Popular Posts

Sunday, June 26, 2016

1Q84 буюу дүрмийн эсрэг

Нэг номын ард гарахад хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Баярлана, уйлна, гомдоно, шантарна. Хааяа намайг дагаж ажлын байранд очиж даргад хамт загнуулж, кофе шопод найз хүүхнүүдтэй минь буу халж, үсчинд хичнээн цаг тэвчээртэй хүлээж, онгоцонд хамт нисч, ууланд гарч салхилна. Хаана зогссон тэр хуудаснаасаа эхлээд уншихад ямар ч нөхцөлд байсан үргэлжлээд л өнөө зүйлээ надад ярьж өгнө. Хааяа бид 2 муудна, уур хүрвэл авч шиднэ, дээр нь кофе асгана, энд тэнд  тавиад мартана. Тэр бүрт өнөө ном маань л харин намайг гололгүй орны минь хажууд хүлээж байдаг юм.



Аомамэ Тэнго хоёр намайг номын тавиур дээр мөн ч их хүлээсэн дээ. Хөлсний алуурчин эмэгтэй, математикийн багш залуу хоёрт хувь тавилан ямар нүүрээ харуулсныг хуудас эргүүлэх бүртээ догдлон хүлээнэ. Хүүрнэл зохиолын мастер болох тэр эр (Мураками) энэ хоёрыг минь учруулчихгүй бүтэн гурван боть нуршсан гээд бодохоор…
Little people хүмүүсийн оюун санааг хэрхэн угааж, өөрийн хүссэн ертөнцөө хэрхэн бүтээж байгааг нь харахаар манай хаалгыг тогших сонгуулийн хорооны хэдэн сөөсгөр хүүхдүүд санаанд орох. Тэдний бүтээх битүү тэр орчинд амьдрах хүмүүст (бидэнд) хэний дүрэм үйлчлэх нь мэдээж. Аливаа нэгэн шашин, эсвэл үзэл санааны хувьд нэгдэж бүлэг, нам болж бие биеэ сонсоно гэдэг хэн нэгний дүрмээр тоглохын нэр. Тэдний эсрэг зогсож, буруу номтноороо дуудуулах хэсгийг хавчиж, шахан гаргах нь тоглоомын бас нэг хэсэг. Харин тоглоомын дүрмийг зөрчин, ертөнцийн хуулийг сөрөн алхаж, өөрийн бүтээсэн өвөрмөц ертөнцдөө чимээгүйхэн амьдрах ямар байдаг бол? Яг л үлгэр шиг.
Ахтайгаа шатар нүүх охин маань заримдаа дүрэмгүй тоглоё гэж гуйна, эсвэл дүрэм зохиож тоглоё гэж шална. Яагаад гэхээр ТААЛАГДАХГҮЙ байна гэнэ. Тогтсон хэм хэмжээнээс хальж, хайрцагнаасаа илүү сэтгэх боломжийг бид номноос олж авдаг. Таалагдахгүй байгаа учраас таалагдаж магадгүй тэр орчноо, тэр хүнээ бас л номноос хайна. Хэрэв энэ зохиолоор кино хийвэл Тамаругийн дүрийг хэрхэн гаргах бол гэдэг надад маш сонин байх болно. Дүнсгэр хэр нь нямбай, дуу цөөтэй хэр нь маш их зүйлийг мэддэг, тийм нэг гадна дотор хоёр нь тэс өөр эр. Үлгэрийн нэгэн баатар.

Болсон үйл явдлыг цаасан дээр буулгаж уншигчдад хүргэхийн тулд зохиолчоос ур чадвар, мэдлэг, судалгаа бас зориг шаардана. Муракамиг Нобелийн шагнал авахгүй гэдэгтэй санал нийлдэг хүмүүс бий. Зохиолоос нь Япон чанар үнэртэхгүй байгаа учраас Памук шиг, Мо Яан шиг үндэсний сэтгэлгээ үнэртэхгүй байгаа учраас, эсвэл түүний зохиол сакэ, сүши ерөөсөө гарахгүй байгаа учраас ч байж магад гэж зарим хүмүүс үздэг. Олон олон шагнал хүртсэн акулуудтай харьцуулах биш уншигчдад эргэцүүлэн бодох тэр эрх чөлөөг олгодог болохоор Муракамигийн ертөнцөөр хүмүүс аялах дуртай байдаг байх.


No comments:

Post a Comment