Popular Posts

Tuesday, August 4, 2015

"100 YEARS OLD MAN, WHO CLIMBED OUT THE WINDOW AND DISAPPEARED" BY JONAS JONASSON

Огт уйдсангүй, инээсээр байгаад дуусгалаа энэ номыг.

Allan Karlsson 99 насандаа өөрийн амьдарч байсан жижигхэн байшингаа муурыг нь барьж алсан үнэгнээс өшөөгөө авахын тулд дэлбэлж орхижээ. Орох оронгүй болсон өвгөнийг нутгийнхан асрамжийн газар шилжүүлэв. Өвгөн муураа санахын дээр асрамжийн газрын дэг журмыг дагах гэж өдөр хоногийг арай хийн өнгөрөөж байлаа. Шөнө бүр унтахдаа “ингээд тэр чигтээ нүд аних юмсан” гэж бодно. Гэвч өвдөх өвчингүй, ухаан саруул түүнийг үхэл тоож ч харсангүй.
100 наснынхаа төрсөн өдрөөр цонхоор бууж зугтсан өвгөнийг хаа нэгтээ санаанд оромгүй адал явдал хүлээж байлаа. Гэхдээ тэр адал явдал түүний өнгөрсөн амьдралд тохиолдсон хачин жигтэй явдлуудын дэргэд бол юу ч биш. Тэрээр ХХ зууны дэлхийн түүхийн энгийн нэгэн гэрч биш бүр гол дүрд нь тоглож явсан нэгэн.
24 настай Allan тэсрэх бөмбөг туршиж байхдаа өөрийн гэрээ дэлбэлж орхисноор түүний амьдралын урт аялал эхэлжээ. Тэсрэх бодисын мэргэжилтэн тэрээр хамт ажиллаж байсан Испани эртэй хамт Испанийн түүхэн дэх томоохон тулалдаанд оролцоно. Эх оронруугаа буцах гэсэн залууд Америкруу хөдлөх ганц усан онгоц л олджээ. Цагаачлалын албанаас татгалзсан хариу авч гацаанд орсон түүнд атомын хүрээлэнд зөөгч хийх ажил олдлоо. Хирошима хотод хаясан бөмбөгийг бүтээх ажилд санамсаргүй байдлаар тус болсонд нь талархсан АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй үдийн хоолонд урьж, түүний дараа ерөнхийлөгч Русвелтийн хүсэлтээр Хятадын Гоминданыханд гүүр дэлбэлж өгөхөөр Хятадыг зорино. Хатуу архи, сайхан хоолноос өөр зүйлд сонирхдоггүй түүнийг улс төрийнхний утгагүй яриа дургүйг нь хүргэж замаасаа зугтан эх орныхоо зүг эргэчихлээ. Хоёр хөлөөрөө Гималайг гаталж явахдаа төрсөн нутаг Ирандаа коммунизмыг түгээн дэлгэрүүлэх гэж яваа гурван эртэй замдаа таарч  тэдэнтэй хамт Тегеранд ирлээ. Эх орончдыг урвагчид хэмээн газар дээр нь буудан хороож харин түүнийг байцаахаар нууц шоронруу шилжүүлнэ. Тэсэлж дэлбэлэх авьяасаараа шоронгоос оргохдоо Английн ерөнхий сайд Черчиллийн амийг аварчихав. Шведийн элчин сайдын яаманд ирснээр тэрээр сая нэг юм нутгийн бараа харлаа.
Гэвч түүний аялал бүр ч сонирхолтойгоор үргэлжилэнэ. Атомын бөмбөг хийж турших гэсэн Сталин Алберьт Эйнштэнийг авчрах үүргийг өгсөн ч даалгавар гүйцэтгэгчид харин  Алберьт Эйнштэнтэй эцэг нэгт Херберт Эйнштэнийг хулгайлан иржээ. Хэдийгээр хоёр Эйнштэний биеэр нэг эцгийн цус гүйж байсан ч нэг л гоц ухаантай, харин нөгөөх нь тэнэгийн тэнэг байж таарав. Аргаа өөрчилсөн Оросууд тэсрэх бодисын мэргэжилтэн Allan Karlsson-ыг урьж авчирсан боловч Сталинд таалагдсангүй. Сталин Allan Эйнштэн хоёрыг Владивостокийн шоронруу цөлж орхилоо. Шоронд Allan Karlsson бас л авьяасаа үзүүлж хотыг тэр чигт нь дэлбэлж орхиод Хойд Солонгосруу зугтах нь тэр. Хоёр Солонгосын дайн ид дундаа орж байх тэр үед Ким Ир Сон хоёр оргодлыг Индонейзруу илгээх нь тэр. Индонейзд арван таван жил нам жим амьдарсан Allan Karlsson Франц явж Францаас АНУ-ын тагнуулчийн үүргийг гүйцэтгэхээр Москвад ирлээ. Орос Америк хоёрын хооронд худал мэдээлэл дамжуулан арван гурван жилийг өнгөрөөсөн тэр эх орондоо эргэн ирж амар тайван амьдрах болов.Гэвч түүний ухаант муур Молотовыг үнэг барьсан тэр өдрөөс өнөөх тайван амьдрал нь дахиад л аялал болж хувирлаа.
Тавин сая крон бүхий чемоданаа зуу настай өвгөнд алдсан мафийнхан түүний хойноос муур хулгана мэт хөөцөлдөж зохиол цааш үргэлжилсээр….

No comments:

Post a Comment