Тайпэй хотын номын их дэлгүүрт ийм
явдал боллоо. Би хэдэн ном сонгочихоод бэстсэллэр хэсгээр эргэлдэж байгаад тэнд
ажиллаж байсан залууг дуудаж англиар ингэж асуулаа.
-
Энэ хэн гэдэг хүний зохиол вэ?
-
Чин Силин.
-
Олон бүтээл бий юу?
-
….
-
Сонирхолтой юу?
-
Сонирхолтой л байх.
-
Чи уншаагүй юу?
-
Би уншдаггүй.
-
Яагаад?
-
…
(Станцаа авсанаа Хятадаар “Алив намайг хурдан дууддаа, энд нэг сонин
гадаад хүн олон юм асуугаад байна!”)
Би номыг эргүүлж тойруулж үзэж
байгаад Хятадаар
- Сонин хүн нь энэ номыг авмаар байна.
Шинийг олоод өгөөч…
Ингэж би энэ номыг сонгосон юм хэ хэ.
Эд зүйлээ ломбарданд тавьж үзээгүй
хүн ховор байх. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Бэлэн мөнгө хэрэгтэй үед
өөрт байх үнэ хүрэх зүйлээ бариад муу нэртэй, луу данстай “Барьцаалан зээлдүүлэх
газар”-луу л явдаг шүү дээ. Үнэтэй эд зүйлийг минь тал үнээр нь үнэллээ гээд
тэдэнд жаахан янзгүй. Өнөө юмаа төлж авч чадаагүй бол харамссандаа тэднийг бас
буруутгана. Харин хүний эд зүйлийг барьцаанд аваад мөнгө өгдөг тэр хүний нүдээр
энэ амьдралыг харах боломжийг Тайванийн зохиолч надад өглөө. Уг нь энэ хүн
зохиолч биш юм билээ. Насаараа ломбард ажиллуулсан эр. Одоо ч гэсэн ажиллуулсаар байгаа.
Барьцаалан зээлдүүлсэн баримт бүрийн цаана нэгэн түүх оршино. Сайхан
түүх ховор ч асуудал тулгарсан хүнд түүний зээлдүүлсэн мөнгөний цаана орших
түүхийг сайн тийш нь эргүүлсэн нь бас олон. Алтан ээмэг бөгжнөөсөө эхлээд,
цахилгаан хэрэгсэл, төгөлдөр хуур, насаараа бичсэн үзэг, бүр бэлэн мөнгө хүртэл
барьцаална.
Нэг өдөр ломбарданд алтан бугуйвчаа тавих гэж настай нэгэн эмэгтэй ирлээ.
Дээд үнээр нь үнэлээд ч эмэгтэйн хүссэн мөнгөний хэмжээнд хүрсэнгүй бололтой
уртаар санаа алдахыг хараад түүнийг дотогш оруулж цайгаар дайлангаа учир
байдлыг асуулаа. Үйлдвэрт нь ажилладаг ядарсан нэг бүсгүй хамт ажилладаг нэгэн
залуутай хайр сэтгэлийн холбоотой болоод удаагүй гэнэ. Залуус нь гэр бүл болж
тогтвортой ажиллаж, бусдадаа үлгэр дуурайлал болж, аз жаргалтай сайхан
амьдрахыг нь харахыг хүсэхгүй ямар дарга байхав. Гэвчиг өнөө охиныг эртний
уламжлалаар хар нялхад нь айлын бэр болгоод аваачаад өгчихөж. Насаараа тэднийд
зарц хийж байгаад нас биенд хүрэхдээ хүүтэй нь нэг гэрт орох буюу үргэлжлүүлэн
зарцлагдах учир өөр хүнтэй суух нь битгий хэл ойр байж ч болохгүй гэнэ. Охин
зориг гарган “эзэндээ” үнэнээ хэлтэл ихээ хэмжээний мөнгө нэхсэн нь үйлдвэрийн
даргыг ийнхүү бугуйвчаа бариад мөнгө зээлэхэд хүргэжээ. Ломбардын эзний сэтгэл
ч бас хөдөлж яаж туслах аргаа олж ядна. Шууд май гээд байдаг мөнгөө өгчихөөр
хэцүү. Тэгээд үйлдвэрийн бусад ажилчдыг үнэ хүрэх зүйл юу байна бүгдийг түр
хугацаагаар тавьж болно гэж хэлжээ. Ажилчид байдаг бүхнээ авчирч тавьлаа. Удам
дамжиж ирсэн бөгж, уламжлалат хувцасны алтан чимэглэл, өрөөсөн ээмэг зэргийг
авчирч, ломбардын эзэн ч түүнийг нь бусдаар хамаагүй дээгүүр үнэлж, зарим үнэд
хүрэхгүй зүйлийг нь худал үнэлж, өнөө “эзний” мөнгийг төлж залуусыг гэрлүүлжээ.
5 сарын дараа үйлдвэрийнхээ байранд цайллага хийж, хосод сайн сайхныг ерөөхдөө
ломбардны эзнийг ч бас урьсан юм гэнэ лээ.
Ямар ч цаг үед амьдарч байсан халуун сэтгэлээр бие биедээ туслана гэдэг сайхан.
Хэн нэгний хувьд тэр хүн хэн ч биш байж болох өөр хэн нэгний сэтгэлд хамгийн
үнэтэй тэр хүн нь байж болно. Өөрийгөө хэсэгхэн зуур түүний оронд тавиад
бодоход л тэр хүний зовлонгийн өчүүхэн хэсгээс ч болов ойлгоно. Асуудал үгүй
амьдрал гэж үгүй, бусдад тусалсан тэр сэтгэл хэзээ нэгэн цагт эргэн ирж, хэцүү
цагт таныг босоход халуун сэтгэлээр туслах болно.
Ийм сайхан итгэл
хайрласан, урам өгсөн түүхүүдийг орой бүр уншиж байна даа.
No comments:
Post a Comment