Оюутан ахуйд нэг өдөр хичээлийн завсарлагаанаар бид онигоо
ярих болов оо. Вьетнам охин учир нь олдохгүй юм ярьж ярьж өөрөө дараа нь баахан
инээхэд бид инээх үү байх уу гэсэн шиг бие биерүүгээ харлаа. Вьетнам онигоо
тийм ч сонин байсангүй. Орос охиныг шивэртэй оймсны тухай ярихад би учиргүй
чанга инээж түүнд хань болов. Бусад нь бас л ойлгосонгүй. Тэгээд Солонгосын
ярих ээлж болоход тэр шууд л “Та нар ойлгохгүй байхаа” гэж хэлээд ярихаас
татгалзав. Ингэж ээлж ээлжээрээ онигоо ч биш юу ч биш ярьсаар ойлголцох гэж,
инээлцэх гэж ядсаар Японы ээлж ирлээ. Япон залуу мөрөө хавчин сууснаа “Халуун
рашаанд болсон явдал” гэх нэг явдал ярихад тал нь инээж тал нь гайхсан юм.
Тэгсэн нутгийн аялгаар ярьсан хэсэг нь хамгийн инээдтэй гэж хэлээд өөрөө баахан
инээв. Харин багш маань л бүх онигооны дараа чин сэтгэлээсээ инээж байсан юм.
Ойлгосондоо ч тэр биш байх, бидэнд л урам хайрлах гэж тэгсэн байх.
Сая би энэ номыг уншаад дуусахад тэр залуу л санаанд орлоо. Миний
хошин шогийн мэдрэмж ийм муу юм болов уу гэж бодоод уншсан хүмүүсээс нь асууя
гэж бодлоо, надтай сэтгэгдлээ харамгүй хуваалцаарай. Аан бас, эх хэлээр нь
уншсан бол илүү сонирхолтой байх байсан болов уу гэж санагдсанаа нуух юун.
Орчуулга нь муу гэх гэсэндээ биш Япон орчинг, Япон хэлийг, нутгийн хүмүүсийг
мэдэх хүнд л маш сонирхолтой юм байна гэж бодлоо.
Сахилгагүйгээрээ зартай Боччан сургуулиа төгсөж хөдөөгийн
нэгэн сургуульд математикийн багшаар очжээ. Шинэ орчин, шинэ хамт олон, дэггүй
хүүхдүүд гээд хөдөөний бүхэн түүнд таалагдсангүй. Угаасаа ч түүнд таалагдах хүн
бараг Киёгоос өөр үгүй биз. Киё бол хар багаас халамжилж өсгөсөн асрагч эмээ
буюу түүний ганц шүтэн бишрэгч. Сарын 40 иенийн цалингийн төлөө олон шударга
бус явдлыг тэсэж давах шаардлага гарна. Боччан өөрөө тийм өөгүй хүн үү гэвэл
бас үгүй юм аа. Дураараа, шооч, гөжүүд, бас хүний гараар могой бариулчихна.
Яагаад ч юм Сэлинжерийн “Хөх тариан талбайн ирмэгт” зохиолын
гол дүрийн хүү, Боччан хоёр их л төстэй юм шиг санагдлаа. Шударга бус явдлыг
үнэн голоосоо үзэн ядаж, тийм хүмүүсийг харахаар, бодохоор л нүд нь хорсож уур
нь хүрнэ. Хэтэрхий шударга зангаасаа болж хааяа түргэдэж буруутах хэдий ч хэзээ ч үүнтэй эвлэрч чадахгүй. Өөрчилж
чадахгүй, тэмцэж чадахгүй, хүч хүрэхгүйгээ мэдээд орхиж явахаас өөр аргагүйд
хүрнэ. Эсэргүүцээд ч өөрчилж болдоггүй зүйл, уурлаад ч зогсоож барахгүй
тэнэглэл гэж байх, харин түүнийг орхиж явах нь л хамгийн зөв арга ч байж магад.
Улсынхаа мөнгөн тэмдэгт дээр дүрээ үлдээсэн зохиолч Нацүмэ
Соосэкигээс өөр байдаггүй байх. Өөр бусад зохиолыг нь эх хэлээр нь унших хүсэл
ихэд төрсөн бөгөөд надад түр уншуулаад буцаагаад авах сайн санаатай уншигч
байвал холбогдоорой.