Үзвээс муу үйл хийж, хажуу хавиргадаа гай болж байдаг нэгэн байхад улыг нь шагайж араас нь муулаад ч өө гарч ирэхээргүй тийм сайн хүн байдаг. Олон жилийн өмнө багш маань “Хүнийг сайн муу гэж дүгнэх нь утгагүй. Угаас сайн хүн муу хүн гэж үгүй” гэж хэлэхэд нь өнөөх нь муугаас муу, сайнаас сайн хүмүүсийг тэгээд юу гэх болж байна гэж асуухад “Муу үйл хүнд муу гэсэн нэрийг өгдөг юм” гэж хариулж билээ. Гэтэл энэ номноос багшийнхаа хэлж байсан тэр “Угаас сайн, муу хүн гэж үгүй” гэсэн үгийн утга учрыг олж уншлаа.
Тайванийн хамгийн алдартай эмэгтэй зохиолч Чюн Яогийн энэ бүтээлийг Хятад хэлээр нь унших даалгавар авсан хэдий ч Монгол орчуулгыг нь харьцуулан харах гэж нээгээд, нэг амьсгаагаар дуусгачихаад санаа амар сууж байна.
Хайр сэтгэлийг эхнэр нөхөр хоёр л хамтдаа бий болгож, түүнийгээ бие биедээ итгэж, уучилж, тэвчиж байж амсаж мэдэрдэг бол гуравдагч хүнтэй хувааж болох уу? Хуваахаас өөр арга үгүй тийм байдалд Бихань, Хаотянь, И Юнь нар хүрчихжээ.
“Амь амьдрал гэдэг бол баяр хөөр, хайр, баяр бахдал, гэрэл гэгээ, хүсэл найдвар юм шүү” гэсэн багшийнхаа үгээр сэтгэлээ дэвтээж хойт эхийн зодуур нүдүүрээс мултрах аргагүй болсон 17 настай Бихань сургуулиа орхихоос аргагүй боллоо. Ганцхан жил тэсчихвэл төгсөх хэдий ч гэр орны ажил, дээр нь учир нь үл мэдэгдэх өвчин шаналалаас болж хөөрхий охин хүсэл мөрөөдлөө орхино. Түүнийг гэх хүн тэр гэрт дүүгээс нь өөр үгүй. Хайр халамжийг амсалгүй арван хэдэн жилийг өнгөрөөж, эцэст нь үхлийн ирмэгт очихын даваан дээр ангийнхаа багшид хэл дуулгаж амьд мэнд гарчээ. Сайхан сэтгэлт багшийнхаа ачаар амьд үлдсэн охиныг гэртээ эргэж ирэхгүй байхыг эцэг шүү юм нь гуйснаар багшийнхаа хуурай дүү болох хувь тохиол ирэв. Түүнээс илүү сайхан явдал гэж хаа байхав. Багшийн гэр бүл охиныг цааш гэсэнгүй. Хангалуун амьдрал үзээгүй Бихань охинд эхэндээ хэцүү байсан ч угаас сэргэлэн зантай учир заасан бүгдийг сурч, тэдний хайрыг татсан ухаалаг охин болоодхов. Ёстой юугаар ч хариулж барамгүй тэр их ачийг мартахгүй гэсэндээ охин тэднийхэнд зүрхээ ч сугалаад өгөхөд бэлэн байлаа. Гао овогтынх Бихань хайртай, гэхдээ энэ их хайрынхаа төлөөсөнд хожим хичнээн их нулимс урсгахаа яахин мэдэх билээ.
Түүний багш байсан И Юнь хүүхэд гаргах боломжгүй гэсэн мэдээ Гао овогтынд гуниг гутрал авчирсан ч Бихань гэсэн найдвар хөгшдийг тайтгаруулав. Үүнийг анх сэдсэн И Юнь нөхрөө ятган байж хоёрыг нийлүүлсэн хэдий ч ганц зүйлийг буруу тооцоолжээ. Энэ бол ХАЙР байсан юм. Нөхөр нь Биханьтай хайр сэтгэлийн харьцаа үүсгэж гурвалжин дөрвөлжин хэрэг мандахад И Юнь удам залгах хүүхэд төрчихөөсэй гэсэн ганц хүслийг нь гүйцээхийн тулд шүд зуун тэсвэрлэх хэдий ч хүний тэвчээрт хязгаар гэж байдаг юм хойно нэг л өдөр тэсэрч Биханийг гэрээсээ хөөчихлөө. Гэвч сураггүй алга болсон Биханийг эзгүйд тэдний гэрт аз жаргалтай байсангүй. 3 сарын турш хайсны эцэст түүнийг шөнийн цэнгээний газраас оллоо. Дахин хайрын гурвалжин үргэлжлэх үү, эсвэл ор сураггүй алга болсон нь дээр үү гэсэн ээдрээтэй энэ явдлыг “Хөхөмдөг үүлт тэнгэр”-ээс уншаарай.
Popular Posts
-
Хөргөгчний хаалгыг би уран бүтээлийн талбар гэж нэрлэх дуртай. Үе үе тэнд хоёр хүүхдийн зургийн үзэсгэлэн гарах. Хөдөөний нэгэн сумаас н...
-
Өдөр бүр их багаар мөнгөтэй харьцдаг болохоор залилж хуурах гэсэн хүнтэй байнга л таарна. Эхэндээ ч залилуулах үе бишгүй л байлаа. Гэхдээ э...
-
Бээжин хотод очих бүртээ орох дуртай газрын маань нэг энэ дэлгүүр. Хүн ихтэй, хөлс үнэртэй ч гэсэн ороод авсан тохиолдолд юун тэр халуун,...
-
Энэ номыг уншиж дуусахад үнэлгээ өгнө үү гэнэ. 4 од өгчихөөд бусдын үнэлгээг үзэхэд харьцангуй байх юм. 1-ийг өгсөн хүний ...
-
Нэг найз маань гэрт ирээд “Сольж унших ном байна уу?” гэж шүүгээг маань гүйлгэж харснаа “Өө чи чинь дандаа гадаад ном уншдаг юм уу? Монголы...
No comments:
Post a Comment