Popular Posts

Tuesday, August 4, 2015

"THE HOUSE OF THE MOSQUE" KADER ABDOLAH

Олон зуун жил мөргөлчдийн цуваа тасраагүй нэгэн сүмийг хамгаалан, үе үеийн сүмийн удирдагчдын орох орон болж ирсэн нэгэн байшингийн түүх хийгээд түүнд амьдарч буй хүмүүсийг амьдралыг өгүүлсэн Кадер Абдоллагийн зохиол.
1950 он, Иран улс. Охин хүүхэдтэй айл бүр өвөл цагт хаалгыг нь хэн нэг нь тогшиж, бэр гуйхыг хүлээж, хаа нэгтээ зочдын өрөөний гэрэл нь орой болтол асаалттай байгаа нэгэндээ битүүхэн атаархана. Сүмийн байшингийнхан ч мөн нас биед хүрсэн охиныг нь гуйх тэр эрийг хүлээсээр. Сүмийн удирдагчийн охиныг гуйх зориг зүрхтэй тэр эр хаврын эхэн сард сая нэг хаалгыг нь тогшлоо. Сүмийн залуу удирдагчдыг бэлтгэдэг сургуулийн тэргүүний сурагч, улс төрийн нууц хөдөлгөөний идэвхитэн Халхал гэгч тэр залуу охины зүсийг үзээгүй хэр нь ингэж зоригтой орж ирсэнд байшингийн эзэд багагүй гайхлаа. Охины з авга ах Ака жаан залууд эргэлзэж ядаад түүний сургуулийн нэр хүндтэй багшийг нь зорьж очин Халхалын тухай асуусан ч олигтой зүйл мэдэж чадсангүй. Их идэвхитэй, ирээдүйтэй гэсэн үгэнд нь итгэж охиноо өгөхийг зөвшөөрлөө. Хуримын өдөр төрсний гэрчилгээгээ албаар орхиж ирсэн тэр залуу охинтой нь өнгөрөөсөн хэдэн жилдээ бас нуугдмал амьдарч, дараа нь улс төрийн үймээний үеэр тэдний гэр бүлд гай авчрах юм чинээ хэн санахав.
Цаг үеийн байдал өөрчлөгдөж Ираны Шахыг утсан хүүхэлдэйгээ болгосон Америкууд хаа сайгүй эзэн сууж эхэллээ. Үүнийг нь эсэргүүцсэн Зүүнийхэн мөн Шийтүүдийн Аятолла бүлэглэлийнхэн хаа хаанаа хүчээ зузаатгаж эхэллээ. Улс төрийн ороо бусгаа нөхцөл байдал, тэдний хийж буй алхам бүр Лалын энэ сүмээс тойрч өнгөрнө гэж үгүй. Зарим нь тэднийг ард иргэдэд хүрэх гол түлхүүрээ болгож байхад, зарим нь орогнож суух газраа хүртэл болгоно.
Перс хивсний жижигхэн үйлдвэрийн эзэн, тосгоны нэр хүндтэй хүн болох Ака жааны гэр бүл улс төрийн бохир үйл бүрийн хохирогч болно.
Америкуудыг хөөж явуулсан Аятоллачууд зүүний жижиг сажиг хөдөлгөөнүүд болоод өөрсдийг нь эсэргүүцсэн хэн болгоныг хайр найргүй устгаж, хэлмэгдүүлэлт хядлага учир замбараагаа алдлаа. Ака жааны гэр бүлийн залуу эрчүүд, бэлэвсэн эхнэрүүд хэлмэгдүүлэлтэд өртөж эхэллээ.
Хүнд хэцүү цагт хүний ааш араншин өөрчлөгдөж, тар нь танигддаг нь ёс гэлтэй. Цэцэрлэгч нь байсан залуу хүртэл амьд гарахын тулд нүүр буруулан Ака жааны дүүг нь цаазаар авахад гар бие оролцон гүйнэ. Үхтэл үр харамгэж үнэн юм даа. Ака жаан цаазаар авхуулсан хүүгээ хүний ёсоор оршуулах гээд чадалгүй тосгоноос тосгон дамжин зөвшөөрөл гуйж, айлын нохойд бариулан, цагийн сайханд өөрийн нь дор ажилладаг байсан залууст зодуулж үйлээ үзэж явахад эртний анд Хаан нь замыг нь тосон ирж хүүгийн нь цогцосыг авч өөрийн амьдардаг уулнаа хүний ёсоор хөдөөлүүлжээ.
Үнэнээр явахад үхэр тэргээр туулай гүйцдэг шиг Ака жаан ямар ч хүнд үе бусдын адил зүсээ хувиргалгүй өөрөөрөө байж чаджээ. Үр хүүхэд, ах дүү нарынхаа багачуудад өөрт таарсан бэрхшээлтэй зоригтой нүүр тулж, өөрийн хүчээр, шулуун шударгаар даван туулахыг сургаж иржээ. Түүний энэ сургаалийг дагасан хэн ч алдсангүй.
Дайн дажин намжиж, хүмүүсийн амьдрал дээрдэх цагт Ака жаан Хаан найзындаа очлоо. Хүүгийнх нь шарилыг тойрон цэцэг алаглаж, усны ундарга бүхий үржил шимтэй газар болон хувирсан байхыг үзээд нулимсаа нууж чадсангүй.

No comments:

Post a Comment