Б бол айл гэрийн ганц
найдвар. Авгай авах, айл гэр болох, ажлаа солих, авсан зээлээ нэг сар төлөхгүй
гүрийж алдах эрхгүй жирийн нэг Монгол залуу. Болдогсон бол боловсролоо
дээшлүүлэхсэн гэсэн мөрөөдөлтэй. Түүнийг байрны лизинг төлдөг гэдгийг сонсоод л
айлын хөөрхөн охид нүүр буруулна. Авдаг хэд нь хоёр хоногийн дотор үгүй болж
хааяадаа өдрийн хоолгүй гүрийдэг гэдгийг нь мэдвэл ойрхон ч алхах охин олдохгүй,
Ажилдаа дуртай юу гэж асуувал мөрөө хавчих л байх, асуух хэрэггүй ээ ажлын бүтээмжээс
харж болно.
А айлын том охин. Багаасаа
үүрэг хариуцлага гэдгийн утга учрыг ойлгосон болохоор өөрөөсөө бусдыг хайрлахын
төлөө төрсөн мэт. Нөхрөө оролцуулаад гурван хүүхэдтэй. Айлын хажуу өрөө
түрээслэн амьдрах өдөр хоногуудыг хэзээ нэгэн цагт сайхан болно гэсэн гэнэн
гэгээн хүслээр уучилж, нөхрөө Солонгос эсвэл Чех явуулахсан гэж байж болох бүх
л боломжийг хайна. Өөрийн гэсэн орон байртай болохсон гэж мөрөөдөнө. Төрийн
албан хаагч гэдэг ажлаасаа халагдчихгүйн тулд дургүй ч гэсэн ахлахынхаа үгийг
дагаж, инээхгүй газар инээж, уурлах газар хэлээ хазаад л өнгөрнө. Түүнээс
амьдралдаа сэтгэл тэнүүн алхсан өдөр байна уу гэж асуувал худлаа инээмсэглэмэр
аядаад тантай харц тулгарахгүйг хичээн нүүр буруулах болов уу.
Ц аав ээжийн гэрт ах эгч
нарын жаалуудтай хамт амьдрана. Багачуулыг цэцэрлэг сургуульд зөөнө, хааяа найз
нөхөдтэйгээ уулзах гэж гарахыг эс тооцвол гэрийн буг л гэсэн үг. Зурагтаар
гарах тансаг хороолол, гялгар машин, рекламын гял цал охид шарсан тахиа, пицца
түүний хувьд холын хол. Ажилд оръё гэсэн ч дээд боловсролын дипломгүй түүнийг
нааш гэх хүнгүй. Эцсийн эцэст аав ээжийн тэтгэвэр буух өдөр хоногийг тоолж л
амьдрана. Түүнээс та маргааш юу хийх вэ гэж асуувал хацраа илээд өөдөөс чинь мушилзах
вий.
Г Америкт олон жил ажиллаж
сураад Монголдоо ирсэн. Бизнесийн удирдлагаар магистр цол өвөртөлж ирээд олон ч
газрын хаалгыг татаж орж гарсаар өнөөдрийг хүргэжээ. Цалингаас эхлээд хамт
олон, дарга удирдлагын хандлага, худал хуурмаг, хээл хахууль гээд сэтгэлд нь
таарах зүйл нэгээхэн ч үгүй. Буцаад Америкруугаа явъя гэхээр олон хүнд ам гарч
ирснээ бодохоор боломгүй. Алхам бүртээ хүмүүстэй, энэ нийгэмтэй зөрчилдсөөр
сүүлдээ хувиараа жаахан юм хийх гэж түрээсийн газар сураглан явна. Түүнээс одоо
яах вэ гэж асуувал болдог бол ирсэн газарлуугаа буцахсан л гэх байх.
М ах нартайгаа нийлж урдаас
гутал оруулж ирж зардаг байсан ч энэ бизнес нь үр ашгаа өгөхөө болиод удаж
байна. Хүүхдүүд сургуульд орох дөхөөд, эхнэр гэртээ суухаар өөрөө л хичээхээс
өөр аргагүй. Зарж болох, наймаалцаж болох зүйлийг хайсаар авсан жаахан зээлээ л
төлж чадахгүйд хүрээд байгаа. Хурдхан сонгууль өнгөрч, бүх зүйл байр байрандаа
очиж, засаг төр нь тогтвортой, жирийн иргэд нь орлоготой болоосой гэж хүснэ.
Жирийн Монгол залууст биеэ
даагаад амьдрах чадамж алга. Зарим нь залхуурлаа л гэх байх. Амьдрал бол лизинг
биш, амьдрана гэдэг өр төлөхийн нэр биш. Сонгууль нь шударга болоод, АСЕМ нь
хурдхан дуусаад, ажилтай орлоготой болохсон.
No comments:
Post a Comment