Popular Posts

Wednesday, May 27, 2015

"Уншигч" Бернхард Шлинк

Филиппинийн нэгэн жижигхэн арлын хуучин номын дэлгүүрээс энэ номыг олж авсан юм. Бараг хагас жилийн өмнө эрхэм номын анд Туяагийн бичсэн тэмдэглэлийг санаж билээ. Хуучин хэдий ч үнгэгдэж муудаагүй, хямдхан энэ ном харин сэтгэлд нийцэх болов уу гэж эргэлзсэнээ нуух юун. Учир нь “The People of the Book” гэж Еврейчүүдийн үнэт бүтээл болох Hagaddah-н тухай өгүүлсэн хүндхэн номын ард дөнгөж гараад байсан болоод тэр байх. “Уншигч” бол энгийн хэллэгтэй, илүү дутуу чимэггүй. Хэдхэн өдрийн дотор дуусгачихаад сүүлийн хуудсыг хаахдаа харин хөнгөн гунигтай үлдсэн дээ.
Бүсгүй хүний эрхэмсэг бардам, цэвэр ариун хэр нь нууцлаг тийм нэг зан чанар, хүйтэн дайны ширүүн салхи, шоронгийн бүгчим өрөөнд ч гундаагүй тийм нэг гоо үзэсгэлэн бүгдийг Ханнагаас олж харлаа. Насны хол зөрүү хайр сэтгэлд хамаагүй тухай “Лолита” зохиолд гардаг шиг “Уншигч” бас энэ тухай өгүүлж. Хайр сэтгэл бол дуусашгүй дундрашгүй, мөнхийн сэдэв.
15 настай хүү 30 гарсан бүсгүйд ухаан алдатлаа дурлаж, өөрийгөө нас биед хүрсэн том залуугаар төсөөлөх гэж үзнэ. Бичиг үсэг тайлагдаагүй Ханнад Михайлтай байх сайхан байлаа. Учир нь Михайл түүний“Уншигч” нь юм. Гомер “Илиада”-аас эхлээд “Дайн ба Энх”, Чеховын зоиолууд гээд түүнд таалагдах болов уу гэсэн ном бүрийг чанга дуугаар уншиж өгсөний хариуд биеийн жаргалыг эдэлнэ. Ном уншуулж байхдаа баярлаж, үзэн ядаж, догдолж, дуу хураах бүрт нь түүнийгээ хайрлаж, өхөөрдөх Михайлд энэ бүх сайхан зүйл дуусашгүй мэт. Гэтэл нэг өдөр Ханна түүнийг орхин одно. Хаашаа явсанаа, яагаад орхисноо хэлсэнгүй. Олон жилийн дараа шүүхийн танхимд түүнийгээ олж харах хүртэлээ мартаж чадсангүй. Хүнтэй суусан авч Ханнагаас мэдэрдэг байсан тэр мэдрэмжийг, тэр үнэрийг, тэр бардам занг хайсаар, эцэст нь гэрлэлтээ цуцлана.
Ханна түүний амьдралаас гэнэт явсан шигээ гэнэт гарч ирнэ.Бичиг үсэггүйн гайгаас болж бүх ялыг үүрч шоронгийн хаалга татахад шүүх хурлыг дуусан дуустал түүнийг ажиглан ард нь суусан хуульч Михайл өсвөр насандаа Ханнад ашиглуулж байсан уу гэсэн асуулттай л үлдэнэ. Учир нь шоронгийн харгалзагч байсан Ханна хоригдол бүсгүйчүүдээр ном уншуулдаг байсан тухай шүүх хурлыг үеэр яригдав. Михайл өөрийгөө тэр хоригдол бүсгүйчүүдийн нэгэн адилаар төсөөлж, түүний олон олон
“Уншигч”-ийн нэг байсан гэж бодсоор. Гэсэн ч өөрийгөө бас буруутгах шалтгаан гарч ирнэ. Ханнаг бичиг үсэг мэдэхгүй гэдгийг шүүх танхимдсуугаа хэн ч мэдсэнгүй. Шүүхийн шийдвэр гарч Ханна шоронд, Михайл хуучинамьдралдаа эргэн орно. Гэвч Ханнаг бодохгүй өдөр гэж үгүй. Ханнад туслах ганц арга бол түүнд дахин ном уншиж өгөх гэж сэтгээд сонирхолтой байх болов уу гэж бодсон олон номыг чанга дуугаар уншиж хуурцагт буулгаад шоронруу илгээдэг боллоо. Хичнээн ном уншсанаа мартахгүйн тулд тэмдэглэл хөтөлж, Ханнад бас ойлгомжтой байх болов уу гэж хуурцагнуудыг дугаарлана. Хийж байгаа зүйлдээ үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Гэтэл нэг өдөр Ханнагаас зурвас ирэв. Ханна уншиж бичиж сурчээ. Үүнээс илүү сайхан мэдээ гэж юу байхав. Яг л жаахан хүүхэд шиг үзгээ чанга дараад хичээнгүйлэн бичсэн хэдхэн үгтэй тэр зурвас Михайлын хичээл зүтгэл талаар болсонгүй гэдгийг батлах шиг.
Нэг өдөр Михайлд шоронгийн удирдлагаас захидал ирлээ…… Ханна Михайлтай уулзах болов уу? Тэр хоёр дахин учрах болов уу?

Энэ хүртэл өгүүлээд уншигч танд үлдээе.

No comments:

Post a Comment