Popular Posts

Monday, August 22, 2016

Үнэд хүрсэн оюутны үнэмлэх



Нэг өглөө цайгаа уунгаа сонин гарчиглаад сууж байтал “Сургалтын төлбөргүйгээсээ болж сурах гэсэн чин хүсэлтэй, сурлага сайтай олон хүүхэд мөрөөдлөө орхиж байна” гэсэн гарчигтай нийтлэл байхыг хараад гүйлгэн уншвал “Лин гэх охин элсэлтийн шалгалтад нэгдүгээрт орсон хэдий ч тусалж дэмжих хүнгүй учир үргэлжлүүлж сурах боломжгүй болжээ” гэсэн мэдээ байна. Өглөө бүр уншдаг олон мэдээний нэг учир тэгсгээд мартаж.

Сар гарангийн дараа манай данжид чемоданаа чирсэн улаан хацартай охин орж ирээд зам асуугаад гарав. Төд удалгүй дахиад ороод ирлээ.

-       - Ахаа танайд юу тавьж болох вэ? гэнэ.
-       - Чамд үнэд хүрэхээр юу байна гэвэл охин санаа зовсон байртай
-       - Надад үнэд хүрэх юм ч алга л даа гэснээ үг дуугүй гараад явчихав.
- Хэдэн минут өнгөрсний дараа өнөө хөдөөний охин дахиад л ороод ирлээ.
-       - Ахаа надад мөнгө зээлдүүлээч гэдэг юм байна.
-       - Охин минь, чи харваас залуу хүүхэд байна. Ажил хийгээд мөнгө олж болдоггүй хэрэг үү? гэвэл
-       - Сургуульд орох гэж Тайпэйд ирсэн юм. Авга ахындаа өссөн надад энэ их хотод таних хүн алга. Гэрээр хичээл заагаад байвал дорхноо мөнгөтэй болдог гэж найз минь хэлэхээр нь хүрээд ирсэн юм. Тэгсэн намайг ажилд авах ч газар гэж алга. Сургуульдаа л бүртгүүлээд авбал болчих гээд байна гэнэ.
-       - Сонин дээр нэг охины тухай бичсэн байсан. Лин гэсэн байх. Сургуульд орох гэтэл мөнгө….. гэтэл охины нүдэнд нулимс дүүрч
-       - Би тэр Лин байна. Сонингийн сурвалжлагч баахан юм асуугаад л байсан. Ингэж улс орон даяар зарлачихна гэж хэн санахав гээд уйлж гарав. Охиныг аргадаад, цай аягалж өгөнгөө
-       - Сургуульдаа бүртгүүлэхэд чинь яг хэдэн төгрөг хэрэгтэй вэ гэхэд
-       - Арван мянга гэж охин аярхан хэллээ.
Би хэсэг бодоод
-     -  Ах нь чамд итгэж байна. Сургуульдаа бүртгүүлчихээд надад оюутны үнэмлэхээ авчирч үзүүлдэг юм шүү. Тэгээд тэр гэрээр хичээл заана гэдэг ажлаа хийгээд бага багаар мөнгөө төлөөрэй гэхэд өнөө охин чинь улам л хингэнтэл уйлав.

Охинд арван мянгыг тоолж өгөөд гаргахдаа би жаахан эргэлзэж байсан ч хэрэв аав минь энэ охиныг харсан бол яг л над шиг мөнгө өгөх байсандаа гэж бодогдсон юм. Сурах хүсэл хэдий байвч боломжгүйгээсээ болж хичнээн олон ирээдүйн баатрууд, эрдэмтэд, эмч, багш нар амьдралын өөр замыг сонгодог бол?

Долоо хоногийн дараа охин инээсээр орж ирлээ. Оюутны үнэмлэхээ үзүүлж, дотуур байранд амьдрах болсноо дуулгаж, бас сургуульдаа найзалсан найзынхаа хамаатны хоолны газар ажилд орсноо ч бас хэлээд авав.

Амьдралд хөл тавих гэж яваа түүний нүдэнд оч гэрэлтэхийг хараад өвгөн би аавынхаа хүслийг биелүүлсэн хүүхэд шиг л додигор зогсож байсан юм.Тэр цагаас хойш аавынхаа нэр дээр тэтгэлгийн сан байгуулж эхний жилдээ өнөө Лин охиныг оролцуулаад 3 оюутанд сургалтын тэтгэлэг олгож энэ тоо нэмэгдсээр өнөөдөр жилд 10 оюутанд тэтгэлэг өгдөг болсон юм.

Нэг удаа улсын нэртэй өмгөөлөгчтэй  уулзаж байхад тэр “Намайг оюутан ахуйд аав минь хоолны мөнгө шилжүүлдэг байсан юм. Нэг удаа би мөнгөө алдчихаад үмх будааны ч мөнгөгүй явж байгаад ломбардын газар төмөр цагаа гуйж тавьж билээ. Миний тэр муу цаг үнэд хүрэхгүйг мэдсэн ч өвгөн буурал ах надад хоолны мөнгө өгсөн юм даа. Би тэр аяга будааны амтыг өнөө хэр мартдаггүй юм” гэж хуучилсан юм. Түүний энэ аавыг минь санагдуулж хүнд тус болж явах юм шүү гэж бодож билээ.


Яахав хүмүүс биднийг ямар нүдээр хардагийг би мэднэ. Гэвч хүсэл зорилгодоо хүрэх гэж тэмүүлж байгаа залуу хүүхдүүдийг дэмжээд өгвөл хөгшин аавын минь сүнс баярлахаас гадна хожим хойно улс эх оронд минь хэрэгтэй юм даа.

No comments:

Post a Comment