“Бид бол амьд гараг ертөнц. Софи! Бид ертөнцөд шатаж буй нарыг тойрон аялах агуу том хөлөг онгоц. Гэхдээ хүн бүр амьдралын дундуур хөвж яваа ген ачсан хөлөг онгоц шүү дээ. Бид дараагийн эрэгт ачаагаа аюулгүй хүргэж чадвал хоосон амьдраагүй гэсэн үг билээ…”
Энэ номыг багш минь санал болгож, англи хэлээр нь олж авсан юм. “Чи хэн бэ?Дэлхий хаанаас үүссэн бэ?” гэсэн асуултаар эхэлсэн “Софийн ертөнц” номыг Г.Аюурзана “2х2=6 буюу суут 60 сэтгэгч” номтой зэрэгцүүлэн унших гэж оролдсон. Оролдсоны учир гэвэл нөгөө “Миний мэддэг Орос хэл дууслаа” гэдэг шиг л болсон хэрэг. Чадан ядан дуусгасаны дараахан Монгол хэлнээ орчуулан гарсаныг сонсоод олж авахын хүслэн болж хэдэн сар хүлээсэнсэн. Орчуулагч Б.Мөнхжавхланд олон уншигчийн өмнөөс баярласнаа дуулгамаар байна.
Өрнийн философийн түүхийг Сократаас Сартр хүртэл 14 настай Норвеги охинд бүрэн өгүүлж өгчээ. Бид өсч том болох тусам ертөнцийн талаар гайхахаа больдог. Ингэхдээ бид гол юмаа алдаж харин философичид энэ болгоныг сануулж байдаг. Яг л нөгөө “Алиса гайхамшигийн оронд” гэдэг шиг Энхсайхан Өрнөдийн философийн 3000 жилийн түүхээр аялаад ирлээ. Домог үлгэрээс эхлээд Афины алдарт философичид, Эллинизм, Дундад зуун, Сэргэн мандалтын үе, Барокко, Декарт, Юм, Беркли, Соён гэгээрүүлэлтийн үе, Романтизм, Дарвин бас Сартр. Хамгийн сүүлийн хуудсыг хаагаад оюутан ахуйд минь “Философи”-ийг ингэж заасан бол ч гэсэн шүү юм бодож санаа алдлаа.
Софи охин Философийн нууцлаг багштай болжээ. Өдөр бүр хачирхалтай асуулт бүхий захиа авч,түүний дараа тайлал бүхий философийн хичээлийг уншина. Өдөр хоног өнгөрөх тусам хичээл улам сонирхолтой болж Софид бодит ертөнц хамаг л нууцаа дэлгэх шиг. Захидлаар дамжуулсан хичээл Афин хотоор аялах видео хичээл болж, сүүлдээ багштайгаа уулзаж үргэлжлэнэ. Харин энэ бүхэн жинхэнэ биш бол яана? Хэн нэгний хоосон ертөнц, үзэгний үзүүр хөдөлгөх төдий зохиол байсан бол яана? ……
No comments:
Post a Comment