Хүүхэд аз жаргалын хөтөч гэдэг. Хүнийг ямар ч үед инээлгэж
чаддаг, хэнийг ч ялгалгүй баяр хөөрийг бяцхан зүрхнээсээ бэлэглэж чаддаг хүмүүс
бол хүүхэд.
Лизэл эргэн тойрондоо, гэр бүлдээ аз жаргал бэлэглэгч байсан
юм. Хүүхэд насны нь хэсэгхэн үе, дайн дажинтай байсан ч амьдралын нь тэр хэдэн
жил түүнд хүн хүнээ хайрлахын учир утга, бусдад баярлаж талархахын гайхамшигийг
сургасан гэлтэй. Австралийн зохиолч Маркус Зусакийн энэ зохиолыг би киног нь
үзчихээд уншсан юм. Зарим шүүмжлэгчид үүнийг өсвөр насныхан уншихад арай
хүнддэнэ гэдэг бол зарим нь “Анна Франкийн өдрийн тэмдэглэл”-тэй нэг тавиурт
хамт тавих ёстой гэж үздэг. Охин айлын номын сангаас ном хулгайлж байгаа
үзэгдлийг зохиолч тайлбарласангүй. Унших нь зөв, хулгайлж байгаад ч хамаагүй
унш гэсэн санааг мөн дайны хүнд хэцүү цагт хулгайлж олсон тэр номын ертөнц
охиныг амьд мэнд үлдэхэд нөлөөлжээ гэсэн санааг хэлэх гэсэн бололтой.
Бусад хүүхдүүдийн адил Лизэл нацист дэглэмийн залуу
хүүхдүүдийн бүлгэмд элслээ. Гитлерийн төрсөн өдөр болоход охин өөрийн нь төрсөн
өдөр байсан ч болоосой гэж чин сэтгэлээсээ хүслээ. Хэрэв түүний төрсөн өдөр
байсан сан бол ээж нь ирнэ гэж мөрөөднө. Харин тэр өдөр хотын даргын тушаалаар
еврэйчүүдийн бүх л зүйлс тэр дундаа номуудыг шатаахаар болж хотын иргэд бүгд
төв талбайдаа цуглав. Дөнгөж уншиж сурч байгаа хэдий ч Лизэл охин шатаж буй
номнуудыг хараад үнэхээр гайхав. Цугласан олон тарахын үед охин тэсэлгүй шатаж
буй номноос нэгийг ч болов хулгайлах гэж оролдохыг хотын даргын эхнэр харчихжээ.
Аав нь коммунист байсан хийгээд, дүүгийн нь үхэл, ээжийнх нь
сонголт бүгд л энэ гайтай Гитлерээс болж гэдгийг мэдсэн жаахан охин Гитлерийг
үзэн ядаж өөрийн бяцхан нууцаа цэнхэр нүдэт Рүдэдээ л ярина.
Өргөж авсан аав Хансын амийг Дэлхийн нэгдүгээр дайны үед
аварч, тэр бүү хэл хөгжим тоглохыг зааж өгсөн Еврэй найзын нь хүү Макс нэгэн өдөр
түүнээс тусламж гуйж ирэв. Ханс Роза хоёр хүүг цааш гэсэнгүй зоориндоо нуулаа.
Макс тэднийд нуугдах болсноор Лизэлийн амьдрал бүр ч сонирхолтой болоод ирлээ. Макс тэднийд хэсэг амьдрахдаа Лизэлийн дотны найз болж
чадав. Макс Лизэл хоёрт адил зүйл олон байлаа. Хоёулаа гэр бүлээ алдсан,
хоёулаа нэг дайсантай, хоёуланд нь Хансын баян хуурын эгшиг хийгээд эхнэр Роза
нь энэ хорвоогийн хамгийн аюулгүй газар, хамгийн сайхан хүмүүс гэдгийг
мэдэрдэг. Лизэл Макст гадаад ертөнцийг мэдрүүлдэг байлаа. Цаг агаар, гадаа болж
буй үйл явдал, сургууль дээр болсон хөгжөөнтэй явдал гээд л бүгдийг ярина.
Харин Макс түүнд хайрын тухай, өөрийн амьдралын тухай ярьж өгнө. Лизэлийн
төрсөн өдрөөр Максын түүнд өгсөн бэлэг бол “Майн Кампф”-ын хуудсыг шохойдож
цагаан болгож байгаад охинд зориулж гайхалтай сайхан түүхийг бичиж өгсөн байлаа.
Цаг хэцүү болж Розагийн угаалгын ажил багасч ирлээ. Энэ үед
Лизэл Рүди хоёр нийлээд дэл сул газраас хоол жимс хулгайлах болов. Нэг удаа
хотын даргын гэрт юм хулгайлах гэж орохдоо тэдний гайхамшигт номын санд нь нүд
нь тусч тэсэлгүй нэг ном хулгайлчихав. Үүнээс хойш тэр айлаас ном хулгайлж
уншаад буцаагаад тавьдаг болжээ. Гэтэл нэг өдөр цонхон дээр ном байхаар
барахгүй дотор нь захиа байх нь тэр. Захианд охиныг дуртай үедээ ирж ном уншиж
болно гэсэн хотын даргын эхнэрийн үгс байжээ.
Хот үе үе бөмбөгдөлтөнд өртөх болж хотынхон бүгд нуувчинд
орно. Хүмүүсийн хувьд түгшүүртэй мөч байсан боловч Лизэлийн хувьд үгээр хэлшгүй
сайхан мөч болов. Учир нь тэнд л охин номоо тайван уншиж, гадаад ертөнцөд болж
буй бүхнийг хэсэгхэн зуур ч гэсэн умартдаг боллоо. Өөрөөр хэлбэл ном охины
хувьд баян хуур хөгжим болжээ.
Еврэй нарыг хоморголон баривчлах үед Макс ч бас баригдлаа.
Максын явсаны дараа Роза эзэгтэй түүнд Максын бичсэн гайхалтай номыг өгөв. Лизэл
сайн найзаа үгүйлнэ, ганц Лизэл ч бус Хансын гэр бүл түүнд санаа зовж байлаа. 1943
онд хотоор Еврэй нар жагсаж явах үед Лизэл Максыг олж харжээ. Аав нь дайнд явж,
Рүдигийн аав ч бас дайчлагдаж хот тэр чигээрээ эл хуль болчих шиг боллоо. Охинд
уйтгар гунигаа тайлах ганц газар байсан нь хотын даргын гэрийн номын сан. Охин
тэнд очиж дуртай номоо уншдаг байсан ч Максыг харсан өдрөөс хойш очихгүйгээр шийдэж
эзэгтэйд зурвас үлдээгээд явлаа. Гэтэл 3 өдрийн дараа эзэгтэй Лизэлийн гэрт ирж,
охинд өөрийн түүхээ бичээрэй гэж хар дэвтэр өгөв. Ханс аав нь хөлгүй болж
дайнаас ирлээ. Гэсэн ч тэдний амьдрал урьдынх шиг болсонгүй. Охин ном уншиж,
өөрийн тухай ном бичихээ илүүд үзэх боллоо.
1943 оны 10 сарын нэгэн шөнө хотыг бөмбөгдөх үед охин
зоориндоо номоо бичээд сууж байжээ. Охины хайртай аав Ханс, хэдий муухай ааштай
ч охинд чин сэтгэлээсээ хайрладаг ээж Роза, анхны үнсэлтээ өгсөн найз Рүди гээд
бүгд бөмбөгдөлтөд өртсөнийг олж мэджээ. Энэ бүх аймшигт явдлын дараа хотын
даргын эхнэр Лизэлийг цагдаагийн газраас олж авав. Харин 1945 оны нэгэн өдөр
Макс Лизэлийг олж уулзав. Лизэлийн хувьд энэ хорвоогийн хамгийн сайн зохиолч
бол яах аргагүй Макс байсан юм. Сэтгэлд нь үргэлж инээмсэглэн үлдсэн аав ээж,
цэнхэр нүдэт Рүди, номын амтанд эргэлт буцалтгүй оруулсан Макст, бас өөрийг нь
ачилж өргөсөн хотын даргын эхнэр гээд энэ амьдралд учирсан сайн хүн бүрийнхээ
төлөө сайн сайхан явахаа амлажээ.
Лизэл Сиднэйд үр ач хүүхдүүдийнхээ дунд насыг барсан гэдэг.
No comments:
Post a Comment