Popular Posts

Tuesday, February 9, 2016

“Ферраригаа зарсан лам”

Яг л нэр шигээ сонирхолтой ном.



Сингапурт Louis Vuitton-ны гадаа урт дараалал үүсгэсэн хүмүүсийг харж зогсохдоо би яг энэ номын тухай бодож байсан юм. Феррари машинаа зарчихаад гэгээрэх гэж одсон тэр нэг хуульчийн оройн хоолны үеэр найздаа өгч буй зөвлөгөөг олон хүн уншаасай гэж хүссэн юм. LV цүнх авч байгаа хүмүүсийг буруутгах гээгүй юм шүү. Харин амьдралын утга учир, таашаал нь зөвхөн арьсан цүнхэнд оршдоггүй гэдэгт л учир нь байсан юм. Яагаад гэвэл өнөөдөр олон залуу хорь дөнгөж гарчихаад аманд багтахгүй их мөнгө ярьж, пид пид үсэрч, нам улс төр эрх мэдлээр өвчилж, амьдралын сайхан бүхнийг мөнгөөр худалдаж авч болно гэсэн бодол тээж яваад л харамсаад байгаа юм.

Зарим хүмүүс энэ номыг “Морритой өнгөрүүлсэн Мягмар гариг”, “Нууц” цувралуудтай зүйрлэх гээд байдаг ч надад л лав тэс өөр санагдсан. Учир нь Робин Шарма бол зохиолч биш. Тиймээс түүнээс утга уянга, үгийн сайхныг хайгаад хэрэггүй. Харин түүний хэлэх гэж буй санаа маш сонирхолтой. Хувь хүний хөгжлийн талаар дэлхийн залууст олон сайхан үнэтэй зөвлөгөө өгч, уран бүтээлээ туурвиж ирсэн түүний энэ номоос гадна “Who will cry when you die”, “The Leader Who had no title”, “The Greatness Guide” цувралууд нь олон сая хувь хэвлэгджээ.

Хуульч Julian Mantle ажлын байрандаа зүрхний шигдээсээр уналаа. Тэр бол мөнгө, эрх мэдэл, нэр хүндийн оргилд хүрсэн нэгэн байлаа. Байлаа гэх учиртай. Нэг л өдөр тоглоомоос гарч алга болсон Julian Mantle-ийг хаашаа одсоныг хэн ч мэдсэнгүй. Бүх өмч хөрөнгөө, Ферраригаа хүртэл зараад одсон тэр нэг өдөр эргэж ирлээ. Эргэж ирэхэд нь түүний хамтран зүтгэгч нь таньсангүй. Алс холын Гималайн уулсад суух их багштан түүнийг тэс өөр хүн болгон илгээжээ. Үргэлж л түүн шиг болохыг мөрөөддөг байсан хамтрагчдаа тэр өөрийн сурсан эрдмээ хуваалцах гэж ийнхүү яаран яаран иржээ.

Билэг ухаанаа захирч, хүсэл зорилгоо даган, сахилга баттай амьдарч, цаг хугацаагаа хайрлаж, өөрийгөө умартан өрөөлд туслахын сацуу байгаадаа талархаж сурсан хэн хүнд Феррари бол юу ч биш. Өөрийн үнэт зүйлээ тодорхойлж, ёс суртахуун хийгээд сэтгэлийн амар амгаланг олсон хэн ч энэ нийгэмд сайхан амьдарч чаддаг тухай өгүүлжээ.

Өнгөрсөн жил би Лаост хэд хонож лам нарын өглөөний ёслолыг үйлдэхийг харж зогсохдоо эдэн дунд зохиолын гол дүр Julian Mantle шиг гэгээрсэн хүн хэр олон бол гэсэн бодол толгойд орж ирсэн сэн. Үүрийн 4 цагт босч гол замаар эгнэн суусан мөргөлчдөөс өглөөний хоол авч буй тэд өсвөр насны хөвгүүд голдуу. Аз жаргалын төвшингөөрөө 151 орноос 37-д жагссан тэдний нууц нь юу бол? Тэнд дэд бүтцийг хөгжүүлж, эрчлэн урсах Мекон голыг даган үйлдвэр аж ахуй хөгжүүлэх аваас энэ индекс буурч, өнгө мөнгөний хойноос улайрч өнөө аз жаргал нь үгүй болчих юм шиг санагдана. Ферраригаа зараагүй ч тэнд сайхан амьдрах олон гадаад хүмүүстэй уулзаж ярилцлаа. Австралийн нэгэн зохиолч эмэгтэй “Энд л би амар амгаланг мэдэрч, зохиол бүтээлээ туурвидаг. Нийгмийн олон янзын дарамт үгүй энэ газар өөрийгөө сонсож чаддаг юм” гэж хэлж байсан удаатай.



Хүн сэтгэлийн амар амгаланг гаднаас бус дотроосоо хайж олсон цагт аз жаргалаар бялхаж чаддаг гэдгийг энэ номноос олж уншаарай.

No comments:

Post a Comment