Popular Posts

Thursday, September 29, 2016

Хятадад уншихыг хориглодог номнууд

Хориотой номын долоо хоног дуусах гэж байна. Та бүхэнд БНХАУ-д уншихыг мөн зарж борлуулахыг хориглодог ном зохиолуудаас танилцуулж байна.


  • Jung Chang “Wild Swans”. Монгол хэлнээ “Зэрлэг хун” нэрээр орчуулагдсан энэ зохиолд Хятадад төрж өссөн гурван охины тухай өгүүлнэ. Чухам юуны тухай бичсэн болоод энэ жагсаалтыг тэргүүлдэг вэ гэдэг дээр хүмүүс өөр өөр өнцгөөс харах байх. Үнэн үг хэлсэн хүн ноён өстэй гэдэг шүү дээ.
  • Луис Каролл “Алиса гайхамшигийн оронд” 1931 онд Хунан мужид эхэлж хоригложээ. Амьтан хүний хэлээр ярих нь зохисгүй зүйл бөгөөд энэ нь хүүхдүийн хүмүүжилд асар сөргөөр нөлөөлж, хүн амьтан хоёрыг ижил төвшинд байдаг мэт сэтгэгдэл төрүүлнэ гэж айжээ.
  • Lun Ying-tai “Big River, Big Sea, Untold Stories 1949”. Эх газраас Тайванийн арлыг тэр жил зорьсон хэдэн зуун мянган хүмүүсийн бодит түүх, гуниг харуусал, хагацал нулимсын тухай энэ номд өгүүлсэн болохоор түүхийг гуйвуулсан гэсэн шалтгаанаар энэ зохиолыг хориглодог юм байна. гэхдээ Тайваньд хэдийнээ 100.000 хувь борлогдсон энэ номыг хүссэн хүн цахим хэлбэрээ олоод уншчих бас боломжтой. Энэ номын тухай дэлгэрэнгүйг манай уншигч тэмдэглэн бичсэнийг  http://bookish.mn/booknotes/80 -аас уншаарай.
  • Дахиад л Jung Chang. Түүний бичсэн “Mao: Unknown Story” ном нэг хэсэгтээ бас шуугиан тарьж, Хятадад худалдан борлуулахыг бүр мөсөн хоригложээ.
  • Хятадын тэрс үзэлтэн Ма Жианы зохиолуудыг уншихад яг л баримтат кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Түүний “Red dust. A Path through China” зохиолыг би Тайваны номын дэлгүүрээс авч уншиж байлаа.
  • Zhou Weihui “Shanghai baby”. Уг нь хайр дурлал, янаг амрагийн тухай зохиол боловч үүнд орчин үеийн Хятад залууст буруу үлгэр дуурайлал өгөх магадлалтай номын нэгдүгээрт жагсчээ. Зарим шүүмжлэгчид энэ зохиолын Хятадын сексийн хувьсгал ч гэж нэрлэх нь бий.
  • Хятадын шоронгоор явсан яруу найрагч Ляо И Үгийн бичсэн “For a song and a hundred songs: A Poet`s Journey Through A Chinese Prison” зохиолыг гарсан даруйд нь хаах тушаал өгчээ. 1989 оны тэмцлийн үеэр баригдаж шоронд суухдаа тэнд залуусыг бөөн бөөнөөр нь хэрхэн тамлаж зовоодог байсан тухай л бичсэн хэрэг.
гээд энэ жагсаалт цаашаа хөвөрнө.

Аль ч улсад хүүхэд залуустаа уншуулахыг хориглодог ном гэж байх. Өөрийн өв соёлыг хадгалан авч үлдэхээс эхлээд өчнөөд янзын шалтгаан байдаг байх. Миний бие харь нутагт байхдаа Барбара Дэмик “Атаархах зүйл үгүй” (Nothing to Envy) номыг Амазоноос захиалж унших гээд л бараагүй юм даа. Үзвээс тэр нутагт бас хорьсон бололтой.

Гэтэл өнөөдөр Монголд ийм шүүлтүүр байна уу?

Sunday, September 25, 2016

"A TALE FOR THE TIME BEING" by Ruth Ozeki

Америк Японы эрлийз зохиолч, кино найруулагч, Зэн буддист Руф Озэкигийн дөрөвдэх бүтээл болох энэ номыг 2013 онд буюу тэр жил уншчихаад ийм нэгэн тэмдэглэл бичиж байжээ.



2011 оны аймшигт цунамигийн дараахан Канадын нэгэн эрэгт амьдардаг зохиолч эмэгтэй далайн эргээр алхаж яваад Hello Kitty-ийн хоолны сав олжээ. Савыг онгойлгож үзвэл Францын алдарт зохиолч Марсел Прустын “Алдагдсан цагийн эрэлд” бүтээлийн хавтас бүхий том дэвтэр, эрэгтэй хүний бугуйн цаг бас хэдэн захиа байлаа. Дэвтрийг сөхөн үзвэл нэгэн охины өдрийн тэмдэглэл, хачирхалтай нь эхнээсээ дуусах хүртэлээ англи хэлээр бичигдсэн байх нь тэр. Зохиолч сониуч зандаа хөтлөгдөн өдрийн тэмдэглэлийг уншиж эхэлжээ.

16 настай Нао ганцаардал, үзэн ядалт, гадуурхалтаас болж сургуульд явах тун дургүй. Америкт өссөн Нао охиныг Японд ирэхэд найрсаг хүлээж авсангүй. Ганц охиныг ч бус тэдний гэр бүлийг олон бэрхшээл хүлээж байлаа. Үеийнхнээсээ том биетэй болохоор хэн ч тоож найзалсангүй. Үл тоогоод л өнгөрөх төдий гэж бодсон нь эндүүрэл байжээ. Ангийн нь хүүхдүүд элдвээр доромжилж сэтгэл санаагаар унагахаас гадна нүднээс далдуур охиныг тамхины галаар түлж, хайчаар элдэв шарх сорви үлдээх нь хэцүү. Нао энэ бүхнийг хэнд ч хэлдэггүй байлаа. Үнэндээ хэлээд ч нэмэр үгүй гэдгийг мэднэ. Гэр нь хотын захын хороололд учир охинд нөлөөлөхөөр тийм орчин үгүй, аав нь ажил хайж байгаа нэртэй амиа хорлох алхам хийж, ээж нь өдрөөс өдөрт доройтож байгаа амьдралаа сонирхолтой болгох гэсэн үү гадуур дэмий явна. Амиа хорлолт нь бүтэлгүй болоход аав нь гэрээс гарахаа болилоо. Өдөржин Өрнийн философийн ном уншиж, интернэтээр тэнэхдээ охинд нь чухам юу тохиолдоод байгааг мэдсэнгүй, мэдэхийг ч хүсэхгүй байгаа бололтой. Бүх зүйл утгаа алдаж Нао аавыгаа үзэн ядна. Ангийн нь хүүхдүүдийн гадуурхалт хэрээс хэтэрч багштайгаа нийлж охины “оршуулга” гэгчийг ангидаа зохиож, амьд мэнд хичээлдээ ирж байгаа Наог үгүй болсон мэт харьцана.

Наогийн элэнц эмэг Жико гэх хөгшин 104 насыг зооглож, Сэндай хотын ойролцоо нэгэн хийдэд эрүүл саруул аж төрдөг ажээ. Амьдралын нь энэ хэцүү үед сэтгэлийн дуудлагаар ч гэх үү Жико эмгэн Наогийн гэрт зочилов. Халзан толгойтой жижигхэн хөгшин охиныг сонирхон амралтаараа сүмд нь очихыг хүсэв. Диснэй Лэндэд очих тоглох хүсэл нь унтраагүй өсвөр насны охинд сүмийн амьдрал хачин уйтгартай санагдахаас гадна хичнээн цаг бясалгал хийж цэх суух хийгээд хөгширч жижгэрсэн Жико эмээг усанд оруулахаас гадна сүмийн гал тогоонд туслах зэрэг нь эхэндээ гойд сайхан санагдсангүй. Гэвч Жико эмээ охины зүрхний үгийг сонсож, сургууль дээрээ амсдаг тэр зовлонг хэлүүлэлтгүй ойлгож байгаа юм шиг санагдаж Нао өдрөөс өдөрт сүмийн амьдралд дасаж эхэллээ.

Жико эмээгийн хүү Харуки 17 насандаа Дэлхийн Хоёрдугаар Дайнд татагдаж, эцэст нь эх орныхоо төлөө алтан амиа өгснийг сонсоод Нао бодлоо: “Миний ангийнхаа хэдэн охидод дээрэлхүүлэх хийгээд, амин зуулгын хариуцлагаас зугатсан аавын өчүүхэн бэртэгчин санааг Харуки хүүгийн амссан тэр цаг үеийн зовлонтой харьцуулашгүй” гээд Харуки хүүгийн ээждээ бичсэн захидлын тухай Жико эмээгээс асуулаа. Захидлын утга тэр чигээрээ баатарлаг хүү хүсэл зоригоороо эх орныхоо төлөө амь биеэ хайрлалгүй тулалдах тухайгаа, элгэн садан, хайрт ээжээс нь салгасан аймшигт дайснуудыг хүйс тэмтрэх тухай байлаа. Гэвч Жико эмээгийн хэлснээр бол энэ бүхэн үнэндээ Харуки хүүгийн нь сэтгэлээс гарах үг биш гэнэ.
Амралтын хэдэн өдөр гайхалтай сайхан өнгөрсөн ч Токиод буцаж очоод л өнөө гадуурхалт эхэллээ. Охин нэг өдөр үсээ хусч ангидаа очоод бүгдэд нь мэхийн ёслоод сургуулиас гарчээ. Ээжийгээ харахад хичээлдээ явж буй мэт дүр эсгэх хэдий ч хачир дээрээ жижигхэн кофе шопт сууж өдрийн тэмдэглэл бичиж суухыг илүүд үзнэ. 9 сарын 11, Америкийн хувьд эмгэнэлт тэр өдөр аав нь зурагтынхаа урдаас салсангүй. Сүүлдээ интернетээр тэр алан хядлагын тухай болоон худладааны хоёр цамхаг  нурж байгаа бичлэгийг байн байн үзнэ. Аавын нь энэ хачин байдал хийгээд шөнө дөлөөр гэрээсээ гарч дэмий алхах утгагүй явдал Наогийн тэсвэрийг барж охин үл бүтэх эмэгтэйтэй нөхөрлөж эхэллээ. Японы нийгмийн муу муухай бүхнийг амсаж, хэзээ ч хийж үзнэ гэж төсөөлөөгүй бүхнээ хийж явахад нь Жико эмээгийн сүмээс дуудлага ирлээ.
Зэн буддист хөгшин насан өөд болох тэр мөч… Цаг хугацааны үргэлжлэл байсан жижигхэн тэр эмэгтэй ганц хүүгээ хүн төрөлхтний түүхэнд хар мөр үлдээсэн тэр үйл явдалд алдсан ч Нао охиныг бас нийгмийн бусармаг зүйлийн золиос болгохыг хүссэнгүй бололтой Харуки хүүгийнхээ амиа өгөх тэр өдөр хүртэл ээждээ зориулан Франц хэлээр бичдэг байсан өдрийн тэмдэглэлийг үлдээсэн ажээ. Токио хотруу буцсаны дараа Нао аавтайгаа хамт Франц хэлээрх тэр тэмдэглэлийг орчуулан уншжээ. Гэтэл Харуки хүүгийн дайны тэр өдрүүд өмнөх захидлуудад түүний чин сэтгэл хийгээд дайн дажныг үзэн ядаж, хэдийгээр камиказэ нисгэгч болж сонгогдсон ч байгаа онолгүй далайд живж үхэхээр шийдсэн тухайгаа бичжээ. Нэгэн гэр бүлийг хагацааж, нэгэн ээжийг уйлуулж дайн гэгч харгис явдалд хувь нэмрээ оруулах гэж ээждээ хүү нь болж төрөөгүй, энэ биеэ чилээж эрдэм ном сураагүй тухайгаа гагцхүү ээждээ зориулан Франц хэлээр бичиж үлдээсэн нь тэр байжээ. Гэхдээ хөөрхий Жико үүнийг нь орчуулан уншиж чадаагүй хэдий ч сэтгэл зүрхээрээ мэдэрч ээждээ хаяглан Япон хэлээр бичдэг байсан захиа бүрийнх нь үг худлаа байсан гэдгийг ч мэдэж байж.

Наогийн энэ өдрийн тэмдэглэлийг уншиж суухдаа зохиолч эмэгтэй энэ бүхэн худлаа байлгүй дээ гэж бодох үе ч гарна. Гэвч хайрцаганд ирсэн нисгэгчийн цаг зогсолгүй явж байхыг үзвээс Нао охин, Харуки, Наогийн аав гээд бүгд бодит.
Нао охин Токиод ирээд яасан тухайгаа, аав нь ажилд орсон эсэхийг, Жикогийн тухай ном бичсэн эсэхээ дурдалгүй өдрийн тэмдэглэлээ төгсгөжээ. Зохиолч эмэгтэй Наогийн аавтай нь холбоотой байсан Америк эрдэмтэнрүү захидал бичиж тусламж хүсэхэд бүх явдлын учиг жаахан тайлагдав. Наогийн аав нь Америкт байх хугацаандаа сонирхолтой нэгэн тоглоом буюу галт зэвсэг зохион бүтээснийг нь хүмүүс буруугаар ашиглаж хожмоо Америк Садамм Хуссейнтэй хийсэн дайндаа ашиглаж байжээ. Наогийн аав Харуки хүү хоёрын сэтгэлийн шаналал адилхан байжээ. Өөрийн хийсэн зүйлийг хүмүүс хүн төрөлхтний эсрэг ашиглаж байгааг үзээд дуугай суух хэцүү байсан байж таарна. Харин үүнийг нь жаахан охин нь яахин ойлгох билээ. Тэр ч мөн өөртөө таарсан зовлон хангалттай амсаж байсан билээ. Нао охин хожмоо Канадад сурахаар явсан тухай өвгөн эрдэмтэн захиандаа дурджээ.

Харин энэ хайрцаг яагаад ирэх болсон, цунами болох үед Нао охин хаана байсан зэрэг нь зохиолчийн хувьд тайлагдашгүй нууц болон үлджээ.

Friday, September 23, 2016

Хорвоо ертөнц чамайг дурсах уу?

Англи хэлний багш маань их даруухан номын хүн. Хөдөөний охин би хотод анх ирээд ихэнх хичээлээ ойлгохгүй мунгинана. Багш маань заримдаа гэртээ аваачиж давтуулна. Галынхаа өрөөнд гурил нухангаа “Багш нь радио сонсох их дуртай” гээд хөргөгчин дээр тавьсан жижигхэн хөгжмийг чангална. Хөдөөний надад юм бүхэн соньхон. Багшийн гэрийн аяга таваг, талхны сав, гэрийн шаахай, зөөлөн буйдан, за тэгээд хамгийн сайхан санагдсан булан бол номын тавиур. Санаа зовж нэрэлхсэндээ тийшээ бол зүглэхгүй. Хүүхдүүд нь ч жаахан байжээ. Одоо бараг санахгүй байна, хоёр хүүхэд гаднаас орж ирээд өрөөндөө орчихно. Гэхдээ байнга л хаалга савж, орж гарч, шанага шаганаар ус хутгаж уучихаад буцаад л гарч тоглодог хөдөөний надад бол чимээгүй орж ирээд номоо тэврээд өрөө рүүгээ орчих нь их сонин санагддаг байж билээ.

Сургуулиа төгсөж оюутан болох ахуйд багшийнхан гэр бүлээрээ Америк явлаа гэж сонсогдож байсан. Дэлгүүрт хэд хэдэн удаа таарахад багш нөгөө л янзаараа. Би гэж хүн баахан тэнэж, эрдэм сурсан нэртэй, заримдаа багшийнхаа өмнө англи хэлээр халтар хултар ярьж бичдэг гэж хэлэхээс ичнэ.

Түүнээс хойш олон жилийн дараа Робин Шармагийн “Ферраригаа зарсан лам” номыг хүний нутагт байхдаа уншаад багштайгаа хуваалцаж байлаа. Гэтэл багшийн охин зохиолч Робин Шармагийн бас нэгэн гайхалтай бүтээл болох "Who will cry when you die" зохиолыг Монгол хэлнээ орчуулан уншигчдадаа хүргэж байгаа дуулаад баярласан гэж жигтэйхэн. Нэг өдөр багш утасдаж байна, “Номын нэрийг юу гэж өгвөл зохих вэ?” гэнэ. Санаанд орчихмоор тодорхой хариу байхгүй байсан тул тэгс хийгээд өнгөрлөө. Их ажлын дунд өнөө нэр байн байн санаанд орох ч яг яаж орчуулбал аятайхан сонсогдох талаар санаанд буухгүй. Гэтэл удалгүй багш маань номоо хэвлэлтээс аваад явж байна гэхтэй таараад өөрөөсөө бага зэрэг ичсэнээ нуух юун.

“Хорвоо ертөнц чамайг дурсах уу?” гэсэн нэртэй жижигхэн номыг алган дээрээ тавиад чихрээр шагнуулсан жаахан хүүхэд аятай  учиргүй баярлаж, эргээд сурагч ахуй насандаа очиж багшийн заасан болгоныг шимтэн  сурахсан гэж хий дэмий мөрөөдөж билээ. Хоёроос гурван цаг дараалан ордог байсан гадаад хэлний хичээлийг тухайн үед чин сэтгэлээсээ хичээнгүйлэн сурсан бол их зүйл өөрчлөгдөх байсан даа гэж бодож бас үзлээ.

“Чамайг энэ хорвоод уйлж мэндлэхэд дэлхий ертөнц баяр баяслаар дүүрэн байсан, харин энэ хорвоогоос буцах үед чи өөрөө баяр баяслаар дүүрэн байж, дэлхий ертөнц чиний өмнөөс гашуудтал тийм сайхан амьдраарай”… гэж энэ номыг төгсгөжээ.

Утга учиртай амьдрахыг хүсэхгүй хүн гэж хаа байхав. Тэгвэл Канадын хуульч, зохиолч Робин Шарма танд мэдсэн, сонссон, судалсан, уншсан бүхнээ харамгүй хуваалцаж, хорвоо ертөнц биш юмаа гэхэд үр хүүхэд тань таныг дурсах тэр нууцыг хуваалцаж байна.

Номыг эх хэлнээ орчуулсан багшийн охин Л.Булганд амжилт хүсье!


Tuesday, September 20, 2016

Ном бол хамгийн хямд аялал

Таныг дэлхий тойруулж чадах 80 номыг www.bookriot.com  нэрлэж байна. Та бүхэндээ зориулан англи үсгийн дарааллаар хүргэж байна.



Та үүргэвчээ үүрээд дэлхийгээр аялмаар байна уу? Ном бол хамгийн хямд аялал гэдэг. Тэгвэл дэлхийгээр аялсан юм шиг тийм сайхан мэдрэмж өгөх дараах номуудыг www.bookriot.com нэрлэснийг бид орчууллаа. Манай цахим хуудсыг шимтэн уншдаг та бүхэндээ зориулан англи үсгийн дарааллаар хүргэж байна.

Афганистан - “Kite Runner” Khalid Hosseini: Монгол хэлнээ “Цаасан шувуу наадуулагч” нэрээр орчуулагдсан энэ номд Афганы улс төр нийгмийн хүнд хэцүү үед чинээлэг айлын хүү болон тэднийд зарцлагдах Хазара хүүгийн нөхөрлөлийг өгүүлнэ.

Алжир - “Algerian White” Assia Djebar: Зохиолч Алжерын тусгаар тогтнолын үед тэмцэж яваад алагдсан сэтгэл зүйч, социологич, жүжгийн зохиолч найз нарыгаа дурсан бичжээ.

Ангол - “Good Morning Comrades” Ondjaki: Анголын иргэний дайны үеэр 12 настай хүү болон түүний найзын гэгээн үерхэлийн тухай өгүүлнэ.

Аргинтин - “He who searches” Luisa Valenzuela: Зүсээ хувиргасан тэмдэг судлалын профессор долоо хоногт хоёр удаа нэгэн биеэ үнэлэгч дээр зочилж өөрт нь мэдэгдэлгүйгээр бүсгүйг судалж буй тухай энэ зохиолоос уншаарай.

Австрали - “The Thorn Birds” Colleen McCullough: “Өргөст модны шувуу” нэрээр гарсан кино нь манай үзэгчдэд нэлээн олон жилийн өмнө  танил болсон.

Бангладеш - “A Golden Age” Tahmima Anam: Бангладешийн Иргэний дайны үеэр хүүхдүүдээ амьд мэнд авч үлдэх гэсэн бэлэвсэн эхнэрийн тухай зүрх шимшрэм түүхийг өгүүлнэ.

Белги - “Wonder” Hugo Claus: Нэгэн эр галзуурч явсаар Дэлхийн хоёрдугаар дайнаас хорин жилийн дараа Нацистуудаар дүүрсэн байсан эртний нэгэн цайзад орсон тухай энэ зохиолоос уншаарай.

Бразил - “Symphony in White” Adriana Lisboa: Эхийнхээ үхлийг мөшгин явсаар гэр бүлийнхээ нууцыг мэдэж, өнгөрсөнтэй нүүр тулан учир бүхнийг тайлж яваа эгч дүүсийн түүх.

Камбожи - “First They Killed My Father” Loung Ung: Цэргийн нэгэн дээд албан тушаалтны охины дайн тулалдаанд оролцож явсан түүх хийгээд цэрэгт байсан амьдралын тухай дурсамжийг өгүүлнэ.

Камерун - “Houseboy” Ferdinand Oyono: Камерон улс колончлолд байх үед нэгэн залуу хар арьстан хүү нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олох гэж буй тэмцэл.

Канад - “The Blind Assassin” Margaret Atwood: Гол дүрийн хүн зуун дамжин амьдралын үнэн мөрийг хайж буй зохиол доторх зохиол юм.

Чад - “Told by Straight in Chad” Joseph Brahim: Зохиогчийн Чадад өнгөрүүлсэн бага насны амьдралын үйл явдлуудын тухай өгүүлжээ.

Чили - “Ten Women” Marcela Serrano: Сэтгэл мэдрэлийн эмчээрээ холбогдсон 9 эмэгтэйн тэс өөр амьдралуудын тухай энэ зохиолд гарна.

Хятад - “Empress Orchid” Anchee Min: Хятадын сүүлчийн эзэн хааны бага эхнэрийн хаан ширээг хэрхэн булаан авах гэж буй оролдлого, тэмцлийн тухай энэ номоос уншаарай.

Колумб - “One Hundred Years of Solitude” Gabriel García Márquez: “Зуун жилийн ганцаардал” зохиолыг манайд уншаагүй хүн цөөн биз.

Конго - “Full Circle” Frederick Yamusangie: Африкийн хөдөө тосгонд ирсэн хүү амьдралын олон өнгийг олж харж байгаа тухай энэ зохиолд гарна.

Куба - “Farewell to the Sea” Reinaldo Arenas: Кубын хувьсгалын үеэр залуухан яруу найрагч эхнэрийн хамт далайн эрэгт очих бөгөөд амьдралын гуниг бүхнийг энд өгүүлж буй юм.

Эквадор - “Cumanda” Juan León Mera: Эцэг эхийгээ хөнөөлгөсөн номлогчийн хүү нутгийн уугуул омгийн үзэсгэлэнт охинд дурласан түүх.

Египт - “Palace Walk” Naguib Mahfouz: “Кайрийн гурвалсан зохиол”-н эхний хэсэг болох энэхүү зохиолд дарангуйлагч болон түүний хөөрхийлөлтэй эхнэр, хоёр охин, гурван хүүгийн тухай уншигчдад танилцуулна.

Эфиоф - “Cutting for Stone” Abraham Verghese: Энэтхэг ээж Англиа аавын хүүхдүүд болж төрсөн ихэр хөвгүүд өнчирч хоцорсон бөгөөд өсөж том болохын цагт Этиопын Хувьсгалыг эхлүүлсэн эрэлхэг эрс болсон тухай энд өгүүлжээ.

Франц - “Gigi” Collete: Нэр хүнд мөнгөн төгрөгт хэтэрхий их ач холбогдол өгсөн тийм нэгэн гэр бүлд өсөх залуу авхай энэ бүхнээсээ татгалзан өөрийн замаа хайж буй түүх

Герман - “The Quest for Christa T.” Christa Wolf: Хар багын хоёр найзын Дэлхийн Хоёрдугаар дайнаас 1960-аад он хүртэлх амьдралыг өгүүлсэн.

Гана – “Changes” Ama Ata Aidoo: Хүчирхийлэгч нөхрөөсөө салсан тэр нэгэн бүсгүйг баян эр хоёр дох эхнэрээ болгох гэж гуйна. Харин бүсгүй ямар шийдвэр гаргах бол? Энэ номноос олж уншаарай.

Гватемал – “The President” Miguel Ángel Asturias: Дориун зантай дарангуйлагч эр хүч чадлаа хадгалж үлдэхийн тулд өөрийн дайснуудаа ичгүүр сонжуургүй хядаж байгаа тухай.

Гвиние – “The Dark Child” Camara Laye: Африкийн уламжлалт амьдралаас орчин цагийн сэтгэл татсан өөрчлөлт рүү орж буй үеийн дурсамж, тэмдэглэл

Гайти – “Claire of the Sea Light” Edwidge Danticat: Аавынхаа харгис хатуу шийдвэрийг эсэргүүцэн гэрээсээ оргож, сайн сайхан амьдрал хайн тэнүүчлэн явах охины тухай зохилд гарна.

Энэтхэг – “The Palace of Illusions” by Chitra Banerjee DivakaruniСалшгүй эрхээ эдлэх хүсэлтэй өөрийн 5 нөхөртөө туслах гэсэн Драупади гэх эмэгтэйн түүхийг энэ номноос уншаарай.

Индонез – “Saman” Ayu Utami: Сексийн эрх чөлөөгөө эрж хайх найз хүүхнүүд хийгээд Католик номлогчийн өгч буй зөвлөгөө.

Иран – “Reading Lolita in Tehran” Azar Nafisi: Барууны утга зохиолын хичэлийг гэртээ нэгэн зохиолчоор заалгаж буй охины дурсамжийг өгүүлжээ.

Ирак – “Dreaming of Baghdad” Haifa Zangana: Саддам Хусейны дэглэмийн үед эрх чөлөөгөө хасуулан, Абу Грайбт цөллөгт байгаа хүмүүсийн дурсамжууд.

Үргэлжлэл бий...

Thursday, September 1, 2016

Хүн чанараа л худалдчихгүй юмсан

Данжийн газар ажиллуулдаг хүнийг үнэд хүрч болох юм болгоныг авдаг гэж ихэнх хүмүүс боддог. Ямар гараар орсон эд болоод хэний аманд үмх будаа болж орох гэж байгаа зүйл вэ гэдгийг энэ олон жил ажиллахдаа өвгөн би хараад танихтайгаа болж. Барьцаалан зээлэх гэж байгаа эд нь болоод байхад хүн нь таалагдахгүй, эсвэл хүнийг нь өрөвдсөн ч эд нь санаанд хүрэхгүй үе ч бий.

Нэгэн удаа амандаа далдуу модны самар (檳榔 далдуу модонд ургадаг энэ самрыг Тайвань эрчүүд зажилдаг бөгөөд энэ нь сэргээх үйлчилгээ бүхий нэг төрлийн тамхи болдог юм) зажилж, улаан хошуулсан нэг эр манайд ирлээ. Замын нөгөө талд харагдах ганган тэргийг зааж данжлах юм гэнэ. Тухайн үедээ моодонд орж байсан ганган тэрэг яахаараа энэ эрийн мэдэлд явж байдаг байна гэж гайхаад хэдэн төгрөг хэрэгтэйг нь асуув. Мань эр энэ сайхан эдийнхээ зах зээлийн үнийн ердөө л арван хувийг авна гэнэ. Нэг л биш санагдаад явчихлаа.

Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэх гэж байгаа юм шиг санагдах хэдий ч өнөө эрийг харахаар итгэл төрж өгсөнгүй. Юутай ч түүнийг дагаад гарч тэргийг үзэхээр боллоо. Хамрыг нь сөхөж нэлээд харлаа, ээ дээ мөн ч сайхан эд байна. Дөрвөн дугуй шинээрээ, ширхэг ч зураас байхгүй. Намайг ийнхүү тойрч үзэж байхад мань эр хэдэн төгрөгөөр хаанаас авсан, яагаад одоо мөнгө хэрэгтэй болсон гээд л ярьж болох бүх зүйлийг ам хуурайгүй чалчина.

Яалт ч үгүй сайхан эд! Яаж яваад энэ хүний гарт орчихов гэж бодоод өнөөх рүү хартал эхнэр хүүхдээ суулгаад ийшээ тийшээ явснаа хүртэл хэлээд авлаа. Бүхээгт нь орж суугаад харж шалгаж болдог хамаг зүйлийг нь ухаж төнхөж хамгийн сүүлд нь хөгжмийг нээвэл дуурийн CD гараад ирэх нь тэр. “Энэн шиг нөхөр Тайвань ардын дуу л сонсоно уу гэхээс ийм юмыг ганц ч минут тэвчээртэй сонсохгүйсэн” гэж бодогдоод “Та ч хөгжмийн мэдрэмжтэй хүн байна шүү!” гэтэл ээрч мууран байж “Аа, наадах чинь… надад энэ тэргийг зарсан эзний эд байна” гэж авч байна. “Эхний СD бол эзэн хүнийх нь хамгийн их сонсдог хөгжим байдаг юм шүү дээ” гэж бодсон ч түүнд энэ бодлоо хэлсэнгүй. 

Гэхдээ бас “Хулгайн эд байна шүү дээ!” гээд хэлчихэж чадсангүй. Тэгээд “Уг нь ч сайхан эд байна. Даанч таны машины бичиг баримт хуурамч байна” гэчихлээ. Өнөө эрийн нүд нь том болж ирээд “Яалаа гэж дээ! Хаана нь хуурамч байна? Алив үзүүлээдэх” гэв. “Алив зүйлийн хуурамч жинхэнийг тэндээ байна гээд шууд хэлчихэж болдоггүй юм” гэхэд олон зүйл ярьсангүй машинаа жолоодоод холдлоо.

Өдөр бүр манайхыг зорьж ирдэг олон хүний дунд худалч, хулгайч нөхөд бишгүй л байдаг болохоор тэр нөхрийг бараг мартах шахсан байлаа. Гэтэл нэг өдөр зурагтаар онц ноцтой гэмт хэргийг илрүүлж, олон үнэтэй зүйлийг эзэдэд нь буцаан өглөө гээд л шуугиж байна. Ахиулан харвал өнөө үнэт зүйл дунд надад нам шалгуулаад явсан сайхан эд маань зогсож байх нь тэр.
“Үгүй нээрээ, би яаж мөнгө өгчихсөнгүй вэ? Хэрэгт орохоо шахлаа шүү” гэж бодож билээ.
Хулгайч хүмүүсийн нүдэнд данжийн газар бол диваажин шиг л харагддаг байх. Хүний нүд хариулж авсан зүйлээ хэдэн цаасаар солих гэж улайрах тэднийг үзэн ядаж, аль болох энэ бүхнээс хол явах юмсан гэж боддог юм даа.


Жижигхэн алтан бөгжнөөс эхлээд үнэтэй цүнх, алтан хошуутай үзэг, аяга таваг, хүүхдийн төгөлдөр хуур, хөгшчүүлийн насаараа эдэлсэн зүйл гээд энэ бүхний цаана ХҮН л байдаг. Хүний сэтгэл шингэсэн тэр бүх зүйлийн цаана хуучны дурсамж, баярын нулимс, харууслын гаслан байдаг юм шүү.