Popular Posts

Wednesday, June 17, 2015

Чюн Яо "Хөхөмдөг үүлт тэнгэр"

Үзвээс муу үйл хийж, хажуу хавиргадаа гай болж байдаг нэгэн байхад улыг нь шагайж араас нь муулаад ч өө гарч ирэхээргүй тийм сайн хүн байдаг. Олон жилийн өмнө багш маань “Хүнийг сайн муу гэж дүгнэх нь утгагүй. Угаас сайн хүн муу хүн гэж үгүй” гэж хэлэхэд нь өнөөх нь муугаас муу, сайнаас сайн хүмүүсийг тэгээд юу гэх болж байна гэж асуухад “Муу үйл хүнд муу гэсэн нэрийг өгдөг юм” гэж хариулж билээ. Гэтэл энэ номноос багшийнхаа хэлж байсан тэр “Угаас сайн, муу хүн гэж үгүй” гэсэн үгийн утга учрыг олж уншлаа.

Тайванийн хамгийн алдартай эмэгтэй зохиолч Чюн Яогийн энэ бүтээлийг Хятад хэлээр нь унших даалгавар авсан хэдий ч Монгол орчуулгыг нь харьцуулан харах гэж нээгээд, нэг амьсгаагаар дуусгачихаад санаа амар сууж байна.

Хайр сэтгэлийг эхнэр нөхөр хоёр л хамтдаа бий болгож, түүнийгээ бие биедээ итгэж, уучилж, тэвчиж байж амсаж мэдэрдэг бол гуравдагч хүнтэй хувааж болох уу? Хуваахаас өөр арга үгүй тийм байдалд Бихань, Хаотянь, И Юнь нар хүрчихжээ.

“Амь амьдрал гэдэг бол баяр хөөр, хайр, баяр бахдал, гэрэл гэгээ, хүсэл найдвар юм шүү” гэсэн багшийнхаа үгээр сэтгэлээ дэвтээж хойт эхийн зодуур нүдүүрээс мултрах аргагүй болсон 17 настай Бихань сургуулиа орхихоос аргагүй боллоо.  Ганцхан жил тэсчихвэл төгсөх хэдий ч гэр орны ажил, дээр нь учир нь үл мэдэгдэх өвчин шаналалаас болж хөөрхий охин хүсэл мөрөөдлөө орхино. Түүнийг гэх хүн тэр гэрт дүүгээс нь өөр үгүй. Хайр халамжийг амсалгүй арван хэдэн жилийг өнгөрөөж, эцэст нь үхлийн ирмэгт очихын даваан дээр ангийнхаа багшид хэл дуулгаж амьд мэнд гарчээ.  Сайхан сэтгэлт багшийнхаа ачаар амьд үлдсэн охиныг гэртээ эргэж ирэхгүй байхыг эцэг шүү юм нь гуйснаар багшийнхаа хуурай дүү болох хувь тохиол ирэв. Түүнээс илүү сайхан явдал гэж хаа байхав. Багшийн гэр бүл охиныг цааш гэсэнгүй. Хангалуун амьдрал үзээгүй Бихань охинд эхэндээ хэцүү байсан ч угаас сэргэлэн зантай учир заасан бүгдийг сурч, тэдний хайрыг татсан ухаалаг охин болоодхов. Ёстой юугаар ч хариулж барамгүй тэр их ачийг мартахгүй гэсэндээ охин тэднийхэнд зүрхээ ч сугалаад өгөхөд бэлэн байлаа. Гао овогтынх Бихань хайртай, гэхдээ энэ их хайрынхаа төлөөсөнд хожим хичнээн их нулимс урсгахаа яахин мэдэх билээ.
Түүний багш байсан И Юнь хүүхэд гаргах боломжгүй гэсэн мэдээ Гао овогтынд гуниг гутрал авчирсан ч Бихань гэсэн найдвар хөгшдийг тайтгаруулав. Үүнийг анх сэдсэн И Юнь нөхрөө ятган байж хоёрыг нийлүүлсэн хэдий ч ганц зүйлийг буруу тооцоолжээ. Энэ бол ХАЙР байсан юм. Нөхөр нь Биханьтай хайр сэтгэлийн харьцаа үүсгэж гурвалжин дөрвөлжин хэрэг мандахад И Юнь удам залгах хүүхэд төрчихөөсэй гэсэн ганц хүслийг нь гүйцээхийн тулд шүд зуун тэсвэрлэх хэдий ч хүний тэвчээрт хязгаар гэж байдаг юм хойно нэг л өдөр тэсэрч Биханийг гэрээсээ хөөчихлөө. Гэвч сураггүй алга болсон Биханийг эзгүйд тэдний гэрт аз жаргалтай байсангүй. 3 сарын турш хайсны эцэст түүнийг шөнийн цэнгээний газраас оллоо. Дахин хайрын гурвалжин үргэлжлэх үү, эсвэл ор сураггүй алга болсон нь дээр үү гэсэн ээдрээтэй энэ явдлыг “Хөхөмдөг үүлт тэнгэр”-ээс уншаарай.

"Adultery" by Paulo Coelho

Хосууд ханилан суугаад хэдэн жил өнгөрөхдөө бие биенээ хэтэрхий сайн мэддэг гэж боддог. Хайр сэтгэлээр холбогдож, үхэн үхтлээ хамт байна гэж амлах ч хүний сэтгэл л хойно холдож, ойртох өдөр олон. Хоёр биенээ хамгаалан зөв газар, зөв цагтаа зогсоно гэдэг агуу. Үгээр илэрхийлж боломгүй гэр бүлийн нарийн асуудал, нандин утсыг хөндсөн энэ номыг уншаад үзээрэй.

Шүхрээр буухдаа тэр нулимсаа барьж чадсангүй. Хөл нь газарт хүрэх мөчид бодит ертөнцөд буцаад ирэх мэт.Т үүний дотор нуугдаж, хэмлэн зовоож байсан хар бараан зүйлийг хөх тэнгэр, дүүлэн нисэх бүргэд, алсад харагдах уулс үргээж чадлаа гэж үү…

Өдөр бүр нэгэн хэвийн үргэлжлэх тэр мөч, тэр мэдрэмж…

Сайхан гэр бүл, сайн хань, хөөрхөн хүүхдүүд, сонирхолтой ажил гээд бүх зүйл түүнд байлаа. Гуч гарсан түүний амьдралд хүссэн бүх зүйл байсан ч яагаад ч юм битүүхэн гуниглаж, угаалгын өрөөндөө чимээгүй уйлна. Чухам юу дутагдаад байгаагаа ч мэдэхгүй, өнөө сайхан амьдрал нь улам нь утгагүй санагдаж, энэ байдлаа нуух гэж сэтгэлээр унана. Нойргүй хонох муухай шөнө ар араасаа үргэлжилж, сэтгүүлчийн ажил нь хүртэл сонирхолгүй санагдах болов. Чухам юунаас, хэнээс болоод юу хүсээд байгаагүй ойлгохгүй.
Ахлах сургуульд үерхдэг байсан хөвгүүнээсээ ярилцлага авах завшаан тохиолдоход өнөө бүх утгагүй амьдрал, өдөр бүр толинд хардаг өөрийнхөө хуурамч төрхийг түүний харцнаас олж харах нь тэр. Тэр ганцаараа биш ажээ. Сонгуульд нэр дэвшиж буй амжилттай яваа найз нь хүртэл өөр шиг нь байдалд орж аврал эрж байсан юм санж. Багын явдал санаанд орж, мөрөөдөөд амжилт олоогүй гэнэн насны шунал тачаалыг гүйцээх гэсэн шиг Жакобтой учир ургууллаа. Эхнэртээ үргэлж сэтгэл дундуур явдаг, ажлаас их зүйл байдаггүй гэх мэт залуугийн олон гомдлын үгсийг сонсоод тэр хариу хэлэх гэтэл амьдралд туниад байх зүйл бүсгүйд үнэндээ байсангүй. Бүх зүйл төгс төгөлдөр…
Хийсэн нүглээсээ ичиж, өөрийгөө зүхсэн хэдий ч хоёр дахь боломжийг өөртөө олгож, Жакобтай дахиад л уулзана. Удахгүй болох сонгуульд нэр дэвшигч Жакоб сэтгүүлч бүсгүйн хувьд нийтлэлийн нь гол сэдэв болохоос гадна өнөө дутагдаад байсан зүйлийг нь нөхөгч хүн болох учиртай гэж санасан хэрэг. Гэвч түүний санаснаар болсонгүй. Эхнэрийн нь далд утгатай хорон үгнээс болоод тэр хоёрыг хоёуланг нь чадмаар санагдаж, хар тамхи худалдан авч урхиндаа оруулах гэсэн ч  зүрх хүрсэнгүй. Сэтгэл судлаачдад хандсан ч хэн ч түүнд тусалж чадсангүй. Аргаа барахдаа бөөд хүртэл очиж үзэв. Түүний дотор юу гээч нь болоод байгааг ойлгоход улам хэцүү боллоо. Гэтэл өөрт нь тулгараад байгаа сэтгэлийн өвчин нөхөрт нь ч бас тусаж байжээ. Харин яаж түүнийг давж гараад юу ч болоогүй юм шиг яваад байж чадсан байна гэдэг нь сонин.


Өмнөх зохиолуудаа бодвол арай хөнгөн хэлбэрээр бичээ юу даа гэж бодогдлоо. Үйл явдал хөөж, өнөө сэтгэлд шингэтэл хэлдэг үгс ч багасчээ. Гэхдээ л таалагдсан шүү.

"A Tale for the time being" by Ruth Ozeki

2011 оны аймшигт цунамигийн дараахан Канадын нэгэн эрэгт амьдардаг зохиолч эмэгтэй далайн эргээр алхаж яваад Hello Kitty-ийн хоолны сав олжээ. Савыг онгойлгож үзвэл Францын алдарт зохиолч Марсел Прустын “Алдагдсан цагийн эрэлд” бүтээлийн хавтас бүхий том дэвтэр, эрэгтэй хүний бугуйн цаг бас хэдэн захиа байлаа. Дэвтрийг сөхөн үзвэл нэгэн охины өдрийн тэмдэглэл, хачирхалтай нь эхнээсээ дуусах хүртэлээ англи хэлээр бичигдсэн байх нь тэр. Зохиолч сониуч зандаа хөтлөгдөн өдрийн тэмдэглэлийг уншиж эхэлжээ.
16 настай Нао ганцаардал, үзэн ядалт, гадуурхалтаас болж сургуульд явах тун дургүй. Америкт өссөн Нао охиныг Японд ирэхэд найрсаг хүлээж авсангүй. Ганц охиныг ч бус тэдний гэр бүлийг олон бэрхшээл хүлээж байлаа. Үеийнхнээсээ том биетэй болохоор хэн ч тоож найзалсангүй. Үл тоогоод л өнгөрөх төдий гэж бодсон нь эндүүрэл байжээ. Ангийн нь хүүхдүүд элдвээр доромжилж сэтгэл санаагаар унагахаас гадна нүднээс далдуур охиныг тамхины галаар түлж, хайчаар элдэв шарх сорви үлдээх нь хэцүү. Нао энэ бүхнийг хэнд ч хэлдэггүй байлаа. Үнэндээ хэлээд ч нэмэр үгүй гэдгийг мэднэ. Гэр нь хотын захын хороололд учир охинд нөлөөлөхөөр тийм орчин үгүй, аав нь ажил хайж байгаа нэртэй амиа хорлох алхам хийж, ээж нь өдрөөс өдөрт доройтож байгаа амьдралаа сонирхолтой болгох гэсэн үү гадуур дэмий явна. Амиа хорлолт нь бүтэлгүй болоход аав нь гэрээс гарахаа болилоо. Өдөржин Өрнийн философийн ном уншиж, интернэтээр тэнэхдээ охинд нь чухам юу тохиолдоод байгааг мэдсэнгүй, мэдэхийг ч хүсэхгүй байгаа бололтой. Бүх зүйл утгаа алдаж Нао аавыгаа үзэн ядна. Ангийн нь хүүхдүүдийн гадуурхалт хэрээс хэтэрч багштайгаа нийлж охины “оршуулга” гэгчийг ангидаа зохиож, амьд мэнд хичээлдээ ирж байгаа Наог үгүй болсон мэт харьцана.
Наогийн элэнц эмэг Жико гэх хөгшин 104 насыг зооглож, Сэндай хотын ойролцоо нэгэн хийдэд эрүүл саруул аж төрдөг ажээ. Амьдралын нь энэ хэцүү үед сэтгэлийн дуудлагаар ч гэх үү Жико эмгэн Наогийн гэрт зочилов. Халзан толгойтой жижигхэн хөгшин охиныг сонирхон амралтаараа сүмд нь очихыг хүсэв. Диснэй Лэндэд очих тоглох хүсэл нь унтраагүй өсвөр насны охинд сүмийн амьдрал хачин уйтгартай санагдахаас гадна хичнээн цаг бясалгал хийж цэх суух хийгээд хөгширч жижгэрсэн Жико эмээг усанд оруулахаас гадна сүмийн гал тогоонд туслах зэрэг нь эхэндээ гойд сайхан санагдсангүй. Гэвч Жико эмээ охины зүрхний үгийг сонсож, сургууль дээрээ амсдаг тэр зовлонг хэлүүлэлтгүй ойлгож байгаа юм шиг санагдаж Нао өдрөөс өдөрт сүмийн амьдралд дасаж эхэллээ.
Жико эмээгийн хүү Харуки 17 насандаа Дэлхийн Хоёрдугаар Дайнд татагдаж, эцэст нь эх орныхоо төлөө алтан амиа өгснийг сонсоод Нао бодлоо: “Миний ангийнхаа хэдэн охидод дээрэлхүүлэх хийгээд, амин зуулгын хариуцлагаас зугатсан аавын өчүүхэн бэртэгчин санааг Харуки хүүгийн амссан тэр цаг үеийн зовлонтой харьцуулашгүй” гээд Харуки хүүгийн ээждээ бичсэн захидлын тухай Жико эмээгээс асуулаа. Захидлын утга тэр чигээрээ баатарлаг хүү хүсэл зоригоороо эх орныхоо төлөө амь биеэ хайрлалгүй тулалдах тухайгаа, элгэн садан, хайрт ээжээс нь салгасан аймшигт дайснуудыг хүйс тэмтрэх тухай байлаа. Гэвч Жико эмээгийн хэлснээр бол энэ Харуки хүүгийн нь сэтгэлээс гарах үг биш гэнэ.
Амралтын хэдэн өдөр гайхалтай сайхан өнгөрсөн ч Токиод буцаж очоод л өнөө гадуурхалт эхэллээ. Охин нэг өдөр үсээ хусч ангидаа очоод бүгдэд нь мэхийн ёслоод сургуулиас гарчээ. Ээжийгээ харахад хичээлдээ явж буй мэт дүр эсгэх хэдий ч хачир дээрээ жижигхэн кофе шопт сууж өдрийн тэмдэглэл бичиж суухыг илүүд үзнэ. 9 сарын 11, Америкийн хувьд эмгэнэлт тэр өдөр аав нь зурагтынхаа урдаас салсангүй. Сүүлдээ интернетээр 9/11-ний үйл явдал тэр дундаа хоёр өндөр байшин нурж байгаа бичлэгийг байн байн үзнэ. Аавын нь энэ хачин байдал хийгээд шөнө дөлөөр гэрээсээ гарч дэмий алхах утгагүй явдал Наогийн тэсвэрийг барж охин үл бүтэх эмэгтэйтэй нөхөрлөж эхэллээ. Японы нийгмийн муу муухай бүхнийг амсаж, хэзээ ч хийж үзнэ гэж төсөөлөөгүй бүхнээ хийж явахад нь Жико эмээгийн сүмээс дуудлага ирлээ.
Зэн буддист хөгшин насан өөд болох тэр мөч… Цаг хугацааны үргэлжлэл байсан жижигхэн тэр эмэгтэй ганц хүүгээ хүн төрөлхтний түүхэнд хар мөр үлдээсэн тэр үйл явдалд алдсан ч Нао охиныг бас нийгмийн бусармаг зүйлийн золиос болгохыг хүссэнгүй бололтой Харуки хүүгийнхээ амиа өгөх тэр өдөр хүртэл ээждээ зориулан Франц хэлээр бичдэг байсан өдрийн тэмдэглэлийг үлдээсэн ажээ. Токио хотруу буцсаны дараа Нао аавтайгаа хамт Франц хэлээрх тэр тэмдэглэлийг орчуулан уншжээ. Гэтэл Харуки хүүгийн дайны тэр өдрүүд өмнөх захидлуудад түүний чин сэтгэл хийгээд дайн дажныг үзэн ядаж, хэдийгээр камиказэ нисгэгч болж сонгогдсон ч байгаа онолгүй далайд живж үхэхээр шийдсэн тухайгаа бичжээ. Нэгэн гэр бүлийг хагацааж, нэгэн ээжийг уйлуулж дайн гэгч харгис явдалд хувь нэмрээ оруулах гэж ээждээ хүү нь болж төрөөгүй, энэ биеэ чилээж эрдэм ном сураагүй тухайгаа гагцхүү ээждээ зориулан Франц хэлээр бичиж үлдээсэн нь тэр байжээ. Гэхдээ хөөрхий Жико үүнийг нь орчуулан уншиж чадаагүй хэдий ч сэтгэл зүрхээрээ мэдэрч ээждээ хаяглан Япон хэлээр бичдэг байсан захиа бүрийнх нь үг худлаа байсан гэдгийг ч мэдэж байж.
Наогийн өдрийн тэмдэглэлийг уншиж суухдаа зохиолч эмэгтэй энэ бүхэн худлаа байлгүй дээ гэж бодох үе ч гарна. Гэвч хайрцаганд ирсэн нисгэгчийн цаг зогсолгүй явж байхыг үзвээс Нао охин, Харуки, Наогийн аав гээд бүгд бодит.
Нао охин Токиод ирээд яасан тухайгаа, аав нь ажилд орсон эсэхийг, Жикогийн тухай ном бичсэн эсэхээ дурдалгүй өдрийн тэмдэглэлээ төгсгөжээ. Зохиолч эмэгтэй Наогийн аавтай нь холбоотой байсан Америк эрдэмтэнрүү захидал бичиж тусламж хүсэхэд бүх явдлын учиг жаахан тайлагдав. Наогийн аав нь Америкт байх хугацаандаа сонирхолтой нэгэн тоглоом буюу галт зэвсэг зохион бүтээснийг нь хүмүүс буруугаар ашиглаж хожмоо Америк Садамм Хуссейнтэй хийсэн дайндаа ашиглаж байжээ. Наогийн аав Харуки хүү хоёрын сэтгэлийн шаналал адилхан байжээ. Өөрийн хийсэн зүйлийг хүмүүс хүн төрөлхтний эсрэг ашиглаж байгааг үзээд дуугай суух хэцүү байсан байж таарна. Харин үүнийг нь жаахан охин нь яахин ойлгох билээ. Тэр ч мөн өөртөө таарсан зовлон хангалттай амсаж байсан билээ. Нао охин хожмоо Канадад сурахаар явсан тухай өвгөн эрдэмтэн захиандаа дурджээ.
Харин энэ хайрцаг яагаад ирэх болсон, цунами болох үед Нао охин хаана байсан зэрэг нь зохиолчийн хувьд тайлагдашгүй нууц болон үлджээ.