Оюутан ахуйд Америкд төрж өссөн Хятад залуус бидэнтэй зэрэгцэн Хятад хэл судалдаг байлаа. Хаанаас нь ч харсан царай нь Хятад хэр нь хэлээрээ хагас хугас ярихаас цаашгүй тэднийг Banana People гэх. Төрсөн газар, өссөн орчиндоо ууссан тэднийг эх хэлээ, соёлоо хадгалж үлдээсэй гэсэндээ эцэг эх нь эх газарлуу явуулдаг нь гарцаагүй. Тэднийг хараад гайхдаг байснаа нуух юун. Халтар хултар Хятад хэлээ хэцүүг нь гайхан үзэн ядаж, эцэг эхээ буруутган, эх нутгаа санагалзана. Монгол оюутнууд гэлтгүй ер нь гадныхан тэдний дэргэд бол тоолдог хэдээрээ тарчигхан. Өмнөх номоо арайхийн ойлгохоос гадна англиар чөлөөтэй ярихыг нь үзээд битүүхэн атаархана, бас тэднээс дутахгүй гэж хэрэндээ л хичээнэ. Ийм нөхдийн ээж аавууд харин юу бодож байдаг, үр хүүхэддээ ямар их зовж, шаналж явдаг бол гэж боддогсон. Харин миний энэ асуултын хариултыг Amy Tan хэлээд өгчихсөн дөө.
Хүйтэн дайн, Маогийн соёлын довтолгоон, хөдөө тосгоны хоцрогдсон бурангуй амьдралаас эрх чөлөө сайн сайхан бүхнийг хүсэхийн дээдээр хүсэж, эх нутгаасаа зугатан гарсан дөрвөн эмэгтэйн түүх, тэднийг хагас Америк дөрвөн охины амьдрал. Судсаар нь Хятад хүний цус гүйж байхад өөрийгөө Америк хүн гэж итгэж, итгүүлж яваа хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлэх, зөв хүн болгох гэж зүдэрч байгаа ээж байхад харин зөвхөн гэрт нь хэрэгждэг Хятад соёл, ээж аавынхаа аялгатай ярих Англи хэлийг тэвчихгүй зугатах хүүхэд бас байна.
Ээжийнхээ нүдээр өөрийгөө нэг харахсан гэж их хүсдэг юм. Өсөж том болж байгаагаа, ээжийнхээ хүссэн тэр эмэгтэй болж чадаж байгаа эсэхээ,найз нөхөдтэйгээ тоглож байгаагаа, ямар залууд дурлаж байгаагаа, ямар ажил эрхэлж байгаагаа, хэр сайн гэрийн эзэгтэй, гэргий бас ээж болж чадаж байгаагаа ээжийнхээ нүдээр харах юмсан. Хар, шар, хөгшин залуу гээд эх хүн бүр л үрдээ санаа зовж, шаналж явах. Үрийнхээ төлөө юуг ч өгөхөөс буцахгүй тийм л ээжүүдийн тухай энэ номноос уншлаа. Сан Франциско хотод байх Хятад хороололд дөрвөн эмэгтэй “Joy Luck Club”-ийг нээж, мажан тоглож, зөвхөн сайхан түүхийг тэнд ярина. Гэвч тэдний сайхан түүхийн ард, сайхан инээмсэглэлийн цаана хичнээн их зовлон хурсан байдагийг үр хүүхэд нь хэрхэн мэдэх билээ.
“Аз, бас аз, дахиад аз”. Аз чамайг дагах уу, чи азтай одонд төрсөн үү, хойшид аз чамайг ивээх үү? гээд хүний хувь тавилан, болоод хичээл зүтгэлийг азаар хэмжиж, мөрий тавьж, сүүл хэсэгтээ энэ агуулгыг бүр тодруулан хуудас бүрт шингээхийг оролдсон нь харин надад таалагдаагүй. Монгол хэлэнд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж сайхан үг байдаг. Юутай үнэн үг вэ!
Монголчууд бидэнд ч гэсэн дээрх шиг асуудал гарч эхэлж байна. Монгол хэлээ мэдэхгүй Монгол хүүхдүүд өөрсдийгөө төрж өссөн тэр нутгийнхаа хүн нь гэж ойлгоод, хэл соёлоо үгүйсгэх вий. Тэр цагт нас дээр гарсан эцэг эх нь энэ дөрвөн ээж шиг зовох вий.
No comments:
Post a Comment