Калил Гибраныг Монгол хэлнээ орчуулагдаасай гэж хүсдэг олон
хүний нэг нь би. Хэрэв орчуулагдсан бол надад хэлээрэй (мэдээгүй ч байж мэднэ
шүү би) Хэдэн жилийн өмнө номын дэлгүүрийн эрхийн бичигтэй болчихоод магнай
хагартал баярлаж, хамгийн түрүүнд авсан ном маань энэ.
Амьдралын үнэнийг илэн далангуй, гоёмсог өгүүлсэн түүнийг
энэ зохиолыг яруу найраг ч гэж үздэг. Албан ёсоор 40 хэлнээ орчуулагдсан гэдэг
боловч 100 гарсан гэх юм билээ. Цахим орчин бий болсноор Калил Гибраны хэлсэн
сургамжит үгс дэлхий дахинаа тарж 1923 онд хэвлэгдсэн “Зөнч” ном нь олон сая
хувь зарагджээ. Хайр, ажил хөдөлмөр, эрдэм мэдлэг, нөхөрлөл, үхэл, цаг хугацаа
гээд олон сэдвээр Орфалэс хотын иргэдийн асуусан асуултад яруу сайхан, зүрхэнд
хүрэх хамгийн энгийн үгсээр хариулсан юм. Зохиолын гол дүр болох Алмустафа
болон зохиогч Гибран хоёрын амьдрал адал явдал, аялал, зорилго маш төстэй
байсан гэдэг. Америк мөрөөдөлд хөтлөгдөж Ливанаас очсон Гибран энэхүү номонд
өөрийн нь амьдарч байсан орчин, Өрнө болон Ойрхи Дорнодын соёл шашны нөлөө,
Араб Англи хэл, хүүхэд ахуй насаа өнгөрөөсөн байгалийн сайхан, хөгжиж цэцэглэж
буй хотын амьдрал гээд ертөнцийг үзэх үзлээ Алмустафийн үгээр дамжуулан дэлхий
нийтэд өгүүлжээ.
Алмустафа Орфалэс хотод 12 жил амьдраад эцэст нь орхин одох
тэр өдөр ирэхэд хотын иргэд түүнийг зорин ирж “Та бидний дунд онгод болон
амьдрахад сүүдэр тань бидний нүүрэн дээр гэрэл мэт туссан билээ. Бидэн дунд
чимээгүйхэн оршихдоо уйлахыг минь сонсож, инээхийг минь харж бүх л үнэнийг
мэдсэн. Төрөхөөс үхэх хүртэл амьдралын үнэнийг бидэнд өгүүлээч. Түүнийг үеийн
үед үр хүүхэддээ ярьж өгөх болно” гэж гуйсан болохоор Зөнч амьдралын тухай 26
үнэнийг өгүүлжээ.
“Зөнч”-д багтсан 26 сэдвээс “Гэрлэлт”-ийг орчуулах гэж
оролдлоо.
Гэрлэлт
Тэгээд Алмитра бидэнд гэрлэлтийн тухай ярьж өгөөч гэлээ.
Зөнч ийнхүү өгүүлэв.
Та хоёр хамтдаа төрж, үүрд мөнхөд орших болно.
Үхлийн цагаан далавч нөмрөн ирэхэд та хоёр хамтдаа л байна.
Бүр бурханы чимээгүй дурсамжид хүртэл ханисан жаргана.
Гэвч энэ бүх хамтад оршихуйн дор өчүүхэн зайг үлдээж,
диваажингийн салхийг хоёр биенийхээ дунд дураар нь бүжиглүүл.
Нэгнээ хайрла, гэхдээ хайрыг бүү гинжил. Харин хайрыг хоёр
биендээ хүрэх далайн давалгаа болгоорой.
Хоёр биенийхээ хундагыг дүүргэ, харин нэг хундаганаас бүү
уу.
Ханьдаа талх авч өг, харин битгий нэг талхнаас ид.
Дуулж бүжиглэн хамтдаа цэнгэ, гэхдээ ганцаараа байх тэр орон
зайг түүндээ олго. Хөгжмийн чавхдас ч гэсэн нэгэн аяыг эгшиглүүлж байхдаа ганц
ганцаараа оршдог юм шүү.
Хоёр биендээ сэтгэлээ өг, харин битгий өмчлөөрэй. Хувь
тавилан л зүрхийг тань багтаадаг юм.
Хамтдаа зогс, харин хэтэрхий бүү ойрт. Сүмийн хоёр багана ч
гэсэн тус тусдаа сүндэрлэдэг юм. Царс агар хоёр бие биенийхээ сүүдэрт
ургадаггүйг санаарай.
Сайхан тэмдэглэл байна, энэ номыг олж уншмаар санагдлаа.
ReplyDeleteТэгээрэй. Аль ч орны номын дэлгүүрт байх юм билээ.
ReplyDelete