Цогт тайж болон түүний эх Чин Тайху хатан нар элчийг заран илгээж Хөххотын Ширээт гүүш цоржоор 1618 онд “Мял Богдын тууж зохионгуй хийгээд буман гүр дуулал” бүтээлийг орчуулсан нь маргашгүй үнэн түүх юм. Харин Ширээт гүүш цоржийн амьдрал ахуй, намтар цадигтай холбоо бүхий түүхэн сурвалж маш хомс үлдсэн нь харамсалтай. (“Богд Миларайвагийн тууж зохионгуй ба боловсон тонилхуйн гүр дууллууд ном” 506 тал)
Мял Богдын гүр дууллуудыг би хэдэн жилийн өмнө сонсдог байлаа. Сонсдог байлаа гэдгийн учир нь www.buddhism.mn сайт дээр Лавайн эгшиг радиогийн нэвтрүүлэг болгон тавьсныг сонсож эхэлсэн явдал юм. “Цаст уулын бөлөг” -өөс эхлээд “Ёлмоо цаст уулын бөлөг” гээд сайтад оруулсан дуулал бүрийг ойлгохыг хичээн давтан давтан сонсох үед эхэндээ үлгэр сонсоод байгаа мэт дараа нь яруу найраг мэт түүний дараагаар уран яруу утга бүхий бясалгал хийж буй мэт сайхан сэтгэгдэл төрж байсан билээ. Хамгийн их таалагдсан дуулал бол “Балдарбум охин лугаа учирсан бөлөг” юм.
Мял Богдын намтрыг уншсан хүн олон биз. Түүний намтарт эцгийн өв хөрөнгийг авга ах, хахай эгч нартаа алдсан Тойвгоо хөвгүүн (Мял Богдыг багад ийнхүү дууддаг байж) эхийн захиас ёсоор хараал жатга сурахаар оджээ. Өөрийн бие, хэл, сэтгэл юугаан ламтнаа өргөн тангараглаж эрдэм бүхнийг сурч хожмоо авга ах, хахай эгч нар хийгээд өөрсдийг нь дорд үзсэн хүмүүсээс өш хонзонгоо авсаны дараа харин хичнээн их нүгэл үйлдсэнээ ухаарна. Энэ их нүгэл хилэнцийн үйл лайгаа энэ насан хийгээд хойд насандаа үүрч барахгүй гэдгээ ойлгосон Тойвгоо учрахуйяа бэрх багшийн зарлигаар хатуужил явдалд шамдан улмаар хилэнц түйтгэр бүхнийг хоцроолгүй арилгасан гэдэг. Энэ насны жаргалан бүхнийг огоорч багшийн зарлигийг бүтээхийн тулд энгүй хатуужилт зоригоор уулнаа бясалгаж, найман их хатуужил явдлыг туулан, халгайгаар хооллон хамаг бие нь ногоон болсон хэмээн өгүүлнэ. Бясалгал хийж байх үед учирсан хүмүүст айлдсан шүлэг номлол, өөрийг нь хорлон хөнөөх гэсэн дайснуудыг уучлан атгаг муу санааг нь тонилгосон дууллаас гадна хувь төгс тааллын хөвгүүд буюу лам багшийн зарлигийг бүтээх үйлийг нь залгамжлан авч явах тэр эрдэмт шавь нартай учирч, боловсруулсан үйлийн тухай энэ номноос уншаарай.
Popular Posts
-
Хөргөгчний хаалгыг би уран бүтээлийн талбар гэж нэрлэх дуртай. Үе үе тэнд хоёр хүүхдийн зургийн үзэсгэлэн гарах. Хөдөөний нэгэн сумаас н...
-
Өдөр бүр их багаар мөнгөтэй харьцдаг болохоор залилж хуурах гэсэн хүнтэй байнга л таарна. Эхэндээ ч залилуулах үе бишгүй л байлаа. Гэхдээ э...
-
Бээжин хотод очих бүртээ орох дуртай газрын маань нэг энэ дэлгүүр. Хүн ихтэй, хөлс үнэртэй ч гэсэн ороод авсан тохиолдолд юун тэр халуун,...
-
Энэ номыг уншиж дуусахад үнэлгээ өгнө үү гэнэ. 4 од өгчихөөд бусдын үнэлгээг үзэхэд харьцангуй байх юм. 1-ийг өгсөн хүний ...
-
Нэг найз маань гэрт ирээд “Сольж унших ном байна уу?” гэж шүүгээг маань гүйлгэж харснаа “Өө чи чинь дандаа гадаад ном уншдаг юм уу? Монголы...
Thursday, November 26, 2015
Sunday, August 23, 2015
"SNOW" Orhan Pamuk
Хүүхэд насны минь сайхан дурсамжийн ихэнх нь цастай
холбоотой. Хашааныхаа цасыг цэвэрлэх далимаар ханатлаа тоглож авдаг асан хүүхэд
нас, будран орох цастай шинэ жил гээд хөгжилтэй сайхан өвлийн цагаан өдрүүд
өнөөх хөвсгөр цастай хамт. Гэтэл энэ зохиолд ЦАС бол уйтгар гуниг, ганцаардал,
бүтэлгүй хайр, хуял тачаал, яруу найраг, ядуурал, хамгийн гол нь улс төрийн
замбараа нь олдохгүй ээдрээ…
12 жилийн амьдралаа Германд өнгөрөөсөн Туркийн яруу найрагч,
сэтгүүлч Ка ээжийгээ өнгөрснийг сонсоод эх нутагтаа эргэн ирнэ. Ажил явдал
дууссаны дараа Карс хотруу зорьжээ. Удахгүй болох сонгуулийн ажил хийгээд охид
амиа хорлох явдал газар аваад байгаа тухай мэдээ бэлдэхээр ийнхүү цаг агаарын
байдлыг үл харгалзан явж буй нь энэ. Гэхдээ зөвхөн дээрх асуудлууд ч бус Кагийн
сэтгэлийг татсан бас нэг зүйл Карс хотод бий. Үнэндээ сүүлийн 4 жил Кагаас ямар
ч шүлэг төрөөгүй юм. Герман хэл сурч чадаагүй болохоор Франкфурт хотын номын
сангаас өөр очих газар үгүй. Тэнд л Тургенив, Кафка, Чехов нарын зохиолыг дахин
дахин уншиж өдрийг барна. Ингэж эх нутагтаа ирж, их цасанд боогдон, сүүмгэр
Карс хотын ажилгүй иргэд, өдрөөс өдөрт доройтож байгаа амьдралыг, улс төрийн
тоглоом, шашны зөрчил зэргийг хөндлөнгөөс заримдаа дотроос нь мэдрэх нь түүнд
нэгэн шинэ мэдрэмж байлаа. Ирсэн өдрийн нь маргаашнаас их цаснаас болж хотоос
гарсан бүх зам хаагдаж Ка Карст гурван хоног саатах нь тодорхой боллоо.
“Хүн бол бурханы бүтээсэн агуу бүтээл. Амиа хорлолт гэдэг
бол жинхэнэ гутамшиг” гэх хэр нь яагаад охид ар араасаа амиа хорлох болов
гэдгийг торуулахаар Ка зарим хүнтэй уулзана. Охидыг толгойны алчуураа ав гэсний
төлөө амиа хорложээ гэсэн дүгнэлтийг Катай уулзсан хүмүүс түүнд өгөх гэж
хичээнэ. Үнэт зүйлийг нь үгүйсгэж, өдий хүртэл итгэж сүслэж ирсэн бүхнийг нь
зүйд нийцэхгүй гэж харлуулах нь хэнд ч сайхан санагдахгүй. Гэвч үүний цаана улс
төрийн холион бантан, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн яваад байгаа нь илт.
Ка Карс хотод ирэх болсон нэг шалтгаан нь оюутан ахуйн
дурлалт бүсгүй Ипэк байсан юм. Ипэктэй уулзах үед тэр нөхрөөсөө салсан байжээ.
Ка өөрт нь боломж гарч ирлээ гэж бодох хэдий ч энэ тулаанд ялж чадах эсэх нь
тодорхойгүй. Ипэкийн гоо үзэсгэлэнд автсан тэр өдөр Ка “Цас” нэртэй шүлгээ
бичжээ. Үүнээс хойш энэ хотод байх гурав хоногийн хугацаандаа 4 жилд бичээгүй
олон шүлэг бичиж буй тухай өгүүлнэ.
Орхан Памук зохиолдоо хэний буруу, хэний зөв гэдгийг
өгүүлсэнгүй. Гэхдээ уламжлалт ёс заншил, исламын шашин хийгээд улс төр, орчин
үе, барууны үзэл гээд өнөөгийн Туркийн (ном 2002 онд анх Туркт хэвлэгдсэн)
дотор буцалж буй бүхнийг өгүүлэхийг зорьжээ.
Яагаад ч юм зохиолд хэрэв чи эмэгтэй хүн болж төрсөн бол
шашин улс төрийн тоглоом болно уу, эр нөхөртөө хаягдана уу, эрдэм боловсрол
эзэмшихгүй үлдэнэ үү падлий алга гэсэн нэг тийм агуулга яваад байх юм. Зохиолыг
уншсан олон хүн дэмий зүйлд цагаа барлаа, Орхан Памук юугаараа Нобелийн шагнал
хүртэх гавьяа байгуулав гэх зэргээр шүүмжилсэн байх юм. Харин би ойлгохдоо
Туркийн амьдралыг дэлхий дахинд зохиолоороо дамжуулан өгүүлж, дэлхий дахины
анхаарлыг энэ газар төвлөрүүлж чадсандаа гавьяа нь оргиж байгаа юм болов уу гэж
бодогдсоноо нуух юун. Энэ бол ерөнхий дүгнэлт.
Харин цас бол гутрал, цасан ширхэг бол ганцаардал нулимс
… Хэдэн ч удаа унтаж, хэдэн ч удаа “Би
чинь Нобелийн шагналт зохиолчийн агуу бүтээлийн уншиж байгаа шүү дээ” гэж өөрт хэлж
үзэв бүү мэд. Нээх бүрт дууны дахилт шиг хөврөх өнөө хэдэн үгс. Одоо харин Өнгөрсөн
жил худалдаж авсан “My name is Red”-ийг нэг
хэсэгтээ л нээж харахгүй байх.
Tuesday, August 4, 2015
"THE GIRL WHO SAVED THE KING OF SWEDEN" JONAS JONASSON
Улс төрийн түүхийг санаанд оромгүй хөгжилтэй аргаар
илэрхийлдэг энэ зохиолчийн шинэ номыг би тэсэн ядан хүлээж байгаад олж уншсан
юм. Өмнөх номондоо 20р зууны дэлхийн түүхийг (дайны түүхийг) 100 настай өвгөний
амьралтай холбож хөгжилтэй өгүүлж байсан. Энэ удаа хүлээлт минь талаар
болсонгүй. Инээсээр байгаад дуусгалаа…
Өмнөд Африкийн жижигхэн тосгоны жорлон цэвэрлэгч Номбэко
охин математикт дурлаж, атомын бөмбөг бүтээлцэж, хожим Шведийн хааныг аварна
гээд боддоо.
Бичиг үсэг тайлагдаагүй Номбэко охин жорлон цэвэрлэх
ажлаасаа залхаж байсан удаагүй. Үгээгүй ядуу түүний ээж хүнд өвчнөөр өнгөрч
охин ганцаараа амьдрах болов. 14 нас хүрэхэд нь олон орноор явж юм үзэж, нүд
тайлсан Табо нэрт нэгэн эр түүнд уншиж бичихийг зааж өгөх боловч далд шалиг
санааг нь Номбэко ойлгож байлаа. Аливааг сурах гоц гойд чадвартай охин орон
орны үлгэр хийгээд Табогийн санаанаасаа зохиож ярьж буй зүйлст итгэсэн дүр
эсгэж ямар хүн болохыг нь мэдэж авчээ. Урьд Пабло Нерудагийн “Хайрын хорин
шүлэг болон цөхрөлийн ганц дуун” (Twenty love poems and a song of despair)-ийг
Табо цээжилж боомтын 19 эмэгтэйд уншиж өгснөөр бүсгүйчүүдийг уяраах ажил
амжилттай явж байтал 20 дох шүлгийг
төгсгөлд “Түүнийг би хайрлаж чадахгүй нь, туйлаас үнэн гэж үүнийг л хэлнэ” гэж өөдгүй
Неруда төгсгөснөөс болж 20 дох эмэгтэйг
найрч чадсангүй. Үүнээс хойш удалгүй боомтынхон Табог яруу найрагч биш гэдгийг
нь мэдсэн учир өөр хотруу нүүх хэрэгтэй болж Номбэкогийн амьдарч буй газарт
ирсэн нь энэ байжээ. Ирэхдээ хоосон байсангүй. Атга дүүрэн алмазаараа
хүссэнээрээ амьдарч болохоор байсан ч олны нүдэнд өртөлгүй амар жимэр амьдрахын
тулд ядуусын хороолол бараадаж Номбэкотой танилцсан нь тэр. Бичиг үсэг
тайлагдаж, хүссэн номоо уншиж чаддаг болсон тэр цагт нь Табод золгүй явдал
тохиолдож гэртээ бусдын гарт амиа алдлаа. Номбэко цагдаа нарыг ирэхээс өмнө
түүнийг өнгөрснийг мэдээд өнөө үлдсэн алмазуудыг авч хэргийн газраас холдон
явна.
Атга алмазтай 15 настай охин төрсөн газар болох ядуусын
хорооллоос явахын түүс болж. Табогийн номнуудаас дуртай ганц номоо аваад
нийслэл хотруу явахаар шийдлээ. Түүний очиж үзэх хамгийн эхний газар бол
Үндэсний Номын Сан байлаа. Нийслэл хотод
очиж энэ насандаа харж байгаагүй өөр ертөнц болоод өөр хүмүүсийг гайхаж яваад
машинд мөргүүлэх нь тэр.
Түүнийг дайрсан согтуу инженерийн зөв болж шүүхээс Номбэко
согтуу инженерийн лабориторт 7 жил ажил хийх ял авч, хувь заяа нь орвонгоороо
эргэж орхилоо.
Согтуу инженер гэдэг нь Өмнөд Африкт атомын бөмбөг бүтээх
томоохон ажил авсан ч ухаан хүрэхгүй шаналж яваа ганц бие эр билээ. Лабориторт
Номбэко уйдсангүй. Инженерийн ажил болох нүд эрээлжлэм олон тоо томъёонууд Нобэкогийн
сонирхолыг татаж эхлэв. Бас чөлөөт цаг ихтэй учир тэндэхийн номын сангийн бүх
номыг уншиж дуусгав. Сүүлдээ бүр инженерийн ухаан нь хүрэхгүй олон асуудлыг
хөндлөнгөөс хараад ойлгохтой болж эхлэхэд инженерт Номбэкогоос хэрэгтэй хүн
үгүй. Гэсэн ч цэвэрлэгч гэсэн нэртэй түүнд 9 жил ажилласан байлаа. Инженер
улсын даалгавараар 6 ширхэг атомын бөмбөг хийх ёстой байсан ч алдаа гаргаж
түүнийгээ 7 болголоо. 6 ширхэгээ зохицуулсаны дараа үлдсэн нэг атомын бөмбөгөө
хэрхэх тухай бодож байгаад Израйльд зарах санаа төрж нууц ажиллагаа зохион
байгуулахаар болов. Номбэкод зугтах боломж олдож магад гэж бодсон нь талаар
болсонгүй. Израйлийн 2 төлөөлөгч наймаа хийх гэж ирээд инженерийг нь нухаж
орхиод хар бүсгүйтэй хэлэлцээр хийх боллоо. Номбэког тэд дутуу үнэлж байжээ.
Инженерийн ажилд гар бие оролцож, лабориторын бүх номыг уншиж, математикийн
ухаанд гаршсан түүнийг Израйлийн төлөөлөгчид барсангүй. Номбэко атомын
бөмбөгтэйгөө хамт Швед улсад ирж, Израйлийн төлөөлөгчид хатаасан үхрийн махтай
гэртээ ирлээ.
Шведэд хөл тавиад улс төрийн орогнол хүсэхээр халаасандаа
атга алмаазаа хийгээд гарч явахдаа Номбэко бүсгүй Холгер гэгч залуутай
танилцав. Холгер ихрийн өрөөсөн хэдий ч дүүг нь бас Холгер гэх. Улс төрийн хэнээтэй
эцэг нь амьдралдаа ямар нэг гайхамшигт явдал тохиолдсон тэр цагт үр хүүхэдтэй
болно гэдэг нэгэн байсан бөгөөд Шведийн эзэн хаантай гар барьсаны дараа
хүүхэдтэй болохоор шийдэж, машиныхаа ард хайрцаг дүүрэн бэлгэвчтэй ирлээ. Олон
жил энэ мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэсний эцэст сая нэг эзэн хаантай нүүр тулж
үзсэн ч хүслээр болсонгүйгээр барахгүй хаантаныг үзэн ядах сэтгэл өвөртлөн
харьлаа. Гэртээ ирээд өнөө олон бэлгэвчээ эс тоон хүүхэдтэй болохоор шийдэж,
хүүхдээ эзэн хааны эсрэг хүмүүжүүлэхээр хүртэл шийдэж амжлаа. Эхийнхээ хэвлийд
бойжиж буй үрдээ бүгд найрамдах үзэл төлөвшүүлэх гэж өдөр бүр үзэл суртлын ном
сургааль айлдсаар. Харин Холгер хүү төрөхдөө ганцаараа байсангүй. Ихэр хүү
байсан болохоор хоёуланд нь Холгер гэж нэр өгөөд Холгер Нэг, Холгер Хоёр гэж
нэрлэх боллоо. Бүгд найрамдах үзлээр хүмүүжүүлэх учиртай тул ганц л хүүхдээ
бүртгүүлж өнөө нэгийг нь ертөнцөд мэндлээгүй мэт үзэх боллоо. Холгер Нэг даваа
гарагт хичээлдээ явж, Холгер Хоёр мягмар гарагт хичээлдээ явна гэх мэтээр
холион бантан болж байх хооронд Холгер Нэг усан тэнэг болж, бүгд найрмадах үзэл
үнэртүүлсэн нэгэн болж, Холгер Хоёр
харин бүх шалгалтыг давж гарсан бодит амьралд дуртай нэгэн болж хүмүүжлээ.
Номбэкотой таарсан нь харин Холгер Хоёр байлаа. Атомын
бөмбөгөө хэрхэн тухай удтал ярилцсаны эцэст Шведийн засгийн газарт хүлээлгэн
өгөхөөр шийдэж оролдсон боловч хэн ч тэднийг тоосонгүй. Олон жил атомын
бөмбөгийг нууж элдэв арга чарга хэрэглэн хөгжилтэй амьдарсаар БНХАУ-ын тэргүүн
Ху Жин Тао Шведэд айлчлах тэр цагт хүслээ биелүүлж авчээ.
"BY THE RIVER PIEDRA I SAT DOWN AND WEPT" PAULO COELHO
Нэг өглөө босоод номын сангаа янзлахаар боллоо. Өмнө нь зохиолчоор нь, номын хэмжээ дамжаагаар нь ялгадаг байсан бол тэр өдөр би төрлөөр нь ялгахаар шийдэв. Уран зохиол дотроо адал явдалт, утга уянгын гээд ангилах үед энэ номыг хайр сэтгэл гэсэн хэсгийн хамгийн эхэнд тавихаар шийдсэн юм.
Бага байхад байшингийн ханан дээр А+Г= LOVE гэх мэт зүйлтэй олон таардаг байж. Тэр үед “Хоёр хүний нийлбэр хайр болдог гэнээ” хэмээн гайхаж дүрсгүй хүүхдүүдийн шоглоом гэж бодоод өнгөрдөг байж.
Бусдын адил сайн хань, сайхан гэр бүл, тогтвортой ажилтай болохыг мөрөөдөн эрдмийн ажилдаа шамдан байсан Пиларт нэгэн өдөр арван долоотойдоо дурлаж явсан багын найз хөвгүүнээс дуудлага ирлээ. Сүмийнхэн болоод нутгийн иргэдтэй хийх уулзалтандаа түүнийг урьсан нь энэ байжээ. Найз нь царайлаг сайхан залуу болжээ. Хүмүүс түүний тухай хачин жигтэй зүйл ярилцан, “Тэр бол ид шидийг бүтээгч, бурханы элч” гэх мэтээр ярихыг нь сонсоод гайхаж хоцров. Арван нэгэн жил дэвэн дэлхийгээр хэрэн тэнэж явахдаа дэлхийн өнцөг булан бүрээс түүнд захидал илгээсээр өнөөдрийг хүрчээ. Уулзалт тарсны дараа Зарагозаруугаа шууд буцна гэж бодож байсан боловч залуу түүнийг дахин өөр аялалд урьлаа. Энэ бол жирийн нэгэн долоо хоногийн аялал бус хайрлаж байсан залуугаа танин мэдэх, түүний энэ гайхамшиг чухам юу болохыг ойлгох, хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх аялал байжээ.
Итгэл үнэмшлээ гээж бас бүтэлгүй дурлалтай учирч явсан тэрээр өөрийнхөө дотор байх “өөр нэгэн хүн”-тэйгээ тэмцэж эхэллээ. “Өөр нэгэн хүн” түүнд хулчгар зан, хувиа хичээсэн байдал, нөгөө хаа яваа нь мэдэгдэхгүй мөрөөдлийн нь ханхүүг сануулж, жинхэнэ хайр, гайхамшиг гэгчийг нүдээр үзэж, биеэр мэдрэх боломжийг олгохгүй зовооно. Пилар сэтгэлийн мухарт хадгалагдан байсан тэр сүүмийсэн хайрын дөлийг дүрэлзэн асах гал мэт болгох хүсэлтэй байсан тул “өөр нэгэн хүн”-ийг ор сураггүй алга болгож чадлаа. Одоо харин түүнд багын найз хөвүүнийг ямар хүн бэ гэдгийг ойлгох боломж нээгдлээ.
Хүлээнэ гэдэг зовлон, мартана гэдэг бас зовлон. Харин мартах уу хүлээх үү гэдгээ шийдэж чадахгүй тэр үе бол хамгийн их зовлон.
Хайр сэтгэлтэй учирсан хүн байгаа бүхнээ алдахаас огтхон айдаггүй гэдгийг найз нь баталж өглөө. Ямар ч дүрэм журамд захирагддаггүй хайр сэтгэлд бууж өгсөн залуу өөрийн хосгүй авьяасаас татгалзав. Энэ хүн өөрөөс нь болж бусдыг анагаах гайхамшигт үйлээ зогсоох болсонд Пилар өөрийгөө буруутган Пиэдра голын эрэг дээр суугаад уйлжээ. Эцэст нь жирийн нэгэн шиг, Пилар шиг амьдрахыг хүсч аялалаа дуусган түүний сурч байсан Зарагозаруу явлаа.
Хайртайгаа учирсан, алдсан, хаягдсан, жаргаж яваа хэн ч уншиж болно.
Бага байхад байшингийн ханан дээр А+Г= LOVE гэх мэт зүйлтэй олон таардаг байж. Тэр үед “Хоёр хүний нийлбэр хайр болдог гэнээ” хэмээн гайхаж дүрсгүй хүүхдүүдийн шоглоом гэж бодоод өнгөрдөг байж.
Бусдын адил сайн хань, сайхан гэр бүл, тогтвортой ажилтай болохыг мөрөөдөн эрдмийн ажилдаа шамдан байсан Пиларт нэгэн өдөр арван долоотойдоо дурлаж явсан багын найз хөвгүүнээс дуудлага ирлээ. Сүмийнхэн болоод нутгийн иргэдтэй хийх уулзалтандаа түүнийг урьсан нь энэ байжээ. Найз нь царайлаг сайхан залуу болжээ. Хүмүүс түүний тухай хачин жигтэй зүйл ярилцан, “Тэр бол ид шидийг бүтээгч, бурханы элч” гэх мэтээр ярихыг нь сонсоод гайхаж хоцров. Арван нэгэн жил дэвэн дэлхийгээр хэрэн тэнэж явахдаа дэлхийн өнцөг булан бүрээс түүнд захидал илгээсээр өнөөдрийг хүрчээ. Уулзалт тарсны дараа Зарагозаруугаа шууд буцна гэж бодож байсан боловч залуу түүнийг дахин өөр аялалд урьлаа. Энэ бол жирийн нэгэн долоо хоногийн аялал бус хайрлаж байсан залуугаа танин мэдэх, түүний энэ гайхамшиг чухам юу болохыг ойлгох, хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх аялал байжээ.
Итгэл үнэмшлээ гээж бас бүтэлгүй дурлалтай учирч явсан тэрээр өөрийнхөө дотор байх “өөр нэгэн хүн”-тэйгээ тэмцэж эхэллээ. “Өөр нэгэн хүн” түүнд хулчгар зан, хувиа хичээсэн байдал, нөгөө хаа яваа нь мэдэгдэхгүй мөрөөдлийн нь ханхүүг сануулж, жинхэнэ хайр, гайхамшиг гэгчийг нүдээр үзэж, биеэр мэдрэх боломжийг олгохгүй зовооно. Пилар сэтгэлийн мухарт хадгалагдан байсан тэр сүүмийсэн хайрын дөлийг дүрэлзэн асах гал мэт болгох хүсэлтэй байсан тул “өөр нэгэн хүн”-ийг ор сураггүй алга болгож чадлаа. Одоо харин түүнд багын найз хөвүүнийг ямар хүн бэ гэдгийг ойлгох боломж нээгдлээ.
Хүлээнэ гэдэг зовлон, мартана гэдэг бас зовлон. Харин мартах уу хүлээх үү гэдгээ шийдэж чадахгүй тэр үе бол хамгийн их зовлон.
Хайр сэтгэлтэй учирсан хүн байгаа бүхнээ алдахаас огтхон айдаггүй гэдгийг найз нь баталж өглөө. Ямар ч дүрэм журамд захирагддаггүй хайр сэтгэлд бууж өгсөн залуу өөрийн хосгүй авьяасаас татгалзав. Энэ хүн өөрөөс нь болж бусдыг анагаах гайхамшигт үйлээ зогсоох болсонд Пилар өөрийгөө буруутган Пиэдра голын эрэг дээр суугаад уйлжээ. Эцэст нь жирийн нэгэн шиг, Пилар шиг амьдрахыг хүсч аялалаа дуусган түүний сурч байсан Зарагозаруу явлаа.
Хайртайгаа учирсан, алдсан, хаягдсан, жаргаж яваа хэн ч уншиж болно.
"SOPHIE`S WORLD" JOSTEIN GAARDER
“Бид бол амьд гараг ертөнц. Софи! Бид ертөнцөд шатаж буй нарыг тойрон аялах агуу том хөлөг онгоц. Гэхдээ хүн бүр амьдралын дундуур хөвж яваа ген ачсан хөлөг онгоц шүү дээ. Бид дараагийн эрэгт ачаагаа аюулгүй хүргэж чадвал хоосон амьдраагүй гэсэн үг билээ…”
Энэ номыг багш минь санал болгож, англи хэлээр нь олж авсан юм. “Чи хэн бэ?Дэлхий хаанаас үүссэн бэ?” гэсэн асуултаар эхэлсэн “Софийн ертөнц” номыг Г.Аюурзана “2х2=6 буюу суут 60 сэтгэгч” номтой зэрэгцүүлэн унших гэж оролдсон. Оролдсоны учир гэвэл нөгөө “Миний мэддэг Орос хэл дууслаа” гэдэг шиг л болсон хэрэг. Чадан ядан дуусгасаны дараахан Монгол хэлнээ орчуулан гарсаныг сонсоод олж авахын хүслэн болж хэдэн сар хүлээсэнсэн. Орчуулагч Б.Мөнхжавхланд олон уншигчийн өмнөөс баярласнаа дуулгамаар байна.
Өрнийн философийн түүхийг Сократаас Сартр хүртэл 14 настай Норвеги охинд бүрэн өгүүлж өгчээ. Бид өсч том болох тусам ертөнцийн талаар гайхахаа больдог. Ингэхдээ бид гол юмаа алдаж харин философичид энэ болгоныг сануулж байдаг. Яг л нөгөө “Алиса гайхамшигийн оронд” гэдэг шиг Энхсайхан Өрнөдийн философийн 3000 жилийн түүхээр аялаад ирлээ. Домог үлгэрээс эхлээд Афины алдарт философичид, Эллинизм, Дундад зуун, Сэргэн мандалтын үе, Барокко, Декарт, Юм, Беркли, Соён гэгээрүүлэлтийн үе, Романтизм, Дарвин бас Сартр. Хамгийн сүүлийн хуудсыг хаагаад оюутан ахуйд минь “Философи”-ийг ингэж заасан бол ч гэсэн шүү юм бодож санаа алдлаа.
Софи охин Философийн нууцлаг багштай болжээ. Өдөр бүр хачирхалтай асуулт бүхий захиа авч,түүний дараа тайлал бүхий философийн хичээлийг уншина. Өдөр хоног өнгөрөх тусам хичээл улам сонирхолтой болж Софид бодит ертөнц хамаг л нууцаа дэлгэх шиг. Захидлаар дамжуулсан хичээл Афин хотоор аялах видео хичээл болж, сүүлдээ багштайгаа уулзаж үргэлжлэнэ. Харин энэ бүхэн жинхэнэ биш бол яана? Хэн нэгний хоосон ертөнц, үзэгний үзүүр хөдөлгөх төдий зохиол байсан бол яана? ……
"THE DEVIL AND MISS PRYM" PAULO COELHO
Уулын нэгэн унтаа тосгонд ирсэн залуу хачин жигтэй саналыг тавьлаа. Залуу хүн үлдээгүй энэ тосгоныхон бие биеэ ах дүү шигээ мэднэ. Арга ч үгүй биз яг тоолвол 281 хүн амьдардаг юм гэнэ.
Долоо хоногийн дотор энэ тосгонд хэн нэг хүн амиа алдах аваас тосгоны хүн бүр алтаар шагнуулна гэсэн хэрцгий саналыг дуулгалаа. Чөтгөрийн гэмээр энэ өдөөн хатгалга тосгоныхоныг ёс суртахууны төөрөгдөлд орууллаа. Карлос гэх тэр залуу тосгондоо ганц байдаг буудлын үйлчлэгч хүүхэн болох Miss Prym-д алтаа хаана нууснаа зааж өгөөд, хэрэв томгонд аллага гарсан тохиолдолд үлдсэн 9 гулдмай алтаа бүгдийг нь өгнө гэлээ.
Miss Prym-д хоёрсонголт байлаа.
Нэг нь зааж өгсөн алтыг хулгайлаад том хотруу зугатаж, өөрийн мөрөөддөг байсан амьдралаар амьдрах. Энэ тосгонд бараг өөрөөс нь өөр залуу хүн үлдсэнгүй. Найз нөхөд бүгд л сайн сайхан амьдарч, хань ижилтэй болсон байхад Prym харин ашиг орлого гэхээргүй буудлын баранд зөөгчөөр ажиллана. Хааяа хэний ч хамаагүй өвөрт орж өөрийгөө зугаацуулах ч одоо бол энэ амьдралаасаа залхжээ. Тэгэхээр эхний сонголтыг хийгээд явахад хожно уу гэхээс алдах зүйлгүй.
Хоёр дох сонголт, тосгоныхоо хүмүүсийг ятгаж хэн нэгнийг үхэлрүү илгээх. Мэдээж бүгдээрээ хэлэлцвэл буруугүй ч гэсэн энэ тосгонд хүн чанараа чөтгөрт худалдчих хүн захаас аваад зөндөө. Гэхдээ хэнийг золиосонд гаргах вэ гэдэг асуулт гарч, алтаа амалсан Карлос харин тэднийг ямар шийд гаргахыг хүлээн суух л үлдэж.
Алив зүйл яагаад хоёр талтай байх ёстой юм бэ? Хүн яагаад сайн муу чанартай байх ёстой юм бэ? Тэгвэл ямар хүнийг сайн гээд ямар хүнийг муу гэх вэ? гэсэн асуултыг Паоло Коельо уншигчдаас асуужээ.
Номын эхэнд Эртний Персийн домог болоод Библийн сургаалиас иш татжээ. Эртний Персийн домогт Бурхан орчлон хорвоог бүтээгээд эргэн тойрноо нэг харлаа. Бүх зүйл түүнд байх хэдий ч бас нэг зүйл дутагдаад болдоггүй. Өөрт байгаа бүхнээ хуваалцаж байх хэн нэгэн хэрэгтэй гэж үзжээ. Тэгээд мянган жил мөргөж залбирсны хүчинд (Гэхдээ хэнд залбирсныг нь дурдсангүй) хөл хүнд болжээ. Бүх зүрх сэтгэлээ зориулсан хүү нь орчлонгийн бүх зүйлийг ганцаар үүрч чадах эсэхэд санаа зовниж ихэр хүүхэдтэй болохоор шийдлээ. Нэг нь Сайн буюу Ормузд, нөгөө нь муу буюу Ахриман. Ормузд хүү нь залбиралын хүчээр бий болсон бол Ахриман хүү нь зовнил шаналалын үрээр бий болсон тухай.
Ариун Библиэс зохиогчАдам Евагийн түүхийг дурджээ. Сайн муу гэж чухам юу болохыг үл мэдэх Адам Евахоёрт хорт жимс идүүлж буй домог.
Тосгоныхон ямар шийдэлд хүрсэнийг “The Devil and Miss Prym” номноос мэдэж аваарай…
"THE HOUSE OF THE MOSQUE" KADER ABDOLAH
Олон зуун жил мөргөлчдийн цуваа тасраагүй нэгэн сүмийг хамгаалан, үе үеийн сүмийн удирдагчдын орох орон болж ирсэн нэгэн байшингийн түүх хийгээд түүнд амьдарч буй хүмүүсийг амьдралыг өгүүлсэн Кадер Абдоллагийн зохиол.
1950 он, Иран улс. Охин хүүхэдтэй айл бүр өвөл цагт хаалгыг нь хэн нэг нь тогшиж, бэр гуйхыг хүлээж, хаа нэгтээ зочдын өрөөний гэрэл нь орой болтол асаалттай байгаа нэгэндээ битүүхэн атаархана. Сүмийн байшингийнхан ч мөн нас биед хүрсэн охиныг нь гуйх тэр эрийг хүлээсээр. Сүмийн удирдагчийн охиныг гуйх зориг зүрхтэй тэр эр хаврын эхэн сард сая нэг хаалгыг нь тогшлоо. Сүмийн залуу удирдагчдыг бэлтгэдэг сургуулийн тэргүүний сурагч, улс төрийн нууц хөдөлгөөний идэвхитэн Халхал гэгч тэр залуу охины зүсийг үзээгүй хэр нь ингэж зоригтой орж ирсэнд байшингийн эзэд багагүй гайхлаа. Охины з авга ах Ака жаан залууд эргэлзэж ядаад түүний сургуулийн нэр хүндтэй багшийг нь зорьж очин Халхалын тухай асуусан ч олигтой зүйл мэдэж чадсангүй. Их идэвхитэй, ирээдүйтэй гэсэн үгэнд нь итгэж охиноо өгөхийг зөвшөөрлөө. Хуримын өдөр төрсний гэрчилгээгээ албаар орхиж ирсэн тэр залуу охинтой нь өнгөрөөсөн хэдэн жилдээ бас нуугдмал амьдарч, дараа нь улс төрийн үймээний үеэр тэдний гэр бүлд гай авчрах юм чинээ хэн санахав.
Цаг үеийн байдал өөрчлөгдөж Ираны Шахыг утсан хүүхэлдэйгээ болгосон Америкууд хаа сайгүй эзэн сууж эхэллээ. Үүнийг нь эсэргүүцсэн Зүүнийхэн мөн Шийтүүдийн Аятолла бүлэглэлийнхэн хаа хаанаа хүчээ зузаатгаж эхэллээ. Улс төрийн ороо бусгаа нөхцөл байдал, тэдний хийж буй алхам бүр Лалын энэ сүмээс тойрч өнгөрнө гэж үгүй. Зарим нь тэднийг ард иргэдэд хүрэх гол түлхүүрээ болгож байхад, зарим нь орогнож суух газраа хүртэл болгоно.
Перс хивсний жижигхэн үйлдвэрийн эзэн, тосгоны нэр хүндтэй хүн болох Ака жааны гэр бүл улс төрийн бохир үйл бүрийн хохирогч болно.
Америкуудыг хөөж явуулсан Аятоллачууд зүүний жижиг сажиг хөдөлгөөнүүд болоод өөрсдийг нь эсэргүүцсэн хэн болгоныг хайр найргүй устгаж, хэлмэгдүүлэлт хядлага учир замбараагаа алдлаа. Ака жааны гэр бүлийн залуу эрчүүд, бэлэвсэн эхнэрүүд хэлмэгдүүлэлтэд өртөж эхэллээ.
Хүнд хэцүү цагт хүний ааш араншин өөрчлөгдөж, тар нь танигддаг нь ёс гэлтэй. Цэцэрлэгч нь байсан залуу хүртэл амьд гарахын тулд нүүр буруулан Ака жааны дүүг нь цаазаар авахад гар бие оролцон гүйнэ. Үхтэл үр харамгэж үнэн юм даа. Ака жаан цаазаар авхуулсан хүүгээ хүний ёсоор оршуулах гээд чадалгүй тосгоноос тосгон дамжин зөвшөөрөл гуйж, айлын нохойд бариулан, цагийн сайханд өөрийн нь дор ажилладаг байсан залууст зодуулж үйлээ үзэж явахад эртний анд Хаан нь замыг нь тосон ирж хүүгийн нь цогцосыг авч өөрийн амьдардаг уулнаа хүний ёсоор хөдөөлүүлжээ.
Үнэнээр явахад үхэр тэргээр туулай гүйцдэг шиг Ака жаан ямар ч хүнд үе бусдын адил зүсээ хувиргалгүй өөрөөрөө байж чаджээ. Үр хүүхэд, ах дүү нарынхаа багачуудад өөрт таарсан бэрхшээлтэй зоригтой нүүр тулж, өөрийн хүчээр, шулуун шударгаар даван туулахыг сургаж иржээ. Түүний энэ сургаалийг дагасан хэн ч алдсангүй.
Дайн дажин намжиж, хүмүүсийн амьдрал дээрдэх цагт Ака жаан Хаан найзындаа очлоо. Хүүгийнх нь шарилыг тойрон цэцэг алаглаж, усны ундарга бүхий үржил шимтэй газар болон хувирсан байхыг үзээд нулимсаа нууж чадсангүй.
Subscribe to:
Posts (Atom)






