Popular Posts

Monday, January 18, 2016

Ширэнгэн ойн аялал буюу Алтантуяагаа өмөөрсөн Монгол

Амай “Монгол Бадарчин” номонд өгүүлсэнчлэн аялалд гарахдаа ачаа болохоор хэрэгтэй хэрэггүй зүйл авч явахаас татгалзсан ч үүргэвч минь яаж ийж байгаад л дүүрчихэв. Надад энэ удаагийн аяллын нээлт болоод хаалт, хэн хэний баг оролцох нь огтхон ч сонин биш, харин тэр ширэнгэн ойгоор явах нь туйлын сонирхолтой байсан тул урьд шөнө нойр хүрсэнгүй. Нойр муутай хүн яахав дээ, автобусанд ороод л унтчихлаа.

Борооны улирал эхэлсэн тул үүлэрхэг. “We run together, drunk together” гэж хүмүүсийн цамцны ард бичсэн байсныг гарааны газар ирээд өрөөстэй олон шар айргийг харахдаа л сая ойлголоо. За тэгвэл нэлээн халаалттай хүмүүс ширэнгэн ойгоор явах нь дээ…

Гараанаас гарахдаа хүмүүс бие биеэ “бушуу яв” гэсэн шиг түлхэн, зарим нэг овсгоотой нь өөр зам сонгон бие биенийхээ урд гарцгаана. Заасан замаар явалгүй төөрвөл барын хоол болж мэдэх учир бидний хэдэн нөхөд бие биенээ бараадна. Уулнаас хэсэг уруудаж яваад өтгөн шигүү модон дунд орж ирэв. Газар чийгтэй, зарим хэсэгтээ шавхайтай учир гутал ч авах юмгүй болж эхлэх нь тэр. Уул өөд өгсөж эхлэхэд зарим эгц өндөр хэсэгт нь эвгүйхэн гишгэвэл хальтарч мэдэхээр. Энэ л үед нөгөө муу үүргэвчээ ад үзэж эхэллээ дээ. Гэвч яаж ч бодсон гялгар уутанд хийсэн хуурай хувцас, хоёр савтай ус хэрэгтэйгээс хойш гүрийгээд л байхаас. Уулын мод зарим хэсэгтээ сийрэг зарим хэсэгтээ алхахын аргагүй шигүү. Эргэн тойрноо тухтайхан харсан шигээ явмаар ч хамт яваа нөхдөөсөө холдчих болохоор салхинд туугдсан юм шиг л зөвхөн урагшаа л яарцгаана. Энд тэнд тас няс хийх чимээ гарч, хэн нэгний хальтарч унаж байгаа нь сонсогдов. 9 км замыг энэ янзаараа хичнээн удаан туулахыг (шигүү модтой газар дэндүү удаан алхаад байгаа мэт санагдаад байлаа) мэдэхгүй ч нэлээд ядарсныг бодвол бараг тал замаа туулчихсан ч юм шиг. Манай багийн зургаан хүн бие биенээсээ тасарч эхэллээ.

Бусдын араас чимээгүй даган явж байсан надаас Малайзын Хятад хоёр хүн ингэж асуулаа.“Хаанаас ирсэн?  Аль багийнх вэ?”  Эхний асуултанд нь хариултал нөгөө хоёр хүн бие бие рүүгээ харснаа “Чи Алтантуяаг мэдэх үү?” гэв. Яг энэ асуултанд би өглөө автобусанд, өдөр хоолны үеэр бас хариулсан учир дахиад давтахыг хүссэнгүй, дээр нь нэлээд амьсгаадаж байлаа. Тэр хоёр намайг Хятад хэл ойлгодоггүй гэж санасан бололтой. Араас хэлсэн хэдэн үг нь яс хавталзуулах шиг болж, бушуухан тэднийг хол орхиж явахын түүс болсон би нөгөө гутал хальтрах энэ тэрийг тоосонгүй урагшаа ухаангүй зүтгэж эхэллээ.

Би хаана ч Монголынхоо тухай ярихдаа ам бардам байдаг. Өвгөд дээдсийн минь үлдээсэн уудам сайхан тал нутаг, хүн зоныхоо ууужуу сайхан сэтгэлийг хаана нь бахдан ярих дуртай. Нэг Монгол хүн алдаа л биз, өчнөөн олон хүн хаа сайгүй алдаж л байдаг шүү дээ гэж бодохын үед болгоомжгүй гишгэсэнээсээ болж уулын уруу шаварлуу хавьтраад орчихлоо. Өмд халтартаж, гар жаахан шалбарсныг эс тооцвол би харин ч олон хүний урд орчих шиг боллоо.  Ашгүй шигүү ойгоос гарахад би нөгөө хүмүүсийн барааг ч харахааргүй болжээ.

Нэгэн Монгол ээж хүний нутагт эндэж, нэгэн сайхан гэр бүл охиноо алдсан нь ширгэн ойд алхаж буй хүмүүсийн ярианы сэдэв болсонд би буруутай ч юм шиг. Амийг нь бүрэлгэсэн хоёр эрэгтэйг нотлох баримт байхгүй хэмээн саяхан суллаж, нэгнийнх нь сүйт хүүхэн баярлаж байгаагаа нууж чадалгүй ярилцлага өгч байхыг зурагтаар харсан. Гээд яалтай билээ, өөрийгөө Япон гэх үү? Солонгос гэх үү? Үгүй ээ би Монгол. Монголыг минь хөөрхий нэгэн эмэгтэйн золгүй явдлаар төсөөлөн дүгнэдэг тэдэнд би Монголыг арай өөрөөр харуулах юмсан гэж бодно. Түүхэндээ Олимпийн аваргатай байж үзээгүй Малайз улсын дэргэд бид хүчтэй. Дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны минь тухай мэдэх биз энэ хүмүүс. Гэвч яагаад жирийн нэгэн таксины жолооч хүртэл тэр эмэгтэйн тухай асуудаг юм бэ? Англи хүн гэсэн бол надтай хөл бөмбөгийн алдарт багуудын тухай ярилцах байсан байх. Солонгос хүн гэсэн бол KPOP, савангийн дуурийн тухай асуух байх. Мексик хүн гэсэн бол алдарт хар тамхины наймааны талаар бус сайхан хүүхэн, сайхан хоолыг нь ярих байсан байх.  Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэж үнэн юм даа. Гэсэн ч хэн нь зөв хэнийх нь бурууг сайн мэдэхгүй ч өөрийн л юм хойно Монголоо л өмөөрнө. Бидэнд "Монгол хүн" гээд харуулах зүйл одоо эдэнд байхгүй гэж үү? Байж л таарна. Хаа байсан тив дамжаад яваад ирсэн ясаа олоод ирдэг хэр нь ганц иргэнийнхээ хойноос бид юу хийж чадлаа. Хөөрхий муу эцэг нь л хөл хүрэх газраа хүртэл яваад барахгүй байдаг. Энэ удаад чадаагүй юм бол дараагийн удаад залуус минь хүний нутагт биеэ бодож, зорьсон үйлээ зоригтой бүтээж эх орныхоо нэрийг гаргах л үлдэж. Төр засаг ч энэ тал дээр анхааран үзэж олон төрлийн соёлын арга хэмжээ, эх орноо сайн талаар сурталчилах арга хэмжээ олныг зохиогоосой.

Ингэж бодсоор явтал багийн маань хоёр эмэгтэй намайг гүйцэж ирлээ. Өгсүүр газар, гол ус таарсан үед бие биенээ түшиж явах нь зайлшгүй хэрэгтэй учир нөгөө хоёроо шамдуулан тэдний (нөгөө хоёр хүний) багийнхны урд гарах нь миний зорилго боллоо. Уулнаас бууж эхлэхэд гишгэхэд ч хэцүү боллоо. Яг л мөсөн дээр явж байгаа мэт шавхайнд хальтарч, хаа тааралдсан модноос зуурахдаа өргөсөнд бас гараа хатгана.

Тэнгэр дуугарч эхэллээ. Уулнаас арайхийн буусан биднийг төмөр зам даган алхаж эхлэхэд халуун орны ширүүн бороо хайр найргүй асгав. Ёстой нөгөө хувингаар цутгана гэдэг л болж байлаа. Ой дотор бол ингэж айхтар норохгүй байсан биз. Гэсэн ч сонголт үгүй учир сүүлийн 30 минутыг бороонд норон туулахаас өөр аргагүй. Нөгөө хувцасны шавар шавхайг ширүүн бороо харин сайхан угаагаад өгчихөв. Гүйхээрээ шахам явсаар  барианд орлоо.

Хуурай хувцсаа өмсөөд, хүйтэн шар айраг залгилж зогсоход нөгөө хоёр хүн машины тэвшин дээр суугаад барианы газар ирлээ. Над руу харж эрхий хуруугаа гозойлгоход нь би хариу болгон инээмсэглэснээс өөр зүйл хэлсэнгүй.

2013.09 Куала Лампур хот

Sunday, January 17, 2016

Б.Сосорбарам "Атрынхан"

Өнөөгийн Монгол залуус дэндүү залхуу болжээ гэж нэг хэсэг нь ярьдаг бол нөгөө хэсэг нь ажил олдохгүй, шаардлага өндөр байна аа гэж гомдоллоно. Дээд боловсрол эзэмшсэн хэр нь өөрийг нь үнэлэх хангалттай ажил энэ нийгэмд алга гэж гудамжаар лааз өшиглөх харчууд хүүхнүүд гутарна. Хар залуудаа ажил хийж сурахгүй юм бол хэзээ сурах хүүхэд вэ гэж хөгшчүүл харин халаглана.

80-аад оны бүтээл, соц үнэртэй ном гэж битгий голоорой. “Атрынхан” номын хэсэг бүрийн гол баатрууд хөдөлмөрч залуус. Ажлыг бол жинхэнэ яралзуулна даа. Хэдийгээр цаг үе өөр, ажилчин малчин хүмүүст оногдуулсан бүтээмжийн хэмжээ хязгаар байсан хэдий ч хүн чанар ханхалсан шижигнэсэн залуус бэрхшээл зовлон үл ажран хэрхэн зүтгэж байгааг өгүүлнэ. Нэгдлийн хэдэн малыг туун холын замд гарсан залуу гэр бүл, атар газар хадлангийн ажилд туслах гэж ирсэн Тарваа, Тарвий, Нүрэн гурав, Орхоны хөвөөнд нэгдлийн ажилд тус дэм болох гэж алс нутгаас ирсэн залуу хос гээд дүр бүрээс ахмад хүнээ хүндлэх сэтгэл, алив ажлыг чин сэтгэлээсээ, бүр үнэн сэтгэлээсээ хийж байгаа нь харагдана. Тэнд элдэв зөрчил, атаа хорсол, хүчирхийлэл, учир нь олдохгүй тэмцэл, гуниг харуусал алга. Зүгээр л ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийвэл чамайг хэзээд амжилт хүлээж байдаг гэсэн гол санааг “Атрынхан” зохиолд багтсан хэдэн өгүүллэгүүд хэлжээ.



Залуус бидэнд бусадтай харьцуулахад ажил хийж сайхан амьдрах боломж асар их. Би гадны олон орноор тэнэж, олон ч хүнтэй уулзаж явлаа. Тэгэх бүртээ би “Бид ямар азтай хүмүүс вэ? Өдөр бүр хамгийн чанартай хоолыг (махыг) идэж, хөдөө талдаа салхи татуулан давхиж, хэнд ч цүнхээ шалгуулж, буу шийдэм болохгүй, ёстой чадаж л байвал хүссэн ажлаа хийж, 8 ч байна уу хэд ч байна хувийнхаа зээлийг авч тэдний мөрөөдөөд ч чадахгүй орон сууц гэгчид амьдарч, залуус нь хямдхан ч хамаагүй машинаа унаж жаргаж байна аа. Цаг агаар, амьдрах орчин биднийг ийм хатуужилтай болгосон байх.” гэж боддог юм шүү. Манай Монгол залуус шартай юм гээч, хүнээс илүү л явах гэж үзнэ үү гэхээс дор орж бол чадахгүй…

 Филиппин орноор хэдэн удаа явсаны дараа мөнхийн зунаараа бас үйлдвэржилт, технологийн дэвшил, байгалийн баялаг гээд бүх л зүйлээрээ биднээс илүү байна уу гэхээс дутах зүйлгүй хэр нь яагаад хэдэн арван саяараа ядуу байна? Авилга хээл хахууль хэрээс хэтэрч, мөнгөтэй л бол жинхэнэ юу ч хийж болох газар шиг. Ерөөс Монголын жаахан залхуураад, архи ууж гадуур тэнэж, аав ээжээрээ тэжээлгээд байгаа залуусыг Манилад очоод үз гэж хэлмээр.
Манилагийн гудамжаар нааш цааш хөлхөх хүмүүс, галзуу хулгана мэт сүлжилдэх машин тэрэг, газар дэвссэн цаасан дээр хэвтэх хижээл насны эрчүүд, жимс зарж хөлсөө арчих эмэгтэй, хөөцөлдөн гүйлдэх хөл нүцгэн хүүхдүүдийг харж явахдаа бушуухан л гэртээ харимаар санагдсан. Сайхан амьдрал хаана байна гэвэл Монголд л байна. Хамгийн гоё нь бидэнд Монголоо бүр ч сайхан болгох гэсэн сэтгэл байна.

Saturday, January 16, 2016

Хятадад уншихыг хориглодог ном

Оюутан байхад Тү гэж тавь гаран насны чанга дуутай эмэгтэй бидэнд багшилдаг байлаа. Өөрийгөө жинхэнэ Тайвань хүн гэх боловч Хятадаас ирсэн цагаачдын Тайваньд төрсөн  хүүхэд гэж тодотгоно. Сурах бичгээс гадуур янз бүрийн даалгавар өгч, заримдаа бүр санаанд оромгүй сонин хүмүүс хичээлд дагуулж ирж бидэнтэй ярилцуулдагсан.
Тэр нэг улирлын сүүл хэсэгт, сурах бичгийн хамгийн арын бүлэгт “1949 он” гэсэн гарчигтай томоохон сэдэв үлдээд байсан юм. Тэр өдөр багш урьдынхаасаа нэг л гунигтай харагдана. Нүүрээ ч будаагүй болохыг нь анзаарсан юм. Хонх дуугарахад бид сурах бичгээ нээгээд багшийг ярьж эхлэхийг хүлээн хэсэг чимээгүй суулаа. Багш цонхоор харж зогссоноо нэг их уртаар санаа алдаад ингэж ярьсан юм.

Тү багшийн ээж нь язгууртан гаралтай сайхан бүсгүй байжээ. Хятад нутагт ховорхонд тооцогдох бүжигчин, тэр тусмаа сонгодог урлаг ихээхэн сонирхдог зэгзгэр цагаан хүүхэн байсан гэдэг. Харин театрынхаа хар бор ажил хийдэг ядуу залууд сэтгэл алдсан болохоор аавынхаа гэрээс хөөгдөж явсан гэдэг. Хувь заяа тэднийг удаан жаргаасангүй. Нөхрийг нь цэрэгт татаж (үнэндээ аль талд нь зүтгэхээр явсныг нь ч мэдэж чадаагүй гэдэг), бүсгүй аавындаа очихоос өөр замгүй болжээ. Дайн дажин улам даамжирч, өлсгөлөн ядуурал газар авахад залуу бүсгүй эцэг эхийн хамт усан онгоцонд сууж Тайвань гэх арал дээр ирсэн 2 сая Хятад хүний нэг болсон гэдэг. Харин Тайваньд ирсний дараа эцэг нь түүнийг цэргийн хүнтэй хүчээр суулгаж, ганц охинтой болсон нь Тү багш.

Ядуу зүдүү амьдралыг тэр цагаас хойш үзээгүй ч эх нутагтаа үлдсэн хайртай залуугаа бодоогүй өдөр, зүүдлээгүй шөнө байгаагүй гэдэг. 40-өөд жил дараа буюу 1989 онд Тайванийн Хятадуудыг эх газарт зорчихыг зөвшөөрөх тэр үед сэтгэлийнхээ мухарт тээх тэр гунигаа тайлах гэж нутгийн зүг яарсан гэнэ. Энэ үед цэргийн нөхөр нь ч өөд болоод удаагүй байжээ. Тү багшийг дагуулаад Чанчунд очиж хайртай залуугаа хайж, эцэж цуцахыг умартан хэдэн өдөр хэдэн шөнө болжэ. Тэгээд арайхийн ганц хүүгийнх нь сургийг сонсоод олж уулзсан гэдэг.
Багш маань ээжийгээ ихээ өрөвддөг байсан тухайгаа, эмээ өвөө нь багшийг чихэр бурманд умбуулж өсгөсөн ч ээжтэй нь яг нь хүний хүн шиг харьцдаг байсны учрыг хожим ойлгосон гэж ярихдаа нулимсаа арчиж байсан юм. 

Энэ ном яг л багшийн ээжийн адил хувь заяатай хүмүүсийн түүхийн цуглуулга. Зохиогч эмэгтэй Лүн Интай үүнийг бичихийг тулд 10 жил судалж 400 хоног Хятадаар хэрэн тэнэсэн гэдэг. 2009 онд гарсан даруйдаа асар их шуугиан тарьж, БНХАУ-д борлуулахыг хориглосон номын жагсаалтыг одоо ч гэсэн тэргүүлсээр. Эдгээр түүхүүд бол Чан Кай Шэкийн тухай биш, Гуоминданын тухай бол бүр биш. Энэ амьдралын нугачаанд, зовлон зүдгүүрт ялагдагсдын тухай, жирийн нэгэн залуугийн, бүсгүйн, гэр бүлийн, хүүхдүүдийн тухай түүх. Олон жилийн турш ярьж болдоггүй байсан тэр дурсамжууд, дайн дажины үед өлсөж үхсэн хэдэн зуун мянган иргэдийн ахан дүүс, амраг садан нь хаашаа явааг нь мэдэхгүй усан онгоцонд сууж Тайвань гэдэг аралд хөл тавьсан тухай хууч ярианууд юм.



“Хэний буруу, хэний зөв байсан гэдгийг шүүж, яллах гэсэнгүй. Зөвхөн залуу хойч үедээ үнэн түүхийг өгүүлэхийг хүслээ” гэж Лүн Интай хэлсэн байдаг. Зөвхөн Тайваньд, Хонгконгд хүлээн зөвшөөрөөд, Хятадууд уншдаггүй гэвэл бас үгүй юм билээ. Учир мэдэх Тайвань найзууд маань энэ номыг хүүхдүүдээ уншуулахгүй юм шүү гэдэг бол Хятадад амьдардаг найз нар маань аль хэдийн интернэтээр олоод уншчихсан ч байх юм билээ.


Өнөөдөр дэлхийн нөгөө талд өрнөөд байгаа эмх замбараагүй байдал, олон сая гэмгүй иргэдийн амь амьдрал хайсан их нүүдэл он цагийн хувьд нэгэн жарнаар ялгаатай хэдий ч энэ номд өгүүлэх түүхүүд давтагдаад л байна. Энх цаг хурдан ирээсэй.

Friday, January 15, 2016

Филиппин орноор - Аян замын тэмдэглэл 2

Гурван жилийн өмнө энэ оронд ирээд хэд хоноод явсан сэтгэгдэл их гүн үлджээ. Торгон элс, цэнхэр далай, алтан наран, амтат хоол… Бас бүлтгэр жаалууд, навсархай оромж, жийпни машин… Ийм дурсамжаа тээсээр дахин хөл тавьлаа. Тотое маань эгээ л хилийн зурвас давчихсан инээж зогсоно. Танил царай, танил үнэр, бас танил орчин, танихгүй машин. Машинаа сольжээ манай найз, 3 жил хөдөлмөрлөж цоо шинэ Toyota аваад уначихаж.
Онгоцны буудалд ойрыг нь бодож буудал захиалсан нь харин манайхаар “Тээврийн Товчоо” хавиар бололтой. Машин тэрэг, автобус бас нааш цааш хөлхөлдөх хүмүүс, хамгийн хэцүү сигналын чимээ. Тэсрэх бөмбөгний шалгалт,цүнхээ онгичуулах хоёрт харин дассан болохоор гайхаж сүйд болсонгүй, өрөөндөө орлоо. Цонхоо хаагаад, хөшгөө хаагаад ч өнөө сигналын чимээ намдах шинжгүй ээ. Одоо яая гэхэв, шөнө болоход намдах биз гэж бодсоор гадагш гарлаа.
Урьд ирэхдээ хотын төвөөр явж үзээгүй билээ. Ирсэн гол зорилгоо бүтээхийн сацуу номын дэлгүүрээр нь орж үзэх хүсэл тун их төрж байсан юм. Найзаасаа гуйлаа. “Намайг ганцааранг минь түр үлдээгээч” гэж. "Боломжгүй асуудал" гэнэ шүү. Яагаад гэдгээ харин бүтэн 20 минутын турш тайлбарлав. Хөл нүцгэн жаалуудаас болгоомжил, мөнгө гуйсан хүнд нүүр өгөөд хэрэггүй, наад цүнх саваа хямгадаж яв, нимгэн өнгөлөг хувцас өмсөөд хэрэггүй, сэжигтэй санагдсан хэнтэй ч юм ярьж болохгүй гэх мэт. Харин хоолны газар орохоос эхлээд байдал өөрчлөгдлөө. Бүгд л надтай өөрийнхөө хэлээр ярьж эхлэх нь тэр. Гайхаад толио гаргаж харав, нэлээн борложээ. Филиппин хүүхэн шиг л харагдаж дээ… Тэгвэл яадаг юм ганцаараа жаал алхая л дээ гэсэн боловч бас л “үгүй” гэсэн хариулт сонслоо. Үнэхээр тийм аюултай газар уу, эсвэл найз жаахан хаширлаад байна уу? Алс холоос урьж авчирсан найзаа алдчихвал ч хэцүү юм болох нь гарцаагүй л дээ, гэж бодсон авч жуулчин шиг алхмаар санагдаад болж өгсөнгүй. Өчнөөн удаа гуйсны эцэст буулгаж авлаа. Их дэлгүүрийн үүдэнд хүргүүлчихээд харанхуй болохоос өмнө буудалруугаа харих тушаал авч эрх чөлөөгөө эдлэхээр болсон юм.
Манила хотын томоохон дэлгүүрүүдийн нэг “Mall of Asia” дотор байрлах Үндэсний Номын Дэлгүүрт орлоо. Үүдэнд нь хаа сайгүй байдаг өнөөх харуулуудын нэг болох дүрэмт хувцастай залуу инээмсэглэн зогсоно. Сайхан залуу, бие хаа томтой (энүүхэндээ шүү), царай зүс өнгөлөг ч ингээд л орж гарах хүмүүсийн өмнө хаалга нээж өгөх ганцхан үйлдлээ өдрийн хэдэн зуун удаа давтаж хийдэг гэж бодохоор харамсмаар. Ийм дүр зургийг харин хаа ч харж болно шүү Филиппинд. Хайран сайхан цаг хугацаа, залуу нас…
Номын дэлгүүрээс тухайн улсын соёл хөгжлийн хэм хэмжээг харж болно гэж би дүгнэдэг. Аанай л бусдын ноёрхолд олон жил байсны гай ч гэх юм ууюу ч гэх юм номын тавиурууд дээр англи хэлээр ном голдуу. Гэвч хаа юу байгаа нь мэдэгдэхгүй замбараагүй гэж жигтэйхэн. “Хямдрал” гэсэн хэсэгт хэний ямар ном хямдарсныг мэдэхийн аргагүй. Ухаж төнхөж үзэж байж хэдэн ном гарчиглалаа. Дэлгүүрээр орж гарах хүмүүс олон боловч ихэнх нь номын хэсэг биш бичиг хэргийн барааны хэсгээр овоорч надад чөлөөтэй ном үзэх завшаан гарлаа. Ер нь ийм завшаан байнгал гардаг бололтой шүү. Өөрийн дуртай хэсэг болох уран зохиолын хэсгийг хайж явсаар олсон боловч детектив зохиол голдуу байна. Ганц хоёр Олон Улсад борлуулалт ихтэй номуудыг эс тооцвол хоосон шахуу. Тэгэхээр нь Филиппиний зохиолчдоос номоо англи хэлрүү хөрвүүлсэн зохиолч байдаг эсэхийг асуухад хэдэн зохиолчийн нэр өглөө. F.Sionil José, Jose Garcia Villa, Nick Joaquin сүүлийн үеийн гэвэл Jessica Hagedorn. Гэвч ганц зохиолчийн хэдэн номноос өөр байсангүй тул F. Sionil José “Sin” гэж номыг аваад гарсан юм.
Номын хэдэн найзууд бид Монголынхоо хэдэн дэлгүүрийн үйлчилгээний мууг гайхаж, тав тухгүй гэж ярьдаг. Гэтэл номын дэлгүүрээр үйлчлүүлэх хүн ховор, дээр нь иргэдийн нь боловсролын түвшин доогуур байхад тав тухтай номын дэлгүүр бас ч гоёдох шиг. Муулах гэсэнгүй, гэхдээ Монголоороо бахархсан шүү.



Харанхуй болтол дахиад хэдэн цаг байсан тул эрх чөлөөгөө эдлэхээр дэлгүүрээс гарсан боловч ойр хавьд нь өндөр өндөр машины зогсоолоос өөр зүйлгүй учир таксинд суугаад авлаа.
Баян хоосны ялгааг тэр том дэлгүүр дотроос бас гараад хэдхэн метр алхаад л олж харж болно. Өмнөх нийтлэлдээ би энэ орны эдийн засгийн байдал болоод хөгжлийн талаар цухас дурдаад авсан. Дэлхийн хаанаас ч компютерийн араас тэр сайхан зүйлийг уншиж болно. Харин яг нутагт нь очоод нүдээр үзэхэд бас нэг өөр зүйлийг харах болов уу. Ядуу нь дэндүү ядуу, баян нь хагартлаа баяжсан, тийм л газар. Хэдэн арван саяараа тоологдох тэр олон ядуус, бүлтгэр жаалуудыг харин хотын төвөөр алхуулдаггүй бололтой. Улсын өмч, бүхий л эрх мэдэл хэдхэн гэр бүлийн гарт байх тэр цагт ард иргэдийг ядуу, боловсролгүй байлгах сонирхол ч байгаад байх шиг.
Тосолсон мэт гялгар, хөлс даасан царайтай таксины жолооч маань замаараа машиныхаа тосыг солиулж, дараа нь бензинээ дүүргэж, эцэст нь бүр жижигхэн мухлагийн үүдэнд түр саатаж цэвэр ус авсаны эцэст намайг хүссэн газарт минь хүргэж өгсөн юм. “За ингээд л нөгөө 7000 арлын нь нэгрүү хүний наймааны хохирогч болон ачигдаж байгаа юм байх даа” гэж айж байсан ч айгаагүй мэт царай гаргаж хөлөрсөн алгаа үрж суусан даа. Үүнийхээ төлөө надаас уучлалт гуйх нь битгий хэл буух болоход илүү мөнгө нэхэж дургүй хүргэв.
Хэд алхаад л ломбард бас банк. Бусад хүмүүс нь хаана ажиллаж, юу хийдэг юм бол гэж гайхахаар олон ломбард… Халаасны хулгайчид замбараагүй олон. Ерөөс гадны хүнийг андахгүй. Балчир жаалаас эхлээд ганган хувцасласан залуус нь хүртэл хулгай хийнэ. Замын хөдөлгөөний дүрэм байхгүйтэй адил. Хотын төвөөс хэдхэн километр яваад л газар хайрцаг дэвсээд хэвтсэн эрчүүд. Томоохон байгууллага, дэлгүүр торох бүрт үүдэнд нь дугаарлан зогсож, цүнх саваа шалгуулж, хэн нэгэн хүн хэзээ намайг яах бол гэж сэжиглэн харж, хоолны мөнгө гуйж хормойноос зуурах жаахан хүүхдүүдийг харахад энэ “хүний нийгэм” мөн үү гэж бодогдоно.
Бид ямар азтай хүмүүс вэ? Өдөр бүр хамгийн чанартай хоолыг (махыг) идэж, хөдөө талдаа салхи татуулан давхиж, хэнд ч цүнхээ шалгуулж, буу шийдэм болохгүй, ёстой чадаж л байвал хүссэн ажлаа хийж, 8 ч байна уу хэд ч байна хувийнхаа зээлийг авч тэдний мөрөөдөөд ч чадахгүй орон сууц гэгчид амьдарч, залуус нь хямдхан ч хамаагүй машинаа унаж жаргаж байна аа. Цаг агаар, амьдрах орчин биднийг ийм хатуужилтай болгосон ч байх.
Манай Монгол залуус шартай юм гээч, хүнээс илүү л явах гэж үзнэ үү гэхээс дор орж бол чадахгүй… Гэтэл тэд мөнхийн зунаараа бас үйлдвэржилт, технологийн дэвшил, байгалийн баялаг гээд бүх л зүйлээрээ биднээс илүү байна уу гэхээс дутах зүйлгүй хэр нь яагаад хэдэн арван саяараа ядуу байна? Авилга хээл хахууль хэрээс хэтэрч, мөнгөтэй л бол жинхэнэ юу ч хийж болох газар шиг. Ерөөс Монголын жаахан залхуураад, архи ууж гадуур тэнэж, аав ээжээрээ тэжээлгээд байгаа залуусыг Манилад очоод үз гэж хэлмээр.
Гял цал гудамжнаас "Тээврийн Товчоо"-д байрлах буудалруугаа харих замд Манилагийн гудамжаар нааш цааш хөлхөх хүмүүс, галзуу хулгана мэт сүлжилдэх машин тэрэг, газар дэвссэн цаасан дээр хэвтэх хижээл насны эрчүүд, жимс зарж хөлсөө арчих эмэгтэй, хөөцөлдөн гүйлдэх хөл нүцгэн хүүхдүүдийг бас нар жаргахыг харж явахдаа бушуухан л гэртээ харьмаар санагдсан. Сайхан амьдрал хаана байна гэвэл Монголд л байна. Хамгийн гоё нь бидэнд Монголоо бүр ч сайхан болгох гэсэн сэтгэл байна. Бид азтай шүү...

2014.07


Филиппин орноор - Аян замын тэмдэглэл 1

Нийслэл Манилагийн Олон Улсын Онгоцны буудалд буухад пүнхийсэн чийглэг агаар угтлаа. Өдрийн хоолны дараахан болоод ч тэр үү хар бараан дүрэмт хувцастай үйлчлэгчид нойрмог, нозоорсон байдалтай. Паспорт дээрээ тамга даруулах гэж ээлжээ хүлээн дугаарлан зогсоход “Гадаад” хүмүүсийн хэсэг дотоодынхоос урт дараалалтай байхыг анзаарлаа. Ширүүн харцтай эрэгтэй голдуу байцаагч нар ирсэн хүн болгоныг пасспортыг эргүүлэн тойруулан үзэж, тамгаа дарахдаа хурдан шалмаг хөдөлнө гэж жигтэйхэн. Миний ээлж ирэхэд “Монголиа” гэж инээмсэглэснээс “Филиппинд тавтай морил” гэж ховорхон харуулдаг болов уу гэмээр адууных шиг том шүдээ яралзуулан инээмсэглэх нь тэр.
Намайг тосох хүн бол эртний танил, нутгийн иргэн, жуулчны компанийн жолооч Тотое. Тотое маань ачаа тээш авах хэсэгт зогсож байх нь тэр. “Ингэж хамаагүй дотогшоо орж болдог хэрэг үү”? гэж асуухад “Татваргүй бараанаас тамхи авах гэсэн шалтгаанаар орж ирсэн гэнэ”. Тэгээд гарахдаа үүдэнд байсан харуул залууд нэг юм атгуулчихлаа. Юу болохыг асуухад ”хэдхэн пэсо” гэлээ. Мөнгө байвал юу ч хийж болох нь ээ гэсэн бодол тээсээр Тотоегийн дөрвөн дугуйтад суулаа.
“Diamond” нэртэй гайгүй сайн буудал сонгосон гэж найз минь хэлээд замаараа жимсний захаар дайраад гарна гэлээ. Халуун оронд ирэхээрээ сармагчин адил өөд уруугүй жимс иддэг миний юм үзээгүй занг мэддэг болохоор тэр байх. Эгнэсэн олон саравчны захад очоод хоёул машинаас буулаа. Нэвсийсэн цагаан даашинзны хормой салхинд дэрвүүлж, далбагар малгай тавьж, нарны шилээр гангарсан намайг үзсэн жаалууд бүчин авлаа. Охины минь үе болов уу гэмээр бүлтгэр нүдтэй халтар жаал “money money” гэж хормойноос зуурахад нь цүнхээ ухан онгоцны буудалд солиулсан хэдэн пэсоноосоо илүүчилтэл хормын төдийд хаанаас гараад ирэв гэмээр хэдэн арван хүүхэд намайг бүчин гишгэх газаргүй болголоо. Тотое эгээ л хонь мал тууж байгаа хүн шиг нутгийн хэлээр ямар нэг юм хэлж шавсан олон бүлтгэр нүдтэнгүүдээс намайг суга татан гаргалаа.
Жимсний зах маягийн тэр газар элдэв янзын жимсийг өрж, өлгөж, асгасан харагдана. Наймаачин хүүхнүүд тал талаас дуудан жимсээ зарчих санаатай шаагилдах нь манай хүнсний захуудад зогсдог хүүхнүүд шиг санагдаад явчихлаа. Захыг нэг гүйлгээд харвал энд тэнд тэрэг түрсэн хөвгүүдийг эс тооцвол эрэгтэй хүн алгаа.
Тэндээс гараад машины цонхоор харвал нөгөө бүлтгэр жаалууд хэсэг хэсгээрээ газар суух нь сууж, хэвтэх нь хэвтэж, хөөцөлдөн гүйлдэх нь гүйлдэнэ.
Ганц булан эргээд л буудлын үүдэнд ирэхэд дүрэмт хувцастай эр машины дугуй хавиар гольфийн цохиур шиг саваагаар ямар нэг юм хайх аятай тойрч үзээд гараараа дохилоо. Тэсрэх бөмбөг хайгаад олоогүй тэд биднийг одоо орж болно гэх шиг. Ачаа тээшээ аваад найзтайгаа орой уулзахаар болоод явууллаа.
Буудлын үүдэнд хүн бүрийг нэг бүрчлэн шалгаж, гар цүнхийг нь онгичино. Буудал дотроо ороод сая нэг бүтэн амьсгаа авахтайгаа боллоо.
Буудлын тохь тух болоод үйлчилгээг магтаад барахгүй. Хажуугаар зөрсөн үйлчлэгчид болоод хүлээн авч буй хүмүүсийн ааш зан сайтайг ээ. Гэвч нөгөө хүнсний зах миний өрөөний цонхоор тодхон харагдана. Бараг нэг зуун сая хүн амтай энэ оронд эсрэг тэсрэг амьдрал ганц замаар тусгаарлагдана гэхэд итгэмгүй.
Оройн хоолонд Тотое эхнэрээ дагуулан ирлээ. Намуухан хөгжим, хаашаа л харна инээмсэглэсэн хүмүүс. Бидний нэгэн найзын охин бас оройн хоолонд уригдсан юм. Түүний аавтай бид олон жил хамтарч ажиллаж байсан билээ. Охин нь энэ жил 19 настай. Зэгзгэр өндөр, манайхаар бол бие хаа, царай зүс сайтай нэгэн. Бид түүний аавыг дурсаж хэдэн үг солих зуур захиалсан хоол чирлээ. Охиноос одоо юу хийж байгаа, сурсан сургууль мэргэжлийн талаар асуухад дунд сургуулиа төгсөөд одоогоор ажилгүй байгаа гэх. Нэг баранд зөөгчөөр орох гээд бүртгүүлчихсэн, утасдахыг нь хүлээж байгаа гэлээ.
Эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд 41-т жагсдаг энэ оронд ажилгүйдэл бас газар авчээ. Зэсийн хүдэр, хромит, алт,мөнгөний ордтой, цахилгаан хэрэглэл, оёмол бүтээгдэхүүн, харилцаа холбооны хэрэгсэл, наргил модны тос,, элсэн чихэр, жимс зэргийг экспортолдог. Филиппиний худалдааны гол түншүүд нь АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Нидерланд гэх мэт. Аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ оронд найзын минь охины наснынхан гайгүйхэн шиг боловсрол эзэмшээгүй бол олигтой ажил олно гэдэг хэцүү гэнэ. Гэвч аавын нь ажиллаж байсан аялал жуулчлалын жижигхэн компани өдий болтол ажиллаад л байгаа сурагтай. “Одооны хүүхдүүд бэлэн юман дээр туйлсаар байгаад ажил хийх тун дургүй болсон” гэж аавын нь хэлдэг үгийг Тотое бас хэллээ. Хаа ч адил асуудал зөндөө юм даа.
Хоол ч амттай, бидний яриа ч улам сонирхолтой болсоор. Харин найзын минь охин нэг л гэгэлзүүр. Байн байн утсаа оролдож, мессеж илгээж, хааяа ганцаараа инээнэ. Өнөө орой юу хийх тухай Тотое надаас асуулаа. “Хэрэв гарахаар бол аятайхан газар мэднэ шүү” гээд намайг аваад шоудчих санаатай нүд нь сэргээд ирэв. Аян замд жаахан ядарч, бас маргааш урт сайхан аялал хүлээж байгаа болохоор амрахаар боллоо.
Маргааш өглөө нь нөгөө нэвсгэрээ өмсөхгүйгээр шийдлээ. Хүнээс содон харагдаж, гял цал болох нь энэ газар тохиромжгүй гэдгийг алхам тутамдаа ойлгосон би гэж хүн даруухан хувцаслахаар шийдэж жинсэн өмд, цамц өмсөөд гарлаа. Орон нутгийн онгоцны буудлаас Тотое, түүний эхнэр бид гурав Боракаи гэх арлыг зорьж буй нь энэ. Онгоц хүлээлгийн танхимд нутгийн иргэдээс гадна над шиг гадны хүн зөндөө. Том том үүргэвч үүрсэн шар толгойтуудаас гадна Япон, Солонгосууд бас цөөнгүй.
Орон нутгийн зорчигч тээвэрлэх жижигхэн онгоцонд ороод авлаа. Хоол ундаар үйлчлэхгүй ч хэдэн үйлчлэгч нар нь зорчигчдыг хөөрхөн хөгжөөж, асуулт хариултын уралдаан хүртэл зарлаад авлаа. Аялал жуулчлал хөгжжээ энд.
Онгоцноос буугаад таксигаар эрэг хүртэл хүргүүлсэн бидэнд буух  буудлын маань усан онгоцоор үйлчлэх юм.
Филиппиний жуулчны олон арлын нэг Боракаи. Хаашаа л харна Оросууд бас Солонгосууд. Буудалдаа орох гэж ирэхэд өнөө Манилагийн одтой буудлаас илүү хөл хөдөлгөөнтэй. Чийглэг уур амьсгалд нь зохицсон хүрэн модон эдлэл, өвөрмөц загвартай дүрэмт хувцас бүхий нүүрэндээ инээмсэглэл тодруулсан үйлчлэгчид, харин өнөө их шалгалт нэгжлэг энд хаа ч үгүй.
Буудлын ойролцоо далайн эрэг дээр очиход ээжийн минь үе болов уу гэмээр эгч нар ирж “тосон массаж” хийлгэх үү гэж асуулаа. Тотое надруу толгой дохиж, “Эдний гар гэж муухан бариачаас дээр шүү. Тэгээд ч чи дэлхийн хаана ч ийм хямд сайхан массаж олохгүй” гэж бахархасан, рекламдсан аясаар хэллээ. Саравч бараадан хэвтээд тосон массаж эхэллээ. Таван минут хүрэв үү үгүй юу замын ядаргаанаасаа салаагүй би далайн зүгээс салхилах сэвэлзүүр салхинд цохиулан нам унтлаа. Харин сэртэл нөгөө эгч хумсыг минь шар өнгөөр будчихсан байх юм. Эхүүн үнэртэй хямд будгаар будчихаад “Чамд ёстой гоё зохиж байна” гээд хэдэн пэсо нэмж авахаа мартсангүй.
Орой болж хоолны газар хайлаа. Хайлаа ч юу байхав сонголоо. Далайн эрэг дагуу хэдэн газраар шагайхдаа “Mongolian barbeque” гэсэн 4 газартай таарлаа. Хэрчиж тавьсан махнуудаас өөрийн дуртайг сонгож, бас өрөөтэй олон төрлийн ногоо, амтлагчуудаар хачирлан шаруулаад 280 пэсо буюу 20 ам.доллар орчим. Буффет хоол учир хүссэнээрээ идэж болохоор. Тэнд Монгол соус, Монгол хачир, Монгол цуу зэргээр ангилж өрснийг харахад сонин. Зарим амтлагчийг бол амталж үзээ ч үгүй юм билээ.
Эхний өдөр иймэрхүү янзаар өнгөрч, маргааш нь Боракаи арлын хүнс барааны захаар орлоо. Жуулчдад зориулсан бэлэг дурсгалын зүйлс голдуу. Үнэ бол гадныханд зориулагджээ. Өдрийн хоолны цаг болоход Тотое хүнсний захруу явж, сам хорхой, наймаалж гэх мэт далай амьтад, элдэв ногоо цуглуулан нэгэн гуанзанд өгөөд хоол хийлгэлээ. Ийм үйлчилгээ өргөн дэлгэрсэн бөгөөд амт ч гэж янзтай. Биднийг хооллож суухад халуун орны ширүүн бороо цутгаж түүгээр явж байсан гадныхан бүгд л нэг нэг газар олж суугаад бороо зогсохыг хүлээлээ.
1571 онд Испаничууд Манила хотыг байгуулж, энэ улсыг 2-р Филиппийн ариун дурсгалд зориулж Филиппин хэмээн нэрийджээ. Харин 1896 онд Филиппинчүүд Испанийн эрх баригчдын эсрэг босож, тусгаар тогтносон улс гэдгээ зарласан боловч Испани Америкийн дайны үеэр Америкийн мэдэлд очжээ. 1935 онд анхны Ерөнхийлөгчөөр Мануэль Луис Кесон гэж хүн болжээ. 1941 онд Япон улсын довтолгоонд өртөж, 1946 онд сая нэг Бүгд Найрамдах Улс хэмээн зарлажээ. Гэсэн ч саяхныг хүртэл улс төрийн тогтворгүй байдал энэ улсын хөгжлийг хойш татсаар байжээ.
Харин өнөөдөр Филиппин улс эдийн засгийн хөгжлөөр дэлхийд дундаас дээгүүрт орж гадаадын хөрөнгө оруулагчдад тун ээлтэй бодлого баримталж байгаа аж. Боракаи арлаар нааш цааш холхих дэлхийн өнцөг булангаас ирсэн түмэн янзын жуулчдыг харахад аялал жуулчлал нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг болжээ гэдэг нь ажиглагдана.
Торгон цагаан элс, тунгалаг цэнхэр далайг харж баясан өнгөрөөсөн хоёр хоног маань нүд ирмэхийн зуур өнгөрч ирсэн замаараа Маниларуу буцлаа.
Хотын зах хавиар манай нөгөө микро автобус шиг унаанууд элбэг юм. Жийп гэж нэрлэсэн цонхгүй, хаалгагүй тэр унаа хотын захын замаар муур хулгана шиг сүлжилдэнэ. Хаа нэгтээ согтуу бололтой газар унтах эрчүүд, бүлтгэр нүдтэй гуйлгачин хүүхдүүдийг эс тоон хотын төврүү ороход гял цал барилга байгууламж, ганган хээнцэр машин тэрэгнээс хөгжлийн үнэр ханхална.
Жуулчдын урсгал тасралтгүй хөврөх энэ улсад өнгөрөөсөн дөрөв хоног маань ийнхүү дуусч маргааш өглөө нь онгоцны орж суухдаа найзын минь охинд ажил олдоосой гэсэн бодол тээсээр Манила хотоос хөөрлөө.




2011.02 сар




Thursday, January 14, 2016

Yoko Ogawa "Revenge"

Би аймшгийн зохиол унших нь битгий хэл хажууд байгаа хүн аймаар юм ярихад л чичирч эхэлдэг хүн л дээ. Тийм болохоор аймшгийн гэсэн төрөлд шууд л “үгүй” гэж хэлдэг юм. Гэтэл нэг найз маань Yoko Ogawa-н энэ номыг санал болгохдоо “Ёстой янзтай” гэдгээс өөр үг хэлсэнгүй.



Өглөө бүр хөршийн залуу орцны үүдэнд таарч, ажлын газрын хүүхэн нөхөр хүүхдийнхээ асуудлыг эрээ цээргүй ярьж, өдрийн сонингоо сугавчилсан дээд айлын өвөө амандаа бувтнан хажуугаар зөрнө. Өдөр тутам хардаг энэ үзэгдэл үнэндээ санаанд оромгүй аймшигт нууцыг хадгалдаг бол яана. Тэдний гэрт ямар нэгэн нууцлаг явдал тохиолддог бол яана. Би энэ номыг дуусахдаа яг ингэж бодсон шүү.

Үйл явдал хаа ч өрнөсөн байж болно. Японы жижигхэн хот, эсвэл Америк, эсвэл Эрдэнэтэд эсвэл танай хөрш айлд. Энэ бол Огавагийн бичлэгийн онцлог. Акутагавагийн шагналыг “Жирэмслэлтийн хуанли” зохиолоороо 1990 онд хүртсэн энэ эмэгтэй өнөөдрийг хүртэл уран зохиолын болоод бусад төрлөөр дөч гаран бүтээл туурвисан юм байна. “The House keeper and the professor” зохиолоор нь “The Professor`s Beloved Equitation” гэдэг кино бүтээсэн бол бас нэг зохиолоос нь сэдэвлэж Францад кино хийсэн.



11 өгүүллэгээс бүрдсэн энэ номыг би ёстой нэг амьсгаагаар дуусгасан даа. Англи орчуулгыг нь “Revenge” гэх боловч Япон нэр нь Kamoku na shigai, midara na tomurai, 寡黙な死骸みだらな 弔い. Ажигч гярхай, маш нарийн дүрслэл, заримдаа утга учиргүй мэт боловч нэгэн цөм хэсгийн жижигхэн тасархай мэт өгүүлэмжүүд түүний энэ зохиолд олонтаа үзэгдэнэ. Өөр хоорондоо нарийн сэжмээр холбогдсон өгүүллэг бүрт гэмт хэрэг, нууцлаг хэр нь хүний санаанд оромгүй үйл явдал өрнөнө. Нэгэн цогц үйл явдлыг цаг хугацааны хувьд ёстой нэг эмх замбараагүй өгүүлэх боловч номын сүүлийн хуудсыг хаахад хамаг учир тайлагдана. Яг л орооцолдсон олон утасны учрыг тайлах шиг.

Хамгийн тод санаанд үлдсэн хэсэг нь “Тарчлааны музейд тавтай морил” гэсэн өгүүллэг байлаа. Хүнийг тамлах маш олон арга байдаг бололтой. Өвтгөдөг, айлгадаг үгүй ер эсэн бусын аргын тухай музейд ирсэн хүмүүст тайлбарлагч хийх өвгөн намдуухан ярина. Тэр дундаас хамгийн аймаар арга нь хүний духан дээр дусал дуслаар ус дусаах арга. Ийм арганд орсон хүн юм ярих нь битгий хэл бодох ч сөхөөгүй болдог гэнэ.

Зохиолыг уншчихаад зохиогч эмэгтэйн зургийг интернэтээс олж харлаа. Ийм даруухан төрхтэй, бичгийн их хүнээс ийм нууцлаг, сонин ертөнц бас урган гарах гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү. Энгийн үгээр хүний сэтгэлийг хөдөлгөж, чичрүүлж, цочоож, уйлуулж, инээлгэж чадна гэдэг зохиолч хүний нэг чадвар байх.

Номыг дуусгаад анх санал болгосон найздаа хэлэхэд “Stephen King-н 200 хуудсанд өгүүлэх аймшгийг Yoko Ogawa 11 хуудсанд багтаачихсан байгаа биз?” гэсэн юм. Гэтэл би Stephen King-с нь айгаад байсан хэр нь “Revenge”-г дуусгачихсан байдаг. Англи хэлээр сайжруулах гэсэн юм гээд ном асуугаад байдаг найз нар “Revenge”-г уншаарай.

Wednesday, January 13, 2016

他的國

Хоёр жилийн өмнө Шанхайгаар явахдаа үеийн Хятад залуусаас юу уншиж байгааг нь асуухад бараг бүгд нэг дуугаар Хан Хан гэж хариулсан юм. Түүний шинэ номыг тэсэн ядан хүлээдэг, блогийг нь даган уншдаг 300 сая хүний нэг болохоо тэд ам уралдан ярьцгаана.

2010 онд “Time” сэтгүүлээс түүнийг хамгийн нөлөө бүхий хүнээр зарлаж байжээ. Өдгөө 33 настай Хан Ханыг зохиолч, уралдааны машины тамирчин, блог хөтлөгч, тэрс үзэлтэн гээд тодотгох зүйл ар араасаа үргэлжилсээр. 1999 онд ахлах сургуулийн эхний жилдээ улсын томоохон бичлэгийн уралдаанд (杯中窺人) эсээгээрээ оролцож тэргүүн байр эзэлсэн нь түүний бичлэгийн анхны шагнал байлаа. Жилийн эцсийн 7 шалгалтандаа унасан түүнийг сургууль нь улиран суралцуулахаар шийдэв. Харин энэ асуудалд Хан Хан дургүйцлээ илэрхийлж, Хятадын боловсролын чанар хийгээд цөм хөтөлбөр гэх мэтийг эрс эсэргүүцэж сургуулиа хаяж энэ явдал хэвлэл мэдээллийнхнийг хүртэл хөдөлгөөд авлаа. Сургуулиа орхисон Хан Хан зүгээр суусангүй. Хэд хэдэн цуврал эсээ бичиж, тэр бүү хэл Шанхайн сургуульд өнгөрөөсөн он жилүүдийнхээ тухай анхны “Гурвалсан хаалга” (三重門) зохиолоо хэвлүүлсэн нь 20 сая хувь борлогдож Хятадын сүүлийн 20 жилийн түүхэнд байгаагүй амжилтыг авчирлаа. Гээд Хан Ханы амжилт ар араасаа хөвөрсөөр. Бүр Холливудын кинонд тоглох урилгаас хүртэл татгалзаж явсан гэнэ.

2016 оны анхны номоор би Хан Ханы “Түүний эх орон” (他的國) номыг сонгож уншлаа. Хятад маягийн “Дрн Кихот” гэх үү дээ. Зохиолыг уншиж эхлэхэд л тээр жил сургуулиа төгсөөд Хятадын Таньшан хотод очиж байсан явдал санаанд орсон юм. Үйлдвэрлэлийн тэр хотод агаарын бохирдлоос эхлээд асуудал зөндөө. Хэлбэр дүрсгүй болсон алим жимсийг нь хараад идэхээс эмээж, оройн хоолонд ирэх тавагтай зүйл юу байх бол гэж хүртэл сэжиглэж байснаа нуух юун. Залуусаа хотдоо үлдээж ажиллуулах гэж, төрийн том бодлогыг тэнд хэрэгжүүлэх гэж найз маань чардайтлаа ажиллана. Харин орой бүр архи ууна. “Намайг архичин хүүхэн гэж битгий бодоорой. Найз нь биеэ л бодож байна. Энэ төсөл дуусахад л би энэ хотоос арилсан байх болно” гэж найз маань ярьж байсныг санаж байна. Хан Ханы энэ зохиол ийм нэгэн хотын тухай өгүүлнэ. Гэхдээ егөөдөж, шоглож, ёжилсон маягийн бичлэг нь уншигч намайг уйдаасангүй.
Зуо Сиао Лонг гэх хорь гарсан залуу халууны шилний үйлдвэрт  шалгагчийн ажил хийхээс өөр зүйлгүй. Бас мотоциклоор давхих дуртай. Ажлын ачаалал ихтэй үедээ нэг дор 17 мөнгөн устай халууны шилийг амандаа үмхэж, сугандаа хавчуулж, гартаа барьж, бүр бөгсөндөө шургуулж үзэх чадвартай ч “Хэрэв би эмэгтэй хүн байсан бол 20-ийг шалгах байлаа” гэж хэлж байсан удаатай. Эр зоригтой, эмэгтэй хүний хайрыг татсан хүн болохыг мөрөөдөнө. Уг нь хүн нь их цайлган цагаан юм болохоор бусдад гэм хор гэж үгүй.

Түүний оршин суух Тинлин хотод хэвлэлийн шинэ үйлдвэр нээлтээ хийж, нээлтэд зориулж хотын иргэдийн дунд шагнал өндөртэй урлагийн наадам зохион байгуулахаар болсон нь манай залууд өөрийгөө харуулах том боломж олголоо. Найрал дууны багийн удирдаач болох багын мөрөөдлөө сэтгэлдээ тээсээр Тинлин хотын найрал дууны хамтлагийг байгуулахаар шийдсэн нь тэр. Гэвч түүнтэй хамт амьдардаг настай эр, хөгжлийн бэрхшээлтэй хүү хоёроос өөр хүн олдсонгүй. Өөрт нь хайртай гэх Ниба гэж сургуулийн охинд сайн хандах уу? Эсвэл явдалтайгаараа алдартай Хуанбаотай дотносох уу? гэсэн бодол ээрсээр.
Хэвлэлийн үйлдвэр шинэ төрлийн цаасаар ном хэвлэж, үйлдвэрээс гарсан бохирдлоо хотын дундуур урсах голд асгаснаар тэр голоор ундаасах амьтдын хэмжээ маш богино хугацаанд эрс томорч эхэллээ. Хотынхон айж гайхсан хэдий ч удирдлагууд үүнийг огтхон ч тоохгүй, бүр ногоон байгалиа бид дээдэлж, төр засгийнхаа бодлогыг алдалгүй дагаж, хүн ард маань соёлжиж, соёлын үрийг хаа сайгүй тарьж байна гэх мэт тархи угаасан яриагаараа намжааж орхилоо. Санаа амарсан ард иргэд зааны хэмжээтэй томорсон үхэр, алганд багтахгүй томорсон загас жараахайгаараа бахархаж, бүгдийг нь идэж орхив. Гэхдээ манай залуу болоод түүний найзууд идсэнгүй. Хэвлэлийн үйлдвэр дахин тийм төрлийн цаас үйлдвэрлэсэнгүй бололтой, амьтад хэвийн байдалтай үзэгдэнэ. Удалгүй Америкийн эрдэм шинжилгээний багийнхан ирж өнөө томорсон амьтдыг судлах гэсэн боловч нэг ч амьтан үлдээгүйд гайхшаа барж “Та нар чинь тийм өлсгөлөнд автсан улсууд уу?” гэж хүртэл асууж үзлээ. Тэгээд “Хэрэв тэр үед томорсон амьтдаас үлдсэн аваас 20.000$-оор худалдаж авна” гэж зарласнаас болж хотын иргэд хэвлэлийн үйлдвэрийн гадаа эсэргүүцлээ илэрхийлэн нөгөө хортой цаасаа дахин үйлдвэрлэхийг шаардан жагсах нь тэр. Гэвч энэ арга нь бүтсэнгүй. Өнөө өндөр шагналтай уралдаанд харин хотын даргын найрал дууны баг түрүүлж, манай залуугийн урмыг хугаллаа. Түүний бүтэлгүй явдлууд ар араасаа хөвөрсөөр.

Инээдтэй ч гэсэн эмгэнэлтэй тэр нэгэн хот, гол дүрийн баатар, хотын иргэд бүгд өрөвдөлтэй. Үйлдвэржилт, улс орны хурдацтай хөгжил өнө удаан жил үе дамжин амьдарч ирсэн хүн ардын амьдралд ямар аймшигтай нөлөөлдгийг Хан Ха зоригтой өгүүлжээ.