Энэ номыг уншиж дуусахад үнэлгээ өгнө үү гэнэ. 4 од өгчихөөд
бусдын үнэлгээг үзэхэд харьцангуй байх юм. 1-ийг өгсөн хүний араас 5-ыг өгсөн
хүн гараад ирэх гэх мэт.
Яахав эхний хоёр зохиолтой нь харьцуулахад 5-8 хуудсанд нэг
удаа писхийтэл инээх жишээтэй.
Шоронгоос суллагдаад удаагүй Хитмэн гэх нөхөр зочид буудлын
үйлчлэгч залуу, сүмд ажилладаг байсан ч одоогоор гудамжинд ажилгүй сууж буй
эмэгтэй хоёрын мөнгө олох ганц арга болох юм чинээ хэн санахав. “Хэн нэгэн
дургүйг тань хүргэвэл, хэн нэгнээс өшөөгөө авах хүсэлтэй бол бидэнд хандана уу”
гэсэн зар сонинд тавиад, энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, үйлчлүүлэгч
олж авах гэсэн санаа нь бүтэж Хитмэний архичин, увайгүй занг ашиглан овоо хэдэн
крон цааш нь хийгээд авлаа. Хөл гар хугалах, жаахан сүрдүүлэх гэх мэт аар
саархан ажил хийснийхээ хөлсөнд зочид буудалд үнэгүй байрлан, идэх хоолтой, уух
архитай байна гэдэг мань нөхрийн хувьд боломжийн. Харин үүний цаана хэдэн крон
хаашаа орж байгааг бас гадарлана.
Залуу бүсгүй, буудлын үйлчлэгч хоёрын эцсийн зорилго бол
хэдэн кроноо аваад хаа нэгтээ алга болох боловч төлөвлөгөө ёсоор дахиад хэдэн
сар ажиллах байлаа. Гэвч гэнэт өнөө Хитмэн гэгээрчихлээ. Библи уншиж, дарс
шимэнгээ дахин хүнд гар хүрэхгүй гээд гэдийчихлээ. Ядаж байхад хэд хэдэн
захилга авчихсан байдаг. Яаж ч ятгаад өнөө гэгээрсэн нөхөр чинь хөдлөх юм биш.
Хитмэнд бүх мөнгөө өгчихвөл нөр их хөдөлмөр үгүй болох учир арга сэдэж
гурвуулаа зугатахаар шийдлээ. Мэдээж захилга өгсөн нөхөд хойноос нь хөөнө.
Христийн үнэнч итгэгч Хитмэн зугатах замдаа нөгөө мөнгөнөөс хаа сайгүй
хандивлаж өөрийгөө муу хүн байхаа байсан гэж зарлаж явах нь манай хоёрт бүр ч
хэцүү санагдана. Чемодан дүүрэн мөнгөтэй тэд замд тааралдах нэгэн сүмийг
худалдан авч алдарт гэмт хэрэгтний нэрээр нэрлэх нь өнөө мөрдөн хөөгчдийг
төөрөлдүүлж, өөрсдийн хийсэн муу бүхнээ далдлах сайхан санаа гэж үзээд ажил
болгож, сүмд эзэн сууна.
Энэ хэдийн хөгтэй явдал ар араасаа хөвөрч би гэж хүн Шведийн
цагдаа хүчний байгууллага, сүм хийгээд тэнд цугларагсдын янз байдал, өнөөгийн
нийгмийн эрээн бараан, мөнгө улаан нүд цагаан явдлыг уншиж жаал инээж авлаа.
Хээл хахуульд идэгдсэн нийгэм, мөнгөний цаана үнэн байдлыг далдалсан хэвлэл
мэдээлэл, шашины нэр барин бизнес хийгчид, улс төрийнхний тоглоом гэх мэт далд
утга бүхий олон үйл явдлыг зохиолч маань хошин аргаар илэрхийлсэн нь зарим
хүнээс 1 од, заримаас нь 5 од авахад хүргэж.
За тэгээд миний дуртай зохиолчийн шинэ зохиолтой
танилцаарай.