Popular Posts

Wednesday, December 16, 2015

"The art of creative thinking" Rod Judkins

Үе үе хэнхэгтэй юм шиг сонин сонин зүйл ярьж, сэдэж, залуусыг бужигнуулж явдаг хэдэн найз надад бий. Гаднаас нь өнгөц харахад хийх юмаа олж ядсан ч юм шиг. Эсвэл нэр хүнд хөөгөөд ч байгаа юм шиг, эсвэл хэт ухаантай царайлж, алив асуудал болгонруу үсчээд байгаа ч юм шиг. Харин яг сонсоод үзэхэд тэдний толгойд элдэв янзын санаа эргэлдэж, тэр бүхнээ ажил хэрэг болгох гэж нойр хоолгүй зүтгэнэ. Нэг хэсэг нөхөд ийм байхад зарим нэг хэсэг нь тэднийг дэмжиж, хамтран ажиллаж, зарим нэг нь дуугүйхэн алдаа гаргахыг нь хүлээж сууна. Бүр зарим нь хажууд нь бөмбөг дэлбэрсэн ч тоохооргүй шинжтэй дөмбийнө. Би харин тийм нөхдөд хайртай. Уулзах бүрт ямар нэг шинэ юм дуулгана, нийгмийн олон асуудалд олон янзын өнцгөөс хандана. Хэзээ ч миний бодож байгаагүй өнцгөөс голыг нь олоод харчихсан л явдаг юм. Тэндээс эрч хүч мэдрэгддэг. Түүнийг мэдрэх төдийд л илүү олон зүйлийг сурмаар, судалмаар, энэ амьдралд баярламаар болдог юм даа.

Хүн бүрт бүтээлч сэтгэлгээ бий. Энийг ингээд хийчих сэн, тэрийг ингээд өөрчилчихвөл яах бол гэсэн бодол байдаг.

Энэ номын зохиогч Дубайн нэгэн телевизэд олон ангит кинонд ажиллахаар уригдаж гэнэ. Өнөө л савангийн дуурийн нүсэр том баг хамтран ажиллахаар түүнийг хүлээж байжээ. Таван одтой буудалд байрлуулж, тухлаг машинаар үйлчилж, ажлын өрөө, уулзалтын танхим хүртэл бэлдэж өгчээ. Гоёмсог бүтээлэгтэй үнэтэй ширээний ард хамт ажиллах нөхөд нь түүнийг юу хэлэх бол гэж хүлээнэ. Ийм тансаг чамин орчинд чөлөөтэй сэтгэж, уран бүтээлийн талаар ярилцана гэдэг үнэхээр утгагүй санагдсан тул өнөө гоё ширээ сандлыг бүгдийг холдуулж, уран бүтээлчдийг тойруулаад суулгалаа. Зохиолч, найруулагч, зураглаач, гэрэлтүүлэгч, нүүр будагчин гээд л тэр кинонд ажиллах бүх л хүн ирж. Санаагаа ярилцав. Юун тухай байх, хэн хэн гэдэг дүрээр юуг өгүүлэх вэ гээд л тэд ярьж байна аа. Бүгд л өөр өөрийн ажлаа хэнээр ч заалгахгүй мэддэг бололтой. Арга ч үгүй биз. Олон савангийн дуурийн ард гарсан улс шүү дээ. Нэг нийтлэг зүйл олж харсан нь тэд нэг ижил хэмнэлд орчихсон явдал байлаа. Зураглаач хүн зөвхөн яаж зураг авахаа (бараг план бүрээ дотроо адь хэдийн харчихсан байв), нүүр будагчин яаж нүүр будахаа л яриад байна гэнэ. Мань эр тэгээд ингэж шийдлээ. Зохиолчоос зургийг яаж авах тухай, найруулагчаас нүүр хэрхэн будах тухай, гэрэлтүүлэгчээс ямар гол дүр байх тухай асууж эхэллээ. Эхлээд бүгд гайхсан хэдий ч яриа улам сонирхолтой болоод ирлээ шүү. “Эхлэн суралцагчийн санаа хэзээд шинэ, сонирхолтой байдаг” гэсэн зүйлийг эндээс ойлгож болно гэж номын зохиолч Род хэлжээ. Харин тэр кино үзэгчдийн хүртээл болохдоо Дубайд гарч байгаагүй сонирхолтой, хит кино болж чадсан гэнэ билээ.

Энэ мэт маш олон сонирхолтой жишээг бүлэг бүртээ татсан энэ ном 2015 оны эхээр хэвлэгдэж, Хонг Конгийн онгоцны буудлын номын дэлгүүрийн тавиур дээрээс намайг дуудсан юм даа.

Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, нийгэмдээ, эх орондоо ихийг хийхийг хүсэж буй хүн бүр уншаасай гэж хүсээд энэ номыг санал болгож байна.

Friday, December 11, 2015

"Elizabeth is missing" Emma Healey

Английн залуу зохиолч Эмма Хилигийн энэ ном өнгөрсөн онд хэвлэгджээ. Энэ номыг уншаад эмээгээ их саналаа. Бид нас дээр гарах тусам мэдрэмтгий, яг л хүүхэд шиг болдог юм байна. Хөөрхий эмээ минь нүд аньтлаа бидний төлөө хичнээн их санаа зовж байсан бол? Энэ хорвоогоос үүрд явахаа мэдэж байсан тэр мөчид юу гэж бодож байсан бол? Амьсгалж буй агаар, модод, уул ус, ундаалах ус, хүмүүс бид, хүрээлэн буй орчин, цаг хугацаатай уралдан хөгжиж буй техник технологи гээд бидний завгүй амьдралдаа анзаарч хардаггүй бүхнийг нэг бүрчлэн ажиглаж, гайхаж, бас гомдож туниж ер нь маш их зүйлийг боддог байсан болов уу? Энэ номын ачаар би 82 настай эмэгтэйн нүдээр өнөөгийн амьдралыг хараад авлаа.

Жирийн үед мартаж санахтай энэ өвчин ямар ч хамаагүй. Өндөр настнууд голдуу тусдаг Альцгеймер өвчний үед ой санамж үгүй болдог бөгөөд янз бүрээр илэрдэг. Мауд эмээ энэ өвчнөөр өвдсөн болохоор зарим нэг зүйлийг санах үедээ жижиг цаасан дээр тэмдэглэдэг байлаа. Жишээ нь “Шарсан талх идэж болохгүй”, “Гэрлээ унтраасан эсэхээ шалга”, “Охины утасны дугаар”, “Гэрийн хаяг” гэх мэт олон жижиг цаас түүний халаасанд бий. Гэтэл “Элизабет алга болсон”, “Элизабетаас сураг алга” гэсэн цааснууд олдов. Ингээд Мауд эмээ найзынхаа эрэлд гарна. Гэрт нь очлоо хүн алга, утасдлаа, хэн ч авсангүй. Гэвч эрлээ үргэлжлүүлэхэд нь хамгийн их саад болж байсан зүйл бол түүний ой санамж байв. Хааяа гэнэт ухаан ороход цагдаагийн хэлтэст байж байна, эсвэл сүмд, эсвэл найзынхаа очих дуртай дэлгүүрт гээд бүр заримдаа өөрийгөө яах гэж энд тэнд явж байгаагаа хүртэл мартаж орхино. Нэг удаа бүр найзынхаа цэцэрлэгийн газрыг ухаад сууж байдаг байлаа. Энэ явдлын хажуугаар түүнийг 12 настай байхад нь сураггүй алга болсон эгчийнх нь хэрэг санагдана. Багын тэр явдал харин санаанд нь их эмх цэгцтэй орж ирнэ. Элизабетын эрэл улам бүр даамжирч хотын цагдаа, сонингийнхон хүртэл Мауд эмээгээс залхаж, охин нь түүнийг ганцааранг нь үлдээж болохгүйг ойлгож хажуудаа авчирлаа. Гэвч Мауд эмээ өдрөөс өдөрт хачин аашилж найз Элизабетаа хайсаар л. Аргаа барсан охин нь түүнийг асрамжийн газар өгөхөөс өөр аргагүй боллоо. Тэнд хэр удсаныг бүү мэд. Охиноо ч тэр танихаа больж эхэллээ.

Гэтэл нэг өдөр Элизабет найзыг нь эмнэлэгт байгааг дуулгаж эргэж очихоор боллоо. Хөөрхий найз нь нэлээн ядрангуй хэвтэнэ. Түүнийхээ буурал үсийг самнах гээд хажууд нь байгаа самыг автал Мауд эмээд таалагдсангүй. “Элизабет минь ийм муухай самаар үсээ самнахыг хэзээ ч зөвшөөрөхгүй дээ” гэж бодно. Тэр найзыгаа дэндүү сайн мэддэг байлаа. Найзын нь тухай дурсамж түүний санаанд тодхон. Хөгшдийг ийнхүү уулзаж байхад Элизабетын хүү Маудын охинтой хэдэн үг сольж “Ээж чинь манай цэцэрлэгийн шороог ухаад сууж байхыг олон удаа харлаа” гэж гомдол хэлэхдээ тийм ч найрсаг үг хэрэглэсэнгүй. Энэ нь Маудын охины уурыг хүргэж, тэд эмнэлэгээс буцах замдаа Элизабетын цэцэрлэгээр дайраад гарлаа. Үнэхээр хэн нэг нь газрыг сэндийчсэн байв. Маудын охины уур нь хүрч машиныхаа араас хүрз гарган, ээжийгээ загнан өнөө газрыг ухаж гарлаа. Гэтэл хүрзэнд ямар нэг юм тээглэх нь тэр. Тэр хоёр яаран цагдаа дуудахад байцаагч залуу Мауд эмээг дор нь танив. “Та өнөө найзыгаа алга болсон гэж олон удаа мэдэгдэж байсан эмээ мөн байна шүү дээ” гэв. Харин энэ газар дороос олдсон цогцос бол Элизабеттай ямар ч холбоогүй, харин 70 жилийн өмнө сураггүй алга болсон Маудын төрсөн эгчийн нь цогцос байсан юм.

Зохиолч 70 жилийн зайтай болсон хоёр үйл явдлыг зэрэгцүүлж бичихдээ уншигчдыг огтоос төөрөлдүүлсэнгүй. Хүний дурсамж олон зүйлээр эргэн ирдэг. Үнэр, өнгө, байгалийн үзэгдэл, амт, хүсэл, хөгжим, мэдрэмж гээд хүний дурсамжийг сэргээх олон зүйл бий. Ой санамжаа алдсан хүнд заримдаа бүх зүйл шинэ юм шиг санагдана. Үүнийг зохиолч үгээр гайхалтай дүрсэлж, яг л Мауд эмээгийн нүдээр орчин тойрноо харж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. 

Wednesday, December 2, 2015

"Номын хулгайч"




Хүүхэд аз жаргалын хөтөч гэдэг. Хүнийг ямар ч үед инээлгэж чаддаг, хэнийг ч ялгалгүй баяр хөөрийг бяцхан зүрхнээсээ бэлэглэж чаддаг хүмүүс бол хүүхэд.
Лизэл эргэн тойрондоо, гэр бүлдээ аз жаргал бэлэглэгч байсан юм. Хүүхэд насны нь хэсэгхэн үе, дайн дажинтай байсан ч амьдралын нь тэр хэдэн жил түүнд хүн хүнээ хайрлахын учир утга, бусдад баярлаж талархахын гайхамшигийг сургасан гэлтэй. Австралийн зохиолч Маркус Зусакийн энэ зохиолыг би киног нь үзчихээд уншсан юм. Зарим шүүмжлэгчид үүнийг өсвөр насныхан уншихад арай хүнддэнэ гэдэг бол зарим нь “Анна Франкийн өдрийн тэмдэглэл”-тэй нэг тавиурт хамт тавих ёстой гэж үздэг. Охин айлын номын сангаас ном хулгайлж байгаа үзэгдлийг зохиолч тайлбарласангүй. Унших нь зөв, хулгайлж байгаад ч хамаагүй унш гэсэн санааг мөн дайны хүнд хэцүү цагт хулгайлж олсон тэр номын ертөнц охиныг амьд мэнд үлдэхэд нөлөөлжээ гэсэн санааг хэлэх гэсэн бололтой.

9 настай Лизэл охин дүүгийнхээ шарил дээрээс “Булш ухагчийн гарын авлага” хулгайлжээ. Айлд өргүүлэх гэж очихдоо тэр номтойгоо очиж. Гэвч охин өдийг хүртэл уншиж бичиж мэдэхгүй гэж хэн санахав. Охиныг өргөж авсан айлын эзэн Ханс гэх хөгжилтэй эр. Дайны хүнд хэцүү цагт эхнэрийн хамт айлын бяцхан охиныг өргөж авна гэдэг амаргүй. Охин орой бүр хар дарж зүүдлэнэ. Тэр бүрт Ханс баян хуур хөгжмөө тоглож тайтгаруулахыг хичээнэ. Хансын эхнэр Роза гэж хаврын тэнгэр шиг ааштай эмэгтэй, баячуудын хувцсыг угааж гэр бүлдээ нэмэр болно. Лизэл охин уншиж бичиж чадахгүйгээсээ болж сургууль дээр доог тохуу болж байгааг мэдсэн Ханс түүнд шөнийн цагаар зоориндоо хичээл заах болов. Нимбэг шиг шаргал үст Рүди гэх хөршийн хүүтэй Лизэл сайн найзууд боллоо. Хөвгүүдтэй бөмбөг өшиглөж, Рүдитэй дэггүйтэж явахад энэ газар Лизэлд төрсөн хот шиг нь дотно санагдаж эхэллээ.

Бусад хүүхдүүдийн адил Лизэл нацист дэглэмийн залуу хүүхдүүдийн бүлгэмд элслээ. Гитлерийн төрсөн өдөр болоход охин өөрийн нь төрсөн өдөр байсан ч болоосой гэж чин сэтгэлээсээ хүслээ. Хэрэв түүний төрсөн өдөр байсан сан бол ээж нь ирнэ гэж мөрөөднө. Харин тэр өдөр хотын даргын тушаалаар еврэйчүүдийн бүх л зүйлс тэр дундаа номуудыг шатаахаар болж хотын иргэд бүгд төв талбайдаа цуглав. Дөнгөж уншиж сурч байгаа хэдий ч Лизэл охин шатаж буй номнуудыг хараад үнэхээр гайхав. Цугласан олон тарахын үед охин тэсэлгүй шатаж буй номноос нэгийг ч болов хулгайлах гэж оролдохыг хотын даргын эхнэр харчихжээ.

Аав нь коммунист байсан хийгээд, дүүгийн нь үхэл, ээжийнх нь сонголт бүгд л энэ гайтай Гитлерээс болж гэдгийг мэдсэн жаахан охин Гитлерийг үзэн ядаж өөрийн бяцхан нууцаа цэнхэр нүдэт Рүдэдээ л ярина.

Өргөж авсан аав Хансын амийг Дэлхийн нэгдүгээр дайны үед аварч, тэр бүү хэл хөгжим тоглохыг зааж өгсөн Еврэй найзын нь хүү Макс нэгэн өдөр түүнээс тусламж гуйж ирэв. Ханс Роза хоёр хүүг цааш гэсэнгүй зоориндоо нуулаа. Макс тэднийд нуугдах болсноор Лизэлийн амьдрал бүр ч сонирхолтой болоод ирлээ. Макс тэднийд хэсэг амьдрахдаа Лизэлийн дотны найз болж чадав. Макс Лизэл хоёрт адил зүйл олон байлаа. Хоёулаа гэр бүлээ алдсан, хоёулаа нэг дайсантай, хоёуланд нь Хансын баян хуурын эгшиг хийгээд эхнэр Роза нь энэ хорвоогийн хамгийн аюулгүй газар, хамгийн сайхан хүмүүс гэдгийг мэдэрдэг. Лизэл Макст гадаад ертөнцийг мэдрүүлдэг байлаа. Цаг агаар, гадаа болж буй үйл явдал, сургууль дээр болсон хөгжөөнтэй явдал гээд л бүгдийг ярина. Харин Макс түүнд хайрын тухай, өөрийн амьдралын тухай ярьж өгнө. Лизэлийн төрсөн өдрөөр Максын түүнд өгсөн бэлэг бол “Майн Кампф”-ын хуудсыг шохойдож цагаан болгож байгаад охинд зориулж гайхалтай сайхан түүхийг бичиж өгсөн байлаа.

Цаг хэцүү болж Розагийн угаалгын ажил багасч ирлээ. Энэ үед Лизэл Рүди хоёр нийлээд дэл сул газраас хоол жимс хулгайлах болов. Нэг удаа хотын даргын гэрт юм хулгайлах гэж орохдоо тэдний гайхамшигт номын санд нь нүд нь тусч тэсэлгүй нэг ном хулгайлчихав. Үүнээс хойш тэр айлаас ном хулгайлж уншаад буцаагаад тавьдаг болжээ. Гэтэл нэг өдөр цонхон дээр ном байхаар барахгүй дотор нь захиа байх нь тэр. Захианд охиныг дуртай үедээ ирж ном уншиж болно гэсэн хотын даргын эхнэрийн үгс байжээ.

Хот үе үе бөмбөгдөлтөнд өртөх болж хотынхон бүгд нуувчинд орно. Хүмүүсийн хувьд түгшүүртэй мөч байсан боловч Лизэлийн хувьд үгээр хэлшгүй сайхан мөч болов. Учир нь тэнд л охин номоо тайван уншиж, гадаад ертөнцөд болж буй бүхнийг хэсэгхэн зуур ч гэсэн умартдаг боллоо. Өөрөөр хэлбэл ном охины хувьд баян хуур хөгжим болжээ.
Еврэй нарыг хоморголон баривчлах үед Макс ч бас баригдлаа. Максын явсаны дараа Роза эзэгтэй түүнд Максын бичсэн гайхалтай номыг өгөв. Лизэл сайн найзаа үгүйлнэ, ганц Лизэл ч бус Хансын гэр бүл түүнд санаа зовж байлаа. 1943 онд хотоор Еврэй нар жагсаж явах үед Лизэл Максыг олж харжээ. Аав нь дайнд явж, Рүдигийн аав ч бас дайчлагдаж хот тэр чигээрээ эл хуль болчих шиг боллоо. Охинд уйтгар гунигаа тайлах ганц газар байсан нь хотын даргын гэрийн номын сан. Охин тэнд очиж дуртай номоо уншдаг байсан ч Максыг харсан өдрөөс хойш очихгүйгээр шийдэж эзэгтэйд зурвас үлдээгээд явлаа. Гэтэл 3 өдрийн дараа эзэгтэй Лизэлийн гэрт ирж, охинд өөрийн түүхээ бичээрэй гэж хар дэвтэр өгөв. Ханс аав нь хөлгүй болж дайнаас ирлээ. Гэсэн ч тэдний амьдрал урьдынх шиг болсонгүй. Охин ном уншиж, өөрийн тухай ном бичихээ илүүд үзэх боллоо.

1943 оны 10 сарын нэгэн шөнө хотыг бөмбөгдөх үед охин зоориндоо номоо бичээд сууж байжээ. Охины хайртай аав Ханс, хэдий муухай ааштай ч охинд чин сэтгэлээсээ хайрладаг ээж Роза, анхны үнсэлтээ өгсөн найз Рүди гээд бүгд бөмбөгдөлтөд өртсөнийг олж мэджээ. Энэ бүх аймшигт явдлын дараа хотын даргын эхнэр Лизэлийг цагдаагийн газраас олж авав. Харин 1945 оны нэгэн өдөр Макс Лизэлийг олж уулзав. Лизэлийн хувьд энэ хорвоогийн хамгийн сайн зохиолч бол яах аргагүй Макс байсан юм. Сэтгэлд нь үргэлж инээмсэглэн үлдсэн аав ээж, цэнхэр нүдэт Рүди, номын амтанд эргэлт буцалтгүй оруулсан Макст, бас өөрийг нь ачилж өргөсөн хотын даргын эхнэр гээд энэ амьдралд учирсан сайн хүн бүрийнхээ төлөө сайн сайхан явахаа амлажээ.


Лизэл Сиднэйд үр ач хүүхдүүдийнхээ дунд насыг барсан гэдэг.

Thursday, November 26, 2015

“Мял Богдын намтрыг уншихад насны нүгэл ариусдаг” гэлцдэг.

Цогт тайж болон түүний эх Чин Тайху хатан нар элчийг заран илгээж Хөххотын Ширээт гүүш цоржоор 1618 онд “Мял Богдын тууж зохионгуй хийгээд буман гүр дуулал” бүтээлийг орчуулсан нь маргашгүй үнэн түүх юм. Харин Ширээт гүүш цоржийн амьдрал ахуй, намтар цадигтай холбоо бүхий түүхэн сурвалж маш хомс үлдсэн нь харамсалтай. (“Богд Миларайвагийн тууж зохионгуй ба боловсон тонилхуйн гүр дууллууд ном” 506 тал)

Мял Богдын гүр дууллуудыг би хэдэн жилийн өмнө сонсдог байлаа. Сонсдог байлаа гэдгийн учир нь www.buddhism.mn сайт дээр Лавайн эгшиг радиогийн нэвтрүүлэг болгон тавьсныг сонсож эхэлсэн явдал юм. “Цаст уулын бөлөг” -өөс эхлээд “Ёлмоо цаст уулын бөлөг” гээд сайтад оруулсан дуулал бүрийг ойлгохыг хичээн давтан давтан сонсох үед эхэндээ үлгэр сонсоод байгаа мэт дараа нь яруу найраг мэт түүний дараагаар уран яруу утга бүхий бясалгал хийж буй мэт сайхан сэтгэгдэл төрж байсан билээ. Хамгийн их таалагдсан дуулал бол “Балдарбум охин лугаа учирсан бөлөг” юм.

Мял Богдын намтрыг уншсан хүн олон биз. Түүний намтарт эцгийн өв хөрөнгийг авга ах, хахай эгч нартаа алдсан Тойвгоо хөвгүүн  (Мял Богдыг багад ийнхүү дууддаг байж) эхийн захиас ёсоор хараал жатга сурахаар оджээ. Өөрийн бие, хэл, сэтгэл юугаан ламтнаа өргөн тангараглаж эрдэм бүхнийг сурч хожмоо авга ах, хахай эгч нар хийгээд өөрсдийг нь дорд үзсэн хүмүүсээс өш хонзонгоо авсаны дараа харин хичнээн их нүгэл үйлдсэнээ ухаарна. Энэ их нүгэл хилэнцийн үйл лайгаа энэ насан хийгээд хойд насандаа үүрч барахгүй гэдгээ ойлгосон Тойвгоо учрахуйяа бэрх багшийн зарлигаар хатуужил явдалд шамдан улмаар хилэнц түйтгэр бүхнийг хоцроолгүй арилгасан гэдэг. Энэ насны жаргалан бүхнийг огоорч багшийн зарлигийг бүтээхийн тулд энгүй хатуужилт зоригоор уулнаа бясалгаж, найман их хатуужил явдлыг туулан, халгайгаар хооллон хамаг бие нь ногоон болсон хэмээн өгүүлнэ. Бясалгал хийж байх үед учирсан хүмүүст айлдсан шүлэг номлол, өөрийг нь хорлон хөнөөх гэсэн дайснуудыг уучлан атгаг муу санааг нь тонилгосон дууллаас гадна хувь төгс тааллын хөвгүүд буюу лам багшийн зарлигийг бүтээх үйлийг нь залгамжлан авч явах тэр эрдэмт шавь нартай учирч, боловсруулсан үйлийн тухай энэ номноос уншаарай.

Sunday, August 23, 2015

"SNOW" Orhan Pamuk

Хүүхэд насны минь сайхан дурсамжийн ихэнх нь цастай холбоотой. Хашааныхаа цасыг цэвэрлэх далимаар ханатлаа тоглож авдаг асан хүүхэд нас, будран орох цастай шинэ жил гээд хөгжилтэй сайхан өвлийн цагаан өдрүүд өнөөх хөвсгөр цастай хамт. Гэтэл энэ зохиолд ЦАС бол уйтгар гуниг, ганцаардал, бүтэлгүй хайр, хуял тачаал, яруу найраг, ядуурал, хамгийн гол нь улс төрийн замбараа нь олдохгүй  ээдрээ…
12 жилийн амьдралаа Германд өнгөрөөсөн Туркийн яруу найрагч, сэтгүүлч Ка ээжийгээ өнгөрснийг сонсоод эх нутагтаа эргэн ирнэ. Ажил явдал дууссаны дараа Карс хотруу зорьжээ. Удахгүй болох сонгуулийн ажил хийгээд охид амиа хорлох явдал газар аваад байгаа тухай мэдээ бэлдэхээр ийнхүү цаг агаарын байдлыг үл харгалзан явж буй нь энэ. Гэхдээ зөвхөн дээрх асуудлууд ч бус Кагийн сэтгэлийг татсан бас нэг зүйл Карс хотод бий. Үнэндээ сүүлийн 4 жил Кагаас ямар ч шүлэг төрөөгүй юм. Герман хэл сурч чадаагүй болохоор Франкфурт хотын номын сангаас өөр очих газар үгүй. Тэнд л Тургенив, Кафка, Чехов нарын зохиолыг дахин дахин уншиж өдрийг барна. Ингэж эх нутагтаа ирж, их цасанд боогдон, сүүмгэр Карс хотын ажилгүй иргэд, өдрөөс өдөрт доройтож байгаа амьдралыг, улс төрийн тоглоом, шашны зөрчил зэргийг хөндлөнгөөс заримдаа дотроос нь мэдрэх нь түүнд нэгэн шинэ мэдрэмж байлаа. Ирсэн өдрийн нь маргаашнаас их цаснаас болж хотоос гарсан бүх зам хаагдаж Ка Карст гурван хоног саатах нь тодорхой боллоо.
“Хүн бол бурханы бүтээсэн агуу бүтээл. Амиа хорлолт гэдэг бол жинхэнэ гутамшиг” гэх хэр нь яагаад охид ар араасаа амиа хорлох болов гэдгийг торуулахаар Ка зарим хүнтэй уулзана. Охидыг толгойны алчуураа ав гэсний төлөө амиа хорложээ гэсэн дүгнэлтийг Катай уулзсан хүмүүс түүнд өгөх гэж хичээнэ. Үнэт зүйлийг нь үгүйсгэж, өдий хүртэл итгэж сүслэж ирсэн бүхнийг нь зүйд нийцэхгүй гэж харлуулах нь хэнд ч сайхан санагдахгүй. Гэвч үүний цаана улс төрийн холион бантан, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн яваад байгаа нь илт.
Ка Карс хотод ирэх болсон нэг шалтгаан нь оюутан ахуйн дурлалт бүсгүй Ипэк байсан юм. Ипэктэй уулзах үед тэр нөхрөөсөө салсан байжээ. Ка өөрт нь боломж гарч ирлээ гэж бодох хэдий ч энэ тулаанд ялж чадах эсэх нь тодорхойгүй. Ипэкийн гоо үзэсгэлэнд автсан тэр өдөр Ка “Цас” нэртэй шүлгээ бичжээ. Үүнээс хойш энэ хотод байх гурав хоногийн хугацаандаа 4 жилд бичээгүй олон шүлэг бичиж буй тухай өгүүлнэ.
Орхан Памук зохиолдоо хэний буруу, хэний зөв гэдгийг өгүүлсэнгүй. Гэхдээ уламжлалт ёс заншил, исламын шашин хийгээд улс төр, орчин үе, барууны үзэл гээд өнөөгийн Туркийн (ном 2002 онд анх Туркт хэвлэгдсэн) дотор буцалж буй бүхнийг өгүүлэхийг зорьжээ.
Яагаад ч юм зохиолд хэрэв чи эмэгтэй хүн болж төрсөн бол шашин улс төрийн тоглоом болно уу, эр нөхөртөө хаягдана уу, эрдэм боловсрол эзэмшихгүй үлдэнэ үү падлий алга гэсэн нэг тийм агуулга яваад байх юм. Зохиолыг уншсан олон хүн дэмий зүйлд цагаа барлаа, Орхан Памук юугаараа Нобелийн шагнал хүртэх гавьяа байгуулав гэх зэргээр шүүмжилсэн байх юм. Харин би ойлгохдоо Туркийн амьдралыг дэлхий дахинд зохиолоороо дамжуулан өгүүлж, дэлхий дахины анхаарлыг энэ газар төвлөрүүлж чадсандаа гавьяа нь оргиж байгаа юм болов уу гэж бодогдсоноо нуух юун. Энэ бол ерөнхий дүгнэлт.

Харин цас бол гутрал, цасан ширхэг бол ганцаардал нулимс …  Хэдэн ч удаа унтаж, хэдэн ч удаа “Би чинь Нобелийн шагналт зохиолчийн агуу бүтээлийн уншиж байгаа шүү дээ” гэж өөрт хэлж үзэв бүү мэд. Нээх бүрт дууны дахилт шиг хөврөх өнөө хэдэн үгс. Одоо харин Өнгөрсөн жил  худалдаж авсан “My name is Red”-ийг нэг хэсэгтээ л нээж харахгүй байх.

Tuesday, August 4, 2015

"THE GIRL WHO SAVED THE KING OF SWEDEN" JONAS JONASSON

Улс төрийн түүхийг санаанд оромгүй хөгжилтэй аргаар илэрхийлдэг энэ зохиолчийн шинэ номыг би тэсэн ядан хүлээж байгаад олж уншсан юм. Өмнөх номондоо 20р зууны дэлхийн түүхийг (дайны түүхийг) 100 настай өвгөний амьралтай холбож хөгжилтэй өгүүлж байсан. Энэ удаа хүлээлт минь талаар болсонгүй. Инээсээр байгаад дуусгалаа…


Өмнөд Африкийн жижигхэн тосгоны жорлон цэвэрлэгч Номбэко охин математикт дурлаж, атомын бөмбөг бүтээлцэж, хожим Шведийн хааныг аварна гээд боддоо.


Бичиг үсэг тайлагдаагүй Номбэко охин жорлон цэвэрлэх ажлаасаа залхаж байсан удаагүй. Үгээгүй ядуу түүний ээж хүнд өвчнөөр өнгөрч охин ганцаараа амьдрах болов. 14 нас хүрэхэд нь олон орноор явж юм үзэж, нүд тайлсан Табо нэрт нэгэн эр түүнд уншиж бичихийг зааж өгөх боловч далд шалиг санааг нь Номбэко ойлгож байлаа. Аливааг сурах гоц гойд чадвартай охин орон орны үлгэр хийгээд Табогийн санаанаасаа зохиож ярьж буй зүйлст итгэсэн дүр эсгэж ямар хүн болохыг нь мэдэж авчээ. Урьд Пабло Нерудагийн “Хайрын хорин шүлэг болон цөхрөлийн ганц дуун” (Twenty love poems and a song of despair)-ийг Табо цээжилж боомтын 19 эмэгтэйд уншиж өгснөөр бүсгүйчүүдийг уяраах ажил амжилттай явж байтал  20 дох шүлгийг төгсгөлд “Түүнийг би хайрлаж чадахгүй нь, туйлаас үнэн гэж үүнийг л хэлнэ” гэж өөдгүй Неруда төгсгөснөөс болж  20 дох эмэгтэйг найрч чадсангүй. Үүнээс хойш удалгүй боомтынхон Табог яруу найрагч биш гэдгийг нь мэдсэн учир өөр хотруу нүүх хэрэгтэй болж Номбэкогийн амьдарч буй газарт ирсэн нь энэ байжээ. Ирэхдээ хоосон байсангүй. Атга дүүрэн алмазаараа хүссэнээрээ амьдарч болохоор байсан ч олны нүдэнд өртөлгүй амар жимэр амьдрахын тулд ядуусын хороолол бараадаж Номбэкотой танилцсан нь тэр. Бичиг үсэг тайлагдаж, хүссэн номоо уншиж чаддаг болсон тэр цагт нь Табод золгүй явдал тохиолдож гэртээ бусдын гарт амиа алдлаа. Номбэко цагдаа нарыг ирэхээс өмнө түүнийг өнгөрснийг мэдээд өнөө үлдсэн алмазуудыг авч хэргийн газраас холдон явна.
Атга алмазтай 15 настай охин төрсөн газар болох ядуусын хорооллоос явахын түүс болж. Табогийн номнуудаас дуртай ганц номоо аваад нийслэл хотруу явахаар шийдлээ. Түүний очиж үзэх хамгийн эхний газар бол Үндэсний Номын Сан байлаа.  Нийслэл хотод очиж энэ насандаа харж байгаагүй өөр ертөнц болоод өөр хүмүүсийг гайхаж яваад машинд мөргүүлэх нь тэр.
Түүнийг дайрсан согтуу инженерийн зөв болж шүүхээс Номбэко согтуу инженерийн лабориторт 7 жил ажил хийх ял авч, хувь заяа нь орвонгоороо эргэж орхилоо.
Согтуу инженер гэдэг нь Өмнөд Африкт атомын бөмбөг бүтээх томоохон ажил авсан ч ухаан хүрэхгүй шаналж яваа ганц бие эр билээ. Лабориторт Номбэко уйдсангүй. Инженерийн ажил болох нүд эрээлжлэм олон тоо томъёонууд Нобэкогийн сонирхолыг татаж эхлэв. Бас чөлөөт цаг ихтэй учир тэндэхийн номын сангийн бүх номыг уншиж дуусгав. Сүүлдээ бүр инженерийн ухаан нь хүрэхгүй олон асуудлыг хөндлөнгөөс хараад ойлгохтой болж эхлэхэд инженерт Номбэкогоос хэрэгтэй хүн үгүй. Гэсэн ч цэвэрлэгч гэсэн нэртэй түүнд 9 жил ажилласан байлаа. Инженер улсын даалгавараар 6 ширхэг атомын бөмбөг хийх ёстой байсан ч алдаа гаргаж түүнийгээ 7 болголоо. 6 ширхэгээ зохицуулсаны дараа үлдсэн нэг атомын бөмбөгөө хэрхэх тухай бодож байгаад Израйльд зарах санаа төрж нууц ажиллагаа зохион байгуулахаар болов. Номбэкод зугтах боломж олдож магад гэж бодсон нь талаар болсонгүй. Израйлийн 2 төлөөлөгч наймаа хийх гэж ирээд инженерийг нь нухаж орхиод хар бүсгүйтэй хэлэлцээр хийх боллоо. Номбэког тэд дутуу үнэлж байжээ. Инженерийн ажилд гар бие оролцож, лабориторын бүх номыг уншиж, математикийн ухаанд гаршсан түүнийг Израйлийн төлөөлөгчид барсангүй. Номбэко атомын бөмбөгтэйгөө хамт Швед улсад ирж, Израйлийн төлөөлөгчид хатаасан үхрийн махтай гэртээ ирлээ.
Шведэд хөл тавиад улс төрийн орогнол хүсэхээр халаасандаа атга алмаазаа хийгээд гарч явахдаа Номбэко бүсгүй Холгер гэгч залуутай танилцав. Холгер ихрийн өрөөсөн хэдий ч дүүг нь бас Холгер гэх. Улс төрийн хэнээтэй эцэг нь амьдралдаа ямар нэг гайхамшигт явдал тохиолдсон тэр цагт үр хүүхэдтэй болно гэдэг нэгэн байсан бөгөөд Шведийн эзэн хаантай гар барьсаны дараа хүүхэдтэй болохоор шийдэж, машиныхаа ард хайрцаг дүүрэн бэлгэвчтэй ирлээ. Олон жил энэ мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэсний эцэст сая нэг эзэн хаантай нүүр тулж үзсэн ч хүслээр болсонгүйгээр барахгүй хаантаныг үзэн ядах сэтгэл өвөртлөн харьлаа. Гэртээ ирээд өнөө олон бэлгэвчээ эс тоон хүүхэдтэй болохоор шийдэж, хүүхдээ эзэн хааны эсрэг хүмүүжүүлэхээр хүртэл шийдэж амжлаа. Эхийнхээ хэвлийд бойжиж буй үрдээ бүгд найрамдах үзэл төлөвшүүлэх гэж өдөр бүр үзэл суртлын ном сургааль айлдсаар. Харин Холгер хүү төрөхдөө ганцаараа байсангүй. Ихэр хүү байсан болохоор хоёуланд нь Холгер гэж нэр өгөөд Холгер Нэг, Холгер Хоёр гэж нэрлэх боллоо. Бүгд найрамдах үзлээр хүмүүжүүлэх учиртай тул ганц л хүүхдээ бүртгүүлж өнөө нэгийг нь ертөнцөд мэндлээгүй мэт үзэх боллоо. Холгер Нэг даваа гарагт хичээлдээ явж, Холгер Хоёр мягмар гарагт хичээлдээ явна гэх мэтээр холион бантан болж байх хооронд Холгер Нэг усан тэнэг болж, бүгд найрмадах үзэл  үнэртүүлсэн нэгэн болж, Холгер Хоёр харин бүх шалгалтыг давж гарсан бодит амьралд дуртай нэгэн болж хүмүүжлээ.

Номбэкотой таарсан нь харин Холгер Хоёр байлаа. Атомын бөмбөгөө хэрхэн тухай удтал ярилцсаны эцэст Шведийн засгийн газарт хүлээлгэн өгөхөөр шийдэж оролдсон боловч хэн ч тэднийг тоосонгүй. Олон жил атомын бөмбөгийг нууж элдэв арга чарга хэрэглэн хөгжилтэй амьдарсаар БНХАУ-ын тэргүүн Ху Жин Тао Шведэд айлчлах тэр цагт хүслээ биелүүлж авчээ.