Английн
залуу зохиолч Эмма Хилигийн энэ ном өнгөрсөн онд хэвлэгджээ. Энэ номыг уншаад
эмээгээ их саналаа. Бид нас дээр гарах тусам мэдрэмтгий, яг л хүүхэд шиг болдог
юм байна. Хөөрхий эмээ минь нүд аньтлаа бидний төлөө хичнээн их санаа зовж
байсан бол? Энэ хорвоогоос үүрд явахаа мэдэж байсан тэр мөчид юу гэж бодож
байсан бол? Амьсгалж буй агаар, модод, уул ус, ундаалах ус, хүмүүс бид,
хүрээлэн буй орчин, цаг хугацаатай уралдан хөгжиж буй техник технологи гээд
бидний завгүй амьдралдаа анзаарч хардаггүй бүхнийг нэг бүрчлэн ажиглаж, гайхаж,
бас гомдож туниж ер нь маш их зүйлийг боддог байсан болов уу? Энэ номын ачаар
би 82 настай эмэгтэйн нүдээр өнөөгийн амьдралыг хараад авлаа.
Жирийн
үед мартаж санахтай энэ өвчин ямар ч хамаагүй. Өндөр настнууд голдуу тусдаг
Альцгеймер өвчний үед ой санамж үгүй болдог бөгөөд янз бүрээр илэрдэг. Мауд
эмээ энэ өвчнөөр өвдсөн болохоор зарим нэг зүйлийг санах үедээ жижиг цаасан
дээр тэмдэглэдэг байлаа. Жишээ нь “Шарсан талх идэж болохгүй”, “Гэрлээ
унтраасан эсэхээ шалга”, “Охины утасны дугаар”, “Гэрийн хаяг” гэх мэт олон
жижиг цаас түүний халаасанд бий. Гэтэл “Элизабет алга болсон”, “Элизабетаас
сураг алга” гэсэн цааснууд олдов. Ингээд Мауд эмээ найзынхаа эрэлд гарна. Гэрт
нь очлоо хүн алга, утасдлаа, хэн ч авсангүй. Гэвч эрлээ үргэлжлүүлэхэд нь
хамгийн их саад болж байсан зүйл бол түүний ой санамж байв. Хааяа гэнэт ухаан
ороход цагдаагийн хэлтэст байж байна, эсвэл сүмд, эсвэл найзынхаа очих дуртай
дэлгүүрт гээд бүр заримдаа өөрийгөө яах гэж энд тэнд явж байгаагаа хүртэл
мартаж орхино. Нэг удаа бүр найзынхаа цэцэрлэгийн газрыг ухаад сууж байдаг
байлаа. Энэ явдлын хажуугаар түүнийг 12 настай байхад нь сураггүй алга болсон
эгчийнх нь хэрэг санагдана. Багын тэр явдал харин санаанд нь их эмх цэгцтэй орж
ирнэ. Элизабетын эрэл улам бүр даамжирч хотын цагдаа, сонингийнхон хүртэл Мауд
эмээгээс залхаж, охин нь түүнийг ганцааранг нь үлдээж болохгүйг ойлгож хажуудаа
авчирлаа. Гэвч Мауд эмээ өдрөөс өдөрт хачин аашилж найз Элизабетаа хайсаар л.
Аргаа барсан охин нь түүнийг асрамжийн газар өгөхөөс өөр аргагүй боллоо. Тэнд
хэр удсаныг бүү мэд. Охиноо ч тэр танихаа больж эхэллээ.
Гэтэл
нэг өдөр Элизабет найзыг нь эмнэлэгт байгааг дуулгаж эргэж очихоор боллоо.
Хөөрхий найз нь нэлээн ядрангуй хэвтэнэ. Түүнийхээ буурал үсийг самнах гээд
хажууд нь байгаа самыг автал Мауд эмээд таалагдсангүй. “Элизабет минь ийм
муухай самаар үсээ самнахыг хэзээ ч зөвшөөрөхгүй дээ” гэж бодно. Тэр найзыгаа
дэндүү сайн мэддэг байлаа. Найзын нь тухай дурсамж түүний санаанд тодхон.
Хөгшдийг ийнхүү уулзаж байхад Элизабетын хүү Маудын охинтой хэдэн үг сольж “Ээж
чинь манай цэцэрлэгийн шороог ухаад сууж байхыг олон удаа харлаа” гэж гомдол
хэлэхдээ тийм ч найрсаг үг хэрэглэсэнгүй. Энэ нь Маудын охины уурыг хүргэж, тэд
эмнэлэгээс буцах замдаа Элизабетын цэцэрлэгээр дайраад гарлаа. Үнэхээр хэн нэг
нь газрыг сэндийчсэн байв. Маудын охины уур нь хүрч машиныхаа араас хүрз
гарган, ээжийгээ загнан өнөө газрыг ухаж гарлаа. Гэтэл хүрзэнд ямар нэг юм
тээглэх нь тэр. Тэр хоёр яаран цагдаа дуудахад байцаагч залуу Мауд эмээг дор нь
танив. “Та өнөө найзыгаа алга болсон гэж олон удаа мэдэгдэж байсан эмээ мөн
байна шүү дээ” гэв. Харин энэ газар дороос олдсон цогцос бол Элизабеттай ямар ч
холбоогүй, харин 70 жилийн өмнө сураггүй алга болсон Маудын төрсөн эгчийн нь
цогцос байсан юм.
Зохиолч
70 жилийн зайтай болсон хоёр үйл явдлыг зэрэгцүүлж бичихдээ уншигчдыг огтоос
төөрөлдүүлсэнгүй. Хүний дурсамж олон зүйлээр эргэн ирдэг. Үнэр, өнгө, байгалийн
үзэгдэл, амт, хүсэл, хөгжим, мэдрэмж гээд хүний дурсамжийг сэргээх олон зүйл
бий. Ой санамжаа алдсан хүнд заримдаа бүх зүйл шинэ юм шиг санагдана. Үүнийг
зохиолч үгээр гайхалтай дүрсэлж, яг л Мауд эмээгийн нүдээр орчин тойрноо харж
буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.
No comments:
Post a Comment