Popular Posts

Sunday, March 6, 2016

Лев Толстой "Иван Ильичийн үхэл"

“Хөөрхий муу талийгаач маань их л буянтай хүн байж дээ. Үр хүүхдээ ер зовоосонгүй өнгөрч гэнэ” гэх яриаг олон удаа сонсож ирлээ. Үхэл гэх хагацал хүмүүс биднийг бие биеэс минь салгадаг ч үхэхээс өмнө ганцаардал, сэтгэл гутрал, итгэл алдрах мөч биднийг аль хэдийн бусдаас минь тусгаарлачихдаг юм байна.

Өвчтэй хүнээс бид “За, бие тань яаж байна?” гэж асуудаг. Харин өвчиндөө шаналж байгаа хүн тэр хэцүү мэдрэмжээ дахин дахин бусдад ярих дургүй байдаг болов уу. Харин түүний нь оронд бага насны нь хөгжилтэй дурсамж, амьдралын нь хамгийн сайхан мөчийн тухай ярилцвал сэтгэл санаа нь сэргэж магад. Яг л Иван Ильич шиг. Эргэн тойрны нь хэн ч түүнд үнэн сэтгэлээсээ хандахгүй байгаад өөрийгөө өрөвдөж, бусдыг үзэн ядаж 3 сарын өвчин зовлондоо шанална. Харин хэвтэрт байхад нь асарч тойлох Герасим л сэтгэлийг нь бага ч гэсэн тайтгаруулна. Учир нь түүнд чин сэтгэлээсээ туслах тэр сайхан сэтгэлийг манай гол дүр эргэн тойрныхоо хүмүүсээс хүссэн хэрэг. Эхнэр, охин, хүү бас хамтран ажиллагсад…. Наанаа гуниглаж буй мэт боловч цаанаа бүгд л хурдан үхээсэй, битгий биднийг их зовоогоосой гэж хүснэ.

Бүх зүйл оройтсоныг ойлгох тэр мөчид хүүхэд насны нь дурсамжаас өөр хань болох зүйл тэр байшинд үлдсэнгүй. Амьдралд, хүрээлэн буй хүмүүстээ үнэн нүүр царайгаа харуулалгүй баг өмсөж явсны эцэст амьдрал түүнд жинхэнэ нүүрээ үзүүлж, бүх хүний нүүрэнд байсан хуурамч багийг хуу татан хаяна. Гэхдээ магадгүй, яг өөрөө нүүр тулаагүй л бол алив асуудлын хүнд бэрх, хатуу хүтүүг ойлгохгүй биз ээ. Зовлон бүхнийг давсан хүн л бусдыг ойлгодог гэвэл үгүй байх аа. Цээжинд нь цохилох зүрх гэж зүйл байдаг хэн ч тэр бусдын оронд өөрийгөө тавьж үзэхэд л өвдөлтийг нь биш юмаа гэхэд сэтгэлийн шаналалыг нь өчүүхэн ч атугай ойлгон, өр өвдөх билээ.


Үхлээ хүлээж хэвтэх хүн юу бодож, юунд шаналдаг тухай Толстой энэ тууждаа өгүүлжээ. Харин бидний хэлдгээр бол Иван Ильич буянгүй хүн байж. Арга ч үгүй биз, өөрийн ухаантай болж, нийгэмд хөл тавьж эхэлсэн цагаас л хар амиа хичээсэн болохоор өөрийнхөө үхлийг сонгосон нь тэр байж.  “Хүн хэрхэн төрөхөө сонгодоггүй, харин хэрхэн үхэхээ өөрөө сонгодог” гэж Харуки Мураками “1Q84-төө бичсэн байсан.