Цогт тайж болон түүний эх Чин Тайху хатан нар элчийг заран илгээж Хөххотын Ширээт гүүш цоржоор 1618 онд “Мял Богдын тууж зохионгуй хийгээд буман гүр дуулал” бүтээлийг орчуулсан нь маргашгүй үнэн түүх юм. Харин Ширээт гүүш цоржийн амьдрал ахуй, намтар цадигтай холбоо бүхий түүхэн сурвалж маш хомс үлдсэн нь харамсалтай. (“Богд Миларайвагийн тууж зохионгуй ба боловсон тонилхуйн гүр дууллууд ном” 506 тал)
Мял Богдын гүр дууллуудыг би хэдэн жилийн өмнө сонсдог байлаа. Сонсдог байлаа гэдгийн учир нь www.buddhism.mn сайт дээр Лавайн эгшиг радиогийн нэвтрүүлэг болгон тавьсныг сонсож эхэлсэн явдал юм. “Цаст уулын бөлөг” -өөс эхлээд “Ёлмоо цаст уулын бөлөг” гээд сайтад оруулсан дуулал бүрийг ойлгохыг хичээн давтан давтан сонсох үед эхэндээ үлгэр сонсоод байгаа мэт дараа нь яруу найраг мэт түүний дараагаар уран яруу утга бүхий бясалгал хийж буй мэт сайхан сэтгэгдэл төрж байсан билээ. Хамгийн их таалагдсан дуулал бол “Балдарбум охин лугаа учирсан бөлөг” юм.
Мял Богдын намтрыг уншсан хүн олон биз. Түүний намтарт эцгийн өв хөрөнгийг авга ах, хахай эгч нартаа алдсан Тойвгоо хөвгүүн (Мял Богдыг багад ийнхүү дууддаг байж) эхийн захиас ёсоор хараал жатга сурахаар оджээ. Өөрийн бие, хэл, сэтгэл юугаан ламтнаа өргөн тангараглаж эрдэм бүхнийг сурч хожмоо авга ах, хахай эгч нар хийгээд өөрсдийг нь дорд үзсэн хүмүүсээс өш хонзонгоо авсаны дараа харин хичнээн их нүгэл үйлдсэнээ ухаарна. Энэ их нүгэл хилэнцийн үйл лайгаа энэ насан хийгээд хойд насандаа үүрч барахгүй гэдгээ ойлгосон Тойвгоо учрахуйяа бэрх багшийн зарлигаар хатуужил явдалд шамдан улмаар хилэнц түйтгэр бүхнийг хоцроолгүй арилгасан гэдэг. Энэ насны жаргалан бүхнийг огоорч багшийн зарлигийг бүтээхийн тулд энгүй хатуужилт зоригоор уулнаа бясалгаж, найман их хатуужил явдлыг туулан, халгайгаар хооллон хамаг бие нь ногоон болсон хэмээн өгүүлнэ. Бясалгал хийж байх үед учирсан хүмүүст айлдсан шүлэг номлол, өөрийг нь хорлон хөнөөх гэсэн дайснуудыг уучлан атгаг муу санааг нь тонилгосон дууллаас гадна хувь төгс тааллын хөвгүүд буюу лам багшийн зарлигийг бүтээх үйлийг нь залгамжлан авч явах тэр эрдэмт шавь нартай учирч, боловсруулсан үйлийн тухай энэ номноос уншаарай.
Popular Posts
-
Хөргөгчний хаалгыг би уран бүтээлийн талбар гэж нэрлэх дуртай. Үе үе тэнд хоёр хүүхдийн зургийн үзэсгэлэн гарах. Хөдөөний нэгэн сумаас н...
-
Өдөр бүр их багаар мөнгөтэй харьцдаг болохоор залилж хуурах гэсэн хүнтэй байнга л таарна. Эхэндээ ч залилуулах үе бишгүй л байлаа. Гэхдээ э...
-
Бээжин хотод очих бүртээ орох дуртай газрын маань нэг энэ дэлгүүр. Хүн ихтэй, хөлс үнэртэй ч гэсэн ороод авсан тохиолдолд юун тэр халуун,...
-
Энэ номыг уншиж дуусахад үнэлгээ өгнө үү гэнэ. 4 од өгчихөөд бусдын үнэлгээг үзэхэд харьцангуй байх юм. 1-ийг өгсөн хүний ...
-
Нэг найз маань гэрт ирээд “Сольж унших ном байна уу?” гэж шүүгээг маань гүйлгэж харснаа “Өө чи чинь дандаа гадаад ном уншдаг юм уу? Монголы...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment