Үе үе хэнхэгтэй юм шиг сонин сонин зүйл ярьж, сэдэж, залуусыг бужигнуулж явдаг хэдэн найз надад бий. Гаднаас нь өнгөц харахад хийх юмаа олж ядсан ч юм шиг. Эсвэл нэр хүнд хөөгөөд ч байгаа юм шиг, эсвэл хэт ухаантай царайлж, алив асуудал болгонруу үсчээд байгаа ч юм шиг. Харин яг сонсоод үзэхэд тэдний толгойд элдэв янзын санаа эргэлдэж, тэр бүхнээ ажил хэрэг болгох гэж нойр хоолгүй зүтгэнэ. Нэг хэсэг нөхөд ийм байхад зарим нэг хэсэг нь тэднийг дэмжиж, хамтран ажиллаж, зарим нэг нь дуугүйхэн алдаа гаргахыг нь хүлээж сууна. Бүр зарим нь хажууд нь бөмбөг дэлбэрсэн ч тоохооргүй шинжтэй дөмбийнө. Би харин тийм нөхдөд хайртай. Уулзах бүрт ямар нэг шинэ юм дуулгана, нийгмийн олон асуудалд олон янзын өнцгөөс хандана. Хэзээ ч миний бодож байгаагүй өнцгөөс голыг нь олоод харчихсан л явдаг юм. Тэндээс эрч хүч мэдрэгддэг. Түүнийг мэдрэх төдийд л илүү олон зүйлийг сурмаар, судалмаар, энэ амьдралд баярламаар болдог юм даа.
Хүн бүрт бүтээлч сэтгэлгээ бий. Энийг ингээд хийчих сэн, тэрийг ингээд өөрчилчихвөл яах бол гэсэн бодол байдаг.
Энэ номын зохиогч Дубайн нэгэн телевизэд олон ангит кинонд ажиллахаар уригдаж гэнэ. Өнөө л савангийн дуурийн нүсэр том баг хамтран ажиллахаар түүнийг хүлээж байжээ. Таван одтой буудалд байрлуулж, тухлаг машинаар үйлчилж, ажлын өрөө, уулзалтын танхим хүртэл бэлдэж өгчээ. Гоёмсог бүтээлэгтэй үнэтэй ширээний ард хамт ажиллах нөхөд нь түүнийг юу хэлэх бол гэж хүлээнэ. Ийм тансаг чамин орчинд чөлөөтэй сэтгэж, уран бүтээлийн талаар ярилцана гэдэг үнэхээр утгагүй санагдсан тул өнөө гоё ширээ сандлыг бүгдийг холдуулж, уран бүтээлчдийг тойруулаад суулгалаа. Зохиолч, найруулагч, зураглаач, гэрэлтүүлэгч, нүүр будагчин гээд л тэр кинонд ажиллах бүх л хүн ирж. Санаагаа ярилцав. Юун тухай байх, хэн хэн гэдэг дүрээр юуг өгүүлэх вэ гээд л тэд ярьж байна аа. Бүгд л өөр өөрийн ажлаа хэнээр ч заалгахгүй мэддэг бололтой. Арга ч үгүй биз. Олон савангийн дуурийн ард гарсан улс шүү дээ. Нэг нийтлэг зүйл олж харсан нь тэд нэг ижил хэмнэлд орчихсон явдал байлаа. Зураглаач хүн зөвхөн яаж зураг авахаа (бараг план бүрээ дотроо адь хэдийн харчихсан байв), нүүр будагчин яаж нүүр будахаа л яриад байна гэнэ. Мань эр тэгээд ингэж шийдлээ. Зохиолчоос зургийг яаж авах тухай, найруулагчаас нүүр хэрхэн будах тухай, гэрэлтүүлэгчээс ямар гол дүр байх тухай асууж эхэллээ. Эхлээд бүгд гайхсан хэдий ч яриа улам сонирхолтой болоод ирлээ шүү. “Эхлэн суралцагчийн санаа хэзээд шинэ, сонирхолтой байдаг” гэсэн зүйлийг эндээс ойлгож болно гэж номын зохиолч Род хэлжээ. Харин тэр кино үзэгчдийн хүртээл болохдоо Дубайд гарч байгаагүй сонирхолтой, хит кино болж чадсан гэнэ билээ.
Энэ мэт маш олон сонирхолтой жишээг бүлэг бүртээ татсан энэ ном 2015 оны эхээр хэвлэгдэж, Хонг Конгийн онгоцны буудлын номын дэлгүүрийн тавиур дээрээс намайг дуудсан юм даа.
Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, нийгэмдээ, эх орондоо ихийг хийхийг хүсэж буй хүн бүр уншаасай гэж хүсээд энэ номыг санал болгож байна.
Popular Posts
-
Хөргөгчний хаалгыг би уран бүтээлийн талбар гэж нэрлэх дуртай. Үе үе тэнд хоёр хүүхдийн зургийн үзэсгэлэн гарах. Хөдөөний нэгэн сумаас н...
-
Өдөр бүр их багаар мөнгөтэй харьцдаг болохоор залилж хуурах гэсэн хүнтэй байнга л таарна. Эхэндээ ч залилуулах үе бишгүй л байлаа. Гэхдээ э...
-
Бээжин хотод очих бүртээ орох дуртай газрын маань нэг энэ дэлгүүр. Хүн ихтэй, хөлс үнэртэй ч гэсэн ороод авсан тохиолдолд юун тэр халуун,...
-
Энэ номыг уншиж дуусахад үнэлгээ өгнө үү гэнэ. 4 од өгчихөөд бусдын үнэлгээг үзэхэд харьцангуй байх юм. 1-ийг өгсөн хүний ...
-
Нэг найз маань гэрт ирээд “Сольж унших ном байна уу?” гэж шүүгээг маань гүйлгэж харснаа “Өө чи чинь дандаа гадаад ном уншдаг юм уу? Монголы...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment