Popular Posts

Friday, March 16, 2018

Бид хэнийг бүтээгээд байна?


Хөргөгчний хаалгыг би уран бүтээлийн талбар гэж нэрлэх дуртай. Үе үе тэнд хоёр хүүхдийн зургийн үзэсгэлэн гарах. Хөдөөний нэгэн сумаас нүүж ирээд удаагүй түүний сургууль миний охины сургуулийн замын хойно. Өдөр хамт яваад орой хамт ирнэ. Адилхан л хүүхдүүд. Харин хаана ялгаа нь хаана харагдана гээч? Өнөө уран бүтээлийн талбарт.

Хөргөгчний хаалганд соронзоор наалдуулсан зурагт инээсэн хүүхэд, ходоод гэдэс зурсан байх. Хүү инээгээд л, охин чадах чинээгээрээ тайлбарлаад л.

Охин: Чи шоколад идвэл эхлээд хоолойгоор чинь ороод, элэг шүүгээд, тэгээд нарийн бүдүүн гэдсээр дамжин эцэст нь ялгарч гарна шүү дээ.

Хүү: Манай ангид ийм юм заадаггүй. Та нар тэгээд ангидаа шоколад иддэг юм уу?

Охин: Би өчигдөр багшийнхаа өгсөн жороор шоколад хайлуулаад хийж үзсэн. Гэхдээ би дээр нь ааруулны үйрмэг нэмчихсэн. Ааруул чинь сүүгээр бүтдэг болохоор сүүтэй шоколад болж магадгүй тиймээ?

Хүү: Амт нь ямар байна? Энэ чиний өөрийн зохиосон жор уу?

Охин: Тийм ш дээ. Маргааш багш шоколадны үйлдвэрүүдийн тухай хэлж өгнө гэсэн. Анх хүмүүс найруулаагүй цэвэр шоколад иддэг байсныг нь Европууд..... гээд хоёр хүүхэд шулганасаар өрөөндөө орлоо.

Энэ хоёрыг даалгавараа хийхэд нь нэгтгэдэг хичээл бол Монгол хэл, Математик. Арга ч үгүй биз дундаа нэг нэг сурах бичигтэй юм чинь. Хүү бол ер нь даалгавараа хийх тун чиг дургүй. Хам хум хийчихээд тоглохоо бодно. Номонд дурлуулах гэж үзэж л байна. Анх ирснээ бодвол овоо уншдаг болоод байгаа. Хамгийн дуртай сэдвээр нь сонирхлыг нь татах гэж үзнэ. Ер нь гайгүй. Ангийн нь У гэх охин хамгийн мундаг. Багш ихэнхдээ У-г магтаж, У-гийн амжилтаар үлдсэн сурагчдыг дүгнэх. У бодож чадаагүй бодлогыг та нар яаж чадахав гэж хэлсэн удаатай. Багш нь эмнэлэгт хэвтэхэд хүүхэд бүр 1000 төгрөг цуглуулж нийт 54000 төгрөг болсон. Харин тэдний хэд нь У-тай адил бүх хичээлдээ ОНЦ бол?

Охинд бол дүн бараг падлийгүй. Ихэнх хичээл нь багаар орно. Багтаа өөр өөрийн гэсэн үүрэгтэй бололтой. Манайх голдуу үг, шүлэг зохиох ажилд дуртай гэх. Харин М зурахдаа сайн, С тайлбарлаж ярихдаа сайн болохоор тэдний багт хэрэгтэй бүх хүүхэд цугласан гэнэ. Сургууль нь IPC хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэдгийг эцэг эхчүүдэд зарлахад бид энэ юу болдог бол гэж эргэлзэж байснаа нуух юун. Харин хагас жилийн дараагаас өөр бодолтой болж эхэлсэн.

Хүү даалгавараа хийхдээ нэг нэгээр нь гаргаж ирээд бичээд л суугаад байх. Хүн ба байгаль, Хүн ба нийгэм, Дүрслэх урлаг, технологи, Иргэний боловсрол гээд л өнөө цүнхээ дааж ядан нааш цааш нь зөөнө. Хажуунаас нь харахад бүх зүйлийг л энэ хүүхдийн тархинд хийх гээд байх шиг, мундаг У-ийн ижлийг бүтээх гээд байх шиг. Гэтэл үнэхээр сонирхолтой байж чадаж байна уу гэхээр үгүй бололтой. Учир нь 30 минутын өмнө юу хуулж бичсэнийг асуухад 10 минутын өмнөхтэйгээ хольж хутгах. Хүүхдийн буруу огтоос биш. Өнөө олон номын л буруу байх.  

Хүүхэд бүр төгс гэр бүлд өсдөггүй. Ар гэрийн амьдрал янз бүр. Аав нь нэг ааш гаргахад ээж нь бас өөр. Эмээ нь тэндээс өмөөрөхөд өвөө нь ширүүхэн харна. Ахтайгаа тоглоомоо хувааж эгчээрээ аашлуулах гэх мэт түм буман зүйл дунд бяцхан ухаан нь гүйж, дасан зохицох гэж, учрыг нь олох гэж хичээнэ. Ядаж байхад нь Хүн ба нийгэм хичээл дээр үзсэн өнөө зүйл нь Иргэний боловсролын өнөө хуулж бичсэн зүйлтэй авцалдаж өгөхгүй. Бас өнөө оройдоо багтаад шүлгээ цээжилж, аравтын бутархайгаа тоймлож дуусгана. Яг л гал дээр хоол тавьчихаад индүүгээ залгаад удаагүй байтал угаалгын машин дуугарч, тийшээ гүйх хооронд хоол давж, цамц түлэгдэхтэй адил. Уг нь хоол хийж, хувцас индүүдэж, аравтын бутархайгаа бодож, иргэний боловсролтой болох нь чухал. Гэвч энэ бүх замбараагүйтэл үр хүүхдээ хайрлаж, хогоо хаяхгүй, уул усаа бохирдуулахгүй эрүүл ухаантай иргэн болж төлөвших, авсан цалингаа зөв зарцуулж, арчаатай амьдрахад хэрэгтэй юу?

Ер нь бид хүүхдүүддээ юу заагаад байгаа юм бол? гээд өөрөөсөө асуулаа. Хариултаа хайгаад олоогүй болохоор өөрийнхөө бага насыг бодлоо. Би одоо хэр дунд сургуульдаа сурсан тэр олон зүйлээс тун цөөнийг санадаг хэдий ч ангиараа дуулж, зусланд явж байх үеэ, шинэ жилээр өвлийн өвөөгөөс бэлэг авч, багшдаа алгадуулж, биеийн тамирын зааланд хөлсөө гартал гүйдэг байснаа л сайн санадаг. Намгийн мэлхий бараг 30 гарсан хойноо анх хараад арван жилд Түмэн бодисын хичээл дээр юу гэж уншиж байснаа санах гэж оролдож билээ. Номноос үзэх амьдаар нь харах хоёр ялгаатай юм билээ. Гэтэл манай хүүхдүүд яг л энэ замаар яваад байна.

Хүү шөнийн 11 гэхэд арай гэж даалгавараа хийж дууслаа. Хийхгүй бол багш уурлана гэх. Багшийгаа баярлуулах гэж даалгавараа хийдэг юм уу гэхээр уруу царайлах нь хэцүү. Ирээдүйд даргадаа сайн харагдах гэж ингэж хичээж суух вий дээ гэхээс л.  

Олсон хэдээсээ охиныхоо төлбөрийг болгож яваа намайг хараад зарим хүмүүс шоолдог юм. Хүүхэд хаана ч сурсан хүн болно гэж. Тиймээ, үнэн. Гэхдээ охиноо би өөр шигээ боловсролын тогтолцооны тоглоом болгохгүйн тулд хичээж байна. 20 гарсан хойноо хүний нутагт олон орны хүүхдүүдийн чинээнд “сурч” сураагүй, “сууж” сураагүй, хэл усыг нь ойлгохгүй, наад захын газар зүй, түүх, биологийн мэдлэггүйдээ ичдэг тийм хүүхэд болгохгүй юмсан гэсэндээ хичээж байна. Би уг нт бүгдийг нь сурсан юм. Даанч надад юу ч үлдээгүй шахуу.


Одоо тогтолцоогоо эргэн харж, багш нарынхаа хандлага сэтгэлгээг өөрчлөх цаг нэгэнт болжээ. Цаана чинь зарим улс боловсролынхоо системийг бүхэлд нь өөрчилж https://moon-child.net/finland-become-first-country-world-get-rid-school-subjects/ байна. Ирээдүйд хоолоо олж идэх чадамжтай, ухаан санаа нь цэгцтэй, юм юмны зах зухаас мэддэг биш, харин өөрийнхөө юу хийж чаддагаа, юунд дуртайгаа мэддэг тийм хүний бэлдэхдээ анхааръя.

Хувийн нэгэн сургуулийн 4-р ангийн сурагчийн ээж




Sunday, February 18, 2018

Хитмэн Андерс ба түүний нөхөд


Энэ номыг уншиж дуусахад үнэлгээ өгнө үү гэнэ. 4 од өгчихөөд бусдын үнэлгээг үзэхэд харьцангуй байх юм. 1-ийг өгсөн хүний араас 5-ыг өгсөн хүн гараад ирэх гэх мэт.

Яахав эхний хоёр зохиолтой нь харьцуулахад 5-8 хуудсанд нэг удаа писхийтэл инээх жишээтэй.

Шоронгоос суллагдаад удаагүй Хитмэн гэх нөхөр зочид буудлын үйлчлэгч залуу, сүмд ажилладаг байсан ч одоогоор гудамжинд ажилгүй сууж буй эмэгтэй хоёрын мөнгө олох ганц арга болох юм чинээ хэн санахав. “Хэн нэгэн дургүйг тань хүргэвэл, хэн нэгнээс өшөөгөө авах хүсэлтэй бол бидэнд хандана уу” гэсэн зар сонинд тавиад, энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, үйлчлүүлэгч олж авах гэсэн санаа нь бүтэж Хитмэний архичин, увайгүй занг ашиглан овоо хэдэн крон цааш нь хийгээд авлаа. Хөл гар хугалах, жаахан сүрдүүлэх гэх мэт аар саархан ажил хийснийхээ хөлсөнд зочид буудалд үнэгүй байрлан, идэх хоолтой, уух архитай байна гэдэг мань нөхрийн хувьд боломжийн. Харин үүний цаана хэдэн крон хаашаа орж байгааг бас гадарлана.

Залуу бүсгүй, буудлын үйлчлэгч хоёрын эцсийн зорилго бол хэдэн кроноо аваад хаа нэгтээ алга болох боловч төлөвлөгөө ёсоор дахиад хэдэн сар ажиллах байлаа. Гэвч гэнэт өнөө Хитмэн гэгээрчихлээ. Библи уншиж, дарс шимэнгээ дахин хүнд гар хүрэхгүй гээд гэдийчихлээ. Ядаж байхад хэд хэдэн захилга авчихсан байдаг. Яаж ч ятгаад өнөө гэгээрсэн нөхөр чинь хөдлөх юм биш. Хитмэнд бүх мөнгөө өгчихвөл нөр их хөдөлмөр үгүй болох учир арга сэдэж гурвуулаа зугатахаар шийдлээ. Мэдээж захилга өгсөн нөхөд хойноос нь хөөнө. Христийн үнэнч итгэгч Хитмэн зугатах замдаа нөгөө мөнгөнөөс хаа сайгүй хандивлаж өөрийгөө муу хүн байхаа байсан гэж зарлаж явах нь манай хоёрт бүр ч хэцүү санагдана. Чемодан дүүрэн мөнгөтэй тэд замд тааралдах нэгэн сүмийг худалдан авч алдарт гэмт хэрэгтний нэрээр нэрлэх нь өнөө мөрдөн хөөгчдийг төөрөлдүүлж, өөрсдийн хийсэн муу бүхнээ далдлах сайхан санаа гэж үзээд ажил болгож, сүмд эзэн сууна.

Энэ хэдийн хөгтэй явдал ар араасаа хөвөрч би гэж хүн Шведийн цагдаа хүчний байгууллага, сүм хийгээд тэнд цугларагсдын янз байдал, өнөөгийн нийгмийн эрээн бараан, мөнгө улаан нүд цагаан явдлыг уншиж жаал инээж авлаа. Хээл хахуульд идэгдсэн нийгэм, мөнгөний цаана үнэн байдлыг далдалсан хэвлэл мэдээлэл, шашины нэр барин бизнес хийгчид, улс төрийнхний тоглоом гэх мэт далд утга бүхий олон үйл явдлыг зохиолч маань хошин аргаар илэрхийлсэн нь зарим хүнээс 1 од, заримаас нь 5 од авахад хүргэж.


За тэгээд миний дуртай зохиолчийн шинэ зохиолтой танилцаарай.