Хэдэн жилийн өмнө NHK сувгаар гарсан нэг нэвтрүүлгийг ерөөсөө мартдаггүй юм. 2 сурвалжлагч Хельсинкийн гудамжаар алхаж явахдаа зөрж өнгөрөх залуучуудаас ганц асуулт асуусан нь “Дэлгүүрээ хэрхэн аврах вэ?” байв. Финланд залуучууд дэлгүүрийн байршил, зардаг бараа, худалдан авагчдын насны хязгаар, ойр орчны онцлог, дэлгүүрийн гадаад үзэмж, үнийн талаар өнөө хоёрыг харин байцаана. Огтхон ч түгдрэлгүй тэдний асуудлын тухай ярилцаж, ихэнх нь зөвлөгөө өгч, зарим нь бүр хамтарч ажиллахаар болоод сална. Асуудалд олон өнцгөөс хандаж, гаргалгаа гарган, асуудлыг аль болох нааштай шийдэх энэ mind mapping (оюуны зураглал) аргыг Япончууд шагширч алга ташсаар нэвтрүүлэг дуусна.
Алив зүйлд бүрэн зураглал хэрэг болно. Би үүнийг уулзсан, ярьсан хүн бүртээ хэлэхийг хичээдэг. Заримд нь бүр янз бүрийн бэлэн аппликейшн хүртэл татаж өгнө. Нэг үгээр хэлбэл эмх цэгцтэй төлөвлөж сурах явдал гэж ойлгуулна. Намайг нөгөө зургаа зураад яриад эхлэхээр найзууд маань одоо гайхахаа больсон, ямар ч байсан цаас үзэгтэй суудагийг маань гадарладаг болоод байгаа.
Харин эртүүд нэг ийм аятайхан ном олоод уншчихлаа. Хэдэн сарын өмнө унших минь яалаа гэж халаглаж байснаа нуух юун. Маш олон төрлийн ажил төлөвлөж, олон үүрэг даалгавар зэрэг гүйцэтгэх үед чадлаараа багцалж, цэгцэлж, ганц ч жижиг зүйлийг орхилгүй амжуулахсан гэж яарч явахдаа энэ номыг олж унших минь яалаа гэж бодож байсан шүү. Багцалсан олон цаас, нүд эрээлжлэм төлөвлөгөө захирал маань өгөхөөр нь “Би өөрийнхөөрөө зурагламаар байна” гэж хэлээд өөрөө зураад хийж байснаа л санаж байна. Олон төрлийн мэдээлэл дунд төөрч будилалгүй, алдаа гаргалгүй ажиллахад зураглал хийх явдал маш их ач холбогдолтой. Тэр олон цаасыг, төлөвлөгөөг, ажлыг тархиндаа цэгцтэй багтаахад техник хэрэгтэй. Ном хурдан унших, мэдээлэл хурдан олж авах, оюун ухааны дасгалууд, хэрхэн бүтээлч ажиллах, бага хугацаанд ихийг амжуулах гээд бүгд л өөрийн гэсэн техниктэй. Харин бизнес хийхэд, хурал хэлэлцэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх, хэлэлцээр хийх гээд өдөр тутмын ажилд тань хэрэг болж магад энэ ном.
Урьд нь би SimpleMind хэрэглэдэг байсан бол одоо түүний iMindMap-ийг санал болгож байна.
No comments:
Post a Comment