Popular Posts

Sunday, September 25, 2016

"A TALE FOR THE TIME BEING" by Ruth Ozeki

Америк Японы эрлийз зохиолч, кино найруулагч, Зэн буддист Руф Озэкигийн дөрөвдэх бүтээл болох энэ номыг 2013 онд буюу тэр жил уншчихаад ийм нэгэн тэмдэглэл бичиж байжээ.



2011 оны аймшигт цунамигийн дараахан Канадын нэгэн эрэгт амьдардаг зохиолч эмэгтэй далайн эргээр алхаж яваад Hello Kitty-ийн хоолны сав олжээ. Савыг онгойлгож үзвэл Францын алдарт зохиолч Марсел Прустын “Алдагдсан цагийн эрэлд” бүтээлийн хавтас бүхий том дэвтэр, эрэгтэй хүний бугуйн цаг бас хэдэн захиа байлаа. Дэвтрийг сөхөн үзвэл нэгэн охины өдрийн тэмдэглэл, хачирхалтай нь эхнээсээ дуусах хүртэлээ англи хэлээр бичигдсэн байх нь тэр. Зохиолч сониуч зандаа хөтлөгдөн өдрийн тэмдэглэлийг уншиж эхэлжээ.

16 настай Нао ганцаардал, үзэн ядалт, гадуурхалтаас болж сургуульд явах тун дургүй. Америкт өссөн Нао охиныг Японд ирэхэд найрсаг хүлээж авсангүй. Ганц охиныг ч бус тэдний гэр бүлийг олон бэрхшээл хүлээж байлаа. Үеийнхнээсээ том биетэй болохоор хэн ч тоож найзалсангүй. Үл тоогоод л өнгөрөх төдий гэж бодсон нь эндүүрэл байжээ. Ангийн нь хүүхдүүд элдвээр доромжилж сэтгэл санаагаар унагахаас гадна нүднээс далдуур охиныг тамхины галаар түлж, хайчаар элдэв шарх сорви үлдээх нь хэцүү. Нао энэ бүхнийг хэнд ч хэлдэггүй байлаа. Үнэндээ хэлээд ч нэмэр үгүй гэдгийг мэднэ. Гэр нь хотын захын хороололд учир охинд нөлөөлөхөөр тийм орчин үгүй, аав нь ажил хайж байгаа нэртэй амиа хорлох алхам хийж, ээж нь өдрөөс өдөрт доройтож байгаа амьдралаа сонирхолтой болгох гэсэн үү гадуур дэмий явна. Амиа хорлолт нь бүтэлгүй болоход аав нь гэрээс гарахаа болилоо. Өдөржин Өрнийн философийн ном уншиж, интернэтээр тэнэхдээ охинд нь чухам юу тохиолдоод байгааг мэдсэнгүй, мэдэхийг ч хүсэхгүй байгаа бололтой. Бүх зүйл утгаа алдаж Нао аавыгаа үзэн ядна. Ангийн нь хүүхдүүдийн гадуурхалт хэрээс хэтэрч багштайгаа нийлж охины “оршуулга” гэгчийг ангидаа зохиож, амьд мэнд хичээлдээ ирж байгаа Наог үгүй болсон мэт харьцана.

Наогийн элэнц эмэг Жико гэх хөгшин 104 насыг зооглож, Сэндай хотын ойролцоо нэгэн хийдэд эрүүл саруул аж төрдөг ажээ. Амьдралын нь энэ хэцүү үед сэтгэлийн дуудлагаар ч гэх үү Жико эмгэн Наогийн гэрт зочилов. Халзан толгойтой жижигхэн хөгшин охиныг сонирхон амралтаараа сүмд нь очихыг хүсэв. Диснэй Лэндэд очих тоглох хүсэл нь унтраагүй өсвөр насны охинд сүмийн амьдрал хачин уйтгартай санагдахаас гадна хичнээн цаг бясалгал хийж цэх суух хийгээд хөгширч жижгэрсэн Жико эмээг усанд оруулахаас гадна сүмийн гал тогоонд туслах зэрэг нь эхэндээ гойд сайхан санагдсангүй. Гэвч Жико эмээ охины зүрхний үгийг сонсож, сургууль дээрээ амсдаг тэр зовлонг хэлүүлэлтгүй ойлгож байгаа юм шиг санагдаж Нао өдрөөс өдөрт сүмийн амьдралд дасаж эхэллээ.

Жико эмээгийн хүү Харуки 17 насандаа Дэлхийн Хоёрдугаар Дайнд татагдаж, эцэст нь эх орныхоо төлөө алтан амиа өгснийг сонсоод Нао бодлоо: “Миний ангийнхаа хэдэн охидод дээрэлхүүлэх хийгээд, амин зуулгын хариуцлагаас зугатсан аавын өчүүхэн бэртэгчин санааг Харуки хүүгийн амссан тэр цаг үеийн зовлонтой харьцуулашгүй” гээд Харуки хүүгийн ээждээ бичсэн захидлын тухай Жико эмээгээс асуулаа. Захидлын утга тэр чигээрээ баатарлаг хүү хүсэл зоригоороо эх орныхоо төлөө амь биеэ хайрлалгүй тулалдах тухайгаа, элгэн садан, хайрт ээжээс нь салгасан аймшигт дайснуудыг хүйс тэмтрэх тухай байлаа. Гэвч Жико эмээгийн хэлснээр бол энэ бүхэн үнэндээ Харуки хүүгийн нь сэтгэлээс гарах үг биш гэнэ.
Амралтын хэдэн өдөр гайхалтай сайхан өнгөрсөн ч Токиод буцаж очоод л өнөө гадуурхалт эхэллээ. Охин нэг өдөр үсээ хусч ангидаа очоод бүгдэд нь мэхийн ёслоод сургуулиас гарчээ. Ээжийгээ харахад хичээлдээ явж буй мэт дүр эсгэх хэдий ч хачир дээрээ жижигхэн кофе шопт сууж өдрийн тэмдэглэл бичиж суухыг илүүд үзнэ. 9 сарын 11, Америкийн хувьд эмгэнэлт тэр өдөр аав нь зурагтынхаа урдаас салсангүй. Сүүлдээ интернетээр тэр алан хядлагын тухай болоон худладааны хоёр цамхаг  нурж байгаа бичлэгийг байн байн үзнэ. Аавын нь энэ хачин байдал хийгээд шөнө дөлөөр гэрээсээ гарч дэмий алхах утгагүй явдал Наогийн тэсвэрийг барж охин үл бүтэх эмэгтэйтэй нөхөрлөж эхэллээ. Японы нийгмийн муу муухай бүхнийг амсаж, хэзээ ч хийж үзнэ гэж төсөөлөөгүй бүхнээ хийж явахад нь Жико эмээгийн сүмээс дуудлага ирлээ.
Зэн буддист хөгшин насан өөд болох тэр мөч… Цаг хугацааны үргэлжлэл байсан жижигхэн тэр эмэгтэй ганц хүүгээ хүн төрөлхтний түүхэнд хар мөр үлдээсэн тэр үйл явдалд алдсан ч Нао охиныг бас нийгмийн бусармаг зүйлийн золиос болгохыг хүссэнгүй бололтой Харуки хүүгийнхээ амиа өгөх тэр өдөр хүртэл ээждээ зориулан Франц хэлээр бичдэг байсан өдрийн тэмдэглэлийг үлдээсэн ажээ. Токио хотруу буцсаны дараа Нао аавтайгаа хамт Франц хэлээрх тэр тэмдэглэлийг орчуулан уншжээ. Гэтэл Харуки хүүгийн дайны тэр өдрүүд өмнөх захидлуудад түүний чин сэтгэл хийгээд дайн дажныг үзэн ядаж, хэдийгээр камиказэ нисгэгч болж сонгогдсон ч байгаа онолгүй далайд живж үхэхээр шийдсэн тухайгаа бичжээ. Нэгэн гэр бүлийг хагацааж, нэгэн ээжийг уйлуулж дайн гэгч харгис явдалд хувь нэмрээ оруулах гэж ээждээ хүү нь болж төрөөгүй, энэ биеэ чилээж эрдэм ном сураагүй тухайгаа гагцхүү ээждээ зориулан Франц хэлээр бичиж үлдээсэн нь тэр байжээ. Гэхдээ хөөрхий Жико үүнийг нь орчуулан уншиж чадаагүй хэдий ч сэтгэл зүрхээрээ мэдэрч ээждээ хаяглан Япон хэлээр бичдэг байсан захиа бүрийнх нь үг худлаа байсан гэдгийг ч мэдэж байж.

Наогийн энэ өдрийн тэмдэглэлийг уншиж суухдаа зохиолч эмэгтэй энэ бүхэн худлаа байлгүй дээ гэж бодох үе ч гарна. Гэвч хайрцаганд ирсэн нисгэгчийн цаг зогсолгүй явж байхыг үзвээс Нао охин, Харуки, Наогийн аав гээд бүгд бодит.
Нао охин Токиод ирээд яасан тухайгаа, аав нь ажилд орсон эсэхийг, Жикогийн тухай ном бичсэн эсэхээ дурдалгүй өдрийн тэмдэглэлээ төгсгөжээ. Зохиолч эмэгтэй Наогийн аавтай нь холбоотой байсан Америк эрдэмтэнрүү захидал бичиж тусламж хүсэхэд бүх явдлын учиг жаахан тайлагдав. Наогийн аав нь Америкт байх хугацаандаа сонирхолтой нэгэн тоглоом буюу галт зэвсэг зохион бүтээснийг нь хүмүүс буруугаар ашиглаж хожмоо Америк Садамм Хуссейнтэй хийсэн дайндаа ашиглаж байжээ. Наогийн аав Харуки хүү хоёрын сэтгэлийн шаналал адилхан байжээ. Өөрийн хийсэн зүйлийг хүмүүс хүн төрөлхтний эсрэг ашиглаж байгааг үзээд дуугай суух хэцүү байсан байж таарна. Харин үүнийг нь жаахан охин нь яахин ойлгох билээ. Тэр ч мөн өөртөө таарсан зовлон хангалттай амсаж байсан билээ. Нао охин хожмоо Канадад сурахаар явсан тухай өвгөн эрдэмтэн захиандаа дурджээ.

Харин энэ хайрцаг яагаад ирэх болсон, цунами болох үед Нао охин хаана байсан зэрэг нь зохиолчийн хувьд тайлагдашгүй нууц болон үлджээ.

No comments:

Post a Comment