Өмнөд улсад суралцаж байхдаа сүүлийн улиралд сургуулийн
албан ёсны зөвшөөрөлтэйгөөр тус хотын Радио Телевизийн Хорооны Зар
сурталчилгааны хэлтэст хэдэн сар дагалдан маягийн ажил хийж, хэлний мэдлэгээ
сайжруулах боломж олдсон юм. Арван хэдүүлээ нэг баг болж тус хотод бараа
бүтээгдэхүүнээ зарж борлуулах хүсэлтэй байгууллага бүрээр хэсэж, зураг авч,
эвлүүлэг хийн бараг сар гаран болсон байлаа. Туслах найруулагч гэж өндөр цагаан
хүүхэн үе үе хонгилд очиж танил нэгэн хэлээр намдуухан ярьчихаад буцаж ирэхийг
олон удаа хараад яагаад ингэж нууж ярьдаг юм бол гэж гайхаж байснаа нууж
чадалгүй нэг өдөр асуучихлаа. “Хамаагүй чанга ярьвал ажлаасаа халагдчихна шүү
дээ” гэв. Түүнийг ажлаас нь халах эрх мэдэлтэй ганц л хүн манай багт байсан юм.
Тэр бол ерөнхий найруулагч гэх намхан туранхай залуу. Яриа хөөрөөтэй, Монголын
тухай сонирхон асууж ярилцах дуртай, ажилдаа хичээнгүй тийм л нэг хүн.
Нэгэн өдрийн хоолны үеэр яагаад ч юм тэдний яриа Япон хүмүүсийн
тухай сэдэврүү хальтраад орчихсонд ерөнхий найруулагч учиргүй уурлаж “Би Япон
хүмүүсийг хаа тааралдсан газар нь буудаж ална. Тэд миний өвөөг өвсөн дунд
нуугдаж байхад нь яг ингэж хөнөөсөн гэсэн” гээд л дуу нь чангарч нүд нь
эргэлдээд, сэлэмдэж байгаа мэт далайгаад ирэхэд өнөө туслах найруулагч хүүхний
хонгилын үзүүрт намдуухан дуугаар утсаар ярих сүүдэр нь нүдэнд харагдах шиг
болсон юм. Япон хэлээр ярьдаг учраас ажлаасаа халагдана ч гэж юу байхав гэж
бодсон хэр нь ерөнхий найруулагчийн буруу ч байсан хамаагүй толгой гудайлган
хэлснийг нь хийх эмэгтэйг тэр үед учиргүй өрөвдөж билээ.
Надад ч гэсэн эх нутагтаа ирчихээд ингэж адлагдаж байсан үе
олон бий. Автобусанд утсаар харь хэлээр ярьсныхаа төлөө “Алчихна шүү чамайг”
гэх хорон үгийг хэдэн залуугаас сонсоод айж байсан өдөр бас байна аа.
Сурсан эрдэм, олж авсан мэдлэг гэдэг хүний эрхэм дээд
шалгуур биш ч гэсэн өөрийн үзэл бодолдоо үнэнч байх нэгэн тулгуур болов уу гэж
би боддог. Алив зүйлд туйлшралгүй, зөв бурууг тунгаан бодох чадвартай байна
гэдэг хүний бас нэг чанар.
No comments:
Post a Comment