Popular Posts

Friday, March 16, 2018

Бид хэнийг бүтээгээд байна?


Хөргөгчний хаалгыг би уран бүтээлийн талбар гэж нэрлэх дуртай. Үе үе тэнд хоёр хүүхдийн зургийн үзэсгэлэн гарах. Хөдөөний нэгэн сумаас нүүж ирээд удаагүй түүний сургууль миний охины сургуулийн замын хойно. Өдөр хамт яваад орой хамт ирнэ. Адилхан л хүүхдүүд. Харин хаана ялгаа нь хаана харагдана гээч? Өнөө уран бүтээлийн талбарт.

Хөргөгчний хаалганд соронзоор наалдуулсан зурагт инээсэн хүүхэд, ходоод гэдэс зурсан байх. Хүү инээгээд л, охин чадах чинээгээрээ тайлбарлаад л.

Охин: Чи шоколад идвэл эхлээд хоолойгоор чинь ороод, элэг шүүгээд, тэгээд нарийн бүдүүн гэдсээр дамжин эцэст нь ялгарч гарна шүү дээ.

Хүү: Манай ангид ийм юм заадаггүй. Та нар тэгээд ангидаа шоколад иддэг юм уу?

Охин: Би өчигдөр багшийнхаа өгсөн жороор шоколад хайлуулаад хийж үзсэн. Гэхдээ би дээр нь ааруулны үйрмэг нэмчихсэн. Ааруул чинь сүүгээр бүтдэг болохоор сүүтэй шоколад болж магадгүй тиймээ?

Хүү: Амт нь ямар байна? Энэ чиний өөрийн зохиосон жор уу?

Охин: Тийм ш дээ. Маргааш багш шоколадны үйлдвэрүүдийн тухай хэлж өгнө гэсэн. Анх хүмүүс найруулаагүй цэвэр шоколад иддэг байсныг нь Европууд..... гээд хоёр хүүхэд шулганасаар өрөөндөө орлоо.

Энэ хоёрыг даалгавараа хийхэд нь нэгтгэдэг хичээл бол Монгол хэл, Математик. Арга ч үгүй биз дундаа нэг нэг сурах бичигтэй юм чинь. Хүү бол ер нь даалгавараа хийх тун чиг дургүй. Хам хум хийчихээд тоглохоо бодно. Номонд дурлуулах гэж үзэж л байна. Анх ирснээ бодвол овоо уншдаг болоод байгаа. Хамгийн дуртай сэдвээр нь сонирхлыг нь татах гэж үзнэ. Ер нь гайгүй. Ангийн нь У гэх охин хамгийн мундаг. Багш ихэнхдээ У-г магтаж, У-гийн амжилтаар үлдсэн сурагчдыг дүгнэх. У бодож чадаагүй бодлогыг та нар яаж чадахав гэж хэлсэн удаатай. Багш нь эмнэлэгт хэвтэхэд хүүхэд бүр 1000 төгрөг цуглуулж нийт 54000 төгрөг болсон. Харин тэдний хэд нь У-тай адил бүх хичээлдээ ОНЦ бол?

Охинд бол дүн бараг падлийгүй. Ихэнх хичээл нь багаар орно. Багтаа өөр өөрийн гэсэн үүрэгтэй бололтой. Манайх голдуу үг, шүлэг зохиох ажилд дуртай гэх. Харин М зурахдаа сайн, С тайлбарлаж ярихдаа сайн болохоор тэдний багт хэрэгтэй бүх хүүхэд цугласан гэнэ. Сургууль нь IPC хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэдгийг эцэг эхчүүдэд зарлахад бид энэ юу болдог бол гэж эргэлзэж байснаа нуух юун. Харин хагас жилийн дараагаас өөр бодолтой болж эхэлсэн.

Хүү даалгавараа хийхдээ нэг нэгээр нь гаргаж ирээд бичээд л суугаад байх. Хүн ба байгаль, Хүн ба нийгэм, Дүрслэх урлаг, технологи, Иргэний боловсрол гээд л өнөө цүнхээ дааж ядан нааш цааш нь зөөнө. Хажуунаас нь харахад бүх зүйлийг л энэ хүүхдийн тархинд хийх гээд байх шиг, мундаг У-ийн ижлийг бүтээх гээд байх шиг. Гэтэл үнэхээр сонирхолтой байж чадаж байна уу гэхээр үгүй бололтой. Учир нь 30 минутын өмнө юу хуулж бичсэнийг асуухад 10 минутын өмнөхтэйгээ хольж хутгах. Хүүхдийн буруу огтоос биш. Өнөө олон номын л буруу байх.  

Хүүхэд бүр төгс гэр бүлд өсдөггүй. Ар гэрийн амьдрал янз бүр. Аав нь нэг ааш гаргахад ээж нь бас өөр. Эмээ нь тэндээс өмөөрөхөд өвөө нь ширүүхэн харна. Ахтайгаа тоглоомоо хувааж эгчээрээ аашлуулах гэх мэт түм буман зүйл дунд бяцхан ухаан нь гүйж, дасан зохицох гэж, учрыг нь олох гэж хичээнэ. Ядаж байхад нь Хүн ба нийгэм хичээл дээр үзсэн өнөө зүйл нь Иргэний боловсролын өнөө хуулж бичсэн зүйлтэй авцалдаж өгөхгүй. Бас өнөө оройдоо багтаад шүлгээ цээжилж, аравтын бутархайгаа тоймлож дуусгана. Яг л гал дээр хоол тавьчихаад индүүгээ залгаад удаагүй байтал угаалгын машин дуугарч, тийшээ гүйх хооронд хоол давж, цамц түлэгдэхтэй адил. Уг нь хоол хийж, хувцас индүүдэж, аравтын бутархайгаа бодож, иргэний боловсролтой болох нь чухал. Гэвч энэ бүх замбараагүйтэл үр хүүхдээ хайрлаж, хогоо хаяхгүй, уул усаа бохирдуулахгүй эрүүл ухаантай иргэн болж төлөвших, авсан цалингаа зөв зарцуулж, арчаатай амьдрахад хэрэгтэй юу?

Ер нь бид хүүхдүүддээ юу заагаад байгаа юм бол? гээд өөрөөсөө асуулаа. Хариултаа хайгаад олоогүй болохоор өөрийнхөө бага насыг бодлоо. Би одоо хэр дунд сургуульдаа сурсан тэр олон зүйлээс тун цөөнийг санадаг хэдий ч ангиараа дуулж, зусланд явж байх үеэ, шинэ жилээр өвлийн өвөөгөөс бэлэг авч, багшдаа алгадуулж, биеийн тамирын зааланд хөлсөө гартал гүйдэг байснаа л сайн санадаг. Намгийн мэлхий бараг 30 гарсан хойноо анх хараад арван жилд Түмэн бодисын хичээл дээр юу гэж уншиж байснаа санах гэж оролдож билээ. Номноос үзэх амьдаар нь харах хоёр ялгаатай юм билээ. Гэтэл манай хүүхдүүд яг л энэ замаар яваад байна.

Хүү шөнийн 11 гэхэд арай гэж даалгавараа хийж дууслаа. Хийхгүй бол багш уурлана гэх. Багшийгаа баярлуулах гэж даалгавараа хийдэг юм уу гэхээр уруу царайлах нь хэцүү. Ирээдүйд даргадаа сайн харагдах гэж ингэж хичээж суух вий дээ гэхээс л.  

Олсон хэдээсээ охиныхоо төлбөрийг болгож яваа намайг хараад зарим хүмүүс шоолдог юм. Хүүхэд хаана ч сурсан хүн болно гэж. Тиймээ, үнэн. Гэхдээ охиноо би өөр шигээ боловсролын тогтолцооны тоглоом болгохгүйн тулд хичээж байна. 20 гарсан хойноо хүний нутагт олон орны хүүхдүүдийн чинээнд “сурч” сураагүй, “сууж” сураагүй, хэл усыг нь ойлгохгүй, наад захын газар зүй, түүх, биологийн мэдлэггүйдээ ичдэг тийм хүүхэд болгохгүй юмсан гэсэндээ хичээж байна. Би уг нт бүгдийг нь сурсан юм. Даанч надад юу ч үлдээгүй шахуу.


Одоо тогтолцоогоо эргэн харж, багш нарынхаа хандлага сэтгэлгээг өөрчлөх цаг нэгэнт болжээ. Цаана чинь зарим улс боловсролынхоо системийг бүхэлд нь өөрчилж https://moon-child.net/finland-become-first-country-world-get-rid-school-subjects/ байна. Ирээдүйд хоолоо олж идэх чадамжтай, ухаан санаа нь цэгцтэй, юм юмны зах зухаас мэддэг биш, харин өөрийнхөө юу хийж чаддагаа, юунд дуртайгаа мэддэг тийм хүний бэлдэхдээ анхааръя.

Хувийн нэгэн сургуулийн 4-р ангийн сурагчийн ээж




2 comments:

  1. Boduushtai niitlel boljee. Tanai ohin yamar surguulid yavdag ve? Manai ohin bas mud surguulid oroh geed l. Harin yamar surguulid oruulah ve?

    ReplyDelete
  2. Сайн байна уу. Охин маань King’s kids сургуульд явдаг. Цомхон хэдий ч томоохон өөрчлөлтийг зоригтой хийж байгаа. Сургууль сонгоно гэдэг толгойны өвчин шүү. Сайн судлаарай

    ReplyDelete