Popular Posts

Wednesday, October 25, 2017

CAROL

Өрөөгөө хуваан түрээсэлдэг байсан Тайвань охидыг би ижил хүйстнүүд гэдгийг анхнаасаа л мэддэг байсан. Гайхах зүйл юу байхав, хүний хорвоогийн жам хойно. Гэм хоргүй сайхан нөхөрлөж өдийг хүрлээ, хааяа тэднийгээ санаж, очих бүртээ цаг гарган уулзаж хацраа өвдтөл инээж авна даа. Халтар хултар Хятад хэлийг минь засаад өгчихгүй дандаа тоглоом шоглоом хийнэ. Халуун ногоотой хоолонд мууг минь мэдсээр байж сэмхэн нэмж намайг олны дунд эвгүй байдалд оруулна. Охиноо санаад гэж гоншгонохоор мөрөө түшүүлж аргадна. Гадаа хүйтэнд өдөржин хувцас зарж олсон мөнгөөрөө биднийг дайлж оройжин идэж ууцгаана. Хэн нэгний төрсөн өдөр, тэмдэглэлт өдрийг мартана гэж үгүй, заавал баярлуулна. Амьдралынх нь хэв маяг заримдаа атаархмаар, аялна, зугаална, ажлаа дуртай үедээ солино, дандаа дуртай зүйлээ хийнэ. Хааяа хамт сууж хайр сэтгэл, хүн чанар, хувийн харилцааны тухай ярилцана. Арай л дунд нь орж унталгүй нэг жилийг бид хамт өнгөрөөсөн дөө. Хааяа тэднийгээ зорьж очмоор, инээлдэн хөгжилдөж, алиа хошин яриаг нь сонсмоор.
Тэд бол жирийн л сайхан хос, хамгийн сайн найзууд. Харин энэ номыг уншаад тэдний дотоод ертөнц рүү аялаад ирэх шиг боллоо. Өрөөндөө ороод хаалгаа хаагаад хоорондоо юу шивнэдэг, хааяа бие биенийхээ гарыг барин сууж байхдаа юу боддог, урам хугараад уйлж суухдаа биестээ яаж гомддог зэргийг нь энэ ном л надад хэлээд өглөө. Тэр бүрийг асуусан ч хугархай Хятад хэлтэй маньд юу гэж ойлгогдох билээ дээ.
Анх The Price of Salt нэртэйгээр гарч байсан энэхүү бүтээл шүүмжлэлийг харамгүй сонсож, чичүүлж байсан байх. Харин 38 жилийн дараа Carol нэрээр гарч сая сая хувь зарагдаж. Би ч бас дутахгүй аваад уншчихлаа. "Өө чи ямар балай заваан юм уншдаг юм бэ" гэж хэлж байсан хүн ч байна. "За за ойлгомжтой, 2 хүүхэн юу яасан ном байна" гэж хэлээд инээж байсан хүн ч байна. Ингэж хэлэх бүрт өнөө муу хоёр маань бодогдоно. Therese, Carol хоёрын харьцаа, Carol-ийн нөхрийн явуулга, эхнэрээ харамласан сэтгэл. Хэнийг нь ч буруутгаж чадалгүй дуусгалаа даа.
Харин одоо киног нь үзье байз..

Saturday, October 21, 2017

Нэр хүнд 29张当票

Хүний эд зүйлийг барьцаалан мөнгө зээлдүүлдэг над шиг хүн нэр хүндтэй байх нь ховор. Байдгаа бидэнд барсан улс манай энүүгээр зөрөхдөө сайн санах нь ховор.

 Нэг өдөр Лин гэх залуу эмэгтэй манайхыг зорьж ирлээ. Эрэгтэй хүний бугуйн цаг данжлахаар ирсэн нь тэр байж. Дээхнэ үеийн ур хийц сайтай, чамин тэр цагийг хэн гээч бийлэгжүү хүний гангараа байсан бол гэж сониуч зан хөдлөөд болдоггүй, асууж орхив. "Аавын минь эд ээ" гэнэ. Тэгээд 20 мянга гаранг аваад гарлаа.

Хэд хоногийн дараа манай энүүгээр эргүүл маягаар ирдэг хэдэн цагдаа нар ороод гарахдаа өнөө чамин цагийг олж харчихаад "Энэ хулгайд алдсан гэж бүртгүүлсэн гайхал дүрээрээ байх чинь" гэх нь тэр. Орсон гарсан болгоныг хулгайч уу гэж асууж шалгааж, ажиглаж мэдэхгүйгээс хойш би гэж хүн хулгайн хэргийн хамсаатан болох нь тэр ээ. Төд удалгүй хаалга дэлгэн орж ирсэн эрхэм бол өнөө хулгайн эдийн эзэн гэх том дарга. Хэдэн гудамны цаана сонсогдохоор чанга хашгичиж, ээ мөн нүүр хийх газаргүй болтол харааж загнана. Тэр бүү хэл өнөө цагаа авч явна гэж лангууг маань самрах шахав. Би ч гүрийчихлээ, "Би мөнгөө олж авч байж эдийг чинь буцааж өгнө өө! Илүү ч үгүй дутуу ч үгүй 20 мянгыг минь өгөөдөх" гэж хэлээд тавьчихав. Шууд шүүрээд гарах хуульгүй учир өнөө дарга намайг, хөршүүдийг минь, гэр бүл, үр хүүхдийг минь оролцуулж ирээд хэдэн үеэр минь зовж явахыг харах болно гээд л загнаж хараагаад явлаа. Цагдаа нар эл хэргийг шалгахаар болж, өнөө Линг хайсаар. Баримт дээр хаягтаа амьдардаггүй учир цаг хугацаа орох шинжтэй. Би ч өнөө чамин эдийг хав дарчихлаа.

Нэлээд хэд хоногийн дараа өнөө Лин өөрөө ороод ирэх нь тэр. Харах нь ээ, хулгай хийсэн шинжгүй шүү. Арай л амандаа дуу аялсангүй, 20 мянгаа хүүтэй нь тоолж өгөөд цагаа цүнхэндээ хийчихэв. Насандаа таарсан аятайхан хувцас хунартай, боловсролтой байрын энэ эмэгтэй яав чиг хулгайчхүн биш. Тиймийн учир би цагдаа дуудаж сүйд бололгүй учрыг олохыг оролдож хэдэн зүйл тодруулав.

"Энэ хэний цаг вэ?" гэхэд "Аавын минь эд ээ. Та яагаад байн байн шалгаагаад байна?" гэхэд би тэссэнгүй болсон явдлыг хэлэв. Хэлэх хэлэхдээ жаахан сүр оруулж "Цагдаа нар чамайг хаа сайгүй хайж байгаа шүү" гэлээ.

"Аав минь ээж бид хоёрыг орхиод дахин 2 удаа гэрлэсэн юм. Ижий минь бие тааруу байсан учир би аргагүй эд хөрөнгөөс нь хэлэлгүй авч, эм тангийн ая бодсон ухаантай" гэж үнэнээ хэллээ. Охин нь юм бол Лин гэх нэр хаанаас гараад ирсэн нь сонин. "Ижий минь гэр бүлээ цуцлуулахдаа овгийг минь бас сольсон юм" гэж надад тайлбарлав. "Одоо хоёулаа цагдаагийн газар очъё. Чи саяын надад ярьснаа тэдэнд хэл, ухаантай улс ойлгох биз. Эс бөгөөс хоёулаа хэрэгтэн болох нь байна" гэхэд "Аавын минь нэр хүндэд муу шүү дээ, орон нутагтаа нэртэй төртэй хүнийг тийм эвгүй байдалд оруулмааргүй байна" гэснээ санаа алдан "Гэвч таныг би ийм байдалтай үлдээж болохгүй. Алив хөдлөе" гээд бослоо.

Цагдаагийн газрын хаалгыг эвдэх шахам орж ирсэн эр, эд хөрөнгөд нь гар хүрсэн хэнийг ч өршөөхгүй гэсэн царайтай. Бас болоогүй хэдэн бараа бологчид дагуулж ирсэн харагдана. Над руу жигшсэн харц шидснээ өөрийнхөө охиныг хараад хөшиж орхилоо. "Чи бүр ийм дээрээ тулсан уу?" гэж арай л гэж хэлэв. Лингийн нүдэнд нулимс цийлэгнэж "Хэрэглээд хаясан цаас шигээ хогийн саванд хаячихаад та намайг яа гэх гээв? Ижийгийн бие муу гэж танд олон удаа хэлүүлэхэд та юу гэлээ? Тийм их мөнгө алга гэж уурласан шүү дээ?" гээд цурхиран уйллаа. Өнөө эрхэм үг дуугүй болж, нүүрээ хаашаа нуухаа мэдэхээ больсон аятай доош харан суулаа. Хамт ирэгсэд хийгээд бидний хэдэн хүмүүс гадаа үүдэнд хүлээж тэд хэргээ хаах боллоо.
Бүх зүйл дуусахад өнөө эрхэм зүгээр гараад явчих шинжтэй. "Эрхэм ээ, миний нэр хүнд яах юм болж байна? Та намайг, миний хүмүүсийг эвгүй байдалд оруулж орхисноо мартаагүй биз дээ? Энэ хэрэгт би хамаагүй гэдгийг тэдэнд хэн хэлэх болж байна?" гэхэд "Уучлаарай, Чин. Тэгэхээр ингэе. Өнөө орой чи гэр бүлэээ, хөршүүдээ бүгдийг нь дуудчих. Би та нарыг сайхан хоолоор дайлъя. Тэр үедээ би бүгдээс нь уучлалт гуйж тайлбарлая, болох уу?" гэнэ.

Тэр орой ч яахав манай хэд амттай сайхан хоолоор дайлуулж, халамцах нь халамцаж, баярлах нь баярласан нь гарцаагүй. Харин хөөрхий Лингийн ээжийн нэр хүндийг яасан бол? Олон жилийн өмнө хаяж явахдаа түүний нэр хүндийг бодсон болов уу энэ эр. Би ийм л бодолтой үлдсэн юм даа.



Thursday, October 12, 2017

'Mind Maps for Business' Tony Buzan

Хэдэн жилийн өмнө NHK сувгаар гарсан нэг нэвтрүүлгийг ерөөсөө мартдаггүй юм. 2 сурвалжлагч Хельсинкийн гудамжаар алхаж явахдаа зөрж өнгөрөх залуучуудаас ганц асуулт асуусан нь “Дэлгүүрээ хэрхэн аврах вэ?” байв. Финланд залуучууд дэлгүүрийн байршил, зардаг бараа, худалдан авагчдын насны хязгаар, ойр орчны онцлог, дэлгүүрийн гадаад үзэмж, үнийн талаар өнөө хоёрыг харин байцаана. Огтхон ч түгдрэлгүй тэдний асуудлын тухай ярилцаж, ихэнх нь зөвлөгөө өгч, зарим нь бүр хамтарч ажиллахаар болоод сална. Асуудалд олон өнцгөөс хандаж, гаргалгаа гарган, асуудлыг аль болох нааштай шийдэх энэ mind mapping (оюуны зураглал) аргыг Япончууд шагширч алга ташсаар нэвтрүүлэг дуусна.
Алив зүйлд бүрэн зураглал хэрэг болно. Би үүнийг уулзсан, ярьсан хүн бүртээ хэлэхийг хичээдэг. Заримд нь бүр янз бүрийн бэлэн аппликейшн хүртэл татаж өгнө. Нэг үгээр хэлбэл эмх цэгцтэй төлөвлөж сурах явдал гэж ойлгуулна. Намайг нөгөө зургаа зураад яриад эхлэхээр найзууд маань одоо гайхахаа больсон, ямар ч байсан цаас үзэгтэй суудагийг маань гадарладаг болоод байгаа.
Харин эртүүд нэг ийм аятайхан ном олоод уншчихлаа. Хэдэн сарын өмнө унших минь яалаа гэж халаглаж байснаа нуух юун. Маш олон төрлийн ажил төлөвлөж, олон үүрэг даалгавар зэрэг гүйцэтгэх үед чадлаараа багцалж, цэгцэлж, ганц ч жижиг зүйлийг орхилгүй амжуулахсан гэж яарч явахдаа энэ номыг олж унших минь яалаа гэж бодож байсан шүү. Багцалсан олон цаас, нүд эрээлжлэм төлөвлөгөө захирал маань өгөхөөр нь “Би өөрийнхөөрөө зурагламаар байна” гэж хэлээд өөрөө зураад хийж байснаа л санаж байна. Олон төрлийн мэдээлэл дунд төөрч будилалгүй, алдаа гаргалгүй ажиллахад зураглал хийх явдал маш их ач холбогдолтой. Тэр олон цаасыг, төлөвлөгөөг, ажлыг тархиндаа цэгцтэй багтаахад техник хэрэгтэй. Ном хурдан унших, мэдээлэл хурдан олж авах, оюун ухааны дасгалууд, хэрхэн бүтээлч ажиллах, бага хугацаанд ихийг амжуулах гээд бүгд л өөрийн гэсэн техниктэй. Харин бизнес хийхэд, хурал хэлэлцэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх, хэлэлцээр хийх гээд өдөр тутмын ажилд тань хэрэг болж магад энэ ном.
Урьд нь би SimpleMind хэрэглэдэг байсан бол одоо түүний iMindMap-ийг санал болгож байна.

Monday, October 9, 2017

David Eagleman "The Brain: The Story of You"

Нөгөө юуг нь яагаад яачихаарай гэж хэлчихээд найз маань гараад явчихлаа. Хэлсэн үгийг нь сайн ойлгоогүй ч утасруугаа харсан юм болохоор нь очоод үзэв. Мань хүн намайг утсыг нь цэнэглээд орхичихоорой гэсэн хэрэг. Энэ хүн ярих гэж, би ойлгох гэж хачин юм болж байна аа гэсэн шүү юм бодов.

Олон хүн хөлс хөдөлмөр шингэсэн судалгааны бүтээлээ жирийн бидэнд зориулан бичихдээ яг л нөгөө юуг нь яачихсан гэсэн аятай бичсэн байдаг. Юуных нь тухай түй ч ойлголтгүй болохоор эрээвэр хураавар баахан нэр томьёотой л үлдэнэ.

Энэ номыг анх найзынхаа номын сангаас хараад нөгөө юуны тухай ном байна л гэж бодож билээ. Харин эхний хэдэн хуудсыг эргүүлэх нь ээ ТАРХИ-ны тухай ном болохыг олж мэдэв. Тархийг яг л ТАРХИ гэж гэсэн бөгөөд тархины үйл ажиллагаа, хүмүүс бидний тухай янзтай ойлгомжтой бичиж 2016 онд гаргасан ном байна.

Сэдэв бүртээ баримтуудыг хавсаргаж, харьцуулалт хийж өгсөн нь над мэт шиг хүнд ихээ сонирхолтой. Хоёр чихний минь хооронд  байх нэлээн хэд хоносон Атар талх шиг үрчгэр эд ер нь яажшуухан ажилладаг, дотор нь юу болж байдгийг л тайлбарлаж. Зах замбараа нь олдохгүй орооцолдсон утас мэт олон эсүүд эзнээ төрөхөөс үхэх хүртэл бие биетэйгээ холбогдож нөгөө үзүүрүүдээ олж нийлж байх юм гэнэ. Баярлах гуних, өлсөх ядрах, үгүйлэх итгэх гээд л сэтгэл хөдлэл сэрэл мэдрэмжийн үйлдэл бүхэн энэ эрхтэнтэй салшгүй холбоотой. Харин яаж?
Шавхагдашгүй нөөц бололцоотой энэ эрхтнээ бид хайрлаж гамнах ёстой. Яагаад гэвэл тархи таны амьдралыг тодорхойлж, та тархиныхаа үйл ажиллагааг захирна. Үр хүүхдээ өдөр бүр хайр халамжаар дутаалгүй өсгөж, халуун дулаан үгс бие биедээ харамгүй хэлж гэмээнэ өнөө олон орооцолдсон эсүүд маань хэдэн биенээ олж нийлээд таныг биднийг зөөлөн сэтгэлтэй, хүн чанартай хүн болгох нь. Хүний зан үйл хүний бие физилогийн онцлогтой салшгүй холбоотой. Зүв зүгээр байсан хүн гэнэт хулгай хийж, хүн айлгаж, хүчирхийлэл үйлддэггүй гэдгийг 1966 онд болсон Charles Whitman-ы аллага нотолсон тухай хэсэг сонирхолтой санагдсан. Тэрээр гэнэт төрсөн эхээ, эхнэрээ хороож, маргааш нь замд тааралдсан болгоноо алав. Өөрөө яагаад байгаагаа ч ойлгоогүй бололтой. Хөөрхийг нам буудсны дараа тархийг нь шалгаж үзтэл нэлээд томорсон хавдартай байсан бөгөөд тэр нь тархины гүнд байх хүний айдас, уур хилэнтэй холбоотой amygdala /би ингэж ойлгов хэ хэ, мэргэжлийн нөхөд битгий загнаарай/ гэх хэсгийг айхтар гэмтээсэн байж. Ийм гэмтэл авсан хүн гадаад орчинд зэвүүцэн, уур ундууц нь хүрдэг гэнэ. Яг энэ нөхрийн адил Alex гэх эр гэнэт л гаж буруу юм сэтгэж бага насы хүүхэд садар самуунд уруу татах болж. Үүнийгээ нуух гэж оролдсон хэдий ч нотлох баримтууд хаа сайгүй. Мөрдөн байцаалтын явцад түүний толгой хүчтэй өвдөж байна гэх болсон бөгөөд тархийг нь үзвэл бас л хавдартай байсан нь илэрчээ. Харин эмчилгээ хийж тархиных нь хавдрыг авсны дараа өнөөх муу албин бодлууд үгүй болсон гэнэ. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Лас Вегаст болсон аймшигт аллагын нөхрийн тархийг өнөөдөр бас судалж байгаа байх даа гэсэн шүү юм бодож сууна би.

Гээд олон сонирхолтой баримт цуглуулгаар хачирлаж бичсэн аятайхан ном байна, олж уншаарай!

Энэ зохиогчийнх нь цахим хаяг. http://www.eagleman.com/thebrain

Sunday, October 1, 2017

Eugene Chirovici "The Book of Mirrors"


Хүний амьдралд заримдаа өөрчилж боломгүй алдаа, бие биесээ буруугаар ойлгон насыг барах тохиолдол бишгүй. Нэг хүний зөв гэж бодож явдаг зүйл нөгөө хүнийг гонсойлгон, нэг эрийн үнэн ярьсан зүйл нөгөө эрд огт үнэмшилгүй санагдах.

Зохиолч болох мөрөөдөлтэй нэгэн эр амьдралынхаа сүүлчийн мөчид бичсэн анхны бөгөөд сүүлчийн зохиолоо хэвлүүлэхээр зөвхөн эхний бүлгийг илгээжээ. Харин нь энэ нь түүний ухаан санаанаас урган гарсан зүйл бус орь залуу насандаа орооцолдож явсан нэгэн хэргийн нь үнэн түүх байсан хэрэг. Хэвлэлийн компаний ерөнхий редакторын сонирхлыг ихээхэн татсан тул мань эр нааштай хариу бичээд хүлээхээр шийдэж. Хэд хоног өнгөрсөн боловч өвгөн зохиолчоос хариу ирсэнгүй, аргаа бараад гэрийнх нь хаягаар явж очтол хөөрхий Флин хэд хоногийн өмнө насан эцэслэсэн байж. Харамсалтай санагдаад болж өгдөггүй мань эр үлдсэн хэсгийг олж авах гэж өчнөөн яваад барсангүй, эцэст нь энэ бодит гэмт хэрэгт буюу зохиолтой нэр холбогдсон бүх хүнийш олж уулзахаар, цаашлаад бүр зохиож бичихээр шийдээд энэ төрлөөр гаршсан залуу сэтгүүлчийг хөлслөн авлаа.

Сэтгэл судлал, хүний оюун ухаан, ухамсарын талаар дагнан судалж, Дэлхийн ll дайнд оролцож яваад сэтгэл зүйн хүнд дарамт айдаст автсан цэргүүдэд тусгай эмчилгээ хийдэг Доктор Вийдэр тухайн үед буюу 1987 онд нэр бүхий томоохон их сургуульд багшилдаг байлаа. Нэр хүндтэй, буурь суурьтай, баян чинээлэг энэ эрхэм ганц бие бөгөөд ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг болохоор түүнд хүн бүр ам сайтай. Матемакийн ухааны сургуулийг амжилттай төгсөхдөө бүх л уралдаан тэмцээнд гайхалтай амжилт үзүүлсэн хэр нь сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарт урван орж ирсэн оюутан охин Лаурагийн гоц ухаан түүнд шинжлэх ухааны гайхалтай ном бичихэд тус болсноор барахгүй номыг нь хамтран бичих болов. Лаура үзэсгэлэнтэй, залуухан, дэндүү ухаалаг, манлайлагч гээд харсан болгоны хайрыг татах хатуу самар. Флин тэр үед жирийн нэгэн оюутан байсан бөгөөд Лауратай байраа хувааж түрээслэх хувь оногджээ.  Флин Лаурад ухаангүй дурласан ч Доктор Вийдэрийн гэрт номын санчийн ажилд ортлоо үүнийгээ сохор дурлал гэж бодож явжээ.

Лаура эрдэмтэн хоёрын харьцаа жирийн бус гэдгийг гадарлаж, жигтэй энэ өвгөн нууц төсөлд хамрагдаж ямар нэг юм хийдэг гэхээс цааш таамаглах зүйл олдсонгүй. Флиний амьдралыг там болгон хувиргасан тэр нэг шөнийг Флин насан эцэслэтлээ мартаагүй гэдэг. Учир нь Доктор Вийдэрийг хэн нэг нь хороосон байлаа.

Харин хэн бол?

Ойрын хэдэн сар зөвхөн мэргэжлийн хийгээд шинжлэх ухааны голдуу ном барьж уншсан болоод тэр үү Румын зохиолчийн 2017 оны эхээр хэвлэгдсэн шинэхэн зохиолыг уншихад сонирхолтой санагдаад хуваалцахаар шийдлээ.


Зохиолын бүтэц маш сонирхолтой, нэг өгүүлэгчийн зан төрх байдлыг дараагийн өгүүлэгчээр тодорхойлуулна. Бүлэг бүрт шинэ дүрүүд гарч ирэх ч хоорондоо ямар нэг байдлаар гинжин холбоо үүсгэн цаасан дээр зурж байгаад дүрсэлмээр сонин. Зарим уншигчид энгийн нэг адал явдалт кино мэт зохиол гэж үнэлсэн хэдий ч надад бол сонирхолтой л санагдлаа.

Бас нэг зүйл, номоо хаанаас авч уншдаг вэ гэж асуудаг найз нартаа хандаж хэлэхэд манай Интерном сүүлийн үед шинэ содон зохиолуудыг цөөн тоогоор авчирдаг болсон байна билээ. шангри-ла салбарт англи хэлээр номууд сонголт гайгүй байсан шүү.