Popular Posts

Monday, February 1, 2016

Калил Гибран "Зөнч"

Калил Гибраныг Монгол хэлнээ орчуулагдаасай гэж хүсдэг олон хүний нэг нь би. Хэрэв орчуулагдсан бол надад хэлээрэй (мэдээгүй ч байж мэднэ шүү би) Хэдэн жилийн өмнө номын дэлгүүрийн эрхийн бичигтэй болчихоод магнай хагартал баярлаж, хамгийн түрүүнд авсан ном маань энэ.

Амьдралын үнэнийг илэн далангуй, гоёмсог өгүүлсэн түүнийг энэ зохиолыг яруу найраг ч гэж үздэг. Албан ёсоор 40 хэлнээ орчуулагдсан гэдэг боловч 100 гарсан гэх юм билээ. Цахим орчин бий болсноор Калил Гибраны хэлсэн сургамжит үгс дэлхий дахинаа тарж 1923 онд хэвлэгдсэн “Зөнч” ном нь олон сая хувь зарагджээ. Хайр, ажил хөдөлмөр, эрдэм мэдлэг, нөхөрлөл, үхэл, цаг хугацаа гээд олон сэдвээр Орфалэс хотын иргэдийн асуусан асуултад яруу сайхан, зүрхэнд хүрэх хамгийн энгийн үгсээр хариулсан юм. Зохиолын гол дүр болох Алмустафа болон зохиогч Гибран хоёрын амьдрал адал явдал, аялал, зорилго маш төстэй байсан гэдэг. Америк мөрөөдөлд хөтлөгдөж Ливанаас очсон Гибран энэхүү номонд өөрийн нь амьдарч байсан орчин, Өрнө болон Ойрхи Дорнодын соёл шашны нөлөө, Араб Англи хэл, хүүхэд ахуй насаа өнгөрөөсөн байгалийн сайхан, хөгжиж цэцэглэж буй хотын амьдрал гээд ертөнцийг үзэх үзлээ Алмустафийн үгээр дамжуулан дэлхий нийтэд өгүүлжээ.

Алмустафа Орфалэс хотод 12 жил амьдраад эцэст нь орхин одох тэр өдөр ирэхэд хотын иргэд түүнийг зорин ирж “Та бидний дунд онгод болон амьдрахад сүүдэр тань бидний нүүрэн дээр гэрэл мэт туссан билээ. Бидэн дунд чимээгүйхэн оршихдоо уйлахыг минь сонсож, инээхийг минь харж бүх л үнэнийг мэдсэн. Төрөхөөс үхэх хүртэл амьдралын үнэнийг бидэнд өгүүлээч. Түүнийг үеийн үед үр хүүхэддээ ярьж өгөх болно” гэж гуйсан болохоор Зөнч амьдралын тухай 26 үнэнийг өгүүлжээ.

“Зөнч”-д багтсан 26 сэдвээс “Гэрлэлт”-ийг орчуулах гэж оролдлоо.




Гэрлэлт
Тэгээд Алмитра бидэнд гэрлэлтийн тухай ярьж өгөөч гэлээ.

Зөнч ийнхүү өгүүлэв.

Та хоёр хамтдаа төрж, үүрд мөнхөд орших болно.
Үхлийн цагаан далавч нөмрөн ирэхэд та хоёр хамтдаа л байна.
Бүр бурханы чимээгүй дурсамжид хүртэл ханисан жаргана.

Гэвч энэ бүх хамтад оршихуйн дор өчүүхэн зайг үлдээж, диваажингийн салхийг хоёр биенийхээ дунд дураар нь бүжиглүүл.

Нэгнээ хайрла, гэхдээ хайрыг бүү гинжил. Харин хайрыг хоёр биендээ хүрэх далайн давалгаа болгоорой.

Хоёр биенийхээ хундагыг дүүргэ, харин нэг хундаганаас бүү уу.
Ханьдаа талх авч өг, харин битгий нэг талхнаас ид.

Дуулж бүжиглэн хамтдаа цэнгэ, гэхдээ ганцаараа байх тэр орон зайг түүндээ олго. Хөгжмийн чавхдас ч гэсэн нэгэн аяыг эгшиглүүлж байхдаа ганц ганцаараа оршдог юм шүү. 

Хоёр биендээ сэтгэлээ өг, харин битгий өмчлөөрэй. Хувь тавилан л зүрхийг тань багтаадаг юм.


Хамтдаа зогс, харин хэтэрхий бүү ойрт. Сүмийн хоёр багана ч гэсэн тус тусдаа сүндэрлэдэг юм. Царс агар хоёр бие биенийхээ сүүдэрт ургадаггүйг санаарай.

Tuesday, January 26, 2016

Барьцаалан зээлдүүлэх баримт - Настан

Ломбарданд минь орж ирсэн хүмүүстэй, дахин дахин зорин ирдэг тэр хүмүүстэй би ерөөлөөр учирсан юм болов уу гэж боддог. 

Нэг өдөр үжирсэн муу хувцастай настай хүн орж ирээд Шандун аялгаар “Бугуйн цаг тавь болох уу?” гэж асуухад миний сэтгэл ихэд хөдөлж настанг дотогш орууллаа. Төрсөн нутгийн ахтай таарсандаа ихээ бэлгэшээж би гэж хүн хөл хөнгөрөөд, яриад суумаар санагдаад болдоггүй. Аяга цай уухын хооронд настан “Гадаа тавьсан дугуйгаа дөхүүлээд ирье” гээд гараад явчихлаа. Настан гаднаас орж ирэхдээ хайрцаг дүүрэн Шандун нутгийн бин бариад ирлээ. Нүдний өмнө бага насандаа идэж өссөн амтат сайхан идээ харагдахад хуучны сайхан цаг санаанд орж настан ах шиг минь санагдах нь тэр. 

Настан хорин хэдэн жил халуун хүйтнийг ажралгүй бин зарж яваа гэнэ. “Ганц хүү минь Их сургуулийн эдийн засгийн ангид сурдаг юм. Уг нь ч энийгээ зараад болгоод л байдаг байлаа. Харин сүүлийн хоёр сар хэцүүхэн болоод ах нь арга бараад мөнгө зээлэх гэж явна” гэж үнэн учраа хэлэв. 

Настангийн бугуйн цаг түүний амьдралын хамаг сайхныг өгүүлэх боловч үнэ хүргээд авчихаар зүйл огт биш байлаа. Түүнд туслалгүй явуулчхаж чадахгүй болохоор настангаас хэдэн юань хэрэг болсныг асуув. “5000” гэнэ. “Тэгвэл ах минь надад энэ хайрсан боовоо бүгдийг нь зарчих. Би 5000-аар авлаа гээд бодчихъё” гэхэд настан сандарч хэлэх үгээ олж ядан шууд л толгой сэгсэрч цагаа тавина гэж зүтгээд болсонгүй. Тэгээд цагаа надад атгуулахад нь “За тэгвэл, эргэж ирээд авахад тань би хүү тооцохгүй. Энэ хайрсан бинг та зээлснийхээ мөнгөнийхөө хүү нь гэж бодоорой” гээд гаргасан юм. 

3 сар өнгөрсөн боловч настан ирсэнгүй. Гэхдээ би цагийг нь заралгүй хадгалахаар шийдсэн юм. 

Жил гарангийн дараа настан гэнэт ороод ирлээ. Харваас сайхан мэдээтэй, өнөө тавьсан цагийг нь заралгүй үлдээсэнд баярлаад надад зээлсэн мөнгөө буцааж өглөө. “Хүү минь сургуулиа төгссөн. Аятайхан ажилд орсон шүү” гэж нүүрэндээ инээмсэглэл тодруулан хэлэв. “Та 70 шүргэж яваа хүн, 20 гаран настай хүүтэй гэхээр?” гэхэд настан ийн ярьлаа. 20 жилийн өмнө настан энэ хүүгээ цэцэрлэгээс олсон гэнэ. Цагдаагийн газар хүргэж өгсөн ч ээж аавыг нь олж чадаагүй болохоор өөрийн хүү болгож авчээ. Хүүгээ тэжээхийн тулд бин зарж өнөөдрийг хүргэсэн нь энэ. 

Дахиад 4 жил би настанг харсангүй. Амтат сайхан бин нь үе үе бодогдоно. Гэтэл нэг өдөр настан ороод ирлээ шүү. Царай нь нэг л ядрангуй, санаа зовсон нь илт. “Хүү минь ажилдаа хариуцлага алдаж өрөнд оржээ. Дараа би хүүгээ явуулж авхуулна аа” гээд өнөө бугуйн цагаа барьцаалан мөнгө зээлэхээр яваагаа хэллээ. Би ч хэлсэн мөнгийг нь тэр дор нь өгөөд гаргав.  

Түүнээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсний дараа би настангийн бин зардаг гудамжаар явж байгаад ойр хавийн хүмүүсээс настанг сураглалаа. Гэтэл “Хөөрхий өвгөн хэд хоногийн өмнө өөд болсон” гэхэд яагаад ч юм ахыгаа алдсан хүн шиг сэтгэл хоосроод хачин болчихов.
 
Гурав хоногийн дараа хүү нь манайд ирлээ. Аавынхаа цагийг авах гэж яваа түүнийг би баахан зэмлэж харамсаж байгаагаа ч нуусангүй. “Аав минь байгаагүй бол би гэж хүн ингээд зогсож байхгүйсэн. Өөрөө бичиг үсэг мэдэхгүй ч намайг хүний зэрэгт хүргэх гэж үлдсэн насаа бин зарж өнгөрүүлсэн” гэж хүү нь хэлээд бид хоёр настанг дурсаж нэлээн суулаа. 

Дараа нь сонсох нь ээ настангийн Шандун нутагт амьдардаг байсан байр газар нь ихэд үнэд орж ганц хүү нь өвлөн авсан юм гэнэ билээ. Хэдийгээр Тайваньд ах дүү садан төрөл үгүй, тийм сайхан амьдраагүй ч цэцэрлэгт сонссон нялх хүүхдийн уйлах чимээ амьдралыг нь өөрчилж, үлдсэн насаа хүүгийнхээ төлөө бин зарж өнгөрөөсөн буурал өвгөнийг би хэзээ ч мартаагүй. 

Шандун аялга, амтат бин… Учрах л ёстой хүмүүс учирдаг хорвоо юм даа.

Sunday, January 24, 2016

"Цахилж яваа гөрөөс"

Нэг найз маань гэрт ирээд “Сольж унших ном байна уу?” гэж шүүгээг маань гүйлгэж харснаа “Өө чи чинь дандаа гадаад ном уншдаг юм уу? Монголын зохиолчдынхоо номыг сайн уншаач” гэж зэмлэх аястай хэлэв.

Хайрлан хайрлан үе үе уншдаг номоо юу гэж хүнд өгөхөв. Хааяа нэг сөхөж харахад үгийн сайханд согтож, утгын сайхныг бишрэм бүтээлүүдийг хаа газрын танихгүй зохиолчийн бүтээлтэй яахин зүйрлэж болохов. Зохиол бүрийн цаана асар их мэдлэг мэдээлэл, үгээр илэрхийлсэн амьдралын нэгэн хэсэг оршиж байдаг. Нэг уншаад ойлгодог ном байхад нэг хэсэг уншаад ч дахин шинэ зүйл уншсан мэт сэтгэл төрөхөөр зохиол гэж бас байна.

Хөдөөгийн нэг гэр бүлийн нэгэн зуны үйл явдал, эхнэр нөхөр салах амьдралын тэр эгзэгтэй мөч, нүүдлийн аж амьдрал, хүмүүн хоорондын харилцаа гээд өдөр тутамдаа харж болох энгийн гэмээр үйл явдлын тухай болохоор адал явдал хайгч нэгэнд бол утгагүй гэмээр энэ зохиол яагаад миний дуртай зохиол болсон юм бол гэж тэр найз маань бодож байгаа байх. Нөгөө “Дайн ба энх”-ийн тухай тэмдэглэл бичих гэж байсан Чарли Браун “Дайн эхлэв. Дараа нь энх тайван ирэв” гэдэг шиг “Зун болов. Эхнэр нөхөр хоёр салав” гээд товчхон хэлэхэд болохоор.
Үе үе өөртөө дурлуулдаг энэ зохиолын нууц нь ер нь юу юм бол гэж үү. Үгийн цаана орших өгүүлж барашгүй өргөн утга, уйлаад дуулаад үглээд хашхираад хэлэх үгийг хэдхэн дүрслэлээр өгүүлэх тэр зүйл л юм, ердөө. Дармын Батбаяр, Далхаагийн Норов, Балжирын Догмид гэх мэт ар араасаа хөврөх үргэлжилсэн үгийн мастеруудын бүтээлээс ердөө л үүнийг л олж мэднэ. Тэнд адал явдал, аймшигт хүчирхийлэл, алаан хядаан юу ч байхгүй. Харин тэнд үгийн тулаан, дүрслэлийн гайхамшиг нуугдаж байдаг.

20, 30 сая хүн амтай улсаас хуруу дарам цөөн зохиолчид төрдөг байхад хоёр гуравхан сая бидэнд орчлон хорвоогийн мөн чанар, гоо сайхан, үнэн мөнийг үгийн уранаар хэлээд өгөх олон арван гайхамшигт зохиолчид төрсөн байдаг, бид азтай хүмүүс.


“Цахилж яваа гөрөөс”-ийг минь олж хараагүй л тэр хүн, ширээн дээр байсан юм уг нь. Ямар зүйлд дурлаж, юуг нандигнан хайрладагаа тэр бүр зарлаад байдаггүй ч арван тавтай охин “Лолита” унших юмсан гэхэд, “аягүй гоё ном унших юмсан, олдохгүй юм, яах вэ?” гэж дээгүүр харсан охид хөвгүүдэд хэлмээр санагддаг юм. Холоос хайгаад хэрэггүй ээ, хажууд чинь байна энэ гайхамшгууд.

Friday, January 22, 2016

Үнэнч зан

Чин эзний хөрш хөгшин нэгэн өдөр тэднийд ирлээ. Тэгээд жижигхэн чамин модон хайрцагнаас нандигнан боосон алтан хавчаар гаргаж ирэхэд нь ихэд гайхаж гэнэ. Тэднийх угаас боломжийн айл. Ганц хүү нь зах дээр ногооны хэд хэдэн лангуутай учир идэх хоол өмсөх хувцсаар дутахгүй, хөгшин өөрөө үл хөдлөх хөрөнгөтэй гээд ломбардын хаалга татаад явахаар айл биш.

“Үүнийгээ би гэртээ хадгалж чадашгүй нь. Чи л надад тус бол” гэхэд Чин эзэн банкинд очиж үнэт зүйл хадгалах хайрцаг аваад хадгалвал арай хямд тусна даа гэсэн шүү юм бодсоноо учрыг нь асуухгүй байж чадсангүй.
“Бэр минь их хэцүү, түүний гарт орвол дууслаа л гэсэн үг. Энэ миний хадам ээжийн дурсгал. Түүнд бас эхээс нь өвлөн ирсэн юм гэнэ билээ. Чи үүнийг хэзээ ч миний хүү бэр хоёрт өгч болохгүй шүү!” гээд ихэд нандигнан харснаа, тун арга барсан байдалтай түүнээс дахин дахин гуйлаа. Бэр нь хүний юм хулгай хийхээр хүн биш гэдгийг олон жил айл хөрш явсан хүний хувьд мэдэх учир цааш нь асууж зүрхэлсэнгүй багахан мөнгөөр үнэлээд хөгшнийг гаргажээ.

Хэдэн сар өнгөрлөө, хөгшин өнөө алтан зүүлтээ дурсаж ирсэнгүй. Аюулгүй газар хадгалуулсан болохоор санаа амар яваа биз гэж бодож явтал нэгэн явдал тохиолдлоо.
Хөгшний бие доройтож эмнэлэгт хүргэгдсэн гэж сонсогдоод удаагүй байтал хүү нь Чин эзнийд ирж алтан хавчаарыг буцаан авахаар болсноо дуулган мөнгөө тоолж эхлэв. Хөгшний захисан үг санаанд нь орж “Өгөхгүй” гэлээ. Хүү нь учир байдлыг хэлж, баримтыг сарвайн хэсэг зогсоод, сүүлдээ бүр уурлаж, харааж, загнаж эхэллээ. Эцэст нь “Мөнгөнөөс болж юу ч хийхээс буцахгүй болсон амьтан” гэж хэлчихээд хаалга саваад гараад явчихав.

Маргааш нь дахиад л ирлээ. Энэ удаа бүр эхнэрээ дагуулж иржээ. Загнаж, хашхирч, үгүй ер элдвээр хэлж байгаад аргаа барахдаа цагдаа хүртэл дуудав. Чин эзэн гүрийгээд л байлаа. “Ээж чинь захисан юм. Өгөхгүй ээ” гэхэд цагдаа нар юу ч хийж чадсангүй, бүгд гараад явлаа.

Орой болсон хойно хаахын хэрд хөгшний хүү ганцаараа дахиад л ороод ирэв. Энэ удаад харин ааш нь зөөлөрч, аажуу тайван яриагаа эхлэв. Чин эзэн түүнд цай аягалж өгөөд “Ээж чинь хэлэхдээ “Энэ хавчаарыг өөрийн биеэр ирж авна, хүү бэр хоёрт өгч болохгүй” гэж аминчлан захиад байсан. Юуны учир тэгснээ ч надад ярьсан” гэж учирлахад “Эхнэртэйгээ гэрлэх тухайгаа анх хэлэхэд ээж минь их л дургүй байлаа. Надад тохирохгүй хүн гэж боддогоо бид хоёрын нүүрэн дээр шууд л хэлсэн. Энэ үгнээс нь болж эхнэр маань ээжид дургүй болж, ээж энэ хоёр бие биенээ үзэхгүй болсон юм. Эдний дунд би 20 жил зовж байна” гэж түүнд хамаг амьдралаа ярьлаа.

“Энэ олон жил чи эхэлж муухай үг хэлсэн ээжийгээ л буруутгаж явсан байх. Чамайг төрүүлэхээс өмнө ямархан амьдрал туулж явсныг, чамайг өсгөж өдий зэрэгтэй явах гэж хичнээн удаа халуун чулуу долоосныг төсөөлөх ч үгүй. Чи түүний амьдралын сүүлийн хэдэн жилийг л сайн санаж байгаа бол тэр чиний бүх амьдралыг алган дээрээ тавьсан мэт санаж байгаа. Эхнэр чинь чамайг магадгүй сүүлийн 20 жил л мэдэх байх. Тийм болохоор энэ хоёр тэс өөр зан араншин, тэс өөр ертөнцийг жингийн туухайн дээр зэрэгцүүлэн тавьж болохгүй. Ээжийгээ засаж чадахгүй учраас үлдсэн хэдхэн жилийг нь хэрүүл шуугиангүй өнгөрөөхийн тулд эхнэртэйгээ ярилц. Ээж чинь алтан хавчаараа харамласандаа ч биш тээж төрүүлсэн ганц хүүдээ итгэхгүй байгаа хэрэг.  Тиймээс ломбард ажиллуулж амь зуудаг намайг энэ хорвоогийн хамгийн үнэнч хүн гэж бодож байгаа шиг нь өөрийгөө бас эхнэрээ ч гэсэн түүний хувьд хамгийн итгэлт үнэнч хүмүүс гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ээжтэйгээ нэг сайн ярилц” гэж түүнд хэлжээ.

Хэд хоногийн дараа хөгшний хүү дахин ирлээ. Гэхдээ ээжтэйгээ хамт ирсэн юм. Хөгшин “Өнөө алтан хавчаараа авъя аа. Зөндөө удаан хадгаллаа” гэж хэлээд модон хайрцагаа гаргаж ирэв. Мөнгөө төлөөд буцааж авсан хавчаараа хайрцагтаа нандигнан хийчихээд хүүгийнхээ гарт атгуулахыг хараад бүх зүйл сайн тийш эргэсэн болохыг мэджээ.

Thursday, January 21, 2016

Итгэл



Ломбардын эзний хөрш Хуи гуайн хүү үе үе тамхи татлаа, зодоон хийлээ гэж аавынхаа чихийг халууцуулна. Хөөрхий эцэг нь ам бүлээ тэжээх гэж өдөржин ажиллаж, хүүхдүүддээ ч олигтой хэдэн үг хэлж амжихгүй. Нэг өдөр хүүдээ жинхэнэ алганы амт үзүүлж, дуу шуугиантайхан юм боллоо. Ломбардын эзэнтэй дотно юм болохоор Хуи гуай байдаг зовлонгоо түүнд л тоочно.

Нэг өдөр Хуи гуай ломбарданд яаран орж ирээд “Чи манайд нэг ороод ирээч. Нэг юм харуулах гэсэн юм. Намайг бодвол арай олон хүнтэй уулзаж явсан чи тэрийг хараад юу болохыг нь хэлээд өгөх байх” гэлээ. Яаран орвол гартаа анфетамин татах хэрэгсэл барьчихсан зогсож байх нь тэр. Юунд хэрэглэдгийг нь сонссон даруй Хуй гуайн царай цайрч, хөшиж орхилоо. “Ганцаараа биш бусадтай хамтарч хэрэглэдэг байж таарна. Та хүүгийнхээ ажилд очиж нэг шалгана байгаа” гэж зөвлөхөөс хэтэрсэнгүй. Хүүдээ уурласан Хуй гуай загнаж нэг, зодож нэг үзлээ. “Энэ чинь тоглоом биш шүү дээ” гэж аргадаж хүртэл үзэв. “Тийм ч ноцтой биш байх гэж найдаж байна. Хүүхдүүд сонирхож байгаад болих биз” гэж хэлэхийг сонсоход хүүдээ итгэх итгэл алдраагүй бололтой.

Хоёр жилийн дараа Хуй гуай гүйхээрээ шахам орж ирээд “Хүү маань цагдаад баригдсан гэнэ. Та надтай хамт яваач, таньж мэдэх хүн байна уу?” гэх нь тэр. Санаа зовсон тэд ломбардын газрыг даруй хааж дүүргийн хэлтэст очлоо. Цагдаагийн газар хар тамхи хэрэглэсэн гэсэн хэсэг залуусын дунд хүү нь харагдана. Ломбардын эзэн таниж мэдэх найз цагдаа нараа гуйж гуйж хүүг нь авч гарчээ.
Гэвч энэ байдал удалгүй дахиад л давтагдлаа. Хөршийнхөө цөхрөнгөө барсан царайг харах тусам сэтгэл өвдөх ч чадах бүхнээ хийгээд ч энэ хүүг засаж авч чадах үгүйгээ мэдэхгүй. Өөрийн хүү байсан бол түүний л адил яахаа мэдэхгүй байх байсан даа гэж бодно. Удалгүй Хуй гуайн бие муудаж, энэ хорвоог орхин одлоо.
Гэвч хүү нь засарсангүй. Хар тамхиа татахын тулд гэрээсээ хулгай хийж, худал хэлж, айлгаж, сүрдүүлж, хажууд нь хүн тэсэхийг аргагүй болж ирэхэд тэр хавьд түүнийг тоох хүнгүй боллоо. Ломбарданд ч үе үе ирнэ. Худал хэлж мөнгө авах гэхэд түүнийг загнаад гаргах ч араас нь сэтгэл өвдөнө. Тэднийхний амьдрал нүдэн дээр яаж сүйрч байгааг харахад бүр ч хэцүү.

Гурван сар өнгөрсний дараа хөршийн хүү дахиад л тэдний хаалгыг татлаа. “Чин ах аа, Би Тайпэйгаас явахаар шийдлээ. Тайдонгд нэг эмчилгээний сайн газар байдаг гэж сонслоо.” гэхэд үнэн байгаасай гэж бодов. “Надад эмчилгээний зардал хэрэгтэй байна. Барьцаанд тавих юм олдсонгүй” гээд нэг хуучин хүлээн авагч, өдрийн тэмдэглэлийн дэвтэр, бас нөгөө хар тамхи татдаг юмаа барьчихсан зогсож байгаа харагдав. Ээжээс нь бусад нь түүнийг тоохоо больсон, хурдан үхээсэй л гэж боддог болсон гэж ярив.
Тэднийхээр орж гарах хар тамхичид, мөрийтэй тоглоомчдыг хараад л мэддэг болсон ломбардны эзэн түүний энэ яриа итгэхэд бэрх байсан ч хөрш найзаа бодоод түүний хүүд үгүй гэж хэлж чадсангүй, баримт гаргаж бичлээ. Авчирсан эд зүйл нь үнэ хүрэх зүйл биш байсан ч түүнийг сайхан амьдраасай, өөд болсон аавыгаа тайван амраагаасай гэж чин сэтгэлээсээ хүссэндээ гуйсан мөнгийг нь өглөө. Хаалгаар гарч одохыг нь харахдаа түүнийг дахин ирэх үгүйг хэлж мэдэхгүй байсан юм.
Хөршийн хүү тэр хавиар хэдэн жил үзэгдсэнгүй. Өнөө хүлээн авагч, тэмдэглэлийн дэвтэр хоёрыг ч нэг буландаа хийгээд мартаж орхижээ. Хар тамхи хэрэглэсэн хүн, тэр тусмаа хэт донтсон түүн шиг хүүхэд засарна гэж тун ховор. Өдий олон жил өдөр бүр янз янзын хүнтэй уулзаж явахад бишгүй л зүйлийг үзлээ. Тэр хорыг хэрэглэх гэснээс өөр зүйл толгойд нь орохоо больсон тэр цагт амьдралд итгэх итгэлгүй болж, өөрийг нь гэсэн бусдын сэтгэлийг юман чинээ бодохгүй.

Дахиад хэдэн жил өнгөрсний дараа нэгэн өдөр Хуй найзын хүү ломбардын эзнийд ирлээ. Түүний урд нас намба суусан сайхан залуу, даруухан хөдөөний бүсгүй, хөөрхөн хүү гурав зогсож байв. Тэднийг хараад баярлахын дээдээр баярлаж “Хөөрхий найз минь одоо л нэг санаа амарсан даа” гэж бодож, нулимсаа барьж чадсангүй.

Wednesday, January 20, 2016

Чин Силин "Ломбардны 29 баримт"

Тайпэй хотын номын их дэлгүүрт ийм явдал боллоо. Би хэдэн ном сонгочихоод бэстсэллэр хэсгээр эргэлдэж байгаад тэнд ажиллаж байсан залууг дуудаж англиар ингэж асуулаа.

-       Энэ хэн гэдэг хүний зохиол вэ?
-       Чин Силин.
-       Олон бүтээл бий юу?
-       ….
-       Сонирхолтой юу?
-       Сонирхолтой л байх.
-       Чи уншаагүй юу?
-       Би уншдаггүй.
-       Яагаад?
-              (Станцаа авсанаа Хятадаар “Алив намайг хурдан дууддаа, энд нэг сонин гадаад хүн олон юм асуугаад байна!”)

Би номыг эргүүлж тойруулж үзэж байгаад Хятадаар
- Сонин хүн нь энэ номыг авмаар байна. Шинийг олоод өгөөч…


Ингэж би энэ номыг сонгосон юм хэ хэ.

Эд зүйлээ ломбарданд тавьж үзээгүй хүн ховор байх. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Бэлэн мөнгө хэрэгтэй үед өөрт байх үнэ хүрэх зүйлээ бариад муу нэртэй, луу данстай “Барьцаалан зээлдүүлэх газар”-луу л явдаг шүү дээ. Үнэтэй эд зүйлийг минь тал үнээр нь үнэллээ гээд тэдэнд жаахан янзгүй. Өнөө юмаа төлж авч чадаагүй бол харамссандаа тэднийг бас буруутгана. Харин хүний эд зүйлийг барьцаанд аваад мөнгө өгдөг тэр хүний нүдээр энэ амьдралыг харах боломжийг Тайванийн зохиолч надад өглөө. Уг нь энэ хүн зохиолч биш юм билээ. Насаараа ломбард ажиллуулсан эр. Одоо  ч гэсэн ажиллуулсаар байгаа.
Барьцаалан зээлдүүлсэн баримт бүрийн цаана нэгэн түүх оршино. Сайхан түүх ховор ч асуудал тулгарсан хүнд түүний зээлдүүлсэн мөнгөний цаана орших түүхийг сайн тийш нь эргүүлсэн нь бас олон. Алтан ээмэг бөгжнөөсөө эхлээд, цахилгаан хэрэгсэл, төгөлдөр хуур, насаараа бичсэн үзэг, бүр бэлэн мөнгө хүртэл барьцаална.
Нэг өдөр ломбарданд алтан бугуйвчаа тавих гэж настай нэгэн эмэгтэй ирлээ. Дээд үнээр нь үнэлээд ч эмэгтэйн хүссэн мөнгөний хэмжээнд хүрсэнгүй бололтой уртаар санаа алдахыг хараад түүнийг дотогш оруулж цайгаар дайлангаа учир байдлыг асуулаа. Үйлдвэрт нь ажилладаг ядарсан нэг бүсгүй хамт ажилладаг нэгэн залуутай хайр сэтгэлийн холбоотой болоод удаагүй гэнэ. Залуус нь гэр бүл болж тогтвортой ажиллаж, бусдадаа үлгэр дуурайлал болж, аз жаргалтай сайхан амьдрахыг нь харахыг хүсэхгүй ямар дарга байхав. Гэвчиг өнөө охиныг эртний уламжлалаар хар нялхад нь айлын бэр болгоод аваачаад өгчихөж. Насаараа тэднийд зарц хийж байгаад нас биенд хүрэхдээ хүүтэй нь нэг гэрт орох буюу үргэлжлүүлэн зарцлагдах учир өөр хүнтэй суух нь битгий хэл ойр байж ч болохгүй гэнэ. Охин зориг гарган “эзэндээ” үнэнээ хэлтэл ихээ хэмжээний мөнгө нэхсэн нь үйлдвэрийн даргыг ийнхүү бугуйвчаа бариад мөнгө зээлэхэд хүргэжээ. Ломбардын эзний сэтгэл ч бас хөдөлж яаж туслах аргаа олж ядна. Шууд май гээд байдаг мөнгөө өгчихөөр хэцүү. Тэгээд үйлдвэрийн бусад ажилчдыг үнэ хүрэх зүйл юу байна бүгдийг түр хугацаагаар тавьж болно гэж хэлжээ. Ажилчид байдаг бүхнээ авчирч тавьлаа. Удам дамжиж ирсэн бөгж, уламжлалат хувцасны алтан чимэглэл, өрөөсөн ээмэг зэргийг авчирч, ломбардын эзэн ч түүнийг нь бусдаар хамаагүй дээгүүр үнэлж, зарим үнэд хүрэхгүй зүйлийг нь худал үнэлж, өнөө “эзний” мөнгийг төлж залуусыг гэрлүүлжээ. 5 сарын дараа үйлдвэрийнхээ байранд цайллага хийж, хосод сайн сайхныг ерөөхдөө ломбардны эзнийг ч бас урьсан юм гэнэ лээ.

Ямар ч цаг үед амьдарч байсан халуун сэтгэлээр бие биедээ туслана гэдэг сайхан. Хэн нэгний хувьд тэр хүн хэн ч биш байж болох өөр хэн нэгний сэтгэлд хамгийн үнэтэй тэр хүн нь байж болно. Өөрийгөө хэсэгхэн зуур түүний оронд тавиад бодоход л тэр хүний зовлонгийн өчүүхэн хэсгээс ч болов ойлгоно. Асуудал үгүй амьдрал гэж үгүй, бусдад тусалсан тэр сэтгэл хэзээ нэгэн цагт эргэн ирж, хэцүү цагт таныг босоход халуун сэтгэлээр туслах болно.


Ийм сайхан итгэл хайрласан, урам өгсөн түүхүүдийг орой бүр уншиж байна даа.

“Нэг жил” роман /Тэмдэглэл/


“Мөнгөгүйн зовлон бол түр зуурынх, мэдлэггүйн зовлон бол үүрдийнх. Хүнийг ирээдүйд ямар амьдрал хүлээж байгааг таах аргагүй ч таахын аргагүй амьдралаа хүн өөрөө зохиодог...” гэж сэтгүүлч Золжаргал энэхүү номын дүгнэлтэд бичжээ. Зохиолын гол дүр Бадрал нь ядуу зүдүү амьдралтай гэрийнхнээ тэжээх гэж хар бор ямар л ажил олдсоноо хийж явсаар нэг л өдөр сурч мэдэх их хүсэлдээ автан Бээжинд сурахаар зорьдог. “А” ч гүй очсон тэрбээр олон янзын хүмүүстэй учрахдаа буруугаас холдон, зөв рүү тэмүүлж, цагийг ашиглан завгүй явсаар, нэг жилийн хугацаанд сурлага хичээлдээ шамдахын зэрэгцээ ажил хийн орлого олж, спортоор хичээллэн амжилт гаргана.
Түүний сурдаг сургуульд монгол оюутнууд нилээд сурна. Мөнхөө, Болдоо, Сансар гэх өсвөр насны 3 хүү сурах нэрийдлээр ирчхээд эцэг эхийн мөнгөөр зугаа цэнгэл хийн эцэстээ тэд буруу хүмүүстэй нийлж хэрэгт холбогдоно. Хаа хол Филлипинээс зөөх хар тамхины наймаа эрхлэгчдийн гар хөл болж яваад харь орны шоронд бүх насаараа хорих ял сонсох Мөнхөөгийн төлөө харамсаад баршгүй.
Уг зохиолд Бээжингийн баар савуудаар биеэ үнэлэх Монгол охидын гинжин цуваа үүссэн гэлтэй гэмт явдлуудын талаар ч мөн дэлгэрүүлэн харуулжээ. Гэнэн болчимгүй, ядуу зүдүүгийн харгайгаар мөнгөний төлөө яахаас ч буцахаа больж биеэ үнэлэн, дээрэм тонуул хийж, гэмт хэрэг үйлдэн тэр ч бүү хэл биесээ алж талах Монгол залуус юутай эмгэнэлтэй вэ!
Уншигч би өөрөө Шанхайд сургууль төгссөн болохоор номонд гарах сургуулийн амьдралыг төсөөлөхөд сэтгэлд ойрхон санагдаж дурсамж юу минь сэргэх шиг. “Өмхий хужаа нар” гэж манайхан өөд уруугүй зүхэх олон хятадууд дотор чиний л төлөө гэж сэтгэл гарган зүтгэх жирийн хүн байдагийг харуулсан нэгэн дүр бол Бадралын дугуйн спортын багш Ли юм. Тийм ээ, би ч бас маш олон Ли, Чое нартай танилцаж нөхөрлөж байсан бөгөөд тэдний зарим нь одоо ч харилцаа холбоотой хэвээр.
Сургуулийнхаа анхны Монгол оюутнуудын нэг би бээр шинээр ирэх нутаг нэгтнүүддээ тусалж дэмжихийг хичээсээр ирсэн ч төгсөх курст орох жилдээ мэргэжлээрээ ажил хийн завгүй болсон бөгөөд тэр бүр нутгийн дүү нараа нэг бүрчлэн таних аргагүй болж билээ. Хичээл эхэлдэг тэр нэгэн намар шинэ шинэ хүүхдүүд нэмэгдэн ирэх үест хоёр гурван шавилхан хөвгүүд цээжин биеэ ил гарган таахалзан алхаж хажуугаар өнгөрөхийг нь ажихнээ Чингис хааны үр сад гэдгийг нь төвөггүйхэн мэдэж болохоор байсан сан. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг, энэ үгийг санагдуулсан ч гэмээр юм уу нэгэн таагүй явдал болж билээ. Танилцаж ч амжаагүй байсан нутгийн хоёр охиныг танил нөхөд нь байн байн суравч сураггүй болоод удсан охид маань хулгайн хэргээр баривчлагдсан байсан юм.
Ээ дээ оюутан залуучууд минь, ирсэн зорилгынхоо төлөө л зүтгээрэй. Хатуу чанд хууль цаазтай оронд хальтхан гишгэхэд л буруудна шүү, хожим харамсаад ч барахгүй юм болох вий гэж хойч үеийнхэндээ захиж хэлмээр санагдана. Үр хүүхэдтэй хүн бүр тэдэндээ үргэлж сайн сайхныг ерөөдөг ч “хүн” болгож хүмүүжүүлэх хариуцлагаа л үл тоомсорлож бүү мартаарай. Бяцхан хүү, охин нь бие нас гүйцээд ирэх үест болж бүтэж буй мэт санагдах хэдий ч болчимгүй зүйлд автах вий тэд маань.
Хүн болгон анхаарах ёстой чухал сэдвийг хөндсөн, бодит амьдралын нэгэн хэсгийг өгүүлэх “Нэг жил” романы зохиолч Н.Энхсайхан найзынхаа бичлэгийн чадварыг дахин биширмой.
by Suna Khada