. Хажуугаар зөрсөн үйлчлэгчид болоод хүлээн авч буй хүмүүсийн ааш зан сайтайг ээ. Гэвч нөгөө хүнсний зах миний өрөөний цонхоор тодхон харагдана. Бараг нэг зуун сая хүн амтай энэ оронд эсрэг тэсрэг амьдрал ганц замаар тусгаарлагдана гэхэд итгэмгүй.
Оройн хоолонд Тотое эхнэрээ дагуулан ирлээ. Намуухан хөгжим, хаашаа л харна инээмсэглэсэн хүмүүс. Бидний нэгэн найзын охин бас оройн хоолонд уригдсан юм. Түүний аавтай бид олон жил хамтарч ажиллаж байсан билээ. Охин нь энэ жил 19 настай. Зэгзгэр өндөр, манайхаар бол бие хаа, царай зүс сайтай нэгэн. Бид түүний аавыг дурсаж хэдэн үг солих зуур захиалсан хоол чирлээ. Охиноос одоо юу хийж байгаа, сурсан сургууль мэргэжлийн талаар асуухад дунд сургуулиа төгсөөд одоогоор ажилгүй байгаа гэх. Нэг баранд зөөгчөөр орох гээд бүртгүүлчихсэн, утасдахыг нь хүлээж байгаа гэлээ.
Эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд 41-т жагсдаг энэ оронд ажилгүйдэл бас газар авчээ. Зэсийн хүдэр, хромит, алт,мөнгөний ордтой, цахилгаан хэрэглэл, оёмол бүтээгдэхүүн, харилцаа холбооны хэрэгсэл, наргил модны тос,, элсэн чихэр, жимс зэргийг экспортолдог. Филиппиний худалдааны гол түншүүд нь АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Нидерланд гэх мэт. Аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ оронд найзын минь охины наснынхан гайгүйхэн шиг боловсрол эзэмшээгүй бол олигтой ажил олно гэдэг хэцүү гэнэ. Гэвч аавын нь ажиллаж байсан аялал жуулчлалын жижигхэн компани өдий болтол ажиллаад л байгаа сурагтай. “Одооны хүүхдүүд бэлэн юман дээр туйлсаар байгаад ажил хийх тун дургүй болсон” гэж аавын нь хэлдэг үгийг Тотое бас хэллээ. Хаа ч адил асуудал зөндөө юм даа.
Хоол ч амттай, бидний яриа ч улам сонирхолтой болсоор. Харин найзын минь охин нэг л гэгэлзүүр. Байн байн утсаа оролдож, мессеж илгээж, хааяа ганцаараа инээнэ. Өнөө орой юу хийх тухай Тотое надаас асуулаа. “Хэрэв гарахаар бол аятайхан газар мэднэ шүү” гээд намайг аваад шоудчих санаатай нүд нь сэргээд ирэв. Аян замд жаахан ядарч, бас маргааш урт сайхан аялал хүлээж байгаа болохоор амрахаар боллоо.
Маргааш өглөө нь нөгөө нэвсгэрээ өмсөхгүйгээр шийдлээ. Хүнээс содон харагдаж, гял цал болох нь энэ газар тохиромжгүй гэдгийг алхам тутамдаа ойлгосон би гэж хүн даруухан хувцаслахаар шийдэж жинсэн өмд, цамц өмсөөд гарлаа. Орон нутгийн онгоцны буудлаас Тотое, түүний эхнэр бид гурав Боракаи гэх арлыг зорьж буй нь энэ. Онгоц хүлээлгийн танхимд нутгийн иргэдээс гадна над шиг гадны хүн зөндөө. Том том үүргэвч үүрсэн шар толгойтуудаас гадна Япон, Солонгосууд бас цөөнгүй.
Орон нутгийн зорчигч тээвэрлэх жижигхэн онгоцонд ороод авлаа. Хоол ундаар үйлчлэхгүй ч хэдэн үйлчлэгч нар нь зорчигчдыг хөөрхөн хөгжөөж, асуулт хариултын уралдаан хүртэл зарлаад авлаа. Аялал жуулчлал хөгжжээ энд.
Онгоцноос буугаад таксигаар эрэг хүртэл хүргүүлсэн бидэнд буух  буудлын маань усан онгоцоор үйлчлэх юм.
Филиппиний жуулчны олон арлын нэг Боракаи. Хаашаа л харна Оросууд бас Солонгосууд. Буудалдаа орох гэж ирэхэд өнөө Манилагийн одтой буудлаас илүү хөл хөдөлгөөнтэй. Чийглэг уур амьсгалд нь зохицсон хүрэн модон эдлэл, өвөрмөц загвартай дүрэмт хувцас бүхий нүүрэндээ инээмсэглэл тодруулсан үйлчлэгчид, харин өнөө их шалгалт нэгжлэг энд хаа ч үгүй.
Буудлын ойролцоо далайн эрэг дээр очиход ээжийн минь үе болов уу гэмээр эгч нар ирж “тосон массаж” хийлгэх үү гэж асуулаа. Тотое надруу толгой дохиж, “Эдний гар гэж муухан бариачаас дээр шүү. Тэгээд ч чи дэлхийн хаана ч ийм хямд сайхан массаж олохгүй” гэж бахархасан, рекламдсан аясаар хэллээ. Саравч бараадан хэвтээд тосон массаж эхэллээ. Таван минут хүрэв үү үгүй юу замын ядаргаанаасаа салаагүй би далайн зүгээс салхилах сэвэлзүүр салхинд цохиулан нам унтлаа. Харин сэртэл нөгөө эгч хумсыг минь шар өнгөөр будчихсан байх юм. Эхүүн үнэртэй хямд будгаар будчихаад “Чамд ёстой гоё зохиж байна” гээд хэдэн пэсо нэмж авахаа мартсангүй.
Орой болж хоолны газар хайлаа. Хайлаа ч юу байхав сонголоо. Далайн эрэг дагуу хэдэн газраар шагайхдаа “Mongolian barbeque” гэсэн 4 газартай таарлаа. Хэрчиж тавьсан махнуудаас өөрийн дуртайг сонгож, бас өрөөтэй олон төрлийн ногоо, амтлагчуудаар хачирлан шаруулаад 280 пэсо буюу 20 ам.доллар орчим. Буффет хоол учир хүссэнээрээ идэж болохоор. Тэнд Монгол соус, Монгол хачир, Монгол цуу зэргээр ангилж өрснийг харахад сонин. Зарим амтлагчийг бол амталж үзээ ч үгүй юм билээ.
Эхний өдөр иймэрхүү янзаар өнгөрч, маргааш нь Боракаи арлын хүнс барааны захаар орлоо. Жуулчдад зориулсан бэлэг дурсгалын зүйлс голдуу. Үнэ бол гадныханд зориулагджээ. Өдрийн хоолны цаг болоход Тотое хүнсний захруу явж, сам хорхой, наймаалж гэх мэт далай амьтад, элдэв ногоо цуглуулан нэгэн гуанзанд өгөөд хоол хийлгэлээ. Ийм үйлчилгээ өргөн дэлгэрсэн бөгөөд амт ч гэж янзтай. Биднийг хооллож суухад халуун орны ширүүн бороо цутгаж түүгээр явж байсан гадныхан бүгд л нэг нэг газар олж суугаад бороо зогсохыг хүлээлээ.
1571 онд Испаничууд Манила хотыг байгуулж, энэ улсыг 2-р Филиппийн ариун дурсгалд зориулж Филиппин хэмээн нэрийджээ. Харин 1896 онд Филиппинчүүд Испанийн эрх баригчдын эсрэг босож, тусгаар тогтносон улс гэдгээ зарласан боловч Испани Америкийн дайны үеэр Америкийн мэдэлд очжээ. 1935 онд анхны Ерөнхийлөгчөөр Мануэль Луис Кесон гэж хүн болжээ. 1941 онд Япон улсын довтолгоонд өртөж, 1946 онд сая нэг Бүгд Найрамдах Улс хэмээн зарлажээ. Гэсэн ч саяхныг хүртэл улс төрийн тогтворгүй байдал энэ улсын хөгжлийг хойш татсаар байжээ.
Харин өнөөдөр Филиппин улс эдийн засгийн хөгжлөөр дэлхийд дундаас дээгүүрт орж гадаадын хөрөнгө оруулагчдад тун ээлтэй бодлого баримталж байгаа аж. Боракаи арлаар нааш цааш холхих дэлхийн өнцөг булангаас ирсэн түмэн янзын жуулчдыг харахад аялал жуулчлал нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг болжээ гэдэг нь ажиглагдана.
Торгон цагаан элс, тунгалаг цэнхэр далайг харж баясан өнгөрөөсөн хоёр хоног маань нүд ирмэхийн зуур өнгөрч ирсэн замаараа Маниларуу буцлаа.
Хотын зах хавиар манай нөгөө микро автобус шиг унаанууд элбэг юм. Жийп гэж нэрлэсэн цонхгүй, хаалгагүй тэр унаа хотын захын замаар муур хулгана шиг сүлжилдэнэ. Хаа нэгтээ согтуу бололтой газар унтах эрчүүд, бүлтгэр нүдтэй гуйлгачин хүүхдүүдийг эс тоон хотын төврүү ороход гял цал барилга байгууламж, ганган хээнцэр машин тэрэгнээс хөгжлийн үнэр ханхална.
Жуулчдын урсгал тасралтгүй хөврөх энэ улсад өнгөрөөсөн дөрөв хоног маань ийнхүү дуусч маргааш өглөө нь онгоцны орж суухдаа найзын минь охинд ажил олдоосой гэсэн бодол тээсээр Манила хотоос хөөрлөө.




2011.02 сар




No comments:

Post a Comment