Popular Posts

Tuesday, October 25, 2016

Хашир хүн гэж....

Мөнгө үржүүлдэг хүн гэж намайг харах хүн олон. Өдөр тутам мөнгөтэй харьцдагаараа л ялгаатай болохоос би бусад хүний л адил хөдөлмөрлөж ирлээ. Гучин хэдэн жил халтар мөнгөтэй ханилж явахдаа юу эсийг үзэхэв. Хууртагдаж, луйварчингаараа дуудуулж, дээрэмдүүлж, дарамтлуулж ч үзлээ.

Анх энэ ажлыг эхлээд удаагүй үед нэг эр алтан гинжээ данжлах гэж орж ирлээ. Яалт үгүй цэвэр алт, сорьц тэмдэг нь илт. Хэрэгцээтэй мөнгийг нь өгөөд гарын үсэг зуруултал мань эр гинжээ дахиад нэг хармаар байна, хайртай хүний минь бэлэг гэх нь тэр. Би ч юм саналгүй гаргаж өглөө. Өнөө эр их л харамсаж байгаа янзтай, үнсэж үнгэх нь холгүй хэдэн хором болоод буцаагаад өглөө. Хэд хоногийн дараа өнөө эр ороод ирлээ шүү. Алтан гинжээ буцааж авахаар болж, мөнгийг минь тоо ёсоор хүүтэй нь бодоод өгч байна. Алтан гинжийг нь үнэт эдлэл хадгалсан арьсан уутнаасаа гаргаж өгтөл өнөө эрийн нүүр нь барайж, царайд нь хилэн тодроод ирлээ. “Минийх биш байна” гэж хашгирлаа шүү. Сорьц, жин зэргээс үзвэл яалт үгүй өнөө эрийнх мөн. Би ч бас тэр өдрийг сайн санаж байсан учир өнөө арьсан уутныхаа бараг аль буланд хадгалж байснаа хүртэл хэлээд авлаа. “Адгийн хар луйварчин” гээд л цамнаж гарлаа шүү. Надад нотлох баримт ч байсангүй, өнөө эрд ч нотлох баримт байсангүй, хоёр талд нохой шиг хэмлэлдэж байгаад саллаа.
Хэд хоногийн дараа нэг эр орж ирээд бас алтан гинж данжлахаар болов. Гэтэл үйлдэл нь яг л өнөө зөрүүд эрийнхтэй ижил болоод явчхав. Сэжиг төрөөд болж өгсөнгүй, хэлсэн ёсоор нь гинжтэй салах ёс хийх боломжийг залуу эрд олгоод сэм ажиглавал, өө хөөрхий өнөөх чинь өмднийхөө халааснаас өөр нэг гинж гаргаад тавих нь тэр. Арга нь адил залилагчдаас болж мөнгөө алдах шахсан би гэж хүн түүнээс хойш хашир үздэг боллоо.

Бас нэг өдөр тавь гаран насны хүн орж ирээд алтан бөгжөө данжиллаа. Хаширсан хүн би өнөө арьсан уутандаа хамхи дараад л авлаа. 3 сар өнгөрлөө. Байдаггүй шүү. Хойноос нь утас цохиж асууж байж нэг юм ирлээ. Данжлахаар тавьсан бөгжөө буцааж аваад тэр эр ханцуйндаа нэг үрснээ шууд зүүчхэв. Тэгснээ учиргүй муухай орилж “Муу луйварчин чи! Бөгжийг минь сольчихсон байна шүү дээ” гэх нь тэр. Үгүй би одоо тэр эрийн бөгжийг юугаараа солихов дээ, тийм зүйл байхгүй л гэлээ. Гэхдээ бас хүний бөгжтэй солиод өгчихсөн юм болов уу гэж тэрүүхэндээ бодогдсон ч яалт үгүй сорьц, жин, өнгө зүс нь таараад байдаг. Улаан хэрүүл болж, цагдаа сэргийлэхдээ туллаа. Тэр хавиар нэг орь дуу тавьж “Мөнгө хүүлэгч, луйварчин” энэ тэр гэж үгүй мөн хэлэх хэлэхгүй үгээр намайг булж, нүүр хийх газаргүй болгож байтал эхнэр нь гэх хүн ороод ирлээ. Бөгжөө тавьчихлаа гэж уурласан эхнэр хэдэн сар үглэж байж нөхөртөө мөнгө өгөөд явуулсан нь энэ байж. Тэгээд удаад алга болчихоор нь мөрийтэй тоглож яваа гэж санаад явсан газраар нь хайж ирсэн бололтой. Нөхөр ч өөрийгөө зөвтгөж намайг муу хүн гэж батлах гэсэн шиг болсон явдлыг ярихдаа өнөө муухай үгээ урсгасаар. Тэгтэл эхнэр нь нөхрөө духанд нь алгадаад “Эргүү минь, 4 сар гэртээ идэж хэвтээд хичнээн килограм таргалснаа мартаа юу? Одоо наад бөгж чинь наад хуруунд чинь яаж ордог юм” гэдэг байгаа. Ааштай эхнэрийн үг санааг минь амрааж, ар нуруугаар урсаж асан хүйтэн хөлс арилах шиг боллоо.
Түүнээс хойш би хүний үнэт юмыг авахдаа нэг бүрчлэн нэр устай дугтай саванд хийдэг болсон юм даа.


Ёстой л хашир хүн гэж хаширсан хүнийг л хэлэх байх.


Monday, October 24, 2016

Зохиолчийн тухай зохиол

Энэ хүний зохиолуудыг уншиж байхдаа ямар сонин ертөнц вэ гэж гайхдаг байж билээ. Гэхдээ сониуч хүсэл маань дийлж овоо зузаан энэ номын ард гарсан юм.

Амиа хорлохоор завдсан учир эцэг эх нь түүнийг сэтгэцийн эмнэлэгт 3 удаа хэвтүүлж, цахилгаан эмчилгээнд хүчээр оруулж, дараа нь үг хэлснийхээ төлөө шоронд хүртэл сууж явсан ийм нэг жирийн бус нөхрөөс л тийм сонин сонин зохиол төрнө шүү. Угаасаа л зохиолч болох заяатай явсаар байгаад эцэст нь өөрийгөө олж, өнөө цагт ном нь хамгийн их борлуулалттай дэлхийн хүнээр тодорчихсон байдаг.

Багын хүмүүжил, шашны нөлөө, үгээ хэлэх эрх чөлөөний хомсдол, өөрийнхөөрөө амьдрах тэр их хүсэл түүний дотор асч байсан галыг улам бадрааж, байж ядсандаа юу юу ч хийж явсан нөхөр юм бүү мэд. Үзээгүй, оролдоогүй салбар гэж алга.

Хүүхэд байхдаа ээждээ “Би зохиолч болмоор байна” гэжээ. Гэтэл ээж нь ”Аав чинь инженер, зорилготой, зарчимч, алив зүйлийг бодитоор хардаг хүн. Чи ингэхэд зохиолч гэж хэнийг хэлдгийг мэдэх үү?” гэж асуугаад амыг нь тагласан гэнэ. Тэгээд “Үсээ хэзээ ч самнадаггүй, нүдний шилтэй мөн тухайн цаг үе нь түүнийг хүлээн зөвшөөрдөггүй тийм хүнийг зохиолч гэнэ” гэсэн тодорхойлолтыг өгчээ. Гэвч энэ тодорхойлолтдоо хүрэх гэж тэр өгсөж, уруудаж, унаж босч хэдэн ч хүний амьдралаар амьдраад босоод ирсэн юм бүү мэд.

Латин Америкийн алдарт зохиолч, Парламентийн гишүүн асан хүнээр өөрийнхөө намтрыг бичүүлж олон улсын уншигчдад хүргээд авдаг үнэхээр дэлхийн хүн юмаа. Fernando Morais мань эрийн тухай бичих гэж олон жил судалгаа хийж бараг түүнтэй үг сольж, нударга зөрүүлж, ам мурийж, үнсэлцэж явсан бүх хүнтэй ярилцаж үзсэн гэнэ. Номонд хавсаргасан олон зурагнуудад нялх үеийнх нь зургаас эхлээд 60-аад оны үед үерхэж явсан найз охидынх нь зураг, хамгийн инээдтэй нь цагдаагийн бүртгэлд орсон өрвийсэн зураг нь хүртэл байна.

1973 оноос хойш зохиолоо хэвлүүлж эхэлсэн тэр бараг жил бүр нэг ном хэвлүүлэхээс гадна олон зуун бүтээлээ сонин сэтгүүлд нийтэлдэг. “Алхимич”, “Тав дахь уул”, “11 минут”, “Вероника үхэхээр шийдсэн нь” бүтээлээр нь кино хийсэн юм байна. Хамгийн сонирхолтой санагдсан нь түүний нэрээр нэрлэгдсэн хүрээлэн сайн үйлсийн аян зохион байгуулдаг бөгөөд нэрэмжит тэтгэлгийг зарлан олон хүүхдийн боловсролд хөрөнгө оруулдаг гэнэ шүү.


 “Хэнд ч хэлж байгаагүй зүйлээ, заримдаа бүр өөртөө ч хэлж чаддаггүй байсан тэр зүйлсээ би Фернандод хэлсэн” гэсэн байна шүү. За тэгээд энэ хүний ертөнцөөр аялахыг хүсвэл “A Warrior`s Life”-ийг уншаарай.