Popular Posts

Thursday, August 25, 2016

Хатуу үг хайрын ташуур

Тээр нэг жил халуун зунаар ломбардын газрын маань хаалгыг тас хийтэл шидээд нэг хүү ороод ирлээ. Нимгэн цамцны нь энгэр заам шалба норсноос үзвэл ихээ хол газар халуун наранд алхсан бололтой. Намайг нэг тогтож ажиснаа өрөөг гүйлгэн харж амьсгаагаа дарах гэж тонгойлоо. Хулгайч, луйварчин царайтай хүн шиг харагдсангүй болохоор би тайвширахыг нь хүлээнгээ хүйтэн ус аялгалж өгөв. Тэгсэн нэг амьсгаагаар уучихаад амаа шудран арчаад
   - Ахаа мөнгө зээлэхгүй биз? гэх нь тэр.
   - Ах нь мөнгийг зүгээр өгдөггүй хүн. Чамд барьцаанд тавих зүйл… гэж хэлээд залууг дахин нэг харвал хөөрхийд томдсон өмд, норсон цамцнаас өөр зүйл байсангүй.
   - Би Юнлин рүү яаралтай явах хэрэгтэй байна. Та надад замын зардал зээлүүлээч гэж дахин гуйв.
   - За хүү минь наашаа суу, учир байдлаа ярилцъя гэхэд хүү эгээ л аавындаа орж ирсэн хүн шиг ичиж зоволгүй манай хойд өрөөрүү шурдхийн орлоо.
   - Би … дугаар ангид алба хааж байгаад өглөө Тайпэйд ирлээ. Тэгээд одоо Юнлин рүү яаралтай явах хэрэгтэй болоод гэхэд нь
   - Цэрэгт алба хааж байгаа хүү юм байна. Үгүй одоо чинь хээрийн бэлтгэлийн үе байна шүү дээ. Миний санахын хээрийн бэлтгэлд гарсан хүүхдүүд чөлөө авч болдоггүй л юм даа.
Хүү гараа харж, нусаа татснаа
   - Найз охинтойгоо хэд хоногийн өмнөөс холбоо барих гэтэл болохгүй, утас нь ч холбогдохгүй болохоор би өглөөний тооллогын дараа хүний нүд хариулж байгаад гараад ирсэн юм. Тайпэйд ирээд уулзах гэтэл байрнаасаа нүүчихэж. Төрсөн хотруу нь очиж аав ээжийг нь олж уулзах санаатай гэж хэлээд дахиад л нусаа татав.
   - Цэргээс оргож яваа хүн юм биз дээ. Хүү минь чи залуу байна, нэг охины төлөө энэ насандаа чамаас салахгүй дагах тийм муухай нэрийг зүүх чинь дутаа юу!
   - Тэр минь миний хувьд…
   - Чи эх орноо хамгаална гэж, эр хүн гэдгээ батална гэж цэргийн албанд явчихаад нэг муу охины төлөө хээрийн бэлтгэлээ хаячихсан байна шүү дээ. Үнэхээр л хайртай байсан юм бол нэг жил чамайг хүлээх чинь яагаав тэр охин, гэж ширүүхэн дуугараад авлаа.
Хүү юм хэлсэнгүй. Нусаа татах чимээ л гарав.
   - За хоёулаа нэг арга бодно гээд би хуучин тэмдэглэлийн дэвтрээ гаргаад нэг найзынхаа утасны дугаарыг шүүв. 


… дугаар ангийн захирагчийн аав болох эртний танил ахтайгаа ярьж хүүгийн тухай хэлэхдээ хүн хард хэлэлгүй тосоод авахыг гуйлаа. Азаар хүүгийн алга болсныг тэр хавийнхан мэдээгүй байв.
Аавдаа загнуулсан хүүхэд шиг толгой гудайлган суух тэр хүү намайг эсэргүүцэж юу ч дуугарсангүй.
   - За тэгээд очоод хэн гэдгээ хэлж болохгүй, үүдэнд очингуутаа захирагчтай уулзах гэсэн юм, Чин ах явуулсан гэж хэлээрэй. Захирагч чамайг өөрөө дотогш оруулах учиртай гэхэд хүүгийн нүдэнд нулимс цийлэгнэх нь тэр.
   - Эр хүн байж уйлах нь уу дээ. Алив наад нүүр гараа угаа, юм хум идсэн юм уу? Удахгүй чи чамд такси дуудна гэхэд хүү дуулгавартай нь аргагүй угаалгын өрөө зүглэв.
Найзынхаа нүүрээр тэр хүүг ял шийтгэлгүйхэн шиг буцаан явуулчихаад санаа амарч билээ. Цаг хугацаа чимээгүйхэн өнгөрч, өнөө хүүгийн тухай ч мартчихаж. 


Хэдэн сарын дараа хаврын нэг бороотой өдөр цэмцгэр нэг залуу цэцэг шиг сайхан бүсгүйтэй хамт ороод ирлээ. Барьцаалж зээлэх санаатай яваа биш гэдэг нь царайнаас нь илт.
   - Ахаа та намайг санаж байна уу? Би өнөө оргодол…
   - Таньж байна аа. Үүрэгт албаа хаачихсан хэрэг үү? Үгүй мөн хурдан юмаа гэхэд хүү инээмсэглэн өнөө хүүхнийхээ зүг харж
   - Энэ миний өнөө найз охин
   - Чамаас болж их хэрэг тарих шахсан хүн шүү дээ энэ.
   - Чин ах байгаагүй бол би өнөөдөр энд ингээд зогсож байхгүй байлаа. Ах танд үнэхээр их баярласан шүү гээд гар барилаа. 


Хүүхдүүдэд ерөөл айлдаж хоол ундны урилгыг нь буцаалаа. Хүн хүндээ тус болох нь энэ амьдралын нэг хэсэг, харин эцэг шиг хатуу үг хэлж, хааяа ороолгоод авах нь эр хүний үүрэг гэлтэй. Хаа нэг газар задарч яваа хүүхдүүдийг хараад өөрийн хүүхэд мэт санаа тавьж хэрэгтэй бол хатуу ширүүн үг хэлэх хэрэгтэй. Өвгөдөөс үг сонсолгүй бүхнийг ойлгож өтөлнө гэдэг хүний амьдралаас хол ойлголт. 

Тэр өдөр надад загнуулж хөөгдөөд явсан хүү өнөөдөр эх орныхоо өмнө хүлээсэн үүрэгтэй, эцэг эхийнхээ ачийг хариулж, эхнэр хүүхдээ хайрлан асрамжиж яваа сайн хүн болсон байгаа гэдэг нь лавтай.


Wednesday, August 24, 2016

Итгэлээр наадагчид

Өдөр бүр их багаар мөнгөтэй харьцдаг болохоор залилж хуурах гэсэн хүнтэй байнга л таарна. Эхэндээ ч залилуулах үе бишгүй л байлаа. Гэхдээ энэ ажлыг удаан хийсэн болохоор тэр үү худлаа ярьж байгаа хүнийг хараад төвөггүй таньдаг болсон юм.

Тэтгэвэртээ гараад удаагүй тохьтой томоотой нэг найз маань нэг өдөр аахилсаар орж ирлээ. Тэгснээ амар мэнд асуухын завдалгүй “Найз нь учиргүй их мөнгө хожчихлоо” гэж шивнэх нь холгүй хэллээ. Их мөнгө хожсон хүн чинь инээд алдаад л идэж ууяа гэдэг байтал хүн сонсчихвий гэсэн шиг ингэж явахыг үзээд би ч гайхаж учрыг асуув. “Хонгконгийн нэг хөрөнгө оруулалтын компани надруу утасдаж, та манайд хувьцаанаас худалдаж авах уу? Энэ удаа худалдан авалт хийсэн хүмүүсээсээ сугалаагаар азтан шалгаруулна гэдэг юм байна. Ах нь хөрөнгө оруулах нь битгий хэл мөрийтэй ч тоглож үзээгүй” гэлээ. Тэгсэн хэд хоногийн дараа өнөө хүн дахиад залгаад “Ахаа эртээд таны өмнөөс манай нэг аз нь атганд нь багтаж ядсан залуухан ажилтан таны нэр дээр хувьцаа худалдан авсан чинь 10 сая хонгконг доллар хожчихлоо, баяр хүргэе!” гэдэг юм байна. Би ч гайхаад хуруугаа ч хөдөлгөөгүй байж тийм их мөнгөтэй болчихно гэдэг үлгэр гэж санаад “Үгүй, хүү минь одоо тэгээд яах вэ?” гэтэл “Танд ямар ч байсан баяр хүргэе! Удахгүй мөнгөө аваарай гэдэг юм байна” гэж шивнэлээ.
“За наад хүн ч дээ, залилан л байх шүү” гэхээс өөр зүйл хэлж чадсангүй гаргалаа.
Дахиад хэд хоног өнгөртөл өнөө найз маань хайрцагтай зүйл барьсаар орж ирэв. Дотроос нь хуучин цаг гаргаж ирээд данжлах юм гэнэ. “Чи чинь саятан болчихоод  энэ муу цагийг данжлах хэрэг байна уу?” гэтэл “Өнөө хүн дахиад ярьсан. 10 саяынхаа жаахан хувийг явуулаачээ, тэгсэн цагт бүх мөнгөө авна гэнэ” гэхэд нь миний инээд хүрч “За найз минь, нэгдүгээрт тэр компани чамайг яаж мэдэв? Хоёрдугаарт чи нэг ч төгрөг төлөөгүй байж яаж сугалаанд оролцсон байхав? Гуравдугаарт ямар ч сугалаа хожсон хүндээ шууд л мөнгийг нь өгдөг, эхлээд хэдэн хувь авна гэж хаанаас байхав. Чи тэр хүнтэй нэг ч уулзаж байгаагүй шүү дээ” гэхэд өнөөх чинь учиргүй уурлаад гараад явчихлаа.

Гараад явсан хойно нь нэг их удалгүй хүү нь ороод ирлээ. “Аав энүүгээр үзэгдэв үү?” гэнэ. Түүний энэ шуналын тэнэглэлийг зогсоож чадах ганц арга бол гэрийнхэн нь гэж санаад учир явдлыг хэлээд гаргав.

Хэд хоногийн дараа манай байрны гадаа аав хүү хоёр ширүүхэн юм болж байна. Ярианаас нь сонсвол өвгөн аль хэдийн хэдэн мянган төгрөг шилжүүлчихснээр барахгүй гэрийнхнээсээ мөнгө нэхсэн юм байх. Аргаа барсан хүү нь гэрийнхээ утсыг сольж аавтайгаа муудаж байхав. Ай хөөрхий, мөнгө улаан нүд цагаан хорвоо юм даа.

Бас нэг өдөр манай нэг тохитой сайхан эмэгтэй орж ирээд үнэт эдлэлээ тавихаар боллоо. Хаанаас ирснийг нь асуувал урд зүгийн нэг хотын нэр хэлэх нь тэр. Тийм хол газраас энэ хүртэл юу хийж явааг нь асуутал, таксины жолооч манай данжийн газрыг зааж өгсөн гэх. Ахиулан сайн харвал машин дотор хоёр эмэгтэй нэг эрэгтэй хүн сууж байна. Юун хүмүүс болохыг асуутал учиргүй уурлаж хэлэх юм биш.

Би банкнаас мөнгө авах гэж гарахдаа өнөө гурвын хажуугаар өнгөртөл нугдайж суучихаад царайгаа харуулсангүй. Өдий наслахдаа хогийн залилагчдыг танихтайгаа болсон болохоор банкны утсаар цагдаа дуудчихлаа. Намайг банкнаас гарч ирэхтэй зэрэгцээд цагдаагийн машин үзэгдэнгүүт өнөө такси хөдлөөд явчихлаа. Хүүхдүүдийг явахыг харсан өнөө эмэгтэй учиргүй уурлаж, уйлж гарах нь тэр.

Эмэгтэйн гэрийнхэн цагдаагийн хэлтэст ээжийгээ авахаар ирэхэд сая нэг ам нээлээ. “Энэ данжийн эзэн саад болоогүй бол би баяжих байлаа” гэдэг байгаа. Учрыг сонсвол, “Тэр богино үстэй залуухан охин нь их баян айлын охин. Тэгээд эгчийндээ амрахаар хөдөөнөөс ирсэн юм гэнэ. Гудамжинд надтай таараад жаахан хамт зугаалаачээ, тэгвэл мөнгө өгье гэсэн. Би их сайхан сэтгэлтэй, хүн хуурахааргүй хүн шиг харагдсан л даа яг. Тэгээд надад зузаан түрийвчтэй мөнгөө хадгалуулж, хамт нэлээд явлаа. Тэгсэн энд тэнд очоод суухад би түүнээс баян харагдах ёстой гэнэ. Надад ямар юмных нь мөнгө байхав дээ. Өнөө зузаан түрийвчээс нь авъя гэтэл, тэр мөнгийг орой өгье гэсэн юм. Тэгээд л энэ хүний (намайг зааж муухай хараад) данжид иртэл надаас хамаг мөнгийг маань салхинд хийсгэчихлээ” гэж хавийн амьтны инээдийг хүргэлээ.


Уг нь инээгээд байх зүйл ч биш юм л даа. Хууран мэхлэгчид дандаа хүний сэтгэлээр бас итгэлээр тоглодог юм. Хэдхэн хоноод үйлдэл дээрээ баригдсан гэж сонссон ч өнөө эмэгтэй намайг буруутгасаар л байсан нь сонин. Хүний шунал гэдэг эрүүл ухаанаар бодох тэр чадварыг хүртэл үгүй хийнэ шүү.


Tuesday, August 23, 2016

Данж хэссэн гавьяатууд

Олон жилийн өмнө найз маань надад урлагийн нэгэн алдартай хүнийг танилцуулж билээ. Тэр үед энд тэнд тоглолт хөтлөнө, дуулна, шүлэг уншина. Ер нь чадахгүй зүйл үгүй мундаг хүн байжээ. Үе үе тоглолтонд оролцож орлого давгүй байвч тогтсон юм шиг манайхаар сардаа хэд хэдэн удаа ирнэ. Ирэхдээ цаг, бугуйвч, бөгж гэх мэт жижиг сажиг зүйлээ тавина бас авна. Манайхаар орж гарсаар байгаад надад хамаг байдгаа ярьдаг болж, би ч тэдний зовлонг чих тавин сонсдог боллоо. Хааяа ууна, бас мөрийтэй тоглоно. Өнөө олон тавиад байдаг зүйл нь мөрийцөж олсон эд байх нь элбэг.

Хэдэн жил өнгөрч өнөө ахын үе ч өнгөрөв бололтой, тоглолт найранд уригдах нь ховордож, санхүүгийн хүндрэлтэй нүүр тулан байгаагаа хэллээ. Нэг ирэхэд нь би “Бага ууж, бага тоглож байгаарай” гэж захихад, “Яалтай ч билээ дээ, бид чинь тайзны хүмүүс, тэтгэвэртээ гарлаа гээд жирийн хүн шиг тоосго өрөөд, хоол хийж зараад, наймаа хийгээд амьдарч чадах биш. Дуулж хуурдаж, хүн хөгжөөхөөс өөр эрдэмгүй намайг өнөөдөр хүн тоохоо больжээ” гэж гомдоллож байсан юм.

Тэр цагаас хойш манайхаар ирэх нь олширч адаг сүүлдээ данжлах зүйлгүй болсон бололтой “Дүү минь, тоглолтын хувцас авахгүй биз? Уг нь цагтаа чимэглэл хээ хуарыг нь хийх гэж ах нь чамгүй их мөнгө зарж байсан юм. Овоо хэдэн төгрөг хүрэх эд шүү” гэнэ. Царайчлан байгаа янзыг нь харвал үнэхээр арга үгүй болсон мэт. Гэвч энэ мөнгө нь аяга будааны өртөг бус мөрийтэй тоглоомонд л явна даа гэж бодохоор л харамсмаар. Даан ч үгүй гэж хэлж чадсангүй. Гялгар гялтгар чимэглэл болсон тоглолтын хувцсаа бариад орж ирэхэд нь жаахан үглэж байгаад хүссэн мөнгийг нь өгөөд гаргалаа. Тэгсэн тайзан дээрээсээ дөнгөж буусан ардын жүжигчид тоглолтын хувцсаа манайд авчрах болж манай данжийн газар театрын хувцасны өрөө шиг болж орхих нь тэр. Хааяа ганц хоёроор нь буцааж авах ч манайхаас салах шинжгүй. Ирэх бүртээ ганган машин хөлөглөж ирнэ, өнөөхөө хүлээлгэж байгаад буцаад явахдаа бас хөлөглөнө. Хааяа тоглолтод уригдаж дуулчихаад олсон мөнгөөрөө, эсвэл мөрийнд хожсон мөнгөөрөө найз нөхдөө дайлж идэж ууна. Аяа, хөөрхий урлагийнхан гэж.

Цагтаа бидний шүтээн байсан тэд маань насан өндөр болоход хүний гар харсан хүүхэд шиг л болж хувирах юм. Бурханаас заяасан авьяасаар насаараа хооллохгүй шүү дээ, үүний цаана хөдөлмөр гэж зүйл байдаг гэдгийг мянга мянган цэцгийн баглаан дунд умбаж, магтаалын сайхан үгэнд баясаж байхдаа хэрхэн ойлгох вэ дээ! Гэвч үзэгчдийн хүсэл сонирхол, цаг үеийн байдал өөрчлөгдөхөд буюу дараагийн нэгэн гайхамшиг тайзан дээр гарч ирэхэд үнэ цэнэ нь бууж адаг сүүлдээ данжийн газар хэссэн өвгөн болж хувирчээ.


Зурагтаар “Од” болохыг хүссэн мянга мянган залуус дугаарлан зогсож, үүний л төлөө төрсөн мэт эцэг эхийнхээ хөлс хөдөлмөрийг шавхах хүүхдүүд олон харагдах юм. Ай даа, нас дээр гарахдаа данжийн газарт амьдралаа даатгасан гавьяатууд битгий л болоосой. 



Monday, August 22, 2016

Үнэд хүрсэн оюутны үнэмлэх



Нэг өглөө цайгаа уунгаа сонин гарчиглаад сууж байтал “Сургалтын төлбөргүйгээсээ болж сурах гэсэн чин хүсэлтэй, сурлага сайтай олон хүүхэд мөрөөдлөө орхиж байна” гэсэн гарчигтай нийтлэл байхыг хараад гүйлгэн уншвал “Лин гэх охин элсэлтийн шалгалтад нэгдүгээрт орсон хэдий ч тусалж дэмжих хүнгүй учир үргэлжлүүлж сурах боломжгүй болжээ” гэсэн мэдээ байна. Өглөө бүр уншдаг олон мэдээний нэг учир тэгсгээд мартаж.

Сар гарангийн дараа манай данжид чемоданаа чирсэн улаан хацартай охин орж ирээд зам асуугаад гарав. Төд удалгүй дахиад ороод ирлээ.

-       - Ахаа танайд юу тавьж болох вэ? гэнэ.
-       - Чамд үнэд хүрэхээр юу байна гэвэл охин санаа зовсон байртай
-       - Надад үнэд хүрэх юм ч алга л даа гэснээ үг дуугүй гараад явчихав.
- Хэдэн минут өнгөрсний дараа өнөө хөдөөний охин дахиад л ороод ирлээ.
-       - Ахаа надад мөнгө зээлдүүлээч гэдэг юм байна.
-       - Охин минь, чи харваас залуу хүүхэд байна. Ажил хийгээд мөнгө олж болдоггүй хэрэг үү? гэвэл
-       - Сургуульд орох гэж Тайпэйд ирсэн юм. Авга ахындаа өссөн надад энэ их хотод таних хүн алга. Гэрээр хичээл заагаад байвал дорхноо мөнгөтэй болдог гэж найз минь хэлэхээр нь хүрээд ирсэн юм. Тэгсэн намайг ажилд авах ч газар гэж алга. Сургуульдаа л бүртгүүлээд авбал болчих гээд байна гэнэ.
-       - Сонин дээр нэг охины тухай бичсэн байсан. Лин гэсэн байх. Сургуульд орох гэтэл мөнгө….. гэтэл охины нүдэнд нулимс дүүрч
-       - Би тэр Лин байна. Сонингийн сурвалжлагч баахан юм асуугаад л байсан. Ингэж улс орон даяар зарлачихна гэж хэн санахав гээд уйлж гарав. Охиныг аргадаад, цай аягалж өгөнгөө
-       - Сургуульдаа бүртгүүлэхэд чинь яг хэдэн төгрөг хэрэгтэй вэ гэхэд
-       - Арван мянга гэж охин аярхан хэллээ.
Би хэсэг бодоод
-     -  Ах нь чамд итгэж байна. Сургуульдаа бүртгүүлчихээд надад оюутны үнэмлэхээ авчирч үзүүлдэг юм шүү. Тэгээд тэр гэрээр хичээл заана гэдэг ажлаа хийгээд бага багаар мөнгөө төлөөрэй гэхэд өнөө охин чинь улам л хингэнтэл уйлав.

Охинд арван мянгыг тоолж өгөөд гаргахдаа би жаахан эргэлзэж байсан ч хэрэв аав минь энэ охиныг харсан бол яг л над шиг мөнгө өгөх байсандаа гэж бодогдсон юм. Сурах хүсэл хэдий байвч боломжгүйгээсээ болж хичнээн олон ирээдүйн баатрууд, эрдэмтэд, эмч, багш нар амьдралын өөр замыг сонгодог бол?

Долоо хоногийн дараа охин инээсээр орж ирлээ. Оюутны үнэмлэхээ үзүүлж, дотуур байранд амьдрах болсноо дуулгаж, бас сургуульдаа найзалсан найзынхаа хамаатны хоолны газар ажилд орсноо ч бас хэлээд авав.

Амьдралд хөл тавих гэж яваа түүний нүдэнд оч гэрэлтэхийг хараад өвгөн би аавынхаа хүслийг биелүүлсэн хүүхэд шиг л додигор зогсож байсан юм.Тэр цагаас хойш аавынхаа нэр дээр тэтгэлгийн сан байгуулж эхний жилдээ өнөө Лин охиныг оролцуулаад 3 оюутанд сургалтын тэтгэлэг олгож энэ тоо нэмэгдсээр өнөөдөр жилд 10 оюутанд тэтгэлэг өгдөг болсон юм.

Нэг удаа улсын нэртэй өмгөөлөгчтэй  уулзаж байхад тэр “Намайг оюутан ахуйд аав минь хоолны мөнгө шилжүүлдэг байсан юм. Нэг удаа би мөнгөө алдчихаад үмх будааны ч мөнгөгүй явж байгаад ломбардын газар төмөр цагаа гуйж тавьж билээ. Миний тэр муу цаг үнэд хүрэхгүйг мэдсэн ч өвгөн буурал ах надад хоолны мөнгө өгсөн юм даа. Би тэр аяга будааны амтыг өнөө хэр мартдаггүй юм” гэж хуучилсан юм. Түүний энэ аавыг минь санагдуулж хүнд тус болж явах юм шүү гэж бодож билээ.


Яахав хүмүүс биднийг ямар нүдээр хардагийг би мэднэ. Гэвч хүсэл зорилгодоо хүрэх гэж тэмүүлж байгаа залуу хүүхдүүдийг дэмжээд өгвөл хөгшин аавын минь сүнс баярлахаас гадна хожим хойно улс эх оронд минь хэрэгтэй юм даа.

Friday, August 19, 2016

Мөнгө модноос ургадаггүй

Хүнээс мөнгө зээлэх гэж сандарч яваа хүнийг харахад бүх зүйл нь ямар нэг хүндхэн шалгуурын ирмэг дээр ирчихсэн байгаа мэт санагддаг. Гэвч хүнд мөнгө зээлдүүлдэг хүнд ч гэсэн ийм зүйл байнга л тохиолддог юм.

Гучин хэдэн жилийн өмнө энэ ажлыг эхлэх үед аавын минь бизнес дампуурч, би сургуульд сурах уу, ажил хийх үү гэдэг шийдвэрийг гаргах хүндхэн үе байсан юм. Байгаа хэдэн төгрөгөө хадгалах уу, цааш нь арвижуулах уу гэдэг дээр удаан ярилцсны эцэст данжийн газар ажиллуулж, хүнд мөнгө зээлдүүлэх энэ ажлыг эхлүүлэхээр зориг шулуудсан даа. Бизнес эрхлэх эрхээ авч, албан өрөөндөө утас тавиулаад ах дүү нарынхаа өгсөн хэдэн хуучин ширээ шүүгээг оруулж ирээд эхэлж байсан тэр өдөр санаанд тодхон үлджээ.

Ямарваа ажил шинээр эхлэхийн хамгийн том зовлон бол туршлагагүй байдал. Бас хүмүүст залилуулж, энд тэнд нүүж явсаар хагас жил өнгөрөхөд өнөө аавын хөрөнгө оруулсан хэдэн цаас ч дуусаж, ашиг ч гээд байх зүйл олсонгүй. Цааш үргэлжлүүлэхийн тулд найз нөхөд, ах дүү нараасаа асуувч над шиг жулдрай амьтанд хэн мөнгөө өгч тоглуулахыг хүсэхэв, эргээд аавдаа хандлаа. Аав нүүрээ улалзуулан байж миний эхэлсэн ажлыг үргэлжлүүлэх гэж таньж мэддэг бүхнээсээ мөнгө зээлж өгнө. Хүнд мөнгө зээлүүлэх энэ ажил маань аавын ачаар тасарч байгаагүй ч мөнгөгүй болвол сандраад л мөнгөтэй болохоороо бас санаа амар суухгүй. Өглөө хэдэн төгрөгтэй байхад өдөр гэхэд л тараагаад дуусчихна.

Нэгэн өдөр нэг залуу машинаа данжлахаар ирлээ. Өглөө тараасан мөнгөнөөс үлдсэн хэд нь өнөө залуугийн хэрэгтэй мөнгөнд арай л хүрэхгүй байсан тул хэнээс түр зээлэхээ бодлоо. Орж ирсэн хүмүүсийн өмнө утас цохиж хүнээс мөнгө асуух нь зохисгүй тул би гадаа байх нийтийн утаснаас нэг таньдаг ахруугаа залгалаа. Яг тэр үед ах найзындаа даалуу тоглож таарчээ. Тэгээд учир явдлаа хэлтэл “Гэрээс очоод авчих” гэдэг юм байна. Тэгэхээр нь өнөө хүнээ хүлээлгэж байгаад ахын гэр рүү гараад шидчихлээ. Гэтэл тэр айлд байсан хүмүүс намайг нэг нүдээрээ ч харсангүй. Авгай нь гэх хүн учиргүй уурлаж “Ёстой мэдэхгүй юм байна. Надад юу ч хэлээгүй дэг.” гэж ширэв татах нь тэр. Би ч учраа хэлж, хүн хүлээлгэж байгаагаа тайлбарлатал “Хэн болно гэж хэлсэн  тэр хүнтэйгээ л харьц.” гээд хөөж гаргах нь холгүй юм боллоо. Араас хаалга тас түгжигдэх чимээ сонсоод золтой л уйлчихсангүй. “Би гэж хүн хэзээ эд нар шиг ийм эрхэмсэг, онгироо хүн болох бол? Надаас тусламж гуйж ирсэн тэр хүнд одоо очоод юу гэж хэлнэ ээ!” гэж бодсоор өнөө ахын даалуу тоглож байгаа айлруу гүйчихлээ. Эхнэрийнхээ яажшуухан аашилсныг миний халтартсан царайнаас мэдсэн бололтой ганц ч үг дуугарсангүй. Хажууд нь сууж байсан хэдэн хүнээс зүс үзсэн нэг ах байхыг харангуутаа би “Ахаа би нэг хүнийг хүлээлгэчихсэн юмаа. Машинаа тавих гэсэн чинь надад мөнгө дутаад. Танд боломж байвал…” гэтэл ах шууд л “Тэг тэг хүү минь, би аавыг чинь танина” гэх нь тэр. Хэдхэн минутын дараа түүний эхнэр боодол мөнгө барьсаар орж ирэв. Би ч хөл газар хүрэхгүй баярлаж өнөө унах гээд байсан нулимс маань сад тавьж билээ.

Энэ ах шиг надад тус болсон бас нэг настан байна. Аавын найз гэсэн тэр хүн манай данжийн газар орж ирээд “Ах нь чамайг ажил эрхлэх болсон гэж дуулаад ирлээ. Май гээд өгчих мөнгө байхгүй болохоор бага залууд эдэлж хэрэглэж байсан алтан эдлэлээ аваад ирсэн нь энэ. Миний хүү үүнийг зараад наад ажилдаа нэмэрлэ” гэж боодолтой зүйл өгчихөөд аяга цай ч амсалгүй гараад явчихаж билээ.

Бас нэг удаа 1981 онд Тайваний Татунг компаний хувьцааны үнэ навс буурч хөрөнгө оруулсан хөгшчүүл хөдөө орон нутгаас ирж, мөнгөө татаж байх үед аавын хэдэн найзууд бэлэн мөнгөө авчихаад манайд ирж хоол идлээ. Ширээний ард сууж байсан буурайнуудаас нэг нь “Энэ их мөнгийг хөдөө газар аваачаад яалтай билээ. Хүү минь чи энэ ажлаа үргэлжлүүлээд надад хувь өгч байвал ямар байна?” гэлээ. Түүний хэлсэн хүүгийн тоо надад тэнгэрээс унасан бэлэг шиг л сонсогдож би гэж хүн үг дуугүй толгой дохилоо. Настанг дуурайсан уу яасан хамт яваа хэдээс нь бас миний ажилд хөрөнгө оруулахаар болж тэр цагаас хойш бэлэн мөнгөний гачаалыг амсалгүй ажлаа үргэлжлүүлэх боломж гарсан юм даа. Гэвч мөнгө гэдэг зүйл тэнгэрээс унаад ирдэггүй, их ажлыг ч гэсэн зээлсэн мөнгөөр л эхэлдэг гэдгийг би тэгэхэд яс махандаа шингэтэл ойлгосон юм.

Түүнээс хойш хэсэг хугацааны дараа нэг эр манайд ирж алтан цагаа данжлахаа хэлсэн ч түүний хүссэн мөнгө нь яг тэр үед надад байсангүй. Тун яаралтай хэрэгтэй байна гэхээр нь хүлээж байгаарай гэчхээд бас л нэг таньдаг ахаасаа зээлэхээр утас цохилоо. “Яг гарах гэж байна. Хурдхан ирээд авчих.” гэхтэй нь зэрэг машинаа асаагаад гишгэлээ. Яарсан болоод ч тэр үү, хажуунаас орж ирсэн машиныг анзаарч амжилгүй мөргүүлчихлээ. Толгой хүчтэй доргисныг эс тоон хаалгаа нээх гэтэл энгэр маань нуль цус, гэтэл өнөө мөргөдөг эр цагдаа хүлээнэ гээд гүрийчих нь тэр. Хүлээж тэсэхгүй байсан учир замын хажуугаар өнгөрөх таксинд суутал “Нөхөр минь чи эмнэлэг бараадсан нь дээр.” гэж танихгүй жолоочийг хэлсээр байтал би өнөө ах руугаа зүглэлээ. Шалбархай төдий гэдгийг мэдэж байсан болохоор таксины жолоочийг яаруулсаар өнөө мөнгөө авлаа. Ахад баахан зэмлүүлж данжийн газартаа иртэл өнөө эр хүлээж тэсэхгүй болоод хамт ажилладаг хэдрүү маань асаад эхэлчихсэн байна. Тэгснээ цус нөж болсон намайг хүнээс мөнгө дээрэмдээд ирсэн гэж санасан бололтой айсан нь илт. “Үгүй чи наад мөнгөө аваад хурдхан явж үз.” гээд энгэрийн халааснаасаа баримтыг нь чулуудах шахам хөөж гаргалаа. Энэ явдал ингэсхийгээд намдаж, өнөө шарх маань тавлах тэр үед цагны эзэн ирлээ.

“Ахаа энэ баримтыг солиулъя аа. Нуль цус болчихсон, харахад эвгүй юм” гэнэ. “Зүгээр найз минь. Чи бид хоёроос өөр хэн ч наадахыг чинь хэрэглэхгүй. Бас нэгэнт бичсэн баримт өөрийн гэсэн дугаартай учир дахин үйлдэж болохгүй” гэж хэлээд түүнийг гаргахад аав минь нүдэнд харагдах шиг болсон юм даа.

Хүүгийнхээ ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй явуулах гэж хэдэн хүнийг өмнө нүүрээ улалзуулсан бол доо хөөрхий, гэж бодоход өнөө цустай баримтын эзэн үүнийг ойлгохгүй л болов уу гэж өөрийн эрхгүй бодогдсон юм даа.