Энэ зохиол дахиад жаахан урт байсан ч болоосой гэж сүүлийн
хуудсыг хаахдаа бодож суулаа.
Дэлхийн 1-р дайны үед эротик бүжигчин байсан Маргарета
Гертруда Целле буюу Мата
Хари гэж хэн бэ?
Сохор ч зоосгүй Парис хотноо ирсэн ч хэдхэн сарын дараа
хотын хамгийн алдартай хүүхэн болж чаджээ. Дорнын эмэгтэйн дүрд хувиран уян
налархай бүжиг, нүцгэн биеэрээ баян эрчүүдийг өөртөө татсан нь түүний нууц
бололтой. Өөрийгөө Ява арлаас гаралтай Ази бүсгүй гэхэд цагаан арьст эрчүүд
улам их сонирхон нэг хөнжилд орохын тулд хүссэн бүхнийг нь өгдөг байж. Гэвч
түүний тухай энэ бүгд худал байгаад зогсохгүй ямар амьдралаас зугатаж ирснийг хэн
ч мэдэхгүй.
Голландад төрж өссөн Маргарета Целле хар залуудаа нөхөрт
гарч колонийн армийн ахмад Рудольф Маклеодтай гэрлэн Индонезад очжээ. Хүсэн
хүлээсэн амьдралаас нь тэнд юу ч байсангүй. Хүчирхийлэл, доромжлол, ганцаардал
л хүлээж байж. Хүүхдийг нь төрүүлээд өгсөн ч нөхөр нь түүнийг доромжилсоор,
нутгийн бүсгүйчүүдтэй жаргасаар. Гэтэл өөр нэг ахмадын гэргий нэгэн үдэшлэг
дээр амиа хорлосон явдал Маргарет Гертруда Целлед маш хүнд тусч бүхнийг орхиод
нутаг буцах шийдвэрийг гаргахад хүргэжээ.
Нутаг буцаад яах билээ? Яаж амь зуух билээ гэж бодов. Элдэв
зүйл оролдож явсаар нэгэн мэргэн санаа олсон нь Индонеза нутгийн хүүхнүүд эр
нөхрийнх нь сэтгэлийг татаад байдаг тэр сонин бүжгийг бүжиж олны анхаарлын төвд
орох байлаа. Эхний тоглолтоосоо эхлээд л шар хэвлэлүүдээр зориуд бичүүлж,
сайнтай муутай шуугиулаад ирэхэд хэдхэн сарын дараа түүний нэрийг мэдэхгүй эр
хүн гэж бараг үгүй болжээ. Энэ бол түүний нэг төрх, бүжигчин Мата Хари.
Харин бас нэг төрх нь Германы тагнуулч Н21. Мата Хари
тагнуулч байсан уу үгүй юу? Тэр үнэхээр хоёр орны хооронд (Герман Франц) давхар
тагнуул хийж, мэдээлэл худалддаг байсан уу үгүй юу гэдэг асуултад зохиоч маань
ҮГҮЙ гэж хариулжээ. Тэр огт буруугүй. Түүний хийсэн хамгийн буруу үйлдэл бол
биеэ даасан, эрх чөлөөт, баян тансагт дуртай, ердөө л өөрийнхөө ертөнцөд өөрөө
жаргаж явсан тэр явдал юм. 1916 онд Францын тагнуулын албаны дарга, ахмад Ладу
(Ladoux) Мата Хариг өөртөө элсүүлэв. Учир нь Мата Харигийн өмнө хэн ч биш
болдог тэр олон эрчүүдийн дунд Германы цэргийн томчууд, цагдаагийнхан, Францын
сайд нар хүртэл байж. Гэвч Ладугийн санаснаар болсонгүй, өөрөөр хэлбэл Н21
санаанд нь хүртэл ажилласангүй.
Н21-ийг буруутгах эд мөрийн баримт үнэндээ олдсонгүй, Герман
Францын туршуулууд 24 цаг түүнийг дагаж мөрдөөд ч юу ч олж мэдсэнгүй. Францын
арми маш их хэмжээний хохирол амсахад ахмад Ладу Н21-ийг буруутгахаас өөр
аргагүй байдалд хүрчээ.
Ажлынхаа хөлсийг авах гэж Парист ирсэн Мата Хариг буудлынх
нь өрөөнөөс баривчлан хориод сарын дараа цаазаар авав. Үхэн үхтлээ өөрийгөө гэм
буруугүй гэж үзсээр ирсэн Мата Харид өмгөөлөгчдөө бас охиндоо захидал бичих
боломж олдсон нь зохиолын эхэнд бий. Олны анхаарлын төвд байж, шүтэн бишрэгчид
хүрээлж, атаархлаар дүүрэн харц түүнийг дагахуйд эрх чөлөөт биеэ даасан амьдрал
нь бусдад сэжиг төрүүлэн, алдаа гаргасан эр хүн өөрийгөө буруугүй гэж нотлохын
тулд өмгөөлж хамгаалах хүнгүй гэмгүй нэгэн эмэгтэйд ял үүрүүлэн цаазаар
авхуулсан тухай Пауло Коело бичжээ.
Түүний толгойг Парисын Анатомын Музейд хадгалж байсан боловч
2000 онд алга болсон гэнэ.
Зохиолын төгсгөлд Коело Мата Харигийн тухай байдаг цөөхөн
баримтыг судалж бичсэн тухайгаа, бас зарим нэг үйл явдлыг уран сайхны аргаар
баяжуулсан тухайгаа цохон тэмдэглэсэн байна.
No comments:
Post a Comment