Popular Posts

Tuesday, August 4, 2015

"HOW LIFE WORKS"

Та хамгийн сүүлд хэзээ аз жаргалыг мэдэрсэн бэ? Яг үүнийг аз жаргал гээд хэлчихэд бас хэцүү байна уу? Тэгвэл та хамгийн сүүлд хэзээ нулимсаа гартал инээж, сэтгэл дүүрэн алхаж, хажуугаар өнгөрсөн хэнийг ч хамаагүй тэвэрч аваад үнсмээр санагдсан бэ? Ийм өдрүүд ховорхон тохиолддог бол одоо харин өөрийн амьдралын өдөр бүрийг ийм болгож болно гэнэ шүү.
Өдийг хүртэл ийм төрлийн ном нэгийг ч барьж байсангүй. Өөрөө өөртөө туслах, өөрийгөө хөгжүүлэх, хэрхэн баяжих, муу муухай зүйлийг өөртөө наалдуулахгүй хэрхэн амьдрах, далд ухамсараа ашиглаж бусдад нөлөөлөх гээд шийдэж барамгүй олон асуудлын голыг олоод өгчихдөг шидтэй номнуудыг сайшаалгүй, тойрч явсаар ирж. Нүдээ нээгээд л харчих зүйлийг, бусдын яриаг анхааралтай сонсоод л ойлгочих зүйлийг, бүр аав ээжийн минь үглэдэг хэдэн үгийг ном болгоод биччихэж гэж боддог байж. Сүүлдээ бүр ийм төрлийн ном дагнан уншдаг найз нараа гоочилмор аядаж, өөр сонирхолтой гэсэн номыг санал болгож үзнэ.
Надтай үзэл бодол ойролцоо, уншдаг сэдэв, ном хүртэл адил нэгэн найз энэ номыг санал болгосон юм. Хамгийн сонирхолтой нь миний өнөө найз зохиогчийн бусад номыг бүр 20 жилийн өмнө уншиж байсан гэдгийг сонсоод бүр ч сонирхсон юм. Тэгээд намайг “Чи уншиж дуусаад хэсэг хугацааны дараа дахиад хэд хэдэн удаа уншаарай” гэж зөвлөснийг яана.
Зохиогч номоо бичихээс гадна хавтасны болоод дотор зургийг өөрөө зурсан гэнэ. Сонирхолтой санагдаад хэдэн хуудас унштал салах юм биш. Энгийн, бас хөгжилтэй.. зүгээр л хөгжилтэй. Амьдралын үнэнийг хошин зургаар өгүүлсэн нэг зузаан ном дээхнэ үед айлуудад байдаг байсан даа, нэрийг нь санадаггүй ээ. Нэг нүүрэнд нэг өгүүлэмжтэй хэр нь хэд ч үзээд уйддаггүй… Тэр ном шиг хөнгөн, бас дахиад л … (хөгжилтэй)…
Амьдрал тэр чигээрээ санаа, санаа аваад бичвэл өнөө хэний бичсэн санааг яг л давтахаар. Харин санааг илэрхийлэх арга өөр өөр байх. Andrew Matthews –ийн санаагаа илэрхийлэх арга бусдаас өөр учраас барагийн хошин шог үзээд инээхээ байсан хэнийг ч инээлгэж чадахаар болжээ. За тэгээд боломж байвал авч уншаарай, хааяа ч гэсэн өөрийгөө толинд харсан мэт дотоод сэтгэлрүүгээ өнгийж нэг үзээрэй.

No comments:

Post a Comment