Popular Posts

Tuesday, August 23, 2016

Данж хэссэн гавьяатууд

Олон жилийн өмнө найз маань надад урлагийн нэгэн алдартай хүнийг танилцуулж билээ. Тэр үед энд тэнд тоглолт хөтлөнө, дуулна, шүлэг уншина. Ер нь чадахгүй зүйл үгүй мундаг хүн байжээ. Үе үе тоглолтонд оролцож орлого давгүй байвч тогтсон юм шиг манайхаар сардаа хэд хэдэн удаа ирнэ. Ирэхдээ цаг, бугуйвч, бөгж гэх мэт жижиг сажиг зүйлээ тавина бас авна. Манайхаар орж гарсаар байгаад надад хамаг байдгаа ярьдаг болж, би ч тэдний зовлонг чих тавин сонсдог боллоо. Хааяа ууна, бас мөрийтэй тоглоно. Өнөө олон тавиад байдаг зүйл нь мөрийцөж олсон эд байх нь элбэг.

Хэдэн жил өнгөрч өнөө ахын үе ч өнгөрөв бололтой, тоглолт найранд уригдах нь ховордож, санхүүгийн хүндрэлтэй нүүр тулан байгаагаа хэллээ. Нэг ирэхэд нь би “Бага ууж, бага тоглож байгаарай” гэж захихад, “Яалтай ч билээ дээ, бид чинь тайзны хүмүүс, тэтгэвэртээ гарлаа гээд жирийн хүн шиг тоосго өрөөд, хоол хийж зараад, наймаа хийгээд амьдарч чадах биш. Дуулж хуурдаж, хүн хөгжөөхөөс өөр эрдэмгүй намайг өнөөдөр хүн тоохоо больжээ” гэж гомдоллож байсан юм.

Тэр цагаас хойш манайхаар ирэх нь олширч адаг сүүлдээ данжлах зүйлгүй болсон бололтой “Дүү минь, тоглолтын хувцас авахгүй биз? Уг нь цагтаа чимэглэл хээ хуарыг нь хийх гэж ах нь чамгүй их мөнгө зарж байсан юм. Овоо хэдэн төгрөг хүрэх эд шүү” гэнэ. Царайчлан байгаа янзыг нь харвал үнэхээр арга үгүй болсон мэт. Гэвч энэ мөнгө нь аяга будааны өртөг бус мөрийтэй тоглоомонд л явна даа гэж бодохоор л харамсмаар. Даан ч үгүй гэж хэлж чадсангүй. Гялгар гялтгар чимэглэл болсон тоглолтын хувцсаа бариад орж ирэхэд нь жаахан үглэж байгаад хүссэн мөнгийг нь өгөөд гаргалаа. Тэгсэн тайзан дээрээсээ дөнгөж буусан ардын жүжигчид тоглолтын хувцсаа манайд авчрах болж манай данжийн газар театрын хувцасны өрөө шиг болж орхих нь тэр. Хааяа ганц хоёроор нь буцааж авах ч манайхаас салах шинжгүй. Ирэх бүртээ ганган машин хөлөглөж ирнэ, өнөөхөө хүлээлгэж байгаад буцаад явахдаа бас хөлөглөнө. Хааяа тоглолтод уригдаж дуулчихаад олсон мөнгөөрөө, эсвэл мөрийнд хожсон мөнгөөрөө найз нөхдөө дайлж идэж ууна. Аяа, хөөрхий урлагийнхан гэж.

Цагтаа бидний шүтээн байсан тэд маань насан өндөр болоход хүний гар харсан хүүхэд шиг л болж хувирах юм. Бурханаас заяасан авьяасаар насаараа хооллохгүй шүү дээ, үүний цаана хөдөлмөр гэж зүйл байдаг гэдгийг мянга мянган цэцгийн баглаан дунд умбаж, магтаалын сайхан үгэнд баясаж байхдаа хэрхэн ойлгох вэ дээ! Гэвч үзэгчдийн хүсэл сонирхол, цаг үеийн байдал өөрчлөгдөхөд буюу дараагийн нэгэн гайхамшиг тайзан дээр гарч ирэхэд үнэ цэнэ нь бууж адаг сүүлдээ данжийн газар хэссэн өвгөн болж хувирчээ.


Зурагтаар “Од” болохыг хүссэн мянга мянган залуус дугаарлан зогсож, үүний л төлөө төрсөн мэт эцэг эхийнхээ хөлс хөдөлмөрийг шавхах хүүхдүүд олон харагдах юм. Ай даа, нас дээр гарахдаа данжийн газарт амьдралаа даатгасан гавьяатууд битгий л болоосой. 



No comments:

Post a Comment