Олон жилийн өмнө оюутан ахуйд багш маань “Хүн сандал”
өгүүллэгийг уншиж өгөхөд анги тэр чигээрээ амьсгаа даран сонсож билээ. Үйл
явдал алгуурхан хэр нь жихүүцэл төрүүлмээр өрнөж байгаад төгсгөлдөө бүр туйлд
нь хүргэж цочоосноо бүх учрыг тайлаад дуусна. Ёоко Огавагийн “Өш хонзон” номын
“Ж авхай” өгүүллэг үүнтэй тун төстэй.
Японы Аллан По гэгдэх энэ эрхэм Японы шинэ үеийн уран
зохиолыг дэлхий дахинд таниулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг манай
уншигчид андахгүй. Араасаа олон мундаг зохиолчдыг төрүүлсэн гэдэг нь гарцаагүй.
Хүний санаанд оромгүй орчинд уншигчдыг аваачиж, цочоож, гайхашруулж, ичээж бас
айлгаж дөнгөнө.
Орчуулагч Д.Дашмөнхийн орчуулснаар Монголын уншигчдын
гар дээр хүрч буй “Хүн сандал” өгүүллэгийн түүврээс надад хамгийн сэтгэлд
үлдсэн нь “Сэрүүн зүүд” өгүүллэг байлаа.
Хайрт эхнэрээ хайрласаар харамласаар байгаад хөнөөж,
бие цогцосыг нь эмийн сандаа өлгөчихөөд байхад хүмүүс түүнийг галзуу солиотой
гэж итгэн, ярьж буй үнэнийг нь сонсохдоо хошин шог үзэж буй мэт инээлдэнэ. Гуравхан
алхаад бүх үнэнийг харж болохоор газар түүний энэ хэргийн үнэн мөрийг олох
ёстой цагдаа хүртэл маасайтал инээгээд зогсохыг харсан тэр эр юу ч хэлж
чадахгүй дөлөн одно. Эхнэрээ өмчилсөн эрийн хийсэн үйлийг эрт орой хэзээ нэгэн
цагт хэн нэг нь олж харах байх гээд цааш зохиол хэрхэн үргэлжлэх бол гэсэн
бодлыг уншигчдад үлдээсэн байх.
Мөн хамгийн эхний өгүүллэг болох “Шулам”. Яг л Японы
аймшгийн кино үзэж буй мэт. Айсан хэр нь нүд салгаж чадамгүй тийм сонирхолтой
бүтээлүүдийг тэртээ 100 гаран жилийн өмнө бичсэн гэж бодохоор л…
Үүнээс гадна сэтгэл сэрдхийлгэм бусад өгүүллэгийг энэ
номоос олж уншаарай.
No comments:
Post a Comment