Popular Posts

Thursday, July 28, 2016

Надад үгээ чөлөөтэй хэлж, үзгээрээ хүссэнээ бичих эх чөлөө байдаг ч болоосой


Өмнөд улсад суралцаж байхдаа сүүлийн улиралд сургуулийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр тус хотын Радио Телевизийн Хорооны Зар сурталчилгааны хэлтэст хэдэн сар дагалдан маягийн ажил хийж, хэлний мэдлэгээ сайжруулах боломж олдсон юм. Арван хэдүүлээ нэг баг болж тус хотод бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах хүсэлтэй байгууллага бүрээр хэсэж, зураг авч, эвлүүлэг хийн бараг сар гаран болсон байлаа. Туслах найруулагч гэж өндөр цагаан хүүхэн үе үе хонгилд очиж танил нэгэн хэлээр намдуухан ярьчихаад буцаж ирэхийг олон удаа хараад яагаад ингэж нууж ярьдаг юм бол гэж гайхаж байснаа нууж чадалгүй нэг өдөр асуучихлаа. “Хамаагүй чанга ярьвал ажлаасаа халагдчихна шүү дээ” гэв. Түүнийг ажлаас нь халах эрх мэдэлтэй ганц л хүн манай багт байсан юм. Тэр бол ерөнхий найруулагч гэх намхан туранхай залуу. Яриа хөөрөөтэй, Монголын тухай сонирхон асууж ярилцах дуртай, ажилдаа хичээнгүй тийм л нэг хүн.
Нэгэн өдрийн хоолны үеэр яагаад ч юм тэдний яриа Япон хүмүүсийн тухай сэдэврүү хальтраад орчихсонд ерөнхий найруулагч учиргүй уурлаж “Би Япон хүмүүсийг хаа тааралдсан газар нь буудаж ална. Тэд миний өвөөг өвсөн дунд нуугдаж байхад нь яг ингэж хөнөөсөн гэсэн” гээд л дуу нь чангарч нүд нь эргэлдээд, сэлэмдэж байгаа мэт далайгаад ирэхэд өнөө туслах найруулагч хүүхний хонгилын үзүүрт намдуухан дуугаар утсаар ярих сүүдэр нь нүдэнд харагдах шиг болсон юм. Япон хэлээр ярьдаг учраас ажлаасаа халагдана ч гэж юу байхав гэж бодсон хэр нь ерөнхий найруулагчийн буруу ч байсан хамаагүй толгой гудайлган хэлснийг нь хийх эмэгтэйг тэр үед учиргүй өрөвдөж билээ.
Надад ч гэсэн эх нутагтаа ирчихээд ингэж адлагдаж байсан үе олон бий. Автобусанд утсаар харь хэлээр ярьсныхаа төлөө “Алчихна шүү чамайг” гэх хорон үгийг хэдэн залуугаас сонсоод айж байсан өдөр бас байна аа.

Сурсан эрдэм, олж авсан мэдлэг гэдэг хүний эрхэм дээд шалгуур биш ч гэсэн өөрийн үзэл бодолдоо үнэнч байх нэгэн тулгуур болов уу гэж би боддог. Алив зүйлд туйлшралгүй, зөв бурууг тунгаан бодох чадвартай байна гэдэг хүний бас нэг чанар.


Энэ бүхнийг би Хятадын залуу зохиолч Хан Ханы “Миний ойлгодог энэ амьдрал” нэртэй номтой холбож байгаад бас учир байна. Энэ залуу олон зүйлийг мэдсэнийнхээ төлөө, хэдэн алхам түрүүлж харсныхаа төлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхээ төлөө олон хүнд хэцүү зүйлтэй нүүр тулж явжээ. Гэвч цахим ертөнц хүчээ авч байгаа энэ цаг үед төрсөн нь түүний хувьд аз. Муулах нэгэн байхад үзэл бодол нийлээд тэр нийгмийг, залуучуудыг, хүрээлэн буй орчноо өөрчлөх хүслийг түүнд өгөх хүмүүс бас байна. Өөрийнхөө тухай, юу бодож, юу мөрөөддөгөө, улс эх орныхоо улс төрийн байдлаас эхлээд жирийн нэгэн уншигчийн тухай хүртэл энд бичжээ. “Гашуун үнэнийг хүүхдүүд бас солиотууд л хэлдэг” гэж Умберто Эко  хэлсэн байдаг. Магадгүй хэвлэн нийтлэх, үгээ хэлэх эрх чөлөө хомс тийм нийгэмд амьдран байдаг нь түүнийг үгээ хэлж, үзгээ хурцлах шалтгаан нь болж өгсөн байх.

Tuesday, July 12, 2016

Бидний үе Хятад улсыг шинэ түвшинд хүргэнэ


2010 онд “Time” сэтгүүлээс түүнийг хамгийн нөлөө бүхий хүнээр зарлаж байжээ. Өдгөө 33 настай Хан Ханыг зохиолч, уралдааны машины тамирчин, блог хөтлөгч, тэрс үзэлтэн гээд тодотгох зүйл ар араасаа үргэлжилсээр. 1999 онд ахлах сургуулийн эхний жилдээ улсын томоохон бичлэгийн уралдаанд (杯中窺人) эсээгээрээ оролцож тэргүүн байр эзэлсэн нь түүний бичлэгийн анхны шагнал байлаа. Жилийн эцсийн 7 шалгалтандаа унасан түүнийг сургууль нь улиран суралцуулахаар шийдэв. Харин энэ асуудалд Хан Хан дургүйцлээ илэрхийлж, Хятадын боловсролын чанар хийгээд цөм хөтөлбөр гэх мэтийг эрс эсэргүүцэж сургуулиа хаяж энэ явдал хэвлэл мэдээллийнхнийг хүртэл хөдөлгөөд авлаа. Сургуулиа орхисон Хан Хан зүгээр суусангүй. Хэд хэдэн цуврал эсээ бичиж, тэр бүү хэл Шанхайн сургуульд өнгөрөөсөн он жилүүдийнхээ тухай анхны “Гурвалсан хаалга” (三重門) зохиолоо хэвлүүлсэн нь 20 сая хувь борлогдож Хятадын сүүлийн 20 жилийн түүхэнд байгаагүй амжилтыг авчирлаа. Гээд Хан Ханы амжилт ар араасаа хөвөрсөөр. Бүр Холливудын кинонд тоглох урилгаас хүртэл татгалзаж явсан гэнэ.

Хятадын залуу зохиолчдын төлөөлөл Хан Ханы Тайванийн сэтгүүлд өгсөн ярилцлагаас орчуулан хүргэж байна.

- Та бол Хятадын 80-аад оны залуусын төлөөлөл. Хятадын 80-аад онд төрсөн хүүхдүүд үнэндээ нэг тийм сэтгэлийн гутралд орсон эрин үе гэх нь ч бий.

Заримдаа гутралд орох үе байдаг ч та нар үүнийг ойлгох гэж хичээгээд хэрэггүй болов уу. Бид зүгээр л өөрөө өөрийгөө мэддэг байхад л болно. Хамгийн их амжилтад хүрсэн хүнд ч ямар нэг шаналал байж л байдаг. Харин түүнийгээ тэр бүр хүн болгонд яриад явдаггүй байх.

- 80-аад оныхныг бусдын төлөө зовохгүй, баярлахгүй, ямар ч бүтээмжгүй хүмүүс болж хувирсан гэж саяхны нэгэн сэтгүүлд бичсэн байсан. Ийм залуус удахгүй Хятад орныг жолоодно гэж бодоход танд юу бодогдож байна?

Манай үеийн залуус Хятад улсыг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт би итгэдэг. Яагаад гэвэл мэдээллийн хурдацтай хөгжил болон үг хэлэх эрх чөлөөт байдал хоёр хоорондоо зөрчилдөж байгаа учир энэ үеийнхэнд нийгмийг өөрчлөх шаардлага өөрийн эрхгүй гарч ирж байна.

- 80-аад оныхонд өөрсдийн гэсэн онцгой чадвар, амьдралаа авч явах арга гэж байна уу? Учир нь 25 нас хүрээд байртай болохгүй бол эхнэр авч чадахгүй тийм нийгэмд бид өнөөдөр ирлээ.

Байлгүй яахав. Хэрэв 25 насандаа байр авах тэр мөнгөөрөө бизнес эхлүүлвэл эрсдлээс айгаад хэрэггүй. Яаран эхнэр авах ч асуудалгүй. Харин эхнэртэй болохын тулд байр авах гэж яарч байгаа тэр эрчүүдээс илүү бизнесээ ч хийгээд өөрийгөө ч болгоод явж байгаа тэр эрчүүд илүү дээр шүү дээ.

- Таныг уншигчид маань зохиолч гэдгээс гадна хурдны машины уралдаант тэмцээний тамирчин, илтгэгч, цахим ертөнцийн од гэдгээр тань мэднэ. Энэ олон зүйлийг зэрэг хийх хэцүү юу? Таны амьдралд эдгээр зүйл ямар үүрэг гүйцэтгэж байна?

Хүний амьдралд хийж буй жижиг зүйл бүхэнд ач холбогдол өгөөд хэрэггүй гэж би боддог. Амьдралын энэ богино хугацаанд туулаад өнгөрөх зүйл гэж байдаг. Би энэ бүхнийг миний амьдралд байх ёстой тэр л жижиг зүйлсийн нэг гэж боддог.

- Тайваньд таныг дэмждэг уншигчид олон байдаг ч шүүмжлэгчид бас цөөнгүй. Тайваний телевизийн тоймч Чэн Вэнси 陈文茜 (Sisy Chen) болон зохиолч Ли Ао 李 敖 нар таныг эрс шүүмжилдэг. Гэтэл та ерөөсөө хариу хэлэхгүй юм. Ингээд нам жим байгаа тань ямар нэг санаа агуулж байна уу?

- Өмнө нь би блогтоо хэн нэгэнтэй байнга л сөргөлдөж, шүүмжилсэн нэгэнд нь хариу өгдөг байлаа. Тэгээд ингэж болохгүй юм байна гэж бодоод өөртөө нэг журамтай болсон юм. Тэр нь 70-аас дээш настан, 20-оос доош насны залуу хүүхдүүд болон залуу эмэгтэйчүүдтэй үгээр тулалдахаа болихоор шийдсэн юм. Тэр тоймч, зохиолч болон зохиолчийн хүү зэрэг хүмүүс энэ ангилалд багтаж байгаа тул би юу ч хэлэхгүй байгаа юм.

- Өөрийгөө эрх чөлөөтэй байгаагаа мэдрэх тэр багаж хэрэглүүр тань юу вэ? Номын тавиур чинь уу, блог чинь уу, эсвэл мөнгө үү?

Гэрийн түлхүүр минь л юм даа.

- Хэрэв хэн нэг залуу яавал тан шиг санхүүгийн эрх чөлөөнд хүрээд хүссэн зүйлээ хийх вэ гэж асуувал юу гэж хариулах вэ?

Үнэхээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэсэн хүсэлтэй хүн надаас хэзээ ч асуухгүй. Тийм хүмүүс хүнээс асуух биш өөртөө таарах тэр арга замыг хайж эхэлдэг юм.

- Танд уран бүтээлээ туурвихад нөлөөлсөн хүмүүс бий юу?

Багадаа ном унших дуртай хүүхэд байсан юм. Зохиолч Чэн Данчин 陈丹青, Лянг Вэндао 梁文道 нарын бүтээлийг цөөнгүй уншсан. Надад маш их таалагддаг.

- Улс төрийн тухай бичихээс гадна өөр юу бичдэг вэ?

Үнэндээ би хэзээ ч улс төрийн тухай бичиж байгаагүй, улс төрчидтэй холбогдож ч яваагүй, дургүй. Харин би урлагт дуртай. Миний дуртай урлагийг тэр улс төр гэдэг зүйл хааж боогоод байгаад л дургүй гэх үү дээ.

- Та улс төрд орох уу? Хэрэв орвол хамгийн түрүүнд юу хийх вэ?

Улс төрд орно гэдэг тайган болохтой адил. Тийм болохоор улс төрч болохгүй байсан нь дээр. Үзэл бодол нийлэхгүй улстай хамт байж, нэг индэр дээрээс үг хэлж чадахгүй. Тэгэхээр зохиолчоороо үлдэж, машинаараа уралдаж, өөр зүйл хийсэн нь дээр.

- Тантай нэг үе гарч ирсэн олон хүн гадаад орнуудад цагаачлан гараад байна. Танд тийм бодол байна уу?

Үгүй. Магадгүй энэ хариулт олон хүнийг гонсойлгох байх. Гэхдээ л үгүй гэж хэлмээр байна. Миний хайртай хүмүүс бүгд энд байна. Гадаад улсад очих бүрт бүх зүйл сайхан санагдана. Тэд биднээс олон зүйлээр хол тасархай санагдана. Гэвч эх орноо тэдэн шиг сайхан болгочихвол заавал гадаад оронд гуйж амьдрах хэрэг юун.

- Та яагаад бичих болов?

Багадаа сэтгүүлч болохыг хүсдэг байлаа. Нийгмийн муу муухай бүхнийг илчлэн бичдэг хүн болохыг хүссэн юм. Тэгээд дараа нь сэтгүүлч гэдэг хүний дээр удирдлага байдаг учир өнөө бичих гэсэн зүйлийг минь хааж хорих явдал гарах юм байна гэдгийг ойлгоод зохиолч болохоор шийдсэн.

Tuesday, July 5, 2016

Хятадууд юу уншиж байна вэ?


Бээжин хотод очих бүртээ орох дуртай газрын маань нэг энэ дэлгүүр. Хүн ихтэй, хөлс үнэртэй ч гэсэн ороод авсан тохиолдолд юун тэр халуун, жаргана шүү дээ. Ойролцоогоор 200.000 номтой гэх энэ дэлгүүр хэзээ ч очсон олны хөлд дараастай. 1937 онд Коммунист намын үзэл суртлын хэлтсийн нэг хэсэг болгон байгуулсан энэ дэлгүүр 1942 онд Шинхуа нэртэй болсон гэнэ. 2003 онд Хятадын эрхлэн гаргах группын 中國出版集團 дор очиж Хятадын хамгийн том сүлжээ номын дэлгүүр болгон зохион байгуулагджээ.

Давхар бүртээ төрөлжүүлсэн олон номноос өөрийн сонирхсоноо олж авахад амаргүй гэж бодох хэрэггүй. Хайлтын систем бүхийн машинд хайж буй номын нэр, зохиогч зэргийг нь оруулахад л гараад ирнэ. Харин бусад орны номын дэлгүүрийн худалдагч нар шиг найрсаг, хүлээцтэй үйлчлэх нь юу л бол. Сүүлийн үед шимтэн уншиж буй Хятадын блогч Хан Ханы номыг хайж асуухад “Хятадаар уншиж чаддаг бол тэндээс өөрөө хайгаад ол!” гэж тушаалаа. Даруй өнөө машинд очиж нэрийг нь хийтэл ярайгаад гараад ирэх нь тэр. “Үгүй, ийм амархан байхад завгүй хүнийг өдөх хэрэг юу байна” гэж өнөө худалдагчийг өмөөрөх сэтгэл төрөв. Хайсан номоо олж авчихаад олны дундуур харц гүйлгэн өөр сонин ном юу байгаа бол гэж жаал алхав.

Уран зохиолын ном ер нь 25-35 юань буюу 7500-10500 төгрөгний үнэтэй байна. Номын үнийг нэмэх хэрэгтэй гэж нэг найз маань ярьж байсныг саналаа. 500.000 төгрөгний цалинтай Монгол залууд нэг ном 25.000 төгрөгний үнэтэй байна гэдэг өнөөдөртөө хангалттай үнэтэй. Харин 5000 юанийн цалинтай Хятад залууд нэг ном 25 юанийн үнэтэй байна гэдэг манайхаас даруй 10 дахин хямд байгаа нь харагдаж байна.
Гуравдугаар давхарт байх гадаадын ном хэсэгт би очих бүртээ хамгийн их цагийг үрдэг юм. Учир нь “Бовари хатагтай”, “Жэйн Эйри”, “Том Соир” гэх мэт сонгодог бүтээлүүдийг эх хэлээр нь маш хямдаар худалдан авах боломжтой. Заримдаа бүр 5-8 юань гэнэ.

Хөл гишгэх газаргүй нэг давхар бол хүүхдийн номын хэсэг.  Аав ээждээ хөтлүүлэн ирсэн жаалууд дуртай номоо газраар нэг тараагаад тавьчихсан уншиж суугаа харагдахад “Өнөө дээд давхарт надад ширүүлэхсэн худалдагч эмэгтэй эднийг харсан бол дуугүй өнгөрөхгүй дээ” гэж бодлоо.


Хаа газрын номын дэлгүүрийн соёл тэнд бас байсаар л. Цаасан уут, цаасан боолт, утсан боолт гээд номоо сугавчлаад гараад явахад бэлэн болгоод өгнө. Агааржуулалт тааруухан, түм түжигнэж бум бужигнасан энэ дэлгүүрээс энэ удаа хэдэн ном өвөртлөөд гарсан минь энэ буй заа.

Шинхуа номын их дэлгүүрийн Ванфүжин салбарын хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг уншигч танд  хүргэж байна.

 Гадаад хэлээр хэвлэгдсэн ном
1.    “House of Cards” Micheal Dobbs
2.    “The Three body problem” Liu Cixin
3.    “The Three body problem ll – The dark forest” Liu Cixin
4.    “The Kite runner” Khaled Hosseini
5.    “The shadow thief” Mark Levy
6.    “Miracle of the Namiya General Store” Keigo Higashino
7.    “One hundred years of solitude” Gabriel Garcia Marquez
8.     “Missing Person” Patrick Modiano
9.    “Service of All the Dead” Peter Hammond
10.  “The Silent World of Nicholas Quinn” Colin Dexter

Дотоодын зохиолчдын ном
1.    在这复杂世界里 (“Энэ адармаатай ертөнцөд”)
2.    南京大屠杀全纪实 — 何建明 (“Нанжингийн их аллагын бүрэн баримт” Хэ Жиэнмин)
3.    初恋爱 — 九夜茴 (“Анхны хайр” Жиү Ехуй)
4.    原谅不美好 - 韩梅梅 (“Уучилна гэдэг тийм ч сайхан биш” Хан Мэимэи)
5.    匆匆那年 (全二册)完美纪念版 - 九夜茴 (“Хоромхон зуурын тэр жил” Жиү Ехуй)
6.    最遥远的距离 - 张小娴 (“Хамгийн хол зай” Жан Сиао Сиэн)
7.    死神永生 三本 - 刘慈欣 (“Үхэл мөнхийн амьдрал” 3 дэвтэр Лю Цисин)
8.    诡案罪1 - 岳勇 (“Далд гэмт хэрэг” Юэ Ёон)
9.    竟成艺事 - 祝兆良 (“Урлаг болох нь” Жү Жаолян)

10.  看见 - 柴静 (“Харах өнцөг” Чай Жин)