Өнөөдөр их аятайхан ном олоод уншчихлаа.
Өвчин хайрлаад байх зүйл мөн үү? Үгүй гэх байх. Гэхдээ
биеийг зовоогч, сэтгэлийг шаналгагч тэр муухай зүйл хүн бид өөрөө өөртөө хандах
хандлагаас шалтгаалдаг гэж энэ номонд өгүүлжээ.
Олон номын ард гарч, олон хүнтэй харьцдаг нэг найз маань
надад энэ номыг санал болгохдоо ихээ чухал мэдээ сонссон мэт их л аминчлан
хэдэн зүйлийг захисан юм.
Өвчин тусахгүйн тулд ингэх тэгэх ёстой гээд түмэн аргыг бид
сонссон. Аан тэгээд өнөө гайхал нян бактерийг биедээ халдаахгүйн тулд идэх
хоол, өмсөх хувцас, амьдрах орчноо ингэх тэгэх ёстой гээд л эхэлнэ шүү дээ.
Гэтэл хүмүүс бид сэтгэлээ хэр ариун байлгадаг бол? Өвчин зовлон тусахгүйн тулд
сэтгэл санаагаа хэрхэн цэгцтэй байлгах ёстой бол? Ердөө л энэ тухай ном.
Эмэгтэйчүүдийн өвчинд шаналж яваа хэн нэгэн эр хүнд ихээ
гомдсон байдаг бөгөөд сэтгэлийн гүнд гомдол цөхрөл багтаж ядан шаналж явдаг
гэх. За тэгээд харшил, элдэв шарх, тэр бүү хэл тохиолдлын гэх гэмтэл бэртлийн
шалтгааныг хүртэл тайлбарласан.
Алив хүний амьдралыг үзэх үзлийг сонирхож, юунд зовж, юунд
баярлаж, юунд хорсож явааг нь сонсоод ямар өвчнөөр шаналж байгааг олон жилийн
туршлага, судалгааны дүнгээр энэ номын зохиогч бичсэн гэнэ. Ойр тойронд байгаа
хүмүүсийн ямар зовиур хэлдгийг сонсоод өвчиндөө шаналахаас гадна үүнийг үүсгэгч
сэтгэлийн тэр зовиурыг нь сонсож, дотроос нь эмчлэх арга үнэхээр чухал юм байна
даа гэж бодсоноо нуугаад яахав. Бид ханиад хүрчихгүйн тулд, нян бактер
халдчихгүйн тулд, бэртчихгүйн тулд сэрэмжлэхээс илүү сэтгэл санаагаа эмчилж,
алив зүйлд өөдрөгөөр хандах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон доо.
Найзаасаа түр авч уншсан болохоор энэ номыг гадуур зарж
байгаа газар байвал хэлж туслаарай. Номын сандаа аваад үе үе харж баймаар юм
байна билээ.
No comments:
Post a Comment