Popular Posts

Friday, September 23, 2016

Хорвоо ертөнц чамайг дурсах уу?

Англи хэлний багш маань их даруухан номын хүн. Хөдөөний охин би хотод анх ирээд ихэнх хичээлээ ойлгохгүй мунгинана. Багш маань заримдаа гэртээ аваачиж давтуулна. Галынхаа өрөөнд гурил нухангаа “Багш нь радио сонсох их дуртай” гээд хөргөгчин дээр тавьсан жижигхэн хөгжмийг чангална. Хөдөөний надад юм бүхэн соньхон. Багшийн гэрийн аяга таваг, талхны сав, гэрийн шаахай, зөөлөн буйдан, за тэгээд хамгийн сайхан санагдсан булан бол номын тавиур. Санаа зовж нэрэлхсэндээ тийшээ бол зүглэхгүй. Хүүхдүүд нь ч жаахан байжээ. Одоо бараг санахгүй байна, хоёр хүүхэд гаднаас орж ирээд өрөөндөө орчихно. Гэхдээ байнга л хаалга савж, орж гарч, шанага шаганаар ус хутгаж уучихаад буцаад л гарч тоглодог хөдөөний надад бол чимээгүй орж ирээд номоо тэврээд өрөө рүүгээ орчих нь их сонин санагддаг байж билээ.

Сургуулиа төгсөж оюутан болох ахуйд багшийнхан гэр бүлээрээ Америк явлаа гэж сонсогдож байсан. Дэлгүүрт хэд хэдэн удаа таарахад багш нөгөө л янзаараа. Би гэж хүн баахан тэнэж, эрдэм сурсан нэртэй, заримдаа багшийнхаа өмнө англи хэлээр халтар хултар ярьж бичдэг гэж хэлэхээс ичнэ.

Түүнээс хойш олон жилийн дараа Робин Шармагийн “Ферраригаа зарсан лам” номыг хүний нутагт байхдаа уншаад багштайгаа хуваалцаж байлаа. Гэтэл багшийн охин зохиолч Робин Шармагийн бас нэгэн гайхалтай бүтээл болох "Who will cry when you die" зохиолыг Монгол хэлнээ орчуулан уншигчдадаа хүргэж байгаа дуулаад баярласан гэж жигтэйхэн. Нэг өдөр багш утасдаж байна, “Номын нэрийг юу гэж өгвөл зохих вэ?” гэнэ. Санаанд орчихмоор тодорхой хариу байхгүй байсан тул тэгс хийгээд өнгөрлөө. Их ажлын дунд өнөө нэр байн байн санаанд орох ч яг яаж орчуулбал аятайхан сонсогдох талаар санаанд буухгүй. Гэтэл удалгүй багш маань номоо хэвлэлтээс аваад явж байна гэхтэй таараад өөрөөсөө бага зэрэг ичсэнээ нуух юун.

“Хорвоо ертөнц чамайг дурсах уу?” гэсэн нэртэй жижигхэн номыг алган дээрээ тавиад чихрээр шагнуулсан жаахан хүүхэд аятай  учиргүй баярлаж, эргээд сурагч ахуй насандаа очиж багшийн заасан болгоныг шимтэн  сурахсан гэж хий дэмий мөрөөдөж билээ. Хоёроос гурван цаг дараалан ордог байсан гадаад хэлний хичээлийг тухайн үед чин сэтгэлээсээ хичээнгүйлэн сурсан бол их зүйл өөрчлөгдөх байсан даа гэж бодож бас үзлээ.

“Чамайг энэ хорвоод уйлж мэндлэхэд дэлхий ертөнц баяр баяслаар дүүрэн байсан, харин энэ хорвоогоос буцах үед чи өөрөө баяр баяслаар дүүрэн байж, дэлхий ертөнц чиний өмнөөс гашуудтал тийм сайхан амьдраарай”… гэж энэ номыг төгсгөжээ.

Утга учиртай амьдрахыг хүсэхгүй хүн гэж хаа байхав. Тэгвэл Канадын хуульч, зохиолч Робин Шарма танд мэдсэн, сонссон, судалсан, уншсан бүхнээ харамгүй хуваалцаж, хорвоо ертөнц биш юмаа гэхэд үр хүүхэд тань таныг дурсах тэр нууцыг хуваалцаж байна.

Номыг эх хэлнээ орчуулсан багшийн охин Л.Булганд амжилт хүсье!


No comments:

Post a Comment