Австралийн зохиолч Geraldine Brooks-ийн хэд хэдэн номын тухай сонсож байснаас дэлгэж үзсэнгүй саяхныг хүргэжээ. Энд тэнд хорхой хүргэсэн номын тухай сонсогдох бүрт байж ядаж, олж авахыг хүсч, найз нөхөддөө захина. Энэ номыг би бас ингэж л олж авсан. Англи хэлээр унших гэж оролддог над мэтийн хүнд “People of the Book” арай л хүнд хэллэгтэй санагдаж, багагүй хугацаа зарцуулсанаа нуух юун. Зохиогчийн өөрийн түүх бас гайхалтай сонин. Австралид төрж өссөн энэ эмэгтэй АНУ-руу нүүж “Wall Street Journal”-д 11 жил ажиллахдаа дэлхийн хамгийн халуун цэг гэгдэх Босни, Сомали, Иран, Ирак гэх орнуудаар явж мэдээ, нийтлэлээ бэлддэг байжээ. Түүний “Year of Wonders” ном нь чамгүй амжилт олсоноос гадна “March” зохиол нь 2006 оны Пулитцерийн шагналыг уран зохиолын төрөлд хүртэж байжээ. Sarajevo Haggadah гэх номын тухай бодит түүхээс сэдэвлэсэн “People of the Book” номы 2008 онд хэвлэгджээ. Оюутан байхад МҮОНТВ-ээр “Улаан хийл” гэж нэг кино гарч байсныг санаж байна. Нэгэн алдарт улаан хийл дөрвөн зууны турш 5 орноор аялж байгаа тухай гардаг даа. Яг л тэр кино шиг. Энэ Sarajevo Haggadah гэж ном 1350 онд Барселонд цайруулж, элдсэн тугалын арьсан дээр бичигдэж, зэс болон алтаар чимэглэгджээ. Таван зууны турш олон орноор аялж, олон хүний гар дамжсан энэ түүхийн хосгүй бүтээл одоо Боснийн Үндэсний музейд хадгалагдаж байгаа, харин түүнийг одоо болтол үнэлж чаддаггүй юм байна. Харин 1992 онд Испанид үзэсгэлэнд тавихдаа 7 сая ам доллараар даатгуулж байжээ. Зохиолд 1996 онд Австралийн хуучин номын мэргэжилтэн Hannah Heath Боснийн дайны үед Sarajevo Haggadah-г сэргээн засахаар халуун цэгт очно.Мөнгөөр үнэлэхийн аргагүй гайхамшигтай түүхийн энэ бүтээлийг сэргээн засварлах үедээ номын өөрийн нь түүхийг бас давхар судлахыг оролдсон боловч түүнд хангалттай цаг байсангүй. Харин номын хуудсанд наалдсан шавьжны далавч, улаан дарсны толбо, давсны ширхэг, цагаан үс гээд үнэт бүтээлийн өнөөдрийг хүртэл туулж ирсэн амьдрал түүний өмнө бага багаар нууцаа нээлээ. Номыг бичсэн бэх, илгэн цаас, хавтас зэргийг судалж байх явцад болхидуухан наасан хавтаснаас зарим зүүлт чимэглэл алга болсныг ч бас мэдэв. Hannah Heath номоо засаж дуусаад, ажлаа тайлагнаад нутаг буцах ёстой байсан боловч чадсангүй. Тэндээсээ Вьен орж тэгээд Бостон, дараа нь Лондон гэх мэтээр Sarajevo Haggadah-ийн түүхийг судлах их аялалдаа гарлаа. Очсон газар бүртээ номтой холбоотой домог үлгэр, түүхийн баримтыг асууж судалжээ. Дэлхийн ll дайны үед залуу Муслим эр өөрийн амь амьдралыг золиослон байж энэ номыг хадгалж байсан бол түүнээс өмнөхөн Вьенд нэгэн Еврейэмч санаандгүй байдлаар түүхийн үнэт бүтээлийн хэсгээс хулгайлж хадгалж ирсэн тухай, бүр эрт үед Венецид нэгэн католик номлогч галын аюулаас номыг аварч байсан тухай, 1492 онд Таррагонад нэгэн ядуу зохиолч номын сүүлийн хуудсыг бичиж дууссан, 1480 онд Севилийн зураач өөрийн хөргөө номын чимэглэлд зурж байсан гээд түүхийн хуудсууд ухарсаар. Энэ бүх аялалын дараа Hannah Heath өөрийгөө энэ номын түүхийг бичилцсэн, бас түүнийг аварсан хүний нэг, энэ номын нэгэн хэсэг болж үлдсэнээ ойлгожээ.
Popular Posts
-
Хөргөгчний хаалгыг би уран бүтээлийн талбар гэж нэрлэх дуртай. Үе үе тэнд хоёр хүүхдийн зургийн үзэсгэлэн гарах. Хөдөөний нэгэн сумаас н...
-
Өдөр бүр их багаар мөнгөтэй харьцдаг болохоор залилж хуурах гэсэн хүнтэй байнга л таарна. Эхэндээ ч залилуулах үе бишгүй л байлаа. Гэхдээ э...
-
Бээжин хотод очих бүртээ орох дуртай газрын маань нэг энэ дэлгүүр. Хүн ихтэй, хөлс үнэртэй ч гэсэн ороод авсан тохиолдолд юун тэр халуун,...
-
Энэ номыг уншиж дуусахад үнэлгээ өгнө үү гэнэ. 4 од өгчихөөд бусдын үнэлгээг үзэхэд харьцангуй байх юм. 1-ийг өгсөн хүний ...
-
Нэг найз маань гэрт ирээд “Сольж унших ном байна уу?” гэж шүүгээг маань гүйлгэж харснаа “Өө чи чинь дандаа гадаад ном уншдаг юм уу? Монголы...
No comments:
Post a Comment