Popular Posts

Sunday, June 26, 2016

1Q84 буюу дүрмийн эсрэг

Нэг номын ард гарахад хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Баярлана, уйлна, гомдоно, шантарна. Хааяа намайг дагаж ажлын байранд очиж даргад хамт загнуулж, кофе шопод найз хүүхнүүдтэй минь буу халж, үсчинд хичнээн цаг тэвчээртэй хүлээж, онгоцонд хамт нисч, ууланд гарч салхилна. Хаана зогссон тэр хуудаснаасаа эхлээд уншихад ямар ч нөхцөлд байсан үргэлжлээд л өнөө зүйлээ надад ярьж өгнө. Хааяа бид 2 муудна, уур хүрвэл авч шиднэ, дээр нь кофе асгана, энд тэнд  тавиад мартана. Тэр бүрт өнөө ном маань л харин намайг гололгүй орны минь хажууд хүлээж байдаг юм.



Аомамэ Тэнго хоёр намайг номын тавиур дээр мөн ч их хүлээсэн дээ. Хөлсний алуурчин эмэгтэй, математикийн багш залуу хоёрт хувь тавилан ямар нүүрээ харуулсныг хуудас эргүүлэх бүртээ догдлон хүлээнэ. Хүүрнэл зохиолын мастер болох тэр эр (Мураками) энэ хоёрыг минь учруулчихгүй бүтэн гурван боть нуршсан гээд бодохоор…
Little people хүмүүсийн оюун санааг хэрхэн угааж, өөрийн хүссэн ертөнцөө хэрхэн бүтээж байгааг нь харахаар манай хаалгыг тогших сонгуулийн хорооны хэдэн сөөсгөр хүүхдүүд санаанд орох. Тэдний бүтээх битүү тэр орчинд амьдрах хүмүүст (бидэнд) хэний дүрэм үйлчлэх нь мэдээж. Аливаа нэгэн шашин, эсвэл үзэл санааны хувьд нэгдэж бүлэг, нам болж бие биеэ сонсоно гэдэг хэн нэгний дүрмээр тоглохын нэр. Тэдний эсрэг зогсож, буруу номтноороо дуудуулах хэсгийг хавчиж, шахан гаргах нь тоглоомын бас нэг хэсэг. Харин тоглоомын дүрмийг зөрчин, ертөнцийн хуулийг сөрөн алхаж, өөрийн бүтээсэн өвөрмөц ертөнцдөө чимээгүйхэн амьдрах ямар байдаг бол? Яг л үлгэр шиг.
Ахтайгаа шатар нүүх охин маань заримдаа дүрэмгүй тоглоё гэж гуйна, эсвэл дүрэм зохиож тоглоё гэж шална. Яагаад гэхээр ТААЛАГДАХГҮЙ байна гэнэ. Тогтсон хэм хэмжээнээс хальж, хайрцагнаасаа илүү сэтгэх боломжийг бид номноос олж авдаг. Таалагдахгүй байгаа учраас таалагдаж магадгүй тэр орчноо, тэр хүнээ бас л номноос хайна. Хэрэв энэ зохиолоор кино хийвэл Тамаругийн дүрийг хэрхэн гаргах бол гэдэг надад маш сонин байх болно. Дүнсгэр хэр нь нямбай, дуу цөөтэй хэр нь маш их зүйлийг мэддэг, тийм нэг гадна дотор хоёр нь тэс өөр эр. Үлгэрийн нэгэн баатар.

Болсон үйл явдлыг цаасан дээр буулгаж уншигчдад хүргэхийн тулд зохиолчоос ур чадвар, мэдлэг, судалгаа бас зориг шаардана. Муракамиг Нобелийн шагнал авахгүй гэдэгтэй санал нийлдэг хүмүүс бий. Зохиолоос нь Япон чанар үнэртэхгүй байгаа учраас Памук шиг, Мо Яан шиг үндэсний сэтгэлгээ үнэртэхгүй байгаа учраас, эсвэл түүний зохиол сакэ, сүши ерөөсөө гарахгүй байгаа учраас ч байж магад гэж зарим хүмүүс үздэг. Олон олон шагнал хүртсэн акулуудтай харьцуулах биш уншигчдад эргэцүүлэн бодох тэр эрх чөлөөг олгодог болохоор Муракамигийн ертөнцөөр хүмүүс аялах дуртай байдаг байх.


Thursday, June 9, 2016

Хүн сандал

Олон жилийн өмнө оюутан ахуйд багш маань “Хүн сандал” өгүүллэгийг уншиж өгөхөд анги тэр чигээрээ амьсгаа даран сонсож билээ. Үйл явдал алгуурхан хэр нь жихүүцэл төрүүлмээр өрнөж байгаад төгсгөлдөө бүр туйлд нь хүргэж цочоосноо бүх учрыг тайлаад дуусна. Ёоко Огавагийн “Өш хонзон” номын “Ж авхай” өгүүллэг үүнтэй тун төстэй.

Японы Аллан По гэгдэх энэ эрхэм Японы шинэ үеийн уран зохиолыг дэлхий дахинд таниулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг манай уншигчид андахгүй. Араасаа олон мундаг зохиолчдыг төрүүлсэн гэдэг нь гарцаагүй. Хүний санаанд оромгүй орчинд уншигчдыг аваачиж, цочоож, гайхашруулж, ичээж бас айлгаж дөнгөнө.

Орчуулагч Д.Дашмөнхийн орчуулснаар Монголын уншигчдын гар дээр хүрч буй “Хүн сандал” өгүүллэгийн түүврээс надад хамгийн сэтгэлд үлдсэн нь “Сэрүүн зүүд” өгүүллэг байлаа.
Хайрт эхнэрээ хайрласаар харамласаар байгаад хөнөөж, бие цогцосыг нь эмийн сандаа өлгөчихөөд байхад хүмүүс түүнийг галзуу солиотой гэж итгэн, ярьж буй үнэнийг нь сонсохдоо хошин шог үзэж буй мэт инээлдэнэ. Гуравхан алхаад бүх үнэнийг харж болохоор газар түүний энэ хэргийн үнэн мөрийг олох ёстой цагдаа хүртэл маасайтал инээгээд зогсохыг харсан тэр эр юу ч хэлж чадахгүй дөлөн одно. Эхнэрээ өмчилсөн эрийн хийсэн үйлийг эрт орой хэзээ нэгэн цагт хэн нэг нь олж харах байх гээд цааш зохиол хэрхэн үргэлжлэх бол гэсэн бодлыг уншигчдад үлдээсэн байх.

Мөн хамгийн эхний өгүүллэг болох “Шулам”. Яг л Японы аймшгийн кино үзэж буй мэт. Айсан хэр нь нүд салгаж чадамгүй тийм сонирхолтой бүтээлүүдийг тэртээ 100 гаран жилийн өмнө бичсэн гэж бодохоор л…

Үүнээс гадна сэтгэл сэрдхийлгэм бусад өгүүллэгийг энэ номоос олж уншаарай.




Шалгаралд шахагдагсад



Б бол айл гэрийн ганц найдвар. Авгай авах, айл гэр болох, ажлаа солих, авсан зээлээ нэг сар төлөхгүй гүрийж алдах эрхгүй жирийн нэг Монгол залуу. Болдогсон бол боловсролоо дээшлүүлэхсэн гэсэн мөрөөдөлтэй. Түүнийг байрны лизинг төлдөг гэдгийг сонсоод л айлын хөөрхөн охид нүүр буруулна. Авдаг хэд нь хоёр хоногийн дотор үгүй болж хааяадаа өдрийн хоолгүй гүрийдэг гэдгийг нь мэдвэл ойрхон ч алхах охин олдохгүй, Ажилдаа дуртай юу гэж асуувал мөрөө хавчих л байх, асуух хэрэггүй ээ ажлын бүтээмжээс харж болно.

А айлын том охин. Багаасаа үүрэг хариуцлага гэдгийн утга учрыг ойлгосон болохоор өөрөөсөө бусдыг хайрлахын төлөө төрсөн мэт. Нөхрөө оролцуулаад гурван хүүхэдтэй. Айлын хажуу өрөө түрээслэн амьдрах өдөр хоногуудыг хэзээ нэгэн цагт сайхан болно гэсэн гэнэн гэгээн хүслээр уучилж, нөхрөө Солонгос эсвэл Чех явуулахсан гэж байж болох бүх л боломжийг хайна. Өөрийн гэсэн орон байртай болохсон гэж мөрөөдөнө. Төрийн албан хаагч гэдэг ажлаасаа халагдчихгүйн тулд дургүй ч гэсэн ахлахынхаа үгийг дагаж, инээхгүй газар инээж, уурлах газар хэлээ хазаад л өнгөрнө. Түүнээс амьдралдаа сэтгэл тэнүүн алхсан өдөр байна уу гэж асуувал худлаа инээмсэглэмэр аядаад тантай харц тулгарахгүйг хичээн нүүр буруулах болов уу.

Ц аав ээжийн гэрт ах эгч нарын жаалуудтай хамт амьдрана. Багачуулыг цэцэрлэг сургуульд зөөнө, хааяа найз нөхөдтэйгээ уулзах гэж гарахыг эс тооцвол гэрийн буг л гэсэн үг. Зурагтаар гарах тансаг хороолол, гялгар машин, рекламын гял цал охид шарсан тахиа, пицца түүний хувьд холын хол. Ажилд оръё гэсэн ч дээд боловсролын дипломгүй түүнийг нааш гэх хүнгүй. Эцсийн эцэст аав ээжийн тэтгэвэр буух өдөр хоногийг тоолж л амьдрана. Түүнээс та маргааш юу хийх вэ гэж асуувал хацраа илээд өөдөөс чинь мушилзах вий.

Г Америкт олон жил ажиллаж сураад Монголдоо ирсэн. Бизнесийн удирдлагаар магистр цол өвөртөлж ирээд олон ч газрын хаалгыг татаж орж гарсаар өнөөдрийг хүргэжээ. Цалингаас эхлээд хамт олон, дарга удирдлагын хандлага, худал хуурмаг, хээл хахууль гээд сэтгэлд нь таарах зүйл нэгээхэн ч үгүй. Буцаад Америкруугаа явъя гэхээр олон хүнд ам гарч ирснээ бодохоор боломгүй. Алхам бүртээ хүмүүстэй, энэ нийгэмтэй зөрчилдсөөр сүүлдээ хувиараа жаахан юм хийх гэж түрээсийн газар сураглан явна. Түүнээс одоо яах вэ гэж асуувал болдог бол ирсэн газарлуугаа буцахсан л гэх байх.

М ах нартайгаа нийлж урдаас гутал оруулж ирж зардаг байсан ч энэ бизнес нь үр ашгаа өгөхөө болиод удаж байна. Хүүхдүүд сургуульд орох дөхөөд, эхнэр гэртээ суухаар өөрөө л хичээхээс өөр аргагүй. Зарж болох, наймаалцаж болох зүйлийг хайсаар авсан жаахан зээлээ л төлж чадахгүйд хүрээд байгаа. Хурдхан сонгууль өнгөрч, бүх зүйл байр байрандаа очиж, засаг төр нь тогтвортой, жирийн иргэд нь орлоготой болоосой гэж хүснэ.


Жирийн Монгол залууст биеэ даагаад амьдрах чадамж алга. Зарим нь залхуурлаа л гэх байх. Амьдрал бол лизинг биш, амьдрана гэдэг өр төлөхийн нэр биш. Сонгууль нь шударга болоод, АСЕМ нь хурдхан дуусаад, ажилтай орлоготой болохсон.

Sunday, June 5, 2016

Дахиад л Кафка


Хүний ертөнцөд ирээд буцах дөчхөн жилдээ амьдралын үнэн, оршихуйн утга учрын тухай түүний бичиж үлдээсэн бүтээлийг бид өнөөдөр шимтэн шимтэн уншихын нууц нь юундаа байна? Орчлонгийн олон явдал, хүний амьдралын туулах тэр замд нэг талд үнэнч сэтгэл, өрөвч зан, үргэлжид сайн сайхныг хүсэх хүүхдийн гэмээр гэнэн хонгор зан хийгээд нөгөө талд аль ч нийгэмд хөдлөшгүй зогсох худал хуурмаг, бэртэгчин зан, биесээ хэмлэх хүмүүс оршин байгаа хоёрын зөрчлийг өгүүлдэг болохоор тэр үү? Гашуун ч гэсэн хорвоогийн үнэнийг Иозиф.К, Грегор Замза, Георгийн эцгээр, тэдний бусдад хандан хэлсэн хэдхэн үгээр өгүүлсэн болохоор тэр үү? Ямартай ч гэсэн түүний бүтээлийн гол дүрүүд Франц Кафка өөрөө гэдэгт бат итгэсэнд л нууц нь оршин байгаа болов уу.

Бүтээлүүдэд нь орших зөрчил Кафкагийн ертөнцийг үзэх үзэл, нийгмийн амьтан болсон хүн бидэнд тохиолдох  тэр эмгэнэлийг зөгнөсөн байх шиг.

Ерөөс түүний бүтээлүүдээс бид өөрсдийгөө харж болно. Бусдын бусармаг санаанаас болж хүн өөрийн амьдралдаа эзэн болж, өөрийн үзэл бодолдоо үнэнч явж чаддаггүй, жолоогоо алдаж болдогийг “Залуурч” өгүүллэг (“Хонгилд” 68-р нүүр)-т хэдхэн үгээр өгүүлнэ. Монголд өнөөдөр нэг хүн 2-3 хүнийг тэжээдэг гэсэн судалгаа байна. Тэгвэл тэр тэжээгч хүмүүс бүгд Грегор Замза (“Хувирал” тууж “Хувирал тэргүүт тууж өгүүллэгүүд” 87-р тал) мөнөөс мөн. Хаяж болдоггүй хэр нь өөдөлдөггүй шимэгчид биднийг тойроод хар мянгаараа л байна. Эрх мэдэлд донтож, эд материалыг шүтэж, ард түмнийг өөрийн боол мэт үзэх зарим эрхмүүд бол Посейдон (“Хонгилд” 55-р тал) мөн. Тойрон хүрээлэгсэдтэйгээ үзэл бодол нийлэхгүй үед тэднийг чимээгүй даган баясах бус өөртөө үнэнч явсаар өлсөж үхэх мацаг баригч бидний дунд алхаж л яваа (“Мацаг баригч” “Хувирал тэргүүт тууж өгүүллэгүүд” 9-р тал).



Кафкагийн бүтээлүүдийг ахин дахин уншихуйд нэгийг бодож, нөгөөг тунгаана. Гоёж чимэглэсэн яруу сайхан үгсийг хайгаад хэрэггүй, харин үгний цаана үг оршдог болохыг л мэдэх болно. Түүний өвөрмөц ертөнцтэй уншигч биднийг уулзуулсан эрхэм дуун хөрвүүлэгч нартаа баярлалаа. "Кафка монголчлогдож байна гэдэг Монголын оюун санаа эрүүл байгаагийн нэгэн шинж" (Гүн овгийн Г.Аюурзана). Богино өгүүллэгүүд нь Монгол хэлнээ орчуулагдаж байгаад уншигч би тун олзуурхаж, олон залуус Кафкад дурлаасай, ахин дахин уншаасай гэж хүснэм.

Ай Кафка. Богинохон тэр хэдэн жилүүдэд бидний хаанаас хаа хүрэхийг тов тодорхой хэлж өгсөнд баярлалаа.