Улс төрийн түүхийг санаанд оромгүй хөгжилтэй аргаар
илэрхийлдэг энэ зохиолчийн шинэ номыг би тэсэн ядан хүлээж байгаад олж уншсан
юм. Өмнөх номондоо 20р зууны дэлхийн түүхийг (дайны түүхийг) 100 настай өвгөний
амьралтай холбож хөгжилтэй өгүүлж байсан. Энэ удаа хүлээлт минь талаар
болсонгүй. Инээсээр байгаад дуусгалаа…
Өмнөд Африкийн жижигхэн тосгоны жорлон цэвэрлэгч Номбэко
охин математикт дурлаж, атомын бөмбөг бүтээлцэж, хожим Шведийн хааныг аварна
гээд боддоо.
Бичиг үсэг тайлагдаагүй Номбэко охин жорлон цэвэрлэх
ажлаасаа залхаж байсан удаагүй. Үгээгүй ядуу түүний ээж хүнд өвчнөөр өнгөрч
охин ганцаараа амьдрах болов. 14 нас хүрэхэд нь олон орноор явж юм үзэж, нүд
тайлсан Табо нэрт нэгэн эр түүнд уншиж бичихийг зааж өгөх боловч далд шалиг
санааг нь Номбэко ойлгож байлаа. Аливааг сурах гоц гойд чадвартай охин орон
орны үлгэр хийгээд Табогийн санаанаасаа зохиож ярьж буй зүйлст итгэсэн дүр
эсгэж ямар хүн болохыг нь мэдэж авчээ. Урьд Пабло Нерудагийн “Хайрын хорин
шүлэг болон цөхрөлийн ганц дуун” (Twenty love poems and a song of despair)-ийг
Табо цээжилж боомтын 19 эмэгтэйд уншиж өгснөөр бүсгүйчүүдийг уяраах ажил
амжилттай явж байтал 20 дох шүлгийг
төгсгөлд “Түүнийг би хайрлаж чадахгүй нь, туйлаас үнэн гэж үүнийг л хэлнэ” гэж өөдгүй
Неруда төгсгөснөөс болж 20 дох эмэгтэйг
найрч чадсангүй. Үүнээс хойш удалгүй боомтынхон Табог яруу найрагч биш гэдгийг
нь мэдсэн учир өөр хотруу нүүх хэрэгтэй болж Номбэкогийн амьдарч буй газарт
ирсэн нь энэ байжээ. Ирэхдээ хоосон байсангүй. Атга дүүрэн алмазаараа
хүссэнээрээ амьдарч болохоор байсан ч олны нүдэнд өртөлгүй амар жимэр амьдрахын
тулд ядуусын хороолол бараадаж Номбэкотой танилцсан нь тэр. Бичиг үсэг
тайлагдаж, хүссэн номоо уншиж чаддаг болсон тэр цагт нь Табод золгүй явдал
тохиолдож гэртээ бусдын гарт амиа алдлаа. Номбэко цагдаа нарыг ирэхээс өмнө
түүнийг өнгөрснийг мэдээд өнөө үлдсэн алмазуудыг авч хэргийн газраас холдон
явна.
Атга алмазтай 15 настай охин төрсөн газар болох ядуусын
хорооллоос явахын түүс болж. Табогийн номнуудаас дуртай ганц номоо аваад
нийслэл хотруу явахаар шийдлээ. Түүний очиж үзэх хамгийн эхний газар бол
Үндэсний Номын Сан байлаа. Нийслэл хотод
очиж энэ насандаа харж байгаагүй өөр ертөнц болоод өөр хүмүүсийг гайхаж яваад
машинд мөргүүлэх нь тэр.
Түүнийг дайрсан согтуу инженерийн зөв болж шүүхээс Номбэко
согтуу инженерийн лабориторт 7 жил ажил хийх ял авч, хувь заяа нь орвонгоороо
эргэж орхилоо.
Согтуу инженер гэдэг нь Өмнөд Африкт атомын бөмбөг бүтээх
томоохон ажил авсан ч ухаан хүрэхгүй шаналж яваа ганц бие эр билээ. Лабориторт
Номбэко уйдсангүй. Инженерийн ажил болох нүд эрээлжлэм олон тоо томъёонууд Нобэкогийн
сонирхолыг татаж эхлэв. Бас чөлөөт цаг ихтэй учир тэндэхийн номын сангийн бүх
номыг уншиж дуусгав. Сүүлдээ бүр инженерийн ухаан нь хүрэхгүй олон асуудлыг
хөндлөнгөөс хараад ойлгохтой болж эхлэхэд инженерт Номбэкогоос хэрэгтэй хүн
үгүй. Гэсэн ч цэвэрлэгч гэсэн нэртэй түүнд 9 жил ажилласан байлаа. Инженер
улсын даалгавараар 6 ширхэг атомын бөмбөг хийх ёстой байсан ч алдаа гаргаж
түүнийгээ 7 болголоо. 6 ширхэгээ зохицуулсаны дараа үлдсэн нэг атомын бөмбөгөө
хэрхэх тухай бодож байгаад Израйльд зарах санаа төрж нууц ажиллагаа зохион
байгуулахаар болов. Номбэкод зугтах боломж олдож магад гэж бодсон нь талаар
болсонгүй. Израйлийн 2 төлөөлөгч наймаа хийх гэж ирээд инженерийг нь нухаж
орхиод хар бүсгүйтэй хэлэлцээр хийх боллоо. Номбэког тэд дутуу үнэлж байжээ.
Инженерийн ажилд гар бие оролцож, лабориторын бүх номыг уншиж, математикийн
ухаанд гаршсан түүнийг Израйлийн төлөөлөгчид барсангүй. Номбэко атомын
бөмбөгтэйгөө хамт Швед улсад ирж, Израйлийн төлөөлөгчид хатаасан үхрийн махтай
гэртээ ирлээ.
Шведэд хөл тавиад улс төрийн орогнол хүсэхээр халаасандаа
атга алмаазаа хийгээд гарч явахдаа Номбэко бүсгүй Холгер гэгч залуутай
танилцав. Холгер ихрийн өрөөсөн хэдий ч дүүг нь бас Холгер гэх. Улс төрийн хэнээтэй
эцэг нь амьдралдаа ямар нэг гайхамшигт явдал тохиолдсон тэр цагт үр хүүхэдтэй
болно гэдэг нэгэн байсан бөгөөд Шведийн эзэн хаантай гар барьсаны дараа
хүүхэдтэй болохоор шийдэж, машиныхаа ард хайрцаг дүүрэн бэлгэвчтэй ирлээ. Олон
жил энэ мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэсний эцэст сая нэг эзэн хаантай нүүр тулж
үзсэн ч хүслээр болсонгүйгээр барахгүй хаантаныг үзэн ядах сэтгэл өвөртлөн
харьлаа. Гэртээ ирээд өнөө олон бэлгэвчээ эс тоон хүүхэдтэй болохоор шийдэж,
хүүхдээ эзэн хааны эсрэг хүмүүжүүлэхээр хүртэл шийдэж амжлаа. Эхийнхээ хэвлийд
бойжиж буй үрдээ бүгд найрамдах үзэл төлөвшүүлэх гэж өдөр бүр үзэл суртлын ном
сургааль айлдсаар. Харин Холгер хүү төрөхдөө ганцаараа байсангүй. Ихэр хүү
байсан болохоор хоёуланд нь Холгер гэж нэр өгөөд Холгер Нэг, Холгер Хоёр гэж
нэрлэх боллоо. Бүгд найрамдах үзлээр хүмүүжүүлэх учиртай тул ганц л хүүхдээ
бүртгүүлж өнөө нэгийг нь ертөнцөд мэндлээгүй мэт үзэх боллоо. Холгер Нэг даваа
гарагт хичээлдээ явж, Холгер Хоёр мягмар гарагт хичээлдээ явна гэх мэтээр
холион бантан болж байх хооронд Холгер Нэг усан тэнэг болж, бүгд найрмадах үзэл
үнэртүүлсэн нэгэн болж, Холгер Хоёр
харин бүх шалгалтыг давж гарсан бодит амьралд дуртай нэгэн болж хүмүүжлээ.
Номбэкотой таарсан нь харин Холгер Хоёр байлаа. Атомын
бөмбөгөө хэрхэн тухай удтал ярилцсаны эцэст Шведийн засгийн газарт хүлээлгэн
өгөхөөр шийдэж оролдсон боловч хэн ч тэднийг тоосонгүй. Олон жил атомын
бөмбөгийг нууж элдэв арга чарга хэрэглэн хөгжилтэй амьдарсаар БНХАУ-ын тэргүүн
Ху Жин Тао Шведэд айлчлах тэр цагт хүслээ биелүүлж авчээ.
No comments:
Post a Comment