Popular Posts
-
Хөргөгчний хаалгыг би уран бүтээлийн талбар гэж нэрлэх дуртай. Үе үе тэнд хоёр хүүхдийн зургийн үзэсгэлэн гарах. Хөдөөний нэгэн сумаас н...
-
Өдөр бүр их багаар мөнгөтэй харьцдаг болохоор залилж хуурах гэсэн хүнтэй байнга л таарна. Эхэндээ ч залилуулах үе бишгүй л байлаа. Гэхдээ э...
-
Бээжин хотод очих бүртээ орох дуртай газрын маань нэг энэ дэлгүүр. Хүн ихтэй, хөлс үнэртэй ч гэсэн ороод авсан тохиолдолд юун тэр халуун,...
-
Энэ номыг уншиж дуусахад үнэлгээ өгнө үү гэнэ. 4 од өгчихөөд бусдын үнэлгээг үзэхэд харьцангуй байх юм. 1-ийг өгсөн хүний ...
-
Нэг найз маань гэрт ирээд “Сольж унших ном байна уу?” гэж шүүгээг маань гүйлгэж харснаа “Өө чи чинь дандаа гадаад ном уншдаг юм уу? Монголы...
Tuesday, February 2, 2016
Хайр
Ломбардын маань ойролцоох халуун усны газрын эзэн байсхийгээд л ирж мөнгө зээлнэ. Бизнес хийнэ гэдэг амаргүй болохоор бие биедээ тусалж, дэмжих нь зайлшгүй юм.
Нэг өдөр халуун усны газрын эзэн их л яаруу яваа бололтой орж ирээд “Чин ах аа, яаралтай мөнгөний хэрэг гарлаа. Үгүй бол халуун усны газрыг минь хаах гээд байна” гэх нь тэр. “Тусалж бололгүй яахав. Гэхдээ чиний бараг бүх л эд зүйл энд байна шүү дээ. Одоо юугаа тавих билээ?” гэхэд “Манайд нэг төгөлдөр хуур бий” гэв. “Төгөлдөр хуур хэтэрхий хүнд шүү дээ. Яаж зөөх юм болж байна?” гэхэд арга бодсон бололтой гараад явлаа. Удалгүй ачааны тэрэгний ард томоо төгөлдөр хуур ачаад аваад ирлээ. Хамаг байдгаа зайчилж байгаад арайхийн багтаагаад хартал ломбард маань эртний эдлэлийн дэлгүүр аятай л харагдана.
Хоёр өдрийн дараа өнөөх чинь дахиад л амьсгаадсаар орж ирлээ. “За ах минь баларсан юм боллоо. Энэ төгөлдөр хуур хүүгийн минь эд юмаа. Хоёр өдөр намайг гуйлаа. Өглөө босоод ирэхэд нь хоёр нүд нь хавдчихсан байх юм. Шөнөжин уйлсан бололтой” гэхийг сонсоод сэтгэл өвдөж төгөлдөр хуураа буцааж авах нь дээ гэж бодтол “Ингэе ах аа, хүүгээ сургуулийг нь тарахаар энд аваад ирье. Тэгээд төгөлдөр хуураа тоглож байгаад явна биз” гэв. Анх удаа ийм сонин зүйл сонсоод би ч гайхаж “Яалаа гэж дээ. Энэ чинь мөнгөний газар болохоос биш урлагийн сургууль биш шүү дээ. Тэгээд ч хүүхэд орж гараад байхаар газар биш” гэж тайлбарлалаа.
“Төгөлдөр хуураа буцааж авах мөнгө алга. Ирэх долоо хоногоос наашгүй. Миний хүү их томоотой. Таны ажилд ерөөсөө саад болохгүй. Ердөө хэд хоног л өгчих” гээд салах шинжгүй болохоор нь зөвшөөрч орхилоо.
Дараагийн өдөр нь 5-р ангийн хүү нь ирлээ. Үг дуу цөөтэй тэр хүү орж ирээд надтай мэндэлж, цүнхээ тавьлаа. Төгөлдөр хууртаа хүрэхийн өмнө гараа сайтар угааж, дараа нь төгөлдөр хуураа арчиж зүлгэж байгаад л тоглож гарлаа. Хөгжмийн талаар ямар ч мэдлэггүй надад сонсоход сайхан л аялгуу байв. Гэвч хүүгийн хөгжимдөө хандаж байгаа хандлага, тоглоод сууж байхдаа сэтгэл зүрхээ өгч байгаа тэр байдал сэтгэлийг минь хөдөлгөөд болдоггүй. Бас хүүг хөгжмөө тоглож ахуйд манайд хэн ч орж ирэхгүй байв. Хүүд саад болохгүй гэсэндээ би ч гэсэн арын өрөөнөөсөө гарахаа болив.
Сониуч зан хөдлөөд хүүгээс яагаад хөгжимд ийм хайртайг нь асуулаа. “Аав ээж хоёр салж, ээж биднийг орхиж явсан юм. Чин сэтгэлээсээ ярилцаж, намайг сонсох хүн үгүй болсон болохоор би төгөлдөр хуураа л тоглож өөрийгөө тайтгаруулдаг юм. Аав найз хүүхэнтэй болж, дээр нь ажил нь улам ихсэж төгөлдөр хуур бид хоёр л үлдэнэ. Та аавыг хурдан мөнгө олж төгөлдөр хуурыг минь ав гэж хэлээд өгөөч” гээд уйлж гарлаа. Урьд би хөгжмийг хүнд ингэж их нөлөөлдөг гэдгийг огтхон ч мэддэгүй явж. Бүр ийм жаахан хүүхдийн уйтгар гунигийг хуваалцагч зүйл гэж бүр төсөөлж ч байсангүй.
Хүү өдөр бүр ирж тоглосоор. Гэтэл манайх бас нүүх болж би халуун усны газрын эзэнд ирж төгөлдөр хуураа ав гэж хэлүүллээ. “Чиний хувьд энэ төгөлдөр хуур мөнгөөр сольж болохоор эд зүйл байж болно. Харин хүүгийн чинь хувьд ээж аавыг нь орлох үнэтэй эд гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Үүнийгээ ав даа. Дараа мөнгийг минь өгөөрэй. Хүүтэйгээ ойр дотно байхыг бодоорой. Мөнгө бол яахав, олдож л таарна. Харин үр хүүхэд бол ганц л юм шүү. Чиний хүү их ухаантай. Сайн хүн болно оо” гэж хэлээд төгөлдөр хуурыг буцааж өгсөн билээ.
Өдөр тутам мөнгөтэй харьцдаг би гэж хүн тэр өдөр олон жил баримталж ирсэн дүрмээ ингэж зөрчсөн юм. Одоо ч тэр төгөлдөр хуурын ая сонсох бүрт аравхан настай тэр хүү нүдэнд харагдаад байдаг юм. Мөнгө бол зүгээр л тоо, харин үр хүүхэд бол энэ биед заяасан амин эрдэнэ юм шүү.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment